Байгаль орчны эрсдэлд өртөмтгий 100 хотоос 99 нь Ази тивд байрлаж байгааг “Вериск Маплекрофт” судалгааны хүрээлэн анхаарууллаа. Судлаачид дэлхийн 576 хотын агаар, усны чанар, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал, ландшафт, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, газар хөдлөлт, цунами, хөрсний гулсалт зэрэг байгалийн аюулд өртөх эрсдэлийг харгалзан үзжээ. Улмаар 1.5 тэрбум орчим хүн өндөр болон туйлын эрсдэлтэй хотуудад амьдарч байгааг тогтоосон байна. Африкийн хотууд агаарын бохирдлын түвшингөөр Азийн орнуудаас харьцангуй бага болохыг “Вериск Маплекрофт” байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн судалгааны газрын дарга Уилл Николс дурджээ. Гэхдээ судлаачид Африкийн хотуудыг уур амьсгалын эрсдэлийн индексээр эмзэг бүлэгт хамааруулсан. Энэ нь бүс нутгийн санхүүжилт муутай, нийтийн үйлчилгээ, дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлт харьцангуй түгээмэл болсонтой холбоотой.
Ган гачиг, хуурайшилт, элсэн шуурга, үерийн гамшиг даван туулах чадвар муутай нь Африкийн хотуудад хүнд цохилт өгдөг. Тивийн хамгийн олон хүн амтай хотууд болох Лагос, Киншаса, Момбаса хотын оршин суугчид аюултай нөхцөлд амьдарч байна.
АНУ-ын хотуудын агаарын бохирдлын түвшин харьцангуй доогуур байгаа нь түүхий нүүрсний хэрэглээг зогсоосонтой холбоотой. Гэхдээ дэлхийн дулааралт, газар хөдлөлт, усны хомсдол гэх мэт байгалийн хүчин зүйлсийн нөлөөнд автаж байна. Харин Перу улсын нийслэл Лима нь Ази тивээс гадна хамгийн эрсдэлтэй 100 хотын тоонд багтсан цорын ганц хот юм. НҮБ-аас уур амьсгалын дээд хэмжээний уулзалтыг Глазго хотод ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулна. Шотландын Глазго хот үерийн эрсдэлээр Европтоо тэргүүлдэг юм.
УТАА, БАЙГАЛИЙН ГАМШИГ ХОТУУДЫГ “ЗАЛГИЖ” БАЙНА
Ази бол дэлхийн хамгийн олон хүн амтай тив бөгөөд нүүрсэн түлш усны эх үүсвэр, агаарын бохирдлыг үүсгэж байна. Мөн байгаль, газарзүйн эрсдэлтэй бүсэд оршдог. Жишээлбэл, Японы томоохон хотууд газар хөдлөлт, Өмнөд Азийн Меконгийн бэлчир дагуух хотууд үерт өртөмтгий юм. Энэхүү тайланг Индонезийн нийслэл Жакарта хот (10 сая хүн амтай) хошуучиллаа. Далайн усны түвшин, газрын суулт нэмэгдсэнээр живж буй хот болжээ. Жакарта 2050 он гэхэд усан доорх метрополис болох нь тодорхой. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас болж хот агаарын бохирдолд нэрвэгдсэн. Иймээс Индонезийн Засгийн газар нийслэлээ нүүлгэхээр төлөвлөж байна. Энэтхэг улсын Шинэ Дели, Ченнай, Агра, Канпур, Жайпур, Мумбай, Лакхнау зэрэг 43 хот жагсаалтад бичигдсэн. Тус улсын хүрээлэн буй орчны эрсдэл PM2.5 тоосонцроос улбаатай. “Lancet”-ын судалгаагаар Энэтхэгт 2019 онд 1.7 сая хүн агаарын бохирдлын уршгаар нас баржээ. Энэтхэгийн засаглал сул байгаа нь эдийн засгийн цар хүрээтэй хамт хүрээлэн буй орчин, цаг уурын хямралыг илүү төвөгтэй болгодог. Коронавирусээр нас барсан иргэдээ шатааж байгаа нь орчны бохирдлыг нэмэгдүүлэх аюултайг судлаачид онцолж байна. Хятадын хамгийн их утаатай 37 хот жагсаалтад багтсан. Тус улсын дарга Ши Жиньпин 2013 онд албан тушаалаа авахдаа агаар цэвэршүүлэх ажлыг нэн тэргүүний зорилт болгосон. Нүүрс түлэхийг хориглох, бохирдлын хэмжээнээс хэтэрсэн үйлдвэрийг торгох, зогсоох сахилга баттай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ Засгийн газар төлөвлөсөн зорилтоо биелүүлээгүй байна. БНХАУ цар тахлын эдийн засгийн хямралаас гарахын хэрээр нүүрсний шинэ үйлдвэр барих төлөвлөгөөгөө эрчимжүүлжээ. Түүнчлэн Хятадын 35 хот усны хомсдолд оржээ. Гэхдээ дээрээс доош чиглэсэн засаглалын бүтэц, улс төрийн систем, хөгжлийн түвшин БНХАУ-ын хотуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэм болдог. Хятадын Гуанжоу, Дунгуань үерт, Японы Осака, Токио газар хөдлөлт, хар салхинд өртөмтгий хотууд болжээ. “Токио, Осака хотууд олимпын наадам, 2025 оны экспог зохион байгуулахын өмнө ийм жагсаалтад багтсан нь харамсалтай. Манай улсын томоохон хотод хүн амын төвлөрөл, төмөр зам, метроны өргөн сүлжээ зэрэг нь гамшигт нэрвэгдэж, ихээхэн эрсдэл дагуулдаг. Тухайлбал, 2019 онд “Факсай” хар салхи Канто мужийг дайран өнгөрөхөд зарим хотын цахилгаан, дулааны сүлжээг сүйтгэсэн. Япон улс газар хөдлөлт, зуны сүүлчээр хар салхи өртөмтгий. Токио хот 1980 оноос хойш хар салхинд өртөх болсон нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл гол, эргийн дагуу далан, үерийн хаалт барьсан” гэж Үйлдвэр, орон сууцны барилга, сургууль, байгууллагуудад гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг “BCP Japan Co” компанийн гүйцэтгэх захирал Тайшин Ямагучи тайлбарлажээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин