Солонгосын төр улс орноо сайн сайхнаар таниулах гэж К-поп урсгалыг дэлхий дахиных болтол нь уйгагүй хөрөнгө оруулсан. Гэвч хоёр дуучны увайгүй бичлэгээс болж дэлхийн хэвлэлүүд К-поп гайтаад буй тухай мэдээллийг ид халуунаар нь дамжуулж байна.
Бидний өдөр тутмын амьдралд “бичлэг” гэдэг зүйл яг талх шиг орж ирлээ. Хүүхдийнхээ алхам бүрийг уйгагүй бичиж авдгаар нь ээж нарын л ажил гэж бичлэгийг ойлгодог байв. Гэтэл “бичлэг” гэдэг зүйл улс төрд трэнд болж, Монголын амьдралыг баздаг болж байна.
Анх “100 эрхэм”-ийн найруулагч Б.Баатарын студиэс дүрс бичлэг алдагдсанаас нийгэм дэх бичлэгийн “нэр хүнд”, нөлөөлөл өссөн явдал эхтэй. “Цооцоогийн цомнол”, “Анужингийн секс” гэх мэтээр бичлэгүүд тарж байлаа. Мэргэжлийн баг хүртэл бичлэгээ “алдах” болсныг зохион байгуулалттай хэмээн үзэж, бичлэгийн түүхэн дэх “зорилготой” ангилал үүссэн. Доржзодовын “60 тэрбумын” бичлэг “МАНАН дэглэмийг түлхэн унагах” уриатай бүхэл бүтэн тогтолцооны эсрэг давалгааг бий болгож амсан. Хотын дарга Су.Батболдыг өөрийн сайн дураар огцрохоос нь өмнө байгаа, байхгүй нь ойлгомжгүй бичлэгийн тухай мэдээлэл эрчийг авсан.Бичлэгийн дүнд ч биш, зүгээр л сургаар нь шийдэгддэг улс төр бий болжээ.
“Сагсайн бичлэг”-ийг үзээд дуулиан нь дуусаагүй шахам байхад дараагийн бичлэг жинхэнэ “бөмбөг” тэслэв. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр яллагдаж буй хүмүүсийг яргалан тамалж буй бичлэг өчигдөр төрийн эрх мэдлийн хуваарилалтад нөлөөлөхүйц өөрчлөлтийг авчирч байна. Өдгөө зөвхөн хуулийн салбарт төдийгүй нийгэмд томоохон шуугиан дэгдээгээд байгаа хуулиудын өөрчлөлтөөр шүүхийн хараат бус байдал Ерөнхийлөгчийн үзэмжээр шийдэгдэхээр болж, шүүх, прокурор, АТГ-ын үйл ажиллагааг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр зааварлан зохицуулахаар болж байгаад хуульчид дургүйцлээ илэрхийлж байна. Хуульчдын холбоонд нэгдэж байсан хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон аж. Гэвч Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөллөөр багтсан гишүүд хуульчдын эцсийн найдварт нааштай хариу өгнө гэдэгт итгэлгүй сууна.
Социализмын үед хөдөлмөрчид улаан буланд цуглаад үзвэр, үйлчилгээнд хамрагддаг байсан шиг УИХ-ын гишүүд А танхимд тэрхүү бичлэгийг сонирхов. Тасалбаргүй үлдсэн нь киноны үйл явдлыг өнгөтөөр яриулдаг соёл кино урлагт байдагчлан үзвэрээс гарч ирсэн гишүүд сэтгүүлчдэд бичлэгийн үйл явдлыг хүүрнэлээ. “Үзэхийн аргагүй айдас хүйдэс”. “Олон нийтэд үзүүл” гэцгээв ээ.
Энгийн иргэд шоронгийн өрөөнд камер байдаг, түүгээрээ бичлэг хийдэг байсныг мэдэж авлаа. Харин хууль тогтоогчид, хууль сахиулагчдад энэ нь өдөр тутмын ажлынх нь нэг хэсэг байж л дээ. Тэнд бичлэг хийдэг нь мэдээж сэжигтэн, ялтны аюулгүй байдлыг хамгаалах гэх мэт ариун зорилготой байж таарна. Гэтэл энэ бичлэгт хүн яргалагдаж, тамлагдаж байхад хийгдсэн даруйд яагаад хууль бусыг үйлдсэн этгээдүүдтэй хэн ч хариуцлага тооцоогүй нь хачирхалтай. Хүний эрхийн үндэсний комисс хууль сахиулах ажиллагаанд эрүүдэн шүүдэг, яргалж тамладаг явдал байгааг үе үеийн Засгийн газарт байнга мэдээлэл өгсөөр ирсэн байтал яагаад хэн ч дуугараