Бэрх хотыг түшиглэн Монгол Улсын анхны далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийг байгуулах төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Тус төв бий болсноороо уул уурхайн мэргэжлийн оюутан судлаачид сургалт судалгааны баазтай болохоос гадна далд уурхайн музей нь газрын доорх малталт, уулын ажлын дарааллыг бодит үзмэрүүдээр харуулах юм.
Төлөвлөгөөний дагуу хоёрдугаар босоо амны байгууламж болон уурхайн захиргааны барилгыг сэргээн засварлаж, сургалт судалгааны төв болгох, компрессорын барилгыг сэргээн засаж, эрдсийн музей байгуулах аж.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэсэн анхны бүтээн байгуулалт бий болно хэмээн үзэж байна. Мөн Бэрх хотыг “Чингис хааны түүхэн аялал жуулчлалын бүс” төсөлтэй холбогдох аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Түүнчлэн 2022 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монголын уул уурхайн салбарын 100 жилийн ойг угтсан томоохон бүтээн байгуулалтын нэг болох нь дамжиггүй.
Бэрхийн уурхайг анх 1954 оны есдүгээр сарын эхээр малчин Санжаа Жоншит толгойгоос хэдэн алаг чулуу авч богцонд хийж ганзагалаад Хар Ямаатын уурхайн геологичдод үзүүлсэн нь хайлуур жонш байжээ. Улмаар СовМонголметалл нийгэмлэгийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, Бэрхийн уурхайн шавыг тавьж, анхны малталтуудыг эхэлсэн түүхтэй. 1994 он хүртэл олборлолтын ажлыг ашиглалтын наймдугаар түвшин хүртэл явуулж, тогтоогдсон нөөцийг бүрэн ашиглаж дууссан байна.
Д.Одонтунгалаг