У.Хүрэлсүх: 2020 онд МАН ялагдвал ялагдана биз

УИХ-ын чуулганы хуралдаан У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлаар үргэлжилж байна. Энэ үеэр гишүүдийн уур амьсгал нэлээд ширүүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар маргалдсан юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Ерөнхий сайд танд ашиг сонирхол ил болсон гишүүдээ чуулганы танхимаас гар гэж хэлэх эрх зориг алга уу. ЖДҮ-гийн хариуцлагыг энэ танхимд кноп дарахгүй хүмүүс үүрсэн. Танай Засгийн газраас ганцхан Б.Батзориг сайд хариуцлага үүрсэн. Бусдад нь яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Хоёрт, “30 гэр бүл”-ийн нэг нь би мөн үү. Мөн бол яагаад?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Тийм. “30 гэр бүл”-ийн нэг нь та өөрөө мөн. Яривал зөндөө юм ярьж болно. Яагаад гэдгийг ард түмнээс асуу. МАК нийтдээ 36 лиценз эзэмшдэг. “Цагаан суварга” бол ард түмний өмч, буцааж авах асуудлыг тавина.  ЖДҮ-гийн асуудлыг Засгийн газар өөрөө шалгасан. Б.Батзоригийг сайд болсны дараа би гурван удаа анхааруулсан. Наад ЖДҮ-гээ боль, зээл сонгон шалгаруулалтаа олон нийтэд  ил болго гэдэг үүрэг өгсөн ч, хэрэгжээгүй. Б.Батзориг хариуцлага алдсан, хариуцлагаа ч үүрсэн. Гишүүд ээ та нар сайд нараас битгий хууль бус зүйл шаардаарай. Н.Номтойбаяр та тийм л шударга юм бол “Цагаан суварга”-аа буцаагаад өг, 36 лиценз ээ буцаагаад өг. Үзвэл үзье. Та нар шиг хүмүүстэй би тэмцэж байгаа учраас надад хүндрэл учирч байгаа юм. Цаашид У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайдын ажлаа хийх юм бол та нарын үүсгэсэн пирамид нурах юм байна гэдгээс та нар айж байгаа юм. Засгийн газрыг огцруулна гэж гарын үсэг зурсан 27 гишүүн бүгд хулгайч. Танай МАК хандив өргөсөн юм байна лээ. Тэрийг би баримттай дэлгэнэ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Ерөнхий сайдад баярлалаа. “Оффшорын хууль”-ийн хэрэгжилтийг хангахгүй юм байна. Хоёр дахь хариулт тодорхой боллоо. Би ийм хариулт хэлэх болов уу гэж таамаглаж байсан. МАК компани “Цагаан суварга”-ыг авахын тулд ямар хууль зөрчсөн бэ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Би огцруулах бичигт гарын үсэг зурахдаа зарчим барьж зурсан. Ерөнхий сайд, намын дарга зарчим барихаа больсон. Намынхаа дотоод асуудлыг гудамжны хэрүүл болгож байна. Намайг шаардлага тавьсны төлөө намаас хөөхөөр болсон байна. Энэ нь нийгэмд сөрөг зүйл болох вий гэхээс болгоомжилж, намаас хөөгөөгүй гэдэг мэдээлэл цацсан. Намд дотоод ардчилал байх ёстой. Намаас хөөнө, айлгана гэдэг үгнээс би айхгүй. Та 2012 онд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг намаас хөөхийн тулд “Шүүрдэх жагсаал” зохион байгуулаад өгөөч гэж надаас гуйж байсан. Би тэр зааврын дагуу эд нарыг зургийг шүүрдээд, поошиг нүдээд явж байсан. Би одоо харамсдаг. Ингээд дараа нь МАН ялагдсан. Бид ядарч байхад У.Хүрэлсүх Австрали явсан. Бид дуудаж авч ирээд Шадар сайд болгосон. Гэвч намаа хагалсан. Та 2020 оны сонгуулиар ялагдвал зугтаад, Австрали явах уу. Таныг 2016 оны сонгуулиар Хэнтийд нэр дэвш гэтэл “би дөрвөн жил ажиллаагүй. Би ялагдана” гээд Д.Гантулгыг нэр дэвшүүлсэн. Та нэг суудал авах гардан тулаанаас зугтсан. Одоо та Хэнтийд нэр дэвших гардан тулаанаас бас л зугтах уу? Өнөөдөр та ялалт авч ирсэн олонхыг даргалаад, энд ширээ шаагаад сууж байгаа шүү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Хариулахад хөгийн юм. Ах нь 1990 оноос хойш энэ намд ажиллаж байна. Тэр үед миний дүү сураггүй байсан. Намын түүх яривал чи надаас юу ч асуугаад хэрэггүй. Чи намайг Австралиас олж авч ирсэн юм биш. Харин би чамайг Солонгосоос авч ирсэн. Ишиг иврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж. Чи дандаа худлаа ярьдаг. Чи “зөвлөхийг минь зодсон” гээд л худлаа яриад сууж байсан биз дээ. Намаас хөөх эсэх асуудлыг намын дарга биш, Хяналтын ерөнхий хороо шийднэ. Харин намаас хөөх нэрсийг би өгнө. Одоохондоо чамайг намаас хөөсөн юм алга. Цаашид би төр болон намдаа их цэвэрлэгээ хийнэ. Үүний төлөө 2020 оны сонгуульд ялагдвал ялагдана биз. Би ялагдахаас айхгүй, зоригтойгоор цэвэрлэгээ хийнэ. Намайг нэр дэвших эсэхийг  ард түмэн шийднэ.

News.mn скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан