ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо сүүлийн үед хурдацтайгаар өсөж, 62 мянгад хүрээд байна. Өчигдрийн байдлаар тус улсад 5236 шинэ тохиолдол бүртгэгдэж, 57 хүн нэмж нас баржээ. Ингэснээр нийтдээ коронавирусийн улмаас 513 хүн амиа алдаж, 4420 хүн эдгэсэн байна. Гэхдээ тус улсын мэргэжилтнүүд халдварын оргил үе эхлээгүй гэдгийг онцолсоор байгаа юм. Эмнэлгүүдэд орж нөхцөл байдалтай танилцсан RT-гийн сэтгүүлч Антон Красовский нөхцөл байдлыг дайны үетэй харьцуулахад болохоор байгааг онцлоод “Буун дуугүй л болохоос эмнэлгүүдийн нөхцөл байдал яг л дайны үеийнх шиг байна” хэмээв.
Оросын эмнэлгүүд өдөрт коронавирусийн халдвар авсан 150-300 хүн хүлээн авч халдвартай 1500 орчим хүнийг эмчилж байгаа аж. Түүнчлэн эмч нар хамгийн багадаа 12 цаг тасралтгүй хамгаалалтын хувцастай ажиллаж байна. Уушгины үрэвсэлтэй, өвчтэй хүмүүс коронавирусийн халдвар авсан тохиолдолд бүрэн эдгэх магадлал 80 хувь бөгөөд хүчилтөрөгчийн аппарат байхгүй бол амиа алдах эрсдэл маш өндөр байгааг Москвагийн эмч нар онцолж байна. Москва хотын захирагч Андрей Воробьевын гаргасан шийдвэрийн дагуу постууд дээр цагдаагийн ажилтнууд иргэдэд амны хаалт үнэ төлбөргүй тараадаг болжээ.
Түүнчлэн Москва мужийн төмөр замын өртөөнүүд, автобусны буудал, супермаркет болон эмнэлгүүдэд сайн дурынхан ажиллаж, оршин суугчдад амны хаалт тарааж байгаа гэнэ.Одоогоор тус муж уутандаа хоёр ширхэг амны хаалт бүхий 250 мянган багцыг бэлдсэн бөгөөд Одинцово, Химок, Долгопрудной, Домодедово, Реутов хотын оршин суугчид амны хаалт үнэгүй авах боломжтой аж.
ЭХ СУРВАЛЖ: Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН