АН-аас алсарсан нэр дэвшигчид

-“Ардчилал” гэдэг үгийг өмчлөх нь холгүй явсан тэд залууст зайгаа тавих болсон баймаар-
Цагтаа АН-ын “луухгар”-ууд гэгдэж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Элчин сайд асан Б.Дэлгэрмаа, дэд сайд асан П.Доржпүрэв нар бие даан нэр дэвшихээр болсноо олон нийтэд зарлаж, мөрийн хөтөлбөрөө ч Үндэсний аудитын газар “тушаасан”. Тэдний энэ алхам олны анхаарлыг ихээхэн татсан. Учир нь нэгэн цагт АН-ын лидерүүд гэгдэж, намын даргаас нь эхлээд улстөрийн томилгоонуудыг өөртөө ашигтай байдлаар хийсээр ирсэн нөхөд гэнэт АН-аас алсарч буйгаа зарлах хачин байхаас ч аргагүй.
АН-ын дарга С.Эрдэнэ үнэхээр намын, журмын нөхдөө жийж, тэд намдаа багтаж, шингэх зайгүй болж, тойрог ч үгүй хөсөр хаягдсан гэж үү. Олон нийтэд С.Эрдэнийн хувьд АН-ыг бутаргаж буй мэт харагдаж байгаа. Үнэхээр ч тэд дотооддоо багагүй “тэмцэл” өрнүүлсэн аж. Гэхдээ шууд хуваагдсан юм биш. Нэр хүнд нь шороотой хутгалдсан намаа авч гарахын тулд, шинэ залуу боловсон хүчнүүдээ УИХ-д сойхын тулд багагүй маргаан өрнөсөн байна. Тиймдээ ч дээрх нэр бүхий эрхмүүд бие дааж буй нь энэ.
Өнөөдөр хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй хэмээн цээжээ дэлдэгсэд олон болсон ч иргэдийн сонгох эрхэд халдах явдал бишгүй байдгийн нэг жишээ нь энэ. АН-аас нэр дэвшигчийг сонгоё гэх нь ээ залуус огт үгүй бол яах болж байна. Тиймээс залуу, мэдлэг боловсролтой хүмүүстээ боломж олгох нь зүй ёсны хэрэг. Тийм байтал 1990 оноос хойш АН байтугай “АРДЧИЛАЛ” гэдэг үгийг өмчилж, улстөрийн тавцанд тоглолт хийсэн ч эх орныхоо төлөө ажиллаагүй хүмүүсийг дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн нь тэдгээр хүмүүсийн шуналыг улам бүр хөдөлгөөд буй бололтой.
АН-ыг үүсгэн байгуулах их ажлыг нугалж, өнөөг хүртлэх хугацаанд тодорхой хэмжээгээр тэд зүтгэсэн нь үнэн. Гэхдээ анхны амлалтууд шигээ улс, эх орныхоо зүтгэсэн нь юу л бол.
Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Түүний хувьд АН-ыг толгойлж, сонгуульд ялалт байгуулан, Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Гэлээ гээд яасан. Түүнд эрх мэдэл оногдлоо гэсэн шиг хувийн эрх ашгаа тэргүүнд тавьж, хүргэнээсээ эхлээд “албатуудаараа” ашиг хонжоо олох бүхнийг л хийлгэсэн нь тодорхой болсон. Наад зах нь түүний хүргэн Г.Дэнзэнгийн асуудал. Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн. Засгийн газрын ХЭГ-т ажилладаггүй хүмүүст хуурамч тодорхойлолт хийж өгсөн гээд тоочвол олон асуудал бий. Эдгээр асуудлыг хууль, шүүхийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч өдгөө 7 жилийг ардаа орхиж, тэр бултаж, бусгасаар яваа. Ерөнхий сайд болмогц хүргэнээ ашигласан Н.Алтанхуяг хэрэв дүү нь “баригдаагүй” байсан бол дараа нь ямар нүүдэл хийж, хичнээн их хөрөнгө зувчуулах байсныг таахад бэрх. Учир нь тэр Ерөнхий сайд байсан.
Түүнтэй зэрэгцэн АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа ч бие даах юм гэнэ. Саяхан л АН-ын хамгийн анхны ганц эмэгтэй “генсек” гэгдэж байсан энэ хатагтай бас л парламентын гишүүн болох “мөрөөдлөө” гээгээгүй яваа аж. Б.Дэлгэрмаа 2015 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Гэтэл жил гаруйн дараахнаас л “хэл ам таталж” хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс салбарын яам, төрийн өндөрлөгүүдэд гомдол ирэх болжээ. Тухайлбал, “ОХУ-д Монгол улсыг төлөөлөн суух Элчин сайд Б.Дэлгэрмаа нь иргэдээ дэмжих, эрх чөлөөг нь хангах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул ажил албан тушаалаа цаашид хаших боломжгүй гэж хилийн чанад дахь монголчуудын холбооны зөвлөл үзэж байгаа юм байна. Учир нь ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн иргэдийн асуудалд хандаж байгаа байдал хэрээс хэтэрч Монгол залуусаа эвдрэлцүүлэн хагалж, бутарган Элчин сайд хүнд байхааргүй ёс зүйгүй байдал гаргаж байна хэмээн үзжээ. Түүнчлэн ОХУ-д ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг харж хандах тэдэнд тусалж дэмжиж ажилладаг “Мөнх Тэнгэр” ТББ нь ОХУ-д байрлах төрийн өмчит нэгэн барилгын 4 өрөөг түрээслэн Монгол Улсын иргэдийг түр байрлуулах, харж хандах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Элчин сайд Б.Дэлгэрмаа үүнийг хураан авч, зочид буудлын зориулалтаар ашиглах гэж байгаа тул байраа хүлээлгэн өг гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд аливаа иргэний буруу­тай асуудлыг бусад иргэн, байгуулла­гад хамаатуулж болохгүй гэсэн зарчим байдаг. Гэтэл Элчин сайд Б.Дэлгэрмаа аль нэг иргэнтэй холбоотой асуудлыг бүхэл бүтэн байгууллагатай холбож, үүгээрээ тухайн байгууллагын гишүүдийг ялгаварлан гадуурхаж, байгаа нь хууль бус үйлдэл тул олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж хууль бус үйлдлийн төлөө тэмцэх шаардлагатай байгаа юм” гэсэн байж билээ.
Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд өдгөө хууль, шүүхийн байгууллагаар “гүйдэлтэй” болсон. Тодруулбал, Э.Бат-Үүл нарт холбогдох 37 тэрбум төгрөгийн асуудлыг шүүх хуралдаан ирэх сарын 13-ны өдөр болтол хойшлогдчихсон байгаа. Энэ нь “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр шүүж буй хэрэг байдаг. А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон гэдэг. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэлтэй аж. Түүний хүү Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн эсэхийг шүүх юм.
Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв. Нэг үе мөн л хээл хахуулийн хэргээр шалгагдаж байсан. Олонд мартагдаад ирэхийн цагт саяхан буюу хоёрдугаар сард ЭМЯ-нд коронавирустай тэмцэх ажилд зориулан хувиасаа 20 сая төгрөг хандивлан, дахин гарч ирсэн. Эрчим хүчний дэд сайд болон Төв аймгийн Засаг даргаар ажиллаж, УИХ-д хэд, хэдэн удаа нэр дэвшиж явсан түүнийг хууль сахиулах байгууллагынхан 2016 оны намраас шалгаж, цагдан хорьж байсан. Түүнийг Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын хөрөнгө 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Д.Доржпүрэв эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан. 2013 оны найм болон арваннэгдүгээр сард ББСБ-ын дансанд орсон нь, уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан гэдэг. Гэтэл сүүлд хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, сэргээх, эсэхийг удахгүй шийдэх сураг дуулдах болсон. Тэд ийм л хүмүүс. Өөрсдийгөө УИХ-д сонгогдож, бүрэн эрх гээчээр хамгаалуулах гэсэн санаархалаар дахин эрх мэдлийн төлөө шунаж буй бололтой. 

Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан