Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

Монголчуудыг хэнэггүй, хайнга гэж шүүмжлэх хүн олон. Коронавирусийн халдвар авчих вий гээд сэрэмжилж явах мөртлөө бидэнд тэр тусмаа хүүхдүүдэд өдөр бүр тохиолдож мэдэх аюулыг төдийлөн анзаарахгүй байх шиг.
“Миний хүүхдүүд болгоомжтой байгаарай” гээд хүүхдүүдээ гэртээ цоожлоод явдаг эцэг, эх цөөнгүй. Энэ нь эргээд алаг үрсээ бэртэх, бүр цаашлаад амиа алдах эрсдэлд оруулж байгаа юм. Коронавирусийн улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Аюулт халдварын үед улс шуурхай арга хэмжээ авч, иргэдээ коронавирусээс урьдчилан сэргийлж байгаа нь сайшаалтай. Гэхдээ ажилдаа явах үедээ хүүхдүүдээ хэнээр харуулах вэ гэдэг чангахан сорилт эцэг, эхийн өмнө тулгарсан. Өвөө, эмээ нь ач, зээгээ хараад өгдөг нь ч яах вэ. Гэтэл хүүхдээ харуулах хүнгүй эцэг, эх яах вэ. Тэд хүүхдээ гэртээ үлдээхээс өөр сонголт үлддэггүй нь гашуун боловч үнэн.
“Болгоомтой байгаарай” гэж хэчнээн захивч тог цахилгаан, гал, байгалийн давшгүй хүчин зүйлийн өмнө хүүхдүүд хүчин мөхөстөх нь лавтай. Эцэг, эх нь гэртээ хүүхдээ хараа хяналтгүй үлдээсний улмаас алаг үрс амиа алдсаар байгаа нь харамсалтай.
Дархан-Уул аймагт нэг айлын, 1-5 насны гурван охин амиа алдсан харамсалтай хэрэг одоо ч олны сэтгэлийг шимшрүүлсээр байна. Олон хүн тэдний эцэг, эхэд туслах хандивын аян өрнүүлсэн. Гурвын гурван бяцхан охины харамсалтай үхлээс монголчууд даанч сургамж авахгүй байгаа нь халагламаар. Арай ч дээ гээд дуу алдахад ч багадна.
Өнөөдөр л гэхэд Баянхонгор аймагт гэр нь шатсаны улмаас нэг, дөрвөн настай хоёр хүүхэд эндэв. Эцэг, эхийн хэнэггүй байдлаас болж хүүхэд нь эндсэн энэ мэт тохиолдлын талаар бичвэл нэлээд урт жагсаалт гарна. Тэр бүхэнд хүүхдүүд амиа алдан, хүнд бэртэж байгаа нь даанч харамсалтай. Хүн бүхэн коронавирус гэж дуу алдах мөртлөө үнэндээ үүнээс дутахгүй аюултай хүүхдээ оруулж байгаагаа анзаарахгүй, анзаарсан ч “За, гайгүй байлгүй дээ” гээд хээвнэг өнгөрч байгаа нь харамсалтай. Мэдээж үр хүүхдээ эсэн мэнд байгаасай гэж аав, ээж бүхэн хүсдэг. Гэхдээ энэ мэт хариуцлагагүй, хэнэггүй байдал хүүхдүүдээ коронавирусээс дутахгүй аюултай нөхцөлд оруулсаар байгаа юм. Цаашид эцэг эхчүүд хэнэггүй зан гангасаар үүнийх нь уршгаар хүүхдүүд амиа алдсаар байх уу.
Г.ЖАРГАЛ
Эх сурвалж: EGUUR.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан