Энтертайнментаар эх орноо удирдагсад

Монголын улстөрчид Монгол Улсыг сүүлийн 30 жил зөвхөн энтертайнментаар удирдаж ирсэн. Үүнийг саяхан Монголын нийгэмд шуугиан тарьсан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бичлэг илчлээд өглөө. Түүний Манжуурт газрын тосны хятад дарга нартай уулзаж, уул уурхайн лиценцүүд хятадуудад зарах тухай яригдсан бичлэг ил болсон юм. Энэхүү бичлэгийн үеэр мань гишүүн “Улс төр нийгмийн амьдрал гэж энтертайнмент хийсээр байгаад аж ахуйн бизнес орхигдлоо” гэж ил цагаан хэлсэн. Харьцангуй нас залуу, дээрээс нь алдаа оноо нь бусдын нүдэнд ил байдаг Батзандан л ингэж хэлнэ байх. Яг ачир дээрээ ерэн оноос хойш монгол төрийг ээлж дараалан удирдаж ирсэн нөхөд Батзандангийн хэлсэнчлэн гагцхүү энтертайнментаар удирдаж, ард түмнийг амаар нь шороо үмхүүлсэн. Түүнээс өнгөрсөн 30 жилд улс орон хөгжиж дэвшвэл хөгжихөөр хангалттай хугацаа өнгөрсөн. Эрх баригчид жаахан л сэтгэл гаргасан бол ард түмний амьдрал дэвжиж бүх зүйл эмх цэгцэндээ орох байлаа. Гэвч цаг үргэлжид ард түмнийхээ тархийг угааж эх орон элгэн түмэндээ сайн хүн болох гэж жүжиглэж шоудсаны үр дүнд өнөөдөр ажилгүйдэл ядуурал ямар хэмжээнд хүрээд байгаа билээ. Монголд дундаж давхарга гэсэн ойлголт үгүй болж баян хоосны ялгаа эрс мэдрэгдэж, ядуурал гуйранчлал газар авсан. Энэ бол зөвхөн энтертайментаар улс орныг удирдаж ирсний бодит үр дүн юм.
Ингээд сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын улс төр нийгмийн хүрээнд болсон топ энтертайнмент жишээнүүдийг эргэж сөхье. Хамгийн түрүүнд алт дилерийн хэрэг яригдана. Монголбанкны хэдэн залуу банкны хамаг алтаар дилер гэгч банк хоорондын тоглоомыг тоглож байгаад алдсан. Банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу дилерийн үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын төв банк 100 сая ам.долларын алдагдал хүлээж улсын нөөцийн 4.4 тонн алтаар төлбөр хийсэн ийм хэрэг. Арбитражийн гүйлгээг алдагдалтай хийснийг тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Жаргалсайхан, Засгийн газрын эдийн засаг, мөнгө санхүү хариуцсан Шадар сайд Да.Ганболд хоёр мэдэж байсан ч арга хэмжээ аваагүй гэдэг. Уг асуудлаар 1991 оны аравдугаар сард Засгийн газар хаалттай хуралдаж “Бидэнд улс орныг удирдах ёс суртахууны эрх байхгүй. Тиймээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой” гэж үзээд Д.Бямбасүрэнгийн Засгийн газар огцрох болж байсан ч өнөөг хүртэл энэ хэрэгт хариуцлага хүлээсэн хүн гараагүй. Зүгээр л энтертайнмент хийж байсан болохоос алдсан алтаа авчирч эдийн засгийн эргэлтэд оруулж улс орноо авраагүй нь бодит үнэн. Дараагийн энтертайнмент жишээ бол Айбекс-Моламын хэрэг гээч юм. Ерэн таван онд Монгол Улсын байгалийн баялаг бүхий газар нутгийг Айбекс гэдэг группт 90 жилийн хугацаатай концессээр олгох мөн Малайзын Молам группт Монголын агаарын бүх орон зайг 60 жилийн хугацаатай олгох тухай гэрээнүүдийг тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай нарын зөвшөөрлөөр хийсэн байдаг. Уг гэрээ хэрэгжсэн бол Монголын тэнгэр тэр чигтээ Моламын мэдэлд очиж гадаадын онгоц дайран өнгөрөх, телевиз, радио, гар утасны шугам сүлжээг ашиглах бүх зөвшөөрөл Моламын гарт төвлөрөх байсан гээд шуугьдаг. Тухайн үед сөрөг хүчин болох соц декүүд ноцтой эсэргүүцэж хэвлэл мэдээллээр шуугиулан УИХ, Ерөнхийлөгч, ҮАБЗ-д хүртэл хандаж гэрээг цуцлуулсан. Энэ бол яг үнэндээ энтертайнмент ажиллагаа байсан.
Дараагийн маш том энтертайнмент нь мэдээж С.Зоригийн хэрэг. Одоогоос 22 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг аймшигтайгаар бүрэлгэсэн улс төрийн захиалгатай гэх дуулиант хэргийг үнэн чанартаа илрүүлчихье гэж өнгөрсөн хугацаанд эрх баригчдаас хэн нь ч бодоогүй. Харин Зоригийн хэрэг илрэхгүй байх нь, захиалагч нь тодрохгүй байх нь улс төрийн намуудад ашигтай байсан. Сонгууль бүхний өмнө улс төрийн намууд ялангуяа Ардын нам буюу хуучны “Ху” намын нөхөд Зоригийн үхлээр шоу хийдэг байсан. “Манай нам сонгуульд ялбал Зоригийн хэргийг илрүүлнэ, захиалагчийг нь олж зарлана” гэж Монголын ард түмэнд мэдэгддэг. Гэвч Зоригийн хэрэг өнөө хүртэл илэрсэнгүй. Сүүлд алуурчид нь тодорхой болоод Монголын шүүх бүх шатныхаа шүүхээр нэр бүхий гурван нөхөрт ял оноосон. Гэтэл Хууль зүйн сайд нь Зоригийг алсан гэх нөхдийн өмнөөс уучлал гуйгаад хэргийг бүр анхан шатны байдал руу нь оруулсан. Ингэж л эрх баригчид Зоригийн хэргээр энтертайнмент хийдэг. Хэрвээ энэ хэргийг анхнаас нь илрүүлье гэж бодсон бол олон улсын шинжээчдийн баг ажиллуулаад асуудлыг шуурхай шийдчихэж болох байсан. Зоригийн хэргээс гадна бас нэг энтертайнмент нь Казиногийн хэрэг байна. Казинотой холбоотой асуудлаар УИХ-ын гурван гишүүн түүн дотроо Хууль зүйн сайд нь хүртэл ял авч шоронгийн хаалга татсан. Хэрвээ тухайн үед Монголд казино байгуулагдсан бол эрүүгийн нөхцөл байдал одоогийнхоос дордох зүйл байхгүй байсан. Харин ч эдийн засагт бодит үр дүн гарах байсан. Хулгай, дээрэм, хүчирхийлэл, хар тамхи мансуурал хэрээс хэтэрнэ, биеэ үнэлэлт газар авна гээд ард түмний тархи угаалт явагдсан байдаг. Үнэндээ бол хууль зөрчдөг казино гэж байхгүй, бүх зүйл ном журмын дагуу явна. Солонгос, Япон, Сингапур гээд Азийн бүх хөгжингүй орнууд өнөөдөр казинотой байгаа, казино орж үзээгүй монгол хүн ч ховор байх шүү. Нэг үеэ бодоход дэлхийн хөгжлөөс нүд нь нээгдсэн монголчууд казино буруу зүйл байгаагүй гэдгийг мэдэж байгаа болов уу.
