Сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт, тэр тусмаа Хэрлэн суманд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. Бүтээн байгуулалт болон ЗДТГ-ын хамт олны ажил үйлсийн талаар Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбаттай хөөрөлдлөө.
-Сайн байна уу? Юуны өмнө өнөөдөр тохиож буй Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Эх орныхоо халдашгүй дархан байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан эх орончид, ахмад дайчид, хугацаат цэргийн албаа хааж буй офицер, ахлагч,түрүүч, байлдагч нартаа болон Хэрлэн сум Чингис хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө хийж бүтээж буй эрчүүд та бүхэндээ Зэвсэгт хүчний 99 жилийн ой, Монгол цэргийн өдрийн баярын мэнд дэвшүүлье.
-2019 онд Хэрлэн сум, Чингис хотод ажил бүтээн байгуулалт их өрнөлөө. Улирч буй оныхоо онцлог ажлуудыг дүгнэж яриагаа эхлэх үү?
-Хэрлэн сум 2019 оныг “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, үүний хүрээнд иргэдтэйгээ хамтран олон асуудлыг шийдвэрлэж ажиллалаа. Бид иргэддээ хүртээмжтэй хүрч ажиллахын тулд 2019 онд анх удаа баг бүрт нийт 41 олон нийтийн ажилтан авч ажиллууллаа. Олон нийтийн ажилтнууд төр иргэдийг холбох гүүр болж, төрөөс авч хэрэгжүүлж байгаа аливаа шийдвэр, ажил арга хэмжээг иргэдэд танилцуулах, эргээд иргэдийн саналыг авч бидэнд танилцуулах замаар багт тэр тусмаа айл бүрт хүрч ажиллалаа. Нөгөө талаар 2019 онд Хэнтий аймгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил дорвитой нэмэгдлээ. Төр иргэний хамтын оролцоонд тулгуурлаж хот суурин хөгждөг болохоор цаашид ч иргэдийн оролцоотойгоор Чингис хотын олон асуудлыг шийднэ.
-Багийн иргэдийн хэсэгчилсэн хурлуудыг санаачилж зохион байгуулсан гэсэн. Иргэдийн оролцоо хэр байв?
-Багийн иргэдийн хуралд ахмадууд идэвхтэй оролцдог. Нэг багт байнгын оролцоотой 30-40 хүн л хуралд ирдэг. Бусад иргэндээ хүрч ажиллахад хүндрэлтэй байсан учраас багийн иргэдийн хурлыг хэсэгчлэн хийж үзлээ. Нэг багт 2-3 эгнээ гудамж, байр сууцных нь орчимд хурал зохион байгуулахад 100-200 хүн хуралд хамрагдаж байна. Энэ бол иргэдийн оролцоог нэмэгдүүлж байгаа бодит жишээ. Залуучууд багийн хуралд бараг оролцдоггүй байсан. Зарим нь цахим орчноос хэрэгтэй мэдээллээ авчихдаг. Тиймээс залуучуудын хүсэл сонирхолд тулгуурлаад урлаг, спортын үйл ажиллагаа зохион байгуулахад баг сум руугаа хандах хандлага, харилцаа нь өөрчлөгдөж байна. Тухайлбал, багийн урлаг, спортын наадам зохион байгуулахад 400-500 залуус оролцлоо. Энэ үеэр бид мэдээллээ хүргээд, залуучуудаа сонсоод, хотын өмнө тулгамдаж буй асуудлуудаар уриалга гаргаж ажилласан. “Орц гудамжиндаа хог хаяхаа больё”, “Мал гахайгаа цэгцэлье”, “СӨХ-ны мөнгийг хугацаанд нь төлцгөөе” зэрэг есөн уриалга гаргасан, үр дүн гарч эхэлсэн. 2020 онд багийн төвгүй байсан тавдугаар баг шинэ багийн төвтэй болсноор багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх орчин нөхцөлийг сайжруулсан.
-Хэнтий аймаг сүүлийн хоёр жилд бүтээн байгуулалтаараа манлайлж байна. Тэр тусмаа Хэрлэн суманд хөрөнгө оруулалт эрс нэмэгдлээ. Ямар ямар томоохон бүтээн байгуулалтууд хийж байна вэ?
-Чингис хотын авто замын сүлжээний өргөтгөл болон цэвэрлэх байгууламж, дулааны станц, цахилгаан түгээх сүлжээний шинэчлэл гэсэн дэд бүтцийн дөрвөн том бүтээн байгуулалт Чингис хотын цогц хөгжлийн суурийг тавьсан. 20 гаруй мянган хүн амтай хотын цэвэрлэх байгууламжид технологийн алдаа гараад 30 жил болсон. Өмнө нь 1500 м3бохир цэвэрлэдэг байсан бол хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэж, 3000 м3хүчин чадалтай болох гэж байна. Манай хотын түүхэнд гарсан хамгийн том дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт бол 35 мегаваттын хүчин чадалтай Дулааны станцын төсөл. Мөн Чингис хотын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөлийн шинэчлэл хийснээр бүх шугам, тоолуурууд шинэчлэгдэж, цахилгааны хүчин чадал эрс нэмэгдэнэ. Эдгээр ажлуудыг хийснээр хотын ирээдүйн хөгжилд дорвитой нөлөөлнө. Мөн төрийн байгууллагуудын байрны асуудлууд жил дараалан шийдэгдэж байна.
-Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллахдаа томоохон бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ талаар тодруулаач?
-Ерөнхий сайд 2019 оны тавдугаар сард Хэнтий аймагт ажиллахдаа манайд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэсэн. Хэрлэн сумын хувьд 2019 онд 200 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон бол 2020 онд гуравдугаар цэцэрлэгийг 200 хүүхдээр нэмэгдүүлсэн өргөтгөл шинээр барьж, Арабын Эмират улсын хөрөнгөөр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ирэх зургаадугаар сард ашиглалтад орно. Хэрлэн суманд цэцэрлэгт хамрагдаагүй үлдсэн 500 хүүхэд СӨБ-д бүрэн хамрагдах боломжтой болно. Хэрлэн нэгдүгээр сургуульд сүүлийн үеийн стандартыг хангасан 1500 хүүхдийн багтаамжтай шинэ барилга барихаар болсон. Манай аймагт сүрьеэгийн шинэ эмнэлэг, Өлзийт тосгоны шинэ эмнэлэг, шинэ музей барьж, Тахилгат тосгоны эмнэлгийн барилгад их засвар хийнэ. 2020 оны улс, аймаг, сумын төсвөөр Хэнтий аймагт 134,5 тэрбум төгрөгийн ажил хийх бөгөөд үүний 34 тэрбум төгрөгийн ажил нь Хэрлэн суманд өрнөнө. Үүн дээр нэмэгдээд цэвэрлэх байгууламж, дулааны станц, нисэх онгоцны буудал зэрэг томоохон ажлууд гадаадын төсөл хөтөлбөрөөр хэрэгжинэ.
-Таны ярьж байсан нэг томоохон ажил бол банкны байрны дахин төлөвлөлт. Энэ 174 айлын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын төсөл ямар шатанд байгаа вэ?
-2016 онд МАН УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ 3000 гаруй иргэнээс санал авч томоохон асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэхдээ хуучин эмнэлгийн буюу дөрвөн замын уулзвар орчим, САА-н БАМ, Эрчмийн 40 айл, Банкны байр гэсэн дөрвөн байрлалд дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Ингээд хамгийн боломжтой гэж үзсэн Банкны байрны дахин төлөвлөлтийг эхлүүлж, нэгдүгээрт, аймгийн ИТХ-аар төсөв батлуулаад, зураг төсвийг бэлэн болгосон. Хоёрдугаарт, Б.Бат-Эрдэнэ гишүүний дэмжлэгтэйгээр цахилгаан, бохир, холбооны шугамын 650 сая төгрөгийг 2019 оны улсын төсөвт суулгаж, шугамуудыг тавилаа. 2020 оны аймгийн төсөвт 400 сая төгрөгөөр уурын зуухны асуудлыг шийдвэрлэж байна. Одоо 22-23 өрх амьдарч байгаа нэг га газарт 174 айлын орон сууц барихад дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн гэсэн үг. Ингээд бид орон нутгийнхаа бизнес эрхлэгчдэд санал тавьж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж, сурталчилсан. Ерөнхий сайдтай биечлэн уулзаж санал тавьсны дараа Хэнтий аймагт ажиллахдаа ипотекийн зээлийг шийдвэрлэж, дэд бүтэц, ипотек гээд төрийн зүгээс хийх ажлууд нь болчихлоо. Одоо сонгон шалгаруулалтын үйл явц эхлээд гурван компанийн санал ирснийг судалж байна. Сонгон шалгаруулалтыг нухацтай хийж, тухайн компанийн бүрдүүлсэн материалаас гадна санхүү бизнесийн түүх, барилгын ажлын туршлагыг нь төрийн байгууллагуудаас судалгааг нь гаргуулан судалж байна.
-Тус байрны айлуудын хуучин байшинг яаж үнэлж байгаа вэ?
-Анх сонгуулийн мөрийн хөтөлбөр ярьж байхад Банкны байрны нэг айлын байшин таван сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол одоо дэд бүтэц тавьж, дахин төлөвлөлтөд ороод үнэлгээ нь хэд дахин өсчихлөө. Бид эзэдтэй нь арваад удаа уулзлаа. Тэд зөвшөөрдөг. Амьдарч байгаа 20 гаруй мкв байшинг нь 39 м/кв байраар солих тохироотой байгаа. Гүйцэтгэгч шалгарсан үед компани, төр, иргэн гурав гурвалсан гэрээ хийнэ.
- Дахин төлөвлөлт хийх бусад гурван байршлыг яах вэ?
- Зөвхөн төвийн халаалттай байсан САА-н Бамын байшинд цэвэр, бохирын шугам холбоод, айлууд өөрсдөө бохир, цэвэр усны шугамаа хийх бололцоо бүрдүүлсэн. Эрчмийн 40 айлын оршин суугчид нийтийн орон сууц биш хувийн хаус хороолол болгоно гэсэн санал гаргаад улсын төсвөөр халаалт, цэвэр бохирын асуудлыг шийдсэн. Үлдсэн нэг байрлал нь нэг давхар орон сууцнууд. Тэгэхээр эхний ажлаа дуусгаад дараагийнх руугаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Та жил бүр нэг том асуудлыг цогцоор нь шийднэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилт тань хэрхэн биелж байна вэ? Жил жилээр нь авч үзвэл?
-2016 оны 11 дүгээр сарын 16-нд анх ажлаа аваад “Хан Хэнтий” чуулгад иргэдтэйгээ уулзалт хийж, багийн иргэдийн нийтийн хурлуудаар явахад хотын мөнхийн сэдэв хог, нохой, гэрэлтүүлэг л яригдаж байсан. "Хэнтий Ус" ХХК таван хуучин машинтай, 4000 айлын хогийг сардаа нэг удаа зайлуулах ямар ч бололцоогүй. Хогийн цэг нь 60 орчим га газарт дэлгэчихсэн. Хашаандаа, эгнээ гудамжиндаа хур хогтой байсан. Бид хогны асуудлыг цэгцлээд дараагийн хөгжил дэвшлээ ярья гэж гурван үе шаттай хөтөлбөр боловсруулсан. Нэгдүгээрт, айлуудын хогийг татаж авдаг механизмтай болъё. Хоёрдугаарт, Чингис хотын хогийн цэгийг даруйхан шийдье. Гуравдугаарт хогны үйлдвэртэй болъё гээд ажлаа эхэлсэн.
Иргэдээс “Нэг өрхөөс сард 4000 төгрөгийг цахилгааны мөнгөн дээр хурааж авч хог цэвэрлэдэг механизм бий болгоё” гэж санал авахад 80 гаруй хувь нь дэмжсэн. Бид гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаад 2017 оны гуравдугаар сарын нэгэнд ажлаа эхлүүлсэн. Эхлээд портер машинтай хүмүүсийг сарын 500 мянган төгрөгөөр цалинжуулж, бензин шатахууныг нь төр хариуцахаар гэрээ хийгээд 14 машинтай ажиллалаа. Эхний гурван сар маш хүнд, иргэд ойлгохгүй, эсэргүүцэл ч их байлаа. Нэг айлаас хоёр портер машин хог гарах нь энгийн үзэгдэл байв. Гурван сар цаг наргүй ажилласны дараа иргэд ач холбогдлыг нь ойлгож эхэлж, дөрөв дэх сараасаа айлын хашаанд хог төвлөрөхөө больсон. Тэгэхээр нь гудамжны цэвэрлэгээг өөрсдөөр нь хийлгэлээ. Гэтэл 15 машин өдөрт гурван рейс хийгээд хог асгахаар хогийн цэг дийлдэхээ болилоо. Тэр үед бидэнд төсөлд хамрагдах бололцоо гарч, 2018 онд хоёр дахь үе шат болох шинэ цэгийг байгуулж, ашиглалтад оруулсан. Одоо Чингис хотын зүүн талд байрладаг ногоочид хогонд дарагдахгүй боллоо гээд баяртай байгаа. Чингис хотын зүүн хойно орчим цэвэр цэмцгэр боллоо.
Хогны үйлдвэр бол бидний хэм хэмжээнээс давсан асуудал болсон. Өмнөх удирдлагуудтай гэрээ байгуулаад, хог боловсруулах үйлдвэр барина гээд газраа авчихсан компани нь амласнаа биелүүлдэггүй. Бид араас нь гурван жил хөөцөлдөж, хамтарч ажиллах гэтэл сүүлдээ утсаа ч авахаа больсон. Ямартай ч бидний төлөвлөсөн төлөвлөгөөний хоёр үе шат нь амжилттай хэрэгжиж, одоо аймгийн төсөвт 250 сая төгрөг төвлөрч, 40-өөд хүнийг тогтмол ажлын байрыг хангаж байна. Хогны менежмент жигдэрсэн. Багийн ИНХ-аар хог гэсэн гомдол тасарсан гэхэд болно.
-2018 онд та бүхэн СӨХ-ны шинэчлэлийг зоригтой эхлүүлсэн. Энэ ажлын явцыг дүгнэвэл?
-2017 оноос гэр хороолол руу анхаарч эгнээ гудамжны хонхор хотгорыг тэгшилж, гэрэлтүүлэг тавьж, бүрэн хаягжууллаа. Гэтэл орон сууцнууд хэцүүхэн дүр зурагтай байлаа. Иймээс 2018 онд Сууц өмчлөгчдийн холбоог шинэчилж, орон сууцны дотор тохижилтыг хийх болсон. Гэтэл эрх зүйн орчин нь яг л сууц өмчлөгчдийн холбоогоор л дамжих хуультай байдаг. Бид СӨХ-ны ажлыг эрчимжүүлж, орон сууцны асуудлыг шийднэ гэж Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Ингээд оршин суугчдаас санал асуулга авахад бас л 80 гаруй хувь нь дэмжсэн. СӨХ зөвхөн иргэдийн мөнгийг цуглуулж, түүгээрээ байрыг нь засна гэхэд мөнгө нь цуглардаггүй, цугласан мөнгө нь хүрэлцдэггүй болохоор оршин суугчид бухимддаг байсан. Тиймээс эхлээд хуучны гэсэн тодотголтой орон сууцнуудын дотор засварыг хийсэн.
Хуулийн дагуу нэг удаа төр хөрөнгө оруулах бололцоотой учраас бүх орон сууцны дотор засвар, гэрэлтүүлэг, дээвэр гээд 370 гаруй сая төгрөгийн төсөв гаргаж, ИТХ-аар батлуулаад аймгаас 200, сумаас 100 гаруй сая төгрөг гаргаж, хуучин 18 байранд засвар хийсэн. Нийт 27 байр, 59 орцонд засвар хийж, 27 байрыг камержуулсан. Иргэдийн хуримтлуулсан мөнгө зөвхөн орчны арчилгаа, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн талбайн хамгаалалт зэрэгт зарцуулагдаж байгаа юм. СӨХ-ны ажил урагшлахгүй байсан шалтгааныг олж харсан учраас орон нутгийн төсвөөс мөнгө тавиад, засвар хийлгэсний дараа СӨХ-ны мөнгөөр арчилж хамгаалах ажлыг жил гаран хийлээ. Анх СӨХ 700 гаруй өрхтэй байсан бол 1500 гаруй өрхтэй болж өргөжлөө. Ямар ч байсан дээврээс нь дусаал гоождог байр хоёр л үлдлээ. Харанхуй, хогтой, цэвэрлэгээ хийдэггүй орц байхгүй болсон. Мөн камержуулалт хийгээд эхэлсэн. Орон сууцны 2000 м/кв дээврийг засч, 40, 50-иад орцны дотор засал, гэрэлтүүлгийг шийдлээ. Бүх байрны гадна талыг сандал, хогийн сав, хайстай болголоо. Ажил нэлээд жигдэрсэн ч иргэд СӨХ-ны мөнгийг төлөхдөө хойрго хэвээр байсан. Тэгэхээр нь нэг сарын хугацаанд СӨХ-ны үйл ажиллагааг зогсоож, орцнуудынх нь гэрлийг унтраасан. СӨХ хэрэгтэй юу, хэрэггүй юу, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээний