Ц.Нямдорж яагаад Эрдэнэт хотод нэр дэвшин өрсөлдөх болов? Яагаад тэр тойрогт нь АН-ын лидер гэгддэг Н.Алтанхуяг нэр дэвших болов? Хэн нэг нь ялах уу? Хоёулаа ялах уу? Яагаад залуу улстөрч, ямар нэг гэм зэмд холбогдоогүй Отгонбилэгийн Содбилэг хүртэл Монголын парламентаас “уйдсан” мэт Ц.Нямдоржид огло үсрэн зай тавьж өгөв? О.Содбилэг зөвхөн 2019 оны 8 дугаар сарын 30-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ц.Нямдоржоор “Монголын төр энэ гэр бүлийг маш их харж үзсэн” гэж хэллээ гээд эмээж эмзэглэн зугтах залуу мөн үү? Яагаад тэр үед “Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар нэг, хоёр сонгогдоод л сайд, Ерөнхий сайд болцгоосон” хэмээн хатуурхсаны дараа, өнөөдөр дээрх хоёр гишүүн энэ удаагийн сонгуульд Ганцхудагаас нэр дэвших болов?
Тэр өөрөө цэвэр хүн үү? УИХ-ын даргаар ажиллаж байхдаа нэгэнт батлагдсан хуулиудыг ёсчлохдоо удаа дараа хулгайгаар засвар хийсэн нь Үндсэн хуулийн Цэцээр хүртэл нотлогдон хамгийн зөөлөн шийтгэл хүлээж УИХ-ын даргын суудлаас зайлуулагдсан нь үнэн биз дээ?
Олон жил үргэлжилсэн Хятадын тагнуулын асуудал байна. Энэ бол мушилзаж доромжлуулан хариулах сэдэв биш. Хуучирсан гээд баримтгүйгээр тайлбарлаж ном зохиол бичээд дуусгах ч хэрэг биш билээ. Тэр сэдэв олон ноцтой асуултыг үлдээсэн.
Ц.Нямдоржийг Хятад руу тагнуулын ажилд явуулсан юм бол унаа, зочид буудал, Бээжин, Тяньжинаар зугаалах зардлыг Хятадын тагнуулын байгууллагаас гаргах уу. Бодоод үз дээ. С.Баатар генералын даалгавраар Ц.Нямдорж Хятад руу явсан юм бол өөрөө одоо болтол яагаад тайлан илтгэлээ гаргаж өгөөгүй юм бэ? Нэг жил гаруй шаардахад нэг өгүүлбэр ч бичиж өгөөгүй нь үнэн биз дээ? Төрийн даалгавартай явсан юм бол яагаад хамт явсан орчуулагчаа хардаж сэрдэн Хятадын тагнуулын байгууллагаас орос хэлний орчуулагч хүсч гаргуулж авав? Яагаад Бээжинд олон улсын хуульчдын зөвлөгөөнд оролцсон хэмээн хуурамч бичиг хийж архивын материалд хавсаргах болов?
Хятадын тусгай албаныхан Ц.Нямдоржийг Монгол руу үдэж өгөхдөө Бээжингийн вокзал дээр том шар дугтуйтай зүйл өгсөн. Түүнийг яагаад Монголын тагнуулынхнаас нуув? Хятад руу явсан тухайгаа тэр үеийн тагнуулын газарт тайлагнадаггүй юм аа гэхэд Хууль зйүн тэргүүн дэд сайдынхаа хувьд Засгийн газартаа тайлагнахаас юуны учир татгалзав?
Эдгээр хэдхэн асуултад л хариулт өгөхгүй Төрийн хууль батлах дээд байгууллага дахь 30 жилийн түүхээ балархай үлдээлээ, тэр.
Хамгийн сүүлийн үеийн баримт л гэхэд “Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баяр 1 тэрбум, бусад дөрвөн сайд тус бүр 250 сая ам.доллар авсан гэх яриаг зурагтаар хүртэл гаргаж байсан. Энэ яриа яригдсаар өдий хүрлээ. Үүнээс үүдэж, бүлэг дээр маргаан дэгдсэн. Үнэхээр хахууль аваад гэрээ байгуулсан бол ил болгох хэрэгтэй. Миний энд ярьсан яриаг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга сайд байхдаа сонсож байсан. 4 тэрбум ам.долларын гэрээ байгуулаад хоёр тэрбум ам.доллар хахуульд авсан нь үнэн бол ноцтой асуудал. ҮАБЗ дээр өчигдөр /2019.11.19/ яригдсан. Миний байр суурьтай тэд ерөнхий байдлаар санал нэгдсэн байгаа” гэв. Өмнөх өдөр нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 2019 оны 11 дүгээр сарын 18-нд болсон МАН-ын бүлгийн хурлын үеэр дээрх асуудлаа маргаж Ц.Нямдорж сайдын хоолойг шахаж гар хүрсний маргааш нь ҮАБЗ энэ асуудлыг хэлэлцсэний дараа тэрбээр хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө дээрх тоог “сануулсан”. Үнэн хэрэгтээ гэрээ байгуулах үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан. Гэмт үйлдэл гарсан бол таслан зогсоох үүрэг түүнийх болохоос “миний оролцоотой эсэхийг шийдэж өг” гээд сууж байх ёсгүй хүн.
Тэр Увс нутгаас олон удаа сонгогдсон ч олны итгэлийг Ю.Цэдэнбал агсан шиг нэр бүтэн авч явж чадаагүй. Зөвхөн Ц.Нямдорж төдийгүй Увсын фракцийн улстөрчид эх орноо хөгжүүлэх итгэлийг авч яваад идэж уугаад дуусч байгаа шүү дээ.
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараахан Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсны дараахан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Цасчихэр нар түүнтэй уулзаж нутгийн баялаг чацаргана жимсээ хүнсний томоохон брэнд болгох төсөл барьж орсон байдаг. Хожим нь өнөөх төсөл нь ДЦС-4 ТӨХК-ийн хашаа буюу улсын онцгой объектын газар нутаг дээр үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Тэр үед ДЦС-4 мөн л Увсынхны удирдлагад байлаа шүү дээ.
Увсаас төрсөн Ерөнхий сайд Н.Алтанхуягаас өөр хэн тэр онцгой бүсэд бизнесээ хийж чадах билээ. Хэн Туул голын эрэг рүү хамаг бохироо цутган амралтын газраа ажиллуулж зүрхлэх билээ. Увсаас төрсөн Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас өөр хэн банкны данснаас эзнийх нь зөвшөөрөлгүй гүйлгээ хийчихээд эцэслэн шийдвэрлүүлэхгүй “мартаж”, “мартуулж”, тэр ч байтугай хавтаст хэргээ үгүй хийж чадах билээ.
Увсаас төрсөн ХЗДХ-ийн сайдаас өөр хэн томилогдсоноосоо хоёр хоногийн дараа “С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлана” хэмээн амлаж чадах билээ. Төрийн ордонд зогсож байгаад “Амгаланбаатар чинь захиалагчаа зарлана гээд хэлчихсэн юм билээ” гэж ам алдсан түүний үг амласнаараа захиалагчийг зарлана гэсэн хүлээлтийг үүсгэсэн. Тэр зарлаж байж явах ёстой. Энэ бол улс төрийн шоуны сэдэв огт биш.
Ц.Нямдоржоос өөр хэн “шахаа” хийсэн тойрогтоо өөрийн биеэр ирж сонгуульд өрсөлдөхийг зүрхлэх билээ. Тэр хэтэрхий аархаж байна. Улс төр дэх Увсын бүлэглэлийнхэн дэндүү даварч байна.
Ц.Нямдорж өнөөдөр УИХ-ын гишүүн болохыг дахин хүсч байна. Монгол Улс сүүлийн 30-аад жилд Ц.Нямдоржийн боловсруулж бичсэн өөрөө тэгж ярьдаг хуулиар явснаас Монголын нийгэм, эдийн засаг Хятадын хараат байдалд орлоо. Монгол Улсын эдийн засгийн 90 гаруй хувь өмнөд хөршөөс хараат болсон гэж эрдэмтэд судлаачид харамсаж бичсээр байна. Тиймээс Монгол Улсын хувь заяа дээсэн дөрөөн дээр тулж ирлээ. Монголчуудын хувь заяа залуучууд та нарын гарт байна. XXI зууны Монгол орны ирээдүйг авч явах залуучуудыг төрийн эрхэн гаргах цаг боллоо. Хятадын гар хөл бологчдоос салцгаая! Сонголтоо зөв хийцгээе!
У.Оргилмаа
Эх сурвалж: baabar.mn