Охины цогцсоос сорьц авч дээжийг Улаанбаатар хот руу явуулжээ

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 13 настай охин энэ сарын 27-ны өглөө хүргэгдэн очоод эмчилгээ хийлгэх явцдаа өнөөдөр 16 цагийн үед нас баржээ.

Тус аймгийн онцгой комиссынхны мэдээлснээр урьдчилсан байдлаар короновирусээр өвчилж нас барсан нь тогтоогдоогүй, шинжилгээг Улаанбаатар хот руу явуулсан гэв.

Болсон явдлын талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаагаас тодруулахад “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өглөө  08 цаг 10 минутын үед 13 настай эмэгтэй хүүхэд халуурсан, ханиалгасан, хоолой нь бачуурсан зовиуртайгаар Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Улмаар өглөө 09 цаг 45 минутад сэхээн амьдруулах тасагт шилжсэн. Хүүхдийн биеийн байдал маш хүнд ирсэн бөгөөд эмчлүүлж байгаад өнөөдөр 16 цагийн үед нас барсан. Энэ хүүхэд нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн халуурч эхэлсэн бөгөөд гэртээ эм ууж хэвтсэн, өнөөдөр л эмнэлгийн байгууллагад хандсанаар нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн” гэлээ.

Нас барсан гэх охин Хөх хотод суралцаж байгаад нэгдүгээр сарын 12-ны өдөр ирсэн ангийнхаа хүүхдээс нэгдүгээр сарын 22-ны өдөр чихэр идсэн найман хүүхдийн нэг гэнэ. Одоогийн байдлаар үлдсэн долоон хүүхдийг өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч нар гэрт нь очиж үзлэг хийн хяналтад байлгаж байгаа аж.


Д.Одонтунгалаг

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан