Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадорын засгийн газар цар тахалд нэрвэгдсэн ард иргэддээ туслахгүй байгаа гэж шүүмжлүүлж байгаа. Тус улсад сүүлийн байдлаар 8,000 гаруй Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж, 700 орчим хүн нас бараад байна.
Сүүлийн сар орчим хугацаанд коронавирусийн тахлын эсрэг авсан арга хэмжээний үр дүнд Мексикийн эдийн засаг гүн хямралд унаад байгаа юм. Тэгвэл тус улсын хар тамхины картелиуд энэ боломжийг ашиглан олны дунд нэр хүндээ өсгөх арга хэмжээ авч эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн хэд хэдэн том бүлэглэл иргэдэд хоол хүнс, эм хэрэгсэл бүхий багцыг тарааж байгаа тухай мэдээлэл сошиал сүлжээнд тарсан юм. Тухайлбал АНУ-д хоригдож байгаа Эль Чапо Гузманы охин “El Chapo 701” гэсэн таних тэмдэгтэй тусламжийн барааг тараасан байна.
Мексикийн хоёр дахь том хот Гвадалахарад тараасан тусламжийн багцад нь ургамлын тос, будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн багтжээ.
Гузманы Синалоа картелиас гадна Халиско Шинэ Үеийнхэн, Лос Дуранго зэрэг бүлэглэлүүд ижил арга хэмжээг бусад бүс нутгуудад зохион байгуулсан байна. Мексикийн ерөнхийлөгч Лопез Обрадор “Гэмт хэрэгтнүүдийн тарааж буй бараа хүмүүст тус болохгүй. Тэд аллага хүчирхийллээ зогсоовол харин жинхэнэ тус болно” гэж өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. Мексик улсад Обрадорын бүрэн эрхийн эхний нэг бүтэн жилд буюу 2019 онд 34,582 хүн гэмт хэрэгтнүүдийн гарт алагдсан нь тус улсын түүхэнд хамгийн муу үзүүлэлт болсон байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Reuters