талаар санал асуулга явуулахад иргэдийн зүгээс СӨХ-ны үйл ажиллагааг сайн гэж дүгнэсэн. Ингээд СӨХ-ны мөнгийг хураадаг механизмын алдааг засангуут хэвийн ажиллаад явж байна. Улаанбаатарт СӨХ-ны мөнгө доод тал нь 30 мянган төгрөг байдаг. Бид 10 мянган төгрөг авч байгаа. Оршин суугчид энэ 10 мянган төгрөгийг 100 хувь төлөөд явбал СӨХ-ны бүх зардлыг төлөөд, цаана нь жилд 50-60 сая төгрөгийн хуримтлал үүснэ. Үүгээрээ СӨХ юу хийхээ шийдээд ажиллах боломжтой.
-2019 онд эко автобустай болж, хот доторх авто зам нэлээд шинэчлэгдлээ. Нийтийн тээврийн асуудлыг хэрхэн шийдвэрлэв?
-2016 онд сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан. Багийн иргэдийн нийтийн хурал дээр иргэд нийтийн тээвэртэй болъё, таксины үнэ хэрээс хэтэрлээ гэж ярьсаар ирсэн. Иймээс бид нийтийн тээврийг 2018 оны нэг томоохон зорилт болгож, монгол инженерүүдийн хийж байгаа автобусыг олж судлаад Их хурлын гишүүддээ санал тавьж, танилцуулсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар үйлдвэрт нь очиж үзээд, Б.Бат-Эрдэнэ гишүүн 2018 оны улсын төсөвт Хэнтий аймгийн нийтийн тээвэр гэсэн санал оруулж энэ ажил бүтсэн. Яривал урт түүх. Их хөөцөлдлөгөө орсон. Ингээд автобуснууд 2019 оны есдүгээр сараас эхлээд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. “Өндөрхаан” тохижилтын газар хариуцаж аваад ажиллаж байгаа. Аймгийн төсвөөр автобусны гараашийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Чингис хотод автозамын шинэ сүлжээ орсон учраас автобусаа явуулах боломж нөхцөл бүрдсэн. Гүйцэтгэгч компани ирээд автобусны ашиглалтын горим үйлчилгээг норм стандартын дагуу байна гэж үнэлсэн. Саяхан бид 600 гаруй иргэнээс нарийвчилсан судалгааг авахуулахад “Нийтийн тээвэр” хамгийн өндөр буюу 90 гаруй хувийн саналаар “Сайн” гэсэн үнэлэлт авсан.
-2020 онд ямар асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна вэ?
-2020 оны онцлох нэг ажил бол гэр хорооллын гэрэлтүүлэг. Иргэдийн 70 орчим хувь нь амьдарч байгаа гудамжны гэрэлтүүлгийг сайжруулснаар гэмт хэргийн гаралтыг бууруулах өндөр ач холбогдолтой. Чингис хотын гэр хороололд шаардлагатай гэрэлтүүлгийн урт нь 80 км. Үүнийг цахилгаанаар гэрэлтүүлнэ гэвэл өртөг нь хоёр тэрбум төгрөг болно. Мөн жил бүр зөвхөн цахилгааны зардалд 100 гаруй сая төгрөг төлнө. Одоо байгаа гэрэлтүүлэгтээ 100 гаруй сая төгрөг зарж байдаг. Тэгэхээр сүүлийн үеийн технологийн дэвшлийг тусгахаар зорьж, нарны сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бололцоог судалж байна. Бас УИХ-д санал тавьж, улсын төсвөөс 400 сая төгрөг, аймгийн төсвөөс 300 сая төгрөг нийт 700 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн. Энэ хавар гэрэлтүүлгийн ажлаа хийнэ.
-2020 оны батлагдсан төсвийн талаар мэдээлэл өгөөч?
-Оны төгсгөлд УИХ, аймаг, сум гээд шат шатны хурлууд хуралдлаа. Улсын төсвөөс Хэрлэн суманд 34,5 тэрбум төгрөг, аймгийн ОНХС-аас 2,8 тэрбум төгрөг, сумын төсвөөр ОНХС-тайгаа нийлээд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үндсэндээ зөвхөн хөрөнгө оруулалт 40-өөд тэрбум төгрөг гэсэн үг. Сумын төсөв 2019 онд 12,5 тэрбум төгрөг баталж байсан бол 2020 онд 17,3 тэрбум төгрөгийн төсөв баталлаа. 2020 оны төсвийн нэг онцлог нь дөрвөн жилийн өмнө иргэддээ амлаж байсан амлалтуудыг бүрэн дүүрэн хангах, дутуу ажлуудаа дуусгах, энэ ажлуудын эцсийг тавьсан төсөв төлөвлөгөөнүүд болж байгаа. Тиймээс 2020 онд бид маш шаргуу ажиллах ёстой.
-Иргэдийн хариуцлага, ухамсрыг яаж нэмэгдүүлэх вэ?
-Төр татвар төлөгчдийнхөө мөнгөөр ажил хийгээд байдаг. Иргэд хайрлаж хамгаалах, мөн өөрсдийнхөө оролцоог сайжруулах хэрэгтэй. Үүнийг анзаарсан учраас 2019 оныг “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Иргэдийн оролцоо туйлын чухал. 2020 онд хотын соёлд уриалан дуудсан, иргэдийн үүрэг, хариуцлагыг таниулсан, оролцоог нь нэмэгдүүлсэн, хандлагыг нь өөрчлөх ажлуудыг хийнэ.
-Таны хувьд хотын захирагчаар ажиллах хугацаандаа гол баримталж байгаа зарчим юу вэ? Энэ хотыг ямар болгочихъё гэсэн зорилго байна вэ?
-Хотын захирагчаар ажиллах хугацаандаа асуудлуудыг зөвхөн өөрийн түвшинд харалгүйгээр шийдэх ямар боломжууд надад байна вэ гэдгийг бүрэн дүүрэн ашиглаж ажиллахыг, гол нь иргэдтэйгээ ойр байж, хамтарч асуудлыг шийдэхийг хичээж байна. Алслагдсан гэр хорооллуудад ундны усны худаг барих, баг бүрд тоглоомын талбай байгуулах, мөн төв зам дагуу цэцэрлэгт хүрээлэнгүүдийг тохижуулах зэрэг сумандаа шийдэх боломжтой ажлуудыг жил бүр шат дараалан хийж байна. 2018 онд номтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан бол 2019 онд бугатай цэцэрлэгт хүрээлэнтэй холбож, 230м гэрэлт цэцэрлэгт хүрээлэн, Р.Чойномын хөшөө, танктай хөшөөний тохижилт, Гонгор баатрын хөшөө зэргийг шинээр хийлээ. Хөрөнгө оруулалт дээр УИХ-ын гишүүддээ саналуудаа тавьдаг. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, сумын ИТХ-тайгаа нягт уялдаа холбоотой ажилладаг. Гол нь асуудлыг гал унтраагаад булаад явах биш бүрэн шийдээд явахыг чухалчилдаг. Цаашдаа сонгууль болгоноор улиг болсон хог, нохой, гэрэлтүүлэг ярихаа больё. Дараагийн удаа том зорилтууд ярья. Тэгэхийн тулд энэ яригдаад байдаг жижиг асуудлуудаа энэ дөрвөн жилд багтаагаад шийдье гэсэн зорилгын дор манай хамт олон ажиллаж байна.
-Тэр том зорилтоосоо хуваалцаж болох уу. Сонирхолтой байна?
-Өндөрхаан хотоо Чингис хааныхаа нэрээр нэрлэчихсэн. Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож зарлалаа. Энэ үед Чингис хот маань нөгөө л нэг улиг болсон асуудлууд, жижиг ажлуудтайгаа зууралдаад яваад байж болохгүй. Адаглаад л барилга байгууламжийн хувьд өөр түвшинд очих ёстой. Гэр хорооллын модон жорлон, утаа униараасаа салах хэрэгтэй. Хүн амын тоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгээд цаашаа явцгаая.
- Чингис хотын төлөвлөлт 2038 он хүртэл гарчихсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- 2003 онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Өндөрхаан хот гэж зарлаад Засгийн газраас Өндөрхаан хотын хөгжлийн төлөвлөгөө гарсан. Энэ 20 жилийн хугацаа дуусч байна. Дараагийн 20 жилийн хөгжлийн төлөвлөгөө хийх цаг нь болж гээд улсын төсөвт хөрөнгө мөнгө нь тавигдаад, тендерт “Эрхэст Монгол констракшн” гэдэг компани шалгараад ирсэн. Энэ компанитай нэлээд нухацтай ярьж, энэ ажлыг эхлүүлсэн. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гараад хамтарч ажиллалаа. Сумын ИТХ-аар хоёр удаа, аймгийн ИТХ-аар нэг удаа хэлэлцүүлсэн. Энэ нь яам, Засгийн газрын хуралдаанаар орж байж батлагдана. Ерөнхий төлөвлөгөө гэдэг тухайн хотын хүн ам, нийгэм эдийн засаг, дэд бүтэц нь яаж хөгжсөн байх юм бэ гээд нэлээд том асуудал. Энэ ч утгаараа манай аймгийн бүхий л инженер техникийн ажилтнууд, байгууллагууд, дэд бүтцийн талд үүрэг хүлээж байгаа байгууллагууд бүгд л хамтарч ажилласан томоохон ажил болж байгаа.
-Манай аймгийн боловсролын салбарын амжилт жилээс жилд сайжирч байгаа. Хотын захирагч боловсролын салбарт хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Чингис хотын захирагчийн нэрэмжит Массын олимпиадыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж, Чингис хотын дөрвөн ЕБС-ийн нийт 200 гаруй багш, 6000 гаруй хүүхэд оролцлоо. Мөн Чингис хотын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын анхан шатны боловсролын сургалтын менежерүүд, 4, 5-р ангиудын багш нарыг “Анхан шатны боловсролын математикийн сургалтын “Цөм хөтөлбөр”-ийн агуулгыг суралцагчдад эзэмшүүлж, тэдний сэтгэн бодох үйлийг нь удирдан хөгжүүлж байгаа дэвшилтэд технологи, бүтээлч арга барилуудаас суралцахуй” сэдвээр сургалтад хамрууллаа. Мөн энэ онд Массын олимпиадаа зохион байгуулахаас гадна долоон төрлийн хичээлээр багш нарын сургалт, СӨБ-ын багш нарыг чадавхжуулах сургалтыг тус тус зохион байгуулна. Багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, сурагчдын сурлагын түвшинг ахиулахад голлон анхаарч, үр дүнд хүрч чадлаа. Мөн 200 сая төгрөгийн ширээ сандал, цэцэрлэгүүдийн ангиудыг бүрэн камержуулах, нэгдүгээр цэцэрлэгийн засвар, бусад хэрэгцээтэй ажлыг хийж гүйцэтгэнэ.
-2019 онд эрүүл мэндийн салбарт хийсэн онцлох ажил юу байв. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-ӨЭМТ-дээ ДОХ, чихрийн шижин, хеликобактер, тэмбүү, шээсний нийт таван төрлийн 5650 ш оношлуурын тестээр хангаж, 8-9 төрлийн шинжилгээг авах боломжийг нь бүрдүүллээ. Мөн нэлээд тоног төхөөрөмжийг жил дараалан шийдсэн. Хэдхэн хоногийн өмнө хоёр өрхийн эмнэлэгт автомашин гардууллаа, мөн 20 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангана. Хэрлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн хоёр дахь салбарыг шинээр нээж, багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аймгийн нэгдсэн эмнэлгийн ачааллыг бууруулахад дорвитой нөлөөлж чадлаа. 2020 онд Ачманал өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орж, тавдугаар багт Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ салбарыг нээж, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж эхэлснээр төвийн баг тус бүр Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй болж байна.
-Мал сүрэг хэр өсөв?
-Хэрлэн сум 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 520,046 толгой мал тоолууллаа. Өнгөрсөн оныхоос 6,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хэрлэн сумын хэмжээнд 609 малчин өрх, 520 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Одонтунгалаг