Монголын парламентын тавих хяналтад ‘Рио Тинто’ бэлдэж эхэллээ

УИХ-ын чуулганаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд буй энэ үед Австралийн “Financial Review” сэтгүүлд ийм нэгэн нийтлэл гарчээ. 
Монгол Улсын их хурал буюу парламент хуваарийн дагуу ирэх лхагва гаригт “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа нь тус уурхайн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанид улс төрийн шинэ сорилттой нүүр тулахаас өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгээд байна.
Тус уурхай нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж зэс болон алт олборлож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд “Рио Тинто” компани өөрсдийн өсөлтийн хамгийн чухал төсөл болох Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад 6-8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.
Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани нь 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний заалтын дагуу тус уурхайн 34 хувийг Монголын тал эзэмшдэг. Үлдсэн 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” гэх охин компаниараа дамжуулан “Рио Тинто” эзэмших болсон юм.
Гэтэл Монгол Улсын Засгийн газар 2018 оны гуравдугаар сард уг гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах парламентын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилсон юм. Ажлын хэсэг 2009 онд байгуулсан гэрээний дагуух Оюутолгойн эрчим хүч, татвар болон хөрөнгө оруулалтын зохицуулалтад шалгалт хийж өнгөрөгч тавдугаар сард Монголын парламентад танилцуулсан юм. Харин ирэх лхагва гаригт ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлнэ.
“Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт Оюутолгойн асуудлаар хөрөнгө оруулагч нартаа хийсэн товч мэдээллийнхээ үеэр ажлын хэсгийн тогтоолын төслийг есдүгээр сарын 30 хүртэл ээлжит бус чуулганаар хэлэлцэх төлөвтэй байна гэсэн нь дээрх мэдээлэлтэй таарч байгаа юм.
Тус компани нь Монголын Засгийн газартай олон чиглэлээр хамтран ажилладаг.  “Туркойз Хилл Ресурсын” 50,79 хувийг Рио Тинто эзэмшдэг. Эдгээр компаниуд аль, аль нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ болон 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөг Монголын талыг оролцуулаад хоёр талын эрх ашгийг харилцан хүндэтгэсэн байдлаар цаашид хадгалах нь чухал гэх байр суурийг үргэлж илэрхийлдэг.
“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак нь 2015 онд тус компанийн зэсийн бизнес хариуцсан захирал байхдаа тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн нөхцөлийг Дубайн гэрээгээр тодорхойлсон байдаг. Энэхүү гэрээ ёсоор далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт 5,3 тэрбум ам.доллар байхаар тусгагдсан. Гэвч “Рио Тинто” компани нь өнгөрөгч долдугаар сард Оюутолгойн далд уурхайн өргөтгөлийн ажлын явцад гарсан менежментийн алдаа болон хөрсний хүндрэлээс шалтгаалж хөрөнгө оруулалтын анхны хэмжээ 6,5-7,2 тэрбум ам.доллар болж өсөх магадлалтай талаар мэдээлсэн юм. Үүсээд буй эдгээр хүндрэлүүдээс шалтгаалан Оюутолгойн далд уурхайн ашиглалтад орох хугацаа анх төлөвлөж байснаас 30 сараар хойшлогдоход хүрээд байна.
Мөн 2015 онд байгуулагдсан гэрээнд Оюутолгойн уурхайд цахилгаан станц барих хөрөнгө оруулалт огт тусгагдаагүй юм. Үүнийг хийхэд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай гэж үзэж тооцоолж буй.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Монгол Улсын парламент ирэх лхагва гаригт 2015 онд байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулахыг эрэлхийлж магадгүй гэсэн мэдээлэл байна. Хэдий Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж байгаа ч “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компаниуд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд томоохон судалгаа хийсэн хэвээр байгаа юм. Мөн “Рио Тинто” групп нь 2020 оны сүүл хүртэл өөр шинэ уурхайн төсөлд оролцох төлөвлөгөөгүй байгаа аж.

О.Мөнхбат
Эх сурвалж: Financial Review
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан