Мэргэжилдээ, энэ амьдралдаа хайртай, туйлын үнэнч, хариуцлагатай байдлыг эрхэм болгосон энэ эмэгтэйг Л.Ганчимэг гэдэг. Тэрээр цаг уурын салбарт 30 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай, тулхтай инженер хүн. Тэрээр “Хэнтийн мэдээ” агентлагийн хамгийн том контент болох оны есөн алдартны нэгээр өнгөрсөн онд шалгарсан билээ. Цаг уурын инженер Лувсангийн Ганчимэг аймгийн УЦУОШТ-д цаг уур, уур амьсгалын технологич инженерээр ажилладаг. УЦУ-ын байгууллагад ажиглагчаас эхлээд инженер, ахлах инженер, хэлтсийн дарга зэрэг албан тушаалд 30 жил ажилласан түүнтэй хөөрөлдлөө.
-Өнгөрөгч он таны хувьд хэрхэн өнгөрөв? Лавлах ном бүтээсэн гэсэн байх аа?
-Өнгөрсөн 2019 он байгаль цаг уурын хувьд нар хур тэгширсэн сайхан жил болж өнгөрлөө. Миний хувьд ч ажил амьдралын олон ажил амжуулсан сайхан жил байлаа. Хариуцсан салбар маань ажлаа дүгнүүлж шинжилгээний ажлаараа улсдаа айргийн тавд орлоо. Мөн бид 2017 оноос хойш хийсэн аймгийн уур амьсгалын лавлах эмхэтгэл гаргах нөр их ажлын ард гарч оны өмнөхөн “Хэнтий аймгийн уур амьсгал, гадаргын усны лавлах” ном маань хэрэглэгчдийн гар дээр очлоо. Уур амьсгал эрчимтэй өөрчлөгдөж байгаа энэ үед аймгийн уур амьсгалын нөөцийг шинэчлэн боловсруулан тогтоох явдал онцгой ач холбогдолтой. Энэ бүтээлийг манай төвийн инженерүүд үндсэн ажлынхаа хажуугаар уур амьсгалын олон жилийн материалын түүвэр судалгаа, тооцоо боловсруулалтыг хийж эмхэтгэсэн.
-Энэ номынхоо талаар уншигчдадаа товч танилцуулна уу?
-Хэнтий аймагт Ус цаг уурын байгууллага 1936 онд байгуулагдсан. Монгол орны цаг уурын ууган салбаруудын нэг. 1960-аад оны эхэн үеэс сумдад цаг уурын өртөө харуулууд байгуулагдаж аймгийн УЦУ-ын сүлжээ ерөнхийдөө бүрэлдсэн. Өнөөдөр цаг уурын найман өртөө, 10 харуул 18 суманд ажиллаж байна. Энэхүү лавлах номыг гаргахад эдгээр 18 салбарын 1975-2015 оны цаг уурын ажиглалтын материалыг ашиглан эдгээр мэдээ материалд математик статистик боловсруулалт хийж найман нэр төрлийн элементийн дундаж, үнэмлэхүй утга, давтамж, хангамж зэрэг 100 гаруй үзүүлэлтийг тооцоолж эмхэтгэсэн. Мөн гадаргын усны хэсгийг манай усны мэрэгжилтнүүд боловсруулсан. -Та цаг уурын салбарт хэдэн оноос эхэлж ажилласан бэ?
-Би Биндэр суманд төрж өссөн. Манай сум цаг уурын станцтай. 1984 онд сумынхаа цаг уурын станцад дагалдан ажиглагчаар орсноор миний амьдрал УЦУ-ын байгууллагатай эргэлт буцалтгүй холбогдсон доо. Тэнд хоёр жил ажиллаад 1986 онд МУИС-ийн Цаг уурын инженерийн ангид элсч 1991 онд төгсөөд үндсэндээ УЦУ-ын албанд 30 дахь жилдээ ажиллаж байна.
-Таны гэр бүлтэй танилцаж болох уу?
-Би хоёр охинтой. Охидууд маань хоёулаа айлын хүн болцгоосон. Хоёр зээтэй. 2012 онд хань минь бурхан болсон. Тэр үед хоёр охин оюутан байлаа. Түүнээс хойш орон гэрээ авч явах, хүүхдүүдээ эрдэм боловсролтой, ажил төрөлтэй болгох гээд айл гэрийн бүх л ачаа миний нуруун дээр ирсэн дээ. Одоо хүүхдүүд маань ажил төрөлтэй, хань ижил, үр хүүхэдтэй сайхан амьдарч байна. Заримдаа би энэ бүхнийг хийж чадсан шүү гэж өөрийгөө тоомоор санагддаг юм. Хүнд элэг бүтэн амьдрал чухал. Гэр бүлээрээ хөдөө явж амарч, цугтаа ширээгээ тойроод хөгжилдөж сайдаж муудаж явсан үе минь миний хамгийн жаргалтай үе. Харин одоо орчноо өөрөөрөө дүүргэж амьдрахын тулд завгүй байх, байгаа орчноо тохьтой байлгах, эмэгтэй хүнийхээ хувьд сайхан ээж , эмээ бас сайн хадам ээж байхыг хичээдэг.
-Мэргэжил хөгширдөггүй гэж ярьдаг даа. Таны мэргэжил тэгж санагддаг шүү.
-Сайхан мэргэжил шүү. Байнга л байгаль цаг ууртайгаа холбогдож байдаг. Мэргэжлийн онцлог юм уу даа. Байнга л тэнгэр харж явдаг. Өглөө босоод л өглөө нар яаж мандаж байна, ямар үүл байна, нар яаж шингэж байна гээд л ажиглана. Ер нь манай монголчууд чинь эрт дээр үеэсээ цаг уурч хүмүүс шүү дээ. Цаг агаарыг урьдчилж шинжилдэг ардын арга өнөөг хүртэл уламжилж ирсэн. Мал ахуйнхаа байдлаар, ургамал, амьтны шинж байдлаар цаг агаараа шинждэг. Яг шинжлэх ухаан талаасаа авч үзвэл Монгол оронд 1924 оноос орчин цагийн цаг уурын салбар хөгжиж эхэлсэн байдаг. Цаг агаар гэдэг бол угаасаа хил хязгааргүй зүйл. Тухайн улс орны хөгжил дэвшлээс үл хамааран хувьсаж өөрчлөгдөж байдаг. Дэлхийн 180 гаруй орон нэгдсэн ДЦУБ гэж байгууллага байдаг. Аль ч улс орон өөрийн цаг уурын мэдээллээ дамжуулах, харилцан солилцох дэлхийн хамгийн том сүлжээ гэж ойлгож болно. Дэлхийн өнцөг булан бүрт яг тогтсон нэг хугацаанд цаг уурын элементүүдийн хэмжлийг тогтсон стандарт, технологийн дагуу хийж тэрхүү мэдээллээ харилцан солилцож байх үүргийг үндэсний цаг уурын албад хүлээсэн байдаг.
-Дараагийнхаа үеийг бэлтгэж эхэлсэн үү?
-Удахгүй гавъяаны амралтаа авна. Ажилдаа дурласан хүний л шинж байх даа. Ажлаа хийхээ болино гэж бодохоор жаахан гуниг төрдөг юм аа. Мэдээж шинэ залуу үе түрэн гарч ирж байна. Манай залуучууд бүгд мэргэжлийн чадварлаг залуус. Ямар ч гэсэн бидний хойч үе энэ ажлыг нэр төртэй авч явна гэдэгт итгэлтэй байдаг. Ер нь би ажил хөдөлмөрийн талбарт их азтай хүн. Сайхан мэргэжил эзэмшиж, сайхан хамт олны дунд хүмүүжиж төлөвшсөн. Миний өдий зэрэгтэй яваа нь сайхан аав ээжийн минь буян, сайн хамт олны минь ач гэж бодож явдаг даа.
-Хэнтий аймгийн уур амьсгал олон жилийн дунджаас үзэхэд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ?
-Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Монгол орны агаарын температур 2,1 градусаар дулаарсан гэж үздэг. Тэр дундаа манай аймаг, зүүн бүсийн хувьд 1,7-1,9 градусаар дулаарсан байгаа. Энэ бол 1940-өөд оноос хойш 2010 оны түвшинд хийсэн судалгааны дүн. Хур тунадасны хэмжээ манай аймгийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байдал харагдахгүй байгаа ч тунадасны эрчимшил, хуваарилалтын хувьд өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд олон цагаар ордог зүс бороо гэж байхаа больж. Нэг орохдоо богино хугацаагаар их хэмжээгээр ордог, эсвэл дуслаад өнгөрөх ч юм уу. Өөрөөр хэлбэл дулааны улирлын тунадас аадар хэлбэрээр орох нь их болсон. Мөн хуваарилалтын хувьд зуны эхэн сард бага тунадас орж, орох цагтаа ордоггүй болчихсон. Ингэснээр зуншлага оройтох нөхцөл бүрдэж ХАА-н үйлдвэрлэл ялангуяа газар тариаланд муугаар нөлөөлдөг. Харин жилийн нийлбэр тунадсыг харахад их буурсан байдал харагддаггүй.
-Баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
Д.Одонтунгалаг