Жил бүрийн 08-р сарын 18-ны өдрийг “Never Give Up Day” буюу “Хэзээ ч бүү бууж өг” гэдэг өдөр болгон тэмдгэлдэг байх юм. Мэдээж энэ үг нь хэн нэгнийг бэрхшээлийг даван туулж зорилгодоо хүрэх, өөрийгөө зоригжуулах, туйлбартай байх, тэвчээрээ чангатгах эрмэлзлэл өгдөг "хүчтэй" үг. Тэгэхдээ энэ өдөр бид зорилгодоо бууж өгөлгүйгээр хүрсэн хүмүүсээс гадна зорилгодоо хүрэхээр тэмүүлж байгаа, зорилгодоо хүрэхэд өчүүхэн зай үлдээд байгаа хүмүүст алга ташвал зүйтэй гэнэ.
Хэзээ ч бууж өгөхгүй байх нь хэлж байгаа шиг тийм ч амархан байдаггүй. Энэ бол бүхэл бүтэн философи буюу нэг төрлийн урлаг юм. Тиймээс энэ урлагт суралцах хэдэн арга хэлэе!
Эхэлснийхээ дараа түр зогсож болно. Тэгэхдээ хэзээ ч бүү хая: Үнэхээр болохгүй байвал түр зогсоод өөр зүйл хий. Тэгэхдээ бүү хаяарай. Ингэснээр та тэр зүйлээ өөр өнцөгөөс харах, өөр арга замаар дөхөх, өөр арга барилаар ажиллах санаа ч олж мэдэх юм. Хүмүүсийн тэр бүр ашигладаггүй арга бол түр зогсох. Ингэснээр та дараагийн удаа илүү эрч хүчтэй, илүү сайн аргатай дээр нь өмнө нь нэг болохгүйг ойлгосон туршлагатайгаар очно. Алхам алхамаар урагшлах нь муу зүйл биш.
Өөрийгөө хурцал: Урам зориг мохох нь зорилгоос ухрах шалтгаануудын нэг. Тиймээс та өөрийгөө хурцалж, сэргээдэг зүйлийг хий. Жишээлбэл: Ууланд алх, кино үз, ном унш, сайхан дуу сонс г.м.
Өөрөөсөө мундаг хүмүүсээр хүрээлүүл: Jim Rohn нэг удаа ”Бид хамгийн ойр уулздаг таван хүнийхээ дундаж нь байх нь элбэг” гэсэн байдаг. Хэрэв та байнга л буулт хийж байдаг таван хүнтэй уулзаад байвал ямар нэг зүйлд мундаг гэж өөрийгөө бодох байх. Тэгэхдээ өөрөөс тань илүү хүмүүстэй уулзаж цагаа өнгөрүүлвэл илүү өөр мэдрэмж авах болно шүү.
Эерэг байхыг эрхэмлэ: Энэ нь бидний амьдарч байгаа юунд ч итгэхэд бэрх нийгэмд тийм ч хялбар биш. Бас ямар ч юм байсан л баясаад, зохиомол сайн тал гарга гэсэн үг биш. Зүгээр л эргэн тойрондоо байгаа бодит сайн сайхан зүйлсийг анзаарч түүнээс урам зориг авч бай гэсэн үг юм.
Өөрийн үнэт зүйлдээ үнэнч бай: Хүмүүсийн зорилгоосоо ухрах хамгийн гол шалтгаануудын нэг нь үнэт зүйлээ мартсанаас болдог. Та юу хийхийг хүсч, ямар зүйлээс таашаал авч, өөрийгөө ямар байгаасай гэж хүсдэг вэ, яг түүндээ л үнэнч бай. Жишээлбэл та яг одоо хийж байгаа ажилдаа тийм ч дуртай биш байдаг бол танаас амжилт гарах нь бараг ховор бөгөөд хэзээддээ л та бууж өгөх болно. Тиймээс зорилгоо үнэт зүйлтэйгээ уялдуулж чадвал та тэр болгон бууж өгөхгүй юм.
Энэ өдөр та хэн нэгэн шантархад ойрхон байгаа хүнд урам зориг өгөөрэй. Түүнд захиа бич, уулзаад тэр л үүнийг чадна гэж хэл. Бас өөртөө урам өгөх сайхан түүхүүдийг унш.
Эйнштэйн гэж хэлмэгц түүн шиг суут ухаантай байсан бол бүх зүйл амар байх байсан гэж бодож байна уу? Тэрээр 4 нас хүртлээ хэлд ороогүй, 16 настайдаа тэр сургуулийн элсэлтийн шалгалтандаа тэнцээгүй. Тэр ч байтугай аав нь түүнийг нас бартал нь азгүй нэгэн гэж бодсоор байсан юм. Амжилт харагдаж байгаа шигээ хялбар байдаггүй. Эйнштэйнээс ч хүнд замыг Билл Гейтс, Хенри Форд, Жим Керри нар туулсан байдаг. Тиймээс та ч бас хэзээ ч бүү бууж өгөөрэй.
Эр зориг байнга архирч байдаггүй, зарим орой тэрээр “би маргааш ахиад л зүтгэнэ” хэмээн аяархан шивнэж байдаг. Mary Anne Radmacher
Бүү бууж өг. Маш олон хүмүүс чамайг бууж өгсөн нь дээр гэж хэлнэ. Бүү сонс. Чамайг бууж өгүүлж чадах ганц хүн бол чи өөрөө шүү. Sidney Sheldon
Ямар ч найдваргүй болсон эцсийн мөчид л хичээж чадсан хүмүүс амжилтанд хүрдэг нь дэлхий дээр ойлгох ёстой чухал зүйлсийн нэг юм. Dale Carnegie