Хоёр мянгаад оноос авлига, албан тушаалын наймаа хавтгайрсан. Тэр бүхнээ нуухын тулд эрх баригчид маш олон энтертайнментүүд хийдэг байсан. Улс орныг уул уурхайгүй байлгах, үндсэндээ уул уурхайг нь үзэн ядуулж ард түмнээ өлөн зэлмэн байлгах бодлого явуулсан. Түүний уршиг одоо мөн явж байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь Оюу толгой. Гэвч Оюу толгойн орд дээр үе үеийн эрх баригч, улстөрчид энтертайнмент хийсэн. Монголын баялгийг гадныхан аваад хуваагаад залгих гэж байна гэж ард түмнээ турхирсаар үр дүнд Оюу толгойн далд уурхай хөдөлсөнгүй. Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирэхэд Монголын эдийн засаг түүхэндээ анх удаа 17 хувийн өсөлттэй гарч байсан. Харин Оюу толгойн орд руу улстөрчид хар савраа дүрж өрсөж идэх гээд булаалцалдан зогсооход Монголын эдийн засаг нам зогсож элгээрээ харуулдаж байсан. Оюу толгойн далд уурхайн ажлыг явуулахаар гэрээ байгуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй нөхдийг тархиа угаалгаж, энтертайментад илбэдүүлсэн ард түмэн шоронд хатаа гэж бархирч байна. Учир мэдэх эрхмүүд бол далд уурхайн гэрээ буюу Дубайн гэрээг хийж тухайн үед Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөж, ард түмнээ хоолтой нь залгуулсан нөхдийг шоронд хорих нь бүү хэл шагнаж урамшуулах ёстой гэж хэлээд байгаа. Гэвч тэдний үгийг зөвөөр тунгааж хүлээж авах хүн өнөөдөр тун цөөн байна. Эрх баригчдын энтертайнмент ингэж айхавтар нөлөөлж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал байна. Бас л эрх баригчдын энтертайнментад илбэдүүлсэн нийгэм Эрдэнэтийн 49 хувийг хэсэг бүлэг нөхөд луйвардчихлаа, төрийн мөнгөөр, бидний татварын мөнгөөр авчихлаа гэж баталгаагүй зүйл ярьж байгаа. “Эрдэнэтийг төрийн мөнгөөр, та бүхний татварын мөнгөөр авчихлаа гэж хэлэхэд нийгэм босно гэдгийг энтертайнмент хийж буй нөхөд сайн мэднэ л дээ. Яг үнэн чанартаа бол “Монголын зэс корпораци” Эрдэнэтийн 49 хувийг олон улсын банк хоорондын ном журмын дагуу, дэлхийн зах зээлд мөнгө яаж босгодог уу, тэр жишгээр авсан. Хэрвээ Монголын энэ компани аваагүй бол Эрдэнэт үйлдвэрийг дэлхийн аль нэг компани авах л байсан. Оросын мэдэлд байсан 49 хувийг Монголд авчирч өөрийн болгосны ашгийг бид бодитойгоор мэдэрч байна. Сүүлийн жишээ гэхэд Эрдэнэт үйлдвэр нэг их наяд төгрөгийн орлого зөвхөн татвараар улсын төсөвт оруулсан гэж Ерөнхийлөгч өөрөө хэлсэн. Энэ чинь л Эрдэнэт Монголд орж ирсэний том гавьяа юм биш үү.
