Неандертальчуудын нүүдлийн шинэ ул мөрийг антропологичид Алтайгаас олжээ


Сүүлчийн неандерталь нүүдэлчдийн уугуул төрөлх нутаг нь Зүүн Европ, Умард Кавказ байжээ.
ТАСС, Нэгдүгээр сарын 27. Оросын болон гадаадын антропологичид Алтайн нутаг дэвсгэр дэх хоёр хавцлаас өмнө нь хийж байсан дүгнэлт шиг неандертальчууд Сибирийн өмнөд хэсэгт нэг удаа биш харин дор хаяж хоёр удаа янз бүрийн чиглэлээр хүрч байсныг гэрчлэх шинэ олдвор олсон байна. “PNAS” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлд энэ нээлтийн шинжлэх ухааны ач холбогдол хийгээд эрдэмтдийн дүгнэлтийг дэлгэрэнгүй өгүүлжээ.
“Неандертальчууд дор хаяж хоёр удаа Өмнөд Сибирийн өмнөд хэсэгт шилжин нүүдэллэж байсныг Денисовын болон Чагырын хавцалд хийсэн бидний малтлага харуулж байна. Сүүлд ирсэн неандерталь дүрвэгчдийн уугуул нутаг ус нь Алтайгаас баруун зүгт гурав, дөрвөн мянган километр алсад орших Зүүн Европ, Умард Кавказ байжээ” хэмээн эрдэмтэд бичжээ.
Гадаад төрх байдлаараа төстэй хэдий ч орчин үеийн хүмүүс хийгээд неандертальчууд тэс өөр замаар хөгжсөн юм байна. Өнөөдөр эрдэмтдийн үзэж байгаагаар орчин үеийн болон неандертальчуудын эртний өвөг 650 мянга орчим жилийн тэртээ хуваагдаж салсан. Эхний хэсэг нь Африкийн нутаг дэвсгэрт үлдэж аажмаар түүнийг эзэлсэн бол хоёр дахь хэсэг нь умард руу дүрвэж, Европ, Азид суурьшсан ажээ.
Орос, Европын палеогенетикчдийн нээж, тайлсан неандертальчуудын ДНК нь эдгээр эртний хүмүүс Евроазийн өнцөг булан бүрт хэзээ, хэрхэн нүүдэллэж ирснийг мөн кроманьончууд хийгээд эртний хүний нэг төрөл болох денисовчуудтай ямар хэлхээ холбоотой байсны ул мөрийг анх удаа судлах боломжийг эрдэмтдэд бүрдүүлж өгчээ.
Европт болон Сибирийн өмнөд хэсэгт амьдарч байсан сүүлчийн неандертальчуудын өвөг харьцангуй их эрт салж хуваагдсан. Үүний дараа энэ хоёр бүлгийн төлөөлөгчид өөр хоорондоо бараг нийлж байгаагүй болохыг тэдгээрийн эсийг харьцуулсан судалгаа харуулжээ. Нөгөө талаас, алтайн денисовын эрэгтэй хүн болон европын неандерталь эмэгтэйн гибридийн геномыг эрдэмтэд саяхан тайлж уншсанаар тэд өөр хоорондоо уулзаж нийлэх боломж юутай ч байсан байж болохыг бас харуулжээ.
 
Европоос ирсэн “соёлын” нүүдэлчид
Оросын болон гадаадын эрдэмтэд Новосибирск дэх Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч, ОШУА-ийн академич Анатолий Деревянкогийн удирдлага дор Чагырын хавцалд малтлага явуулж, неандертальчууд Алтай болон Сибирийн өмнөд хэсгийн нутаг дэвсгэрт бүхэлд нь хэд хэдэн удаа нүүдэллэн ирж байсныг гэрчлэх малтлагын шинэ баримт олжээ.
Уг хавцал Денисовын хавцлаас баруун зүгт 100 орчим км-т байдаг аж. Хожуу үеийн неандертальчууд болон эртний кроманьончуудад хамаарч болох хөдөлмөрийн багаж зэмсэг олдсон 10 орчим жилийн өмнөөс энэ хавцал антропологичдын анхаарлыг татах болсон билээ. Дараа нь палеогенетикчид уг хавцлын хөрснөөс хөрш зэргэлдээ Денисовын хавцлаас олдсон “хамаатан садангаа” бодвол Европын Homo neanderthalensis-тай илүү ойр байж болох ДНК-ийн тасархай олдвор олсон.
Деревянко болон түүний хамтрагчдын тэмдэглэж байгаагаар энэ нээлт нь неандертальчууд янз бүрийн цаг үед, янз бүрийн эх сурвалжаас гаралтайгаар Сибирь рүү хэд хэдэн удаагийн нүүдэл хийж суурьшсан гэдэгт олон эрдэмтнийг эргэлзэхэд хүргэжээ. Оросын болон гадаадын антропологичид үнэхээр тийм эсэхийг саяхан олдсон неандертальчуудын шарил болон хөдөлмөрийн багаж зэмсгийн насжилт, мөн түүнийг бэлтгэсэн техникийг нарийвчилж маш нарийн хэмжилт хийн нягталж шалгажээ.
Эдгээр хэмжилт бүхэлдээ судлаачдын таамгийг нотолсон байна. Эндхийн неандертальчуудын хэрэглэж байсан сүх, хусуур нь хөрш зэргэлдээ Денисовын хавцлаас олдсон ижил төрлийн багаж зэмсгийг бодвол Хорват болон Умард Кавказад амьдарч байсан европын сүүлчийн Homo neanderthalensis-уудад хамаарах микокийн соёлын багаж зэмсэгтэй илүү адилхан байжээ. Денисовын хавцлаас олдсон багаж зэмсэг нь Алтайд өөр замаар орж ирсэн их эртний мустьерын соёлд хамаарах аж. Нөгөөтэйгүүр эрдэмтэд санаанд оромгүй хэд хэдэн нээлт хийжээ. Тухайлбал, хөдөлмөрийн багаж зэмсгийн насжилт нь Чагырын хавцалд неандертальчууд амьдарч байсан тухай генетикийн үнэлгээнээс хавьгүй залуу, микокийн соёл үүсэх цаг үетэй тун ойрхон байжээ. Энэ бол Homo neanderthalensis-үүдийн нүүдлийн давалгаа хэд хэдэн удаа болж байсныг батлах маш чухал нотолгооны нэг хэмээн судлаачид үзэж байна.
Неандертальчуудын хоёр өөр популяци ойролцоогоор нэгэн ижил цаг үед оршиж байсан баримт хийгээд мөн тэдгээрийн нэг нь Homo neanderthalensis-ийн Европын бүлгүүдтэй генетикийн хувьд садан төрлийн байгаа нь энэ эртний хүмүүс “нутаг амьтай, гэр сахисан” хүмүүс байгаагүй. Өөрийнхөө хосгүй өвөрмөц соёлоо өөртөө тээж, алсын алсад нүүдэллэж байжээ гэсэн дүгнэлтийг Деревянко болон түүний хамтрагчид хийж байна. Энэ бүхэн неандертальчуудын зан үйл, амьдралын талаарх эрдэмтдийн төсөөллийг эрс өөрчилж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.2.5  ЛХАГВА  № 24 (6249)


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан