Баян шийдвэр гаргагчид ба ядуу иргэд

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банк хамтран хийсэн судалгаагаар 2018 онд манай улсын хүн амын ядуурлын түвшин 28.4 хувьтай, 904.9 мянган ядуу хүн байна гэсэн тайлан гарсан. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Энэ бүлэг тэр чигтээ эдийн засгийн болон эрүүл мэндийн дархлаагүй нөхцөлд амьдарч байна. Чанартай, илчлэг сайтай хоол хүнсээр хомс, эрүүл аюулгүй амьдрах орчин хангалттай биш, өвчлөлд өртөх магадлал хамгийн өндөртэй бүлэг. Шинэ коронавирусын халдварын тархалтын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөтөлбөрт энэ бүлгийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ үндсэндээ алга байна.
Дараагийн том бүлэг бол нийт хүн амын 50 орчим хувийг эзэлж байгаа сарын өрхийн дундаж орлого нь 300.0-700.0 мянган төгрөгт хэлбэлздэг хэсэг. Хатуухан хэлбэл маш амархан ядуу иргэдийн бүлэгт орох магадлалтай хүмүүс. Өнөөдөр маш олон салбарт сул зогсолт бий болчихлоо. Хувийн хэвшлүүд ажилтнаа цомхотгож, зарим нь тодорхойгүй хугацаагаар ээлжийн амралт өгөөд эхэлсэн. Энэ зун улирлын шинж чанартай ажилладаг аялал жуулчлал, түүнтэй шууд холбогдон орлого олдог 10 орчим салбар, уул уурхай, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ, агаарын тээвэр гээд олон салбар тэг зогсолт хийх нь тодорхой байна. Нэмээд бүх албан бус жижиг бизнесүүд, өрхийн үйлдвэрлэл, иргэдийн нэмэлт орлого олдог сувгууд хаагдчихлаа. Бас л энэ бүлгийн эдийн засгийн асуудалд анхаарсан бодлого одоогоор гараагүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал тухайн иргэний эрүүл мэндийн дархлаатай нь шууд хамааралтай байдаг. Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр байгаагаас дордоход хүн амын 80 хувийн эрүүл мэндийн дархлаа шууд муудахаар байгааг эрх баригчид огт ойлгохыг хүсэхгүй байна.
Тэд шатахууны үнийг 300 төгрөгөөр буурууллаа гэж ярьж байна. Гэхдээ энэ үнийн бууралтыг Засгийн газар биш коронавирус хийсэн гэж ярих хүмүүс их байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ навс унасан учраас бензин шатахууны үнэ буурч байгаа, харин ч бага буурлаа гэж иргэд ярьж байна. Ноолуурын үнийг 100.0 төгрөгөөс буулгахгүй гэж зарласны маргаашаас нь зарим аймагт үнэ 50.0 төгрөг хүртэл унасан гэх мэдээ байна. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед ноолуур нөөцлөхөд татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг үрэх нь тийм ч зөв шийдэл биш. Доголдож орлого нь буурч байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж олгоно гэж зарласан, гэхдээ ямар шалгуураар яаж хамруулахаа тодорхойлж чадаагүй байгаа. НДШ-ээ төлж байгаа, ажилчдынхаа орон тоог цомхотгоогүй аж ахуйн нэгжүүд үүнд хамрагдана гэж хэлж байгаагаас харахад энэ бас л судалгаа муутай шийдвэр. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй гэж зарласан. Угаасаа энэ жил ашигтай ажиллах ЖДҮ байхгүй тул энэ бас л ул суурь муутай шийдвэр.
Засгийн газрын долоон амлалтын дөрөв нь нэг иймэрхүү гол байнаасаа хол байна. Яагаад манай эрх баригчид ийм хол хөндий юм яриад байна. Бид сүүлийн нэг сар гадаадын улс орон болгоны шийдвэрийг сонслоо, хоорондоо ярилцлаа. Тэд бүгд иргэн бүрийн амьжиргааг дэмжихэд чиглэжээ, мөн ажилтан бүрийн ажлын байрыг хадгалахад чиглэжээ. Иргэдийн амьдралаас хол хөндий, жирийн иргэний зовлонг яагаад ч олж харахааргүй мэлмийтэй хүмүүсийг бид сонгоод дээрээ залаад байна уу. Судлаач Д.Совд одоогийн Ерөнхий сайд болон 74 УИХ-ын гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт дүгнэлт хийхэд тэдний 64 нь 100.0 саяас дээш төгрөгийн хадгаламж, харилцах дансны үлдэгдэлтэй байгааг онцолсон байсан. Бүр тодруулбал, тэдний 35 нь 100 саяас, 16 нь 500 саяас, 10 нь 1 тэрбумаас дээш, 5 нь 5 тэрбумаас дээш мөнгөн дүнтэй хадгаламж, харилцах дансандаа мөнгөтэй байна. Энэ бол зөвхөн тэдэнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ, үүн дээр компанийх нь хувьцаа, үл хөдлөх болох хөдлөх хөрөнгө гээд асар их хэмжээний хөрөнгө нэмэгдэнэ. Мөн төрийн албанд хэдэн арван тэрбумтан дарга нар ажиллаж байгааг тэрээр дурдсан. Бид сүүлийн 20 жилд үнэхээр үнэмлэхүй баян хүмүүсээр удирдуулж байна. Ядуу, дунджаас доогуур бүлэгт иргэдийн дийлэнх нь багтдаг бөгөөд тэднийг хэт чинээлэг хэсэг нь удирдаж байна гэсэн үг. Иргэний амьдралаас хол тасархай дарга нарын гаргасан шийдвэр гол байгаа онодоггүй үргэлж давж, эсвэл дутаж унадаг юм байна.

Р.Шинэгэрэл /эдийн засагч/
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан