Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид дарагдсан тухай дуудлагыг өчигдөр /2020.08.14/ өдрийн 13:00 цагт хүлээн авсан.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагч мөн өдрийн 20:10 цагт осол болсон газар очиж, ослын газарт дүн шинжилгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт хүн хүчээ 2 хэсэгт хуваан 2, 2 цагаар сэлгэн ажиллуулж байна.
Тус уурхайн 40 орчим метр гүнд хонгилд шороо нурсан. Осолдогчид хоорондоо 5 метр зайтай хонгилд байж болзошгүй байгаа бөгөөд уурхайн хонгилд суулт өгсөн, шороо дахин нурах эрсдэлтэй байна.
Мөн өнөөдөр /2020.08.15/ ОБЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас дахин нэг бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллахаар замд гарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.