Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хэрэгтэй гэж нийгмээрээ уриалаад ч ахиц гардаггүй энэ цаг үед өвдсөн хүн эмчлүүлэхэд ч бэрх болж. Эмч нарын буруутай үйлдлээс болж хичнээн хүний алтан амь тэнгэрт одохыг цаашид таамаглахад ч бэрх. У.Хүрэлсүхийн Засгийн газар дөнгөж амаржсан эхийг өвлийн хүйтэнд халаад таавчигтай нь гаргаснаас болж огцорсон. Тэгвэл мөнгө, нулимсанд живсэн эрүүл мэндийн салбар “алуурчид”-аар хүрээгээ тэлж иргэдийг үхэл рүү түлхсэн тухай харамсалтай мэдээлэл байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар 31 настай залуугийн өвчний оношийг буруу тавьснаас болж тэрбээр өдгөө үхэл, амьдралтай тэмцэж өдөр хоногийг хэцүүхэн өнгөрүүлж байгаа харамсалтай мэдээлэл бидэнд ирсэн юм. Тус эмнэлгийн эмч нар энд ямар өвчтөний тухай өгүүлэх гэж буйг мэдэх учраас бид энэ удаад нэрийг нь нууцалъя.
Бид дээрх 31 настай залуугийн 9813..... дугаарын утас руу холбогдож түүнээс зарим зүйлийг лавлахад тэрбээр “Эмнэлгийн буруутай үйлдлээс болж өнөөдөр нэг уушги бүр ажиллахаа байж нэгнийх нь 70 хувийг тайруулж маш хүнд нөхцөлд байна. Тухайн үед би эмнэлгээ буруутгаад яахав гэж бодож байсан. Гэтэл амьдрал маань өдрөөс өдөрт дордож аймгийн эмч нар намайг эмнэлэгт хэвтүүлэхгүй, боолтоо эхнэрээрээ хийлгэ гэж тавладаг боллоо. 2013 онд манай аймгийн эмч нар миний өвчний оношийг тогтоохдоо бүдүүн, нарийн гэдэсний хорт хавдар байж болзошгүй гээд аймагт 2-3 удаа хагалгаанд оруулж дараа нь хот руу явуулсан. Ингээд ХСҮТ-д очоод шинжилгээ өгөх гэтэл Хэнтийгээс явуулсан хариу маань гэдэсний сүрьеэ болж хувирсан.
Сүүлдээ уушгины сүрьеэ болсон. Ингээд оношоо зөв тогтоож чадаагүй олон хагалгаанд орж, маш олон төрлийн эм уусан учраас сүүлдээ 2 уушгиндаа сүрьеэтэй болсон. Үүнээсээ болж 2019 онд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2 удаа нээлттэй хагалгаанд ороод аймагтаа ирсэн. Ингээд аймгийнхаа Мэс заслын эмч Эрдэнэбилэг, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга К.Кульжан нартай уулзаж би хэвтэхгүй бол болохгүй нь ээ дотуур цус алдаад байна гэж удаа дараа хандахад дээрх нэр бүхий хоёр хүн ор байхгүй, эхнэрээрээ боолтоо хийлгэ гэж хэлсэн. Хөндий чихээсэн боолттой, хүчилтөрөгчийн аппараттай хэвтрийн хүн гээд байхад хэвтүүлэхгүй байсаар 8-н сар явуулсан. Ингээд цээжинд байсан идээ улам ихэсч бие маань улам муудаж эцэст нь нэг уушги маань ажиллагаагүй болж нөгөөхийнх нь 3/1-ээр нь л амьсгалж байна” гэх тайлбар өгсөн юм.
Тэрбээр цааш үргэлжүүлэн ярих тэнхэлгүй учраас ингээд зогсоё гэсэн юм. Ямартай ч 31-хэн настай залуугийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн Хэнтий аймгийн эмч нар өвчний оношийг нь буруу тогтоож бүхэл бүтэн нэг айлын амьдралыг үгүй хийчихсэн хэрнэ олигтойхон боолт ч хийгээд өгөхгүй яагаад ийм хатуу харгис хандана вэ. Дээрх залуу өөрийгөө хүчилтөрөгчөөр амьсгалж байгаа, мөн хэвтрийн гэдгээ учирлаад байхад “Ор байхгүй, эхнэрээрээ боолтоо хийлгэ” гэж тавлаж буй нь дээрх хоёр нэр бүхий эмчид эмч хүний ёс суртахуун хийгээд өвчтнөө хайрлаж энэрэх сэтгэл байхгүйг харуулж байна. Тиймээс Хэнтий аймгийн удирдлагууд эл явдлыг анхааралдаа авч үхэл амьдралтай тэмцэж буй залууд тусламжийн гараа сунгаасай.
Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсоно гэж тангараг өргөсөн Мэс заслын эмч Эрдэнэбилэг, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга К.Кульжан нар ядарсан иргэдтэй иймэрхүү янзаар харьцаж өвчтнөө үхэл рүү түлхсэн нь эрүүл мэндийн салбарт идээ бээр шиг бугшсан хүнд суртал байсаар байна гэдгийг харуулж байна. Бид дээрх залуутай холбоотой зарим мэдээллийг дараагийн удаа дахин мэдээлэх учраас энэ хүрээд өндөрлөё.
Нийгмийн, нэг ч гэсэн хүний эрүүл мэндийг сахин хамгаалах ёстой энэ салбарынхан ард иргэдэд айдас хургуулсан хэвээр байгааг 31-н настай залуугийн харамсалтай амьдрал бодитоор харуулж байна. Тиймээс энэ асуудлыг Эрүүл мэндийн яамны шинэхэн сайд С.Энхболд, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрынхан анхааралдаа авна уу.
Үргэлжлэл бий.
Дэлгэрэнгүйг доорх линкээр үзнэ үү.