Хамгийн сүүлийн дотоодын том энтертайментүүдийн нэг бол яах аргагүй гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай Салхитын мөнгөний ордыг төр булааж авсан явдал. Тус ордыг эзэмшсэн хэдэн нөхөд хоорондоо маргалдах далимаар нь Монголын төр хурааж авсан. Хэрвээ эдийн засагчдын хэлээд байгаа шиг өндөр татвар тавиад ажиллуулсан бол илүү ашигтай байх байсан болов уу. Салхитын мөнгөний орд төрд очоод ямар ч ашиг өгөөжгүй байгаагийн гол баталгаа нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх үед мэдрэгдлээ. Салхитын мөнгөний ордоос олсон мөнгөөрөө ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж энтертайнмент хийж байсан ч арга мухардаад эцэстээ Таван толгойгоос мөнгө нь гарахаар болж байна. Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал олон хүнийг баярлуулсан гэдгээрээ сайн. Харин яг бодит хөрсөн дээр эдийн засгаа хорлосон урхагтай энтертайнмент болсон. Хүрэлсүх сайдын ард түмэндээ таалагдах гэж бэлдсэн гоё гоё энтертайнментүүд нь ард түмнээ хорлосоор байгаа. Монгол адууг амьдаар нь хилээр гаргахгүй, монгол малыг амьдаар нь гаргахгүй гээд дөвчигнөсөн, түүнийх нь горыг малчид амсаж байна. Мөн Улаан, Баделхан өөр хэн хэн ч билээ сайдуудынхаа толгойг авах тухай энтертаймент хийсэн. Гэвч Улаан сайд нь махны экспортын асуудал дээр “би толгойгоо өгөхгүй” гээд зарлачихна билээ, тэгэхээр одоо Ерөнхий сайд яадаг юм байгаа. Мөн энэ зуурт Н.Алтанхуягийн энтертайнментийг хэлэх нь зөв байх. Тэрээр өөрийн нутгийн гэх залуугийн “Аморе интернэшнл” компанид агаарын бохирдлыг бууруулна гэж Засгийн газраас 17 тэрбум төгрөг өгсөн. Гэвч тэр нь “будаа болсон”. Түүнээ нуухын тулд “Нүүрс” хөтөлбөр хэмээх энтертайнментийг бодож олоод ард түмнээ нүүрстэй нь хутгасан. Хэрвээ 17 тэрбум төгрөг эзнээ олж утаагүй түлш үйлдвэрлэсэн бол өнөөдрийнх шиг утаа 50 хувиар багассан үр дүн гарах байсныг эрх биш харж л суудаг байлгүй, хөөрхий минь.
Ингэж үе үеийн Засгийн тэргүүн, төрийн эрх баригч нөхөд цээжээ дэлдсэн хий хоосон энтертаймент хийж ирлээ. Одоо энэ бүхнээ зогсоох цаг болсон. Монголын ард түмний амьдралыг 30 жилийн туршид самарч гүйцлээ. Аливаа юманд хэмжээ гэж бий. Харахад зогсоо зайгүй ажиллаж байгаа юм шиг боловч үнэн чанартаа ганц үйлдвэр ч ашиглалтад оруулаагүй, зүгээр л яаж олон нийтэд гоё харагдах уу, яаж саналыг нь хуурч мэхэлж авах уу гэдэг энтертайнмент Монголын улс төрд тэр чигтээ нэвчжээ. Ард түмэн нэг үеэ бодоход хэрсүүжсэн. Тиймээс улстөрчдийн Монголыг сөнөөж гүйцсэн энэ балиар, муу муухай бүхний урхаг уршиг болсон энтертайментээс нэн даруй татгалзаж зүгээр л бодит ажил хийх, үүнийг хийж чадна гэж ам өчгөө өгсөн хүмүүст төрийн жолоог атгуулъя. Тэгж байж улс орон хөгжинө, ард түмний амьдрал дээшилнэ. Үгүй бол та манай нутагт чухал хэрэгцээтэй байгаа ийм ажил хийж чадах уу. Хийж чадна гэвэл таныг сонгоё гэсэн тулгалт хийж байж сонгодог болох хэрэгтэй. Эрүүгийн хуулийг ингэж өөрчил, албан тушаалтны хуулийг ЖДҮ авбал ингэж шийтгэдэг болно, хариуцлагыг ингэж ил тод зааж өгсөн хууль батална гэх зэрэг ам авч гэрээ байгуулж байж сонгодог болох хэрэгтэй. Ингэж хариуцлагажуулахгүй бол УИХ-ын гишүүн гэж зүгээр энтертайнмент хийж жүжиг тавьж өөрсдөө баяждаг албан тушаал болж хувираад удаж байна. Юун ард түмний төлөө зүтгэх.

Н.Гантулга
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан