CoVID19 анх Ухань бус тус хотоос өмнө зүгт 2019 оны есдүгээр сараас эхлэн тархсан байж болзошгүй хэмээн Кэмбрижийн их сургуулийн хэсэг эрдэмтэд таамаглал дэвшүүлжээ.
Тус их сургуулийн судлаачид цөөнгүй орноос дээж аван судалсны дүнд вирусний анхны дэгдэлт өнгөрсөн оны 9 дүгээр сарын 13-наас 12 дугаар сарын 7-ны хооронд гарсан байх магадлалтай гэж үзсэн байна.
Мөн генетикч Питр Форстер тэргүүтэй эрдэмтэд вирусийн хувьслыг математик алгоритм ашиглан тогтоох судалгаа явуулж дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусний 3 хэвшил тархаж байна гэж дүгнэв.
Тодруулбал, АНУ-ын PNAS (Proceedings of the National Academy of Sciences) эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд “А хэвшил” нь сарьсан багваахайнаас илэрдэг коронавирустэй хамгийн төстэй боловч Уханьд түгээмэл илрээгүй.
Харин “В хэвшил” нь Уханьд хамгийн түгээмэл илэрсэн ч Зүүн Азийн орнуудаас цааш тархаагүй.
“С хэвшил” нь Франц, Итали, Швед, Их Британид хамгийн түгээмэл илэрсэн боловч эх газрын Хятадад огт бүртгэгдээгүй байна.
Еaglenews.mn