Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий дахинд 2.5 сая хүрлээ


Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 2.5 саяд хүрснийг Жон Хопкинсийн их сургуулийн сүүлийн тоо баримт харуулжээ. Үүнээс АНУ-д бүртгэгдсэн тохиолдол 800,000-д дөхсөн байна. Нийтдээ 170,000 гаруй хүн Covid-19 өвчний улмаас нас барсны гуравны хоёр орчим нь Европ тивд бүртгэгджээ.
Эхний 500,000 халдварын тохиолдол бүртгэгдэхэд 75 хоног болсон бол сүүлийн хагас сая тохиолдол ердөө зургаа хоногт нэмэгдсэн байна.
Анхны 41 халдварын тохиолдол нэгдүгээр сарын 10-нд бүртгэгдэж байсан бол гурван сар гаруйн дараа өнөөдөр өдөрт 70,000 гаруй тохиолдол нэмэгддэг болжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан мэдээллээр бол жил бүр улирлын чанартай ханиад томуугаар 3-5 сая хүн өвчилдөг гэнэ.
Гэхдээ коронавирусийн халдварын бодит тоо албан ёсны тооноос хавьгүй өндөр байгаа гэж судлаачид үзэж байна.
1918 онд дэлхий даяар дэгдсэн “Испани ханиад” тахлын улмаас 500 орчим сая хүн нас барж байжээ.
Цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн АНУ-ын сенат өчигдөр эдийн засгаа тэтгэх нэмэлт $480 тэрбумын багцыг хэлэлцэж, дэмжлээ. Энэ мөнгийг жижиг бизнесүүдийг аврах, эмнэлгүүдийн хангамжийг сайжруулах, оношлуураар хангахад зориулах юм.
Одоо хуулийн төслийг конгрессийн төлөөлөгчдийн танхим Пүрэв гарагт хэлэлцэж, батлах төлөвтэй байна.
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр шинэ эмнэлэг үүдээ нээжээ. Covid-19 өвчтэй хүмүүсийг эмчлэх энэхүү эмнэлгийг Уханьд хэрэгжүүлсэнтэй адил барилгын технологиор сар гаруй хугацаанд босгосон юм. Гуравдугаар сарын 12-ны өдөр Москва хотын баруун өмнөд захад эмнэлгийн суурийг анх тавьж байжээ.
Тухайн үед ОХУ-д цөөхөн халдварын тохиолдол илэрч, ганц ч хүн нас бараагүй байсан бол өнөөдөр халдварын 50,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 450 орчим хүн нас бараад байна.
12.5 сая оршин суугчтай Москва хот цар тахлын төв болж, 29,433 халдварын тохиолдол, 233 эндэгдэл бүртгээд байгаа юм.
Шинэ эмнэлэг нь 800 ортой бөгөөд өчигдөр эхний 20 өвчтөнөө хүлээж авжээ.
Өчигдөр Герман улсын Бавари муж дэлхийд алдартай Oktoberfest шар айрагны баяраа цуцлах болсныг зарласан байна.
Герман улсад цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглоод байгаа. Энэ жил 187 дахь удаагаа зохион байгуулагдах байсан баяр есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх байв.
Хамгийн сүүлд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Oktoberfest цуцлагдаж байжээ.
Жил бүрийн баярт оролцохоор 6 сая орчим хүн Бавари мужийн төв Мюнхен хотод цуглардаг юм.
Коронавирусийн батлагдсан халдварын тоогоор дэлхийд тэргүүлж буй 10 орны тоо баримтууд сүүлийн байдлаар:
 

Улсууд

Халдварын тохиолдол

Эндэгдэл

Харьцаа

1

АНУ

788,920

42,458

5%

2

Испани

204,178

21,282

10%

3

Итали

181,228

24,114

13%

4

Франц

156,495

20,294

13%

5

Герман

147,593

4,869

3%

6

Их Британи

125,856

16,550

13%

7

Турк

95,591

2,259

2%

8

Иран

84,802

5,279

6%

9

Хятад

83,750

4,632

6%

10

Орос

52,763

456

1%

Эх сурвалж: Reuters, AFP
Р.ТӨМӨР, IKON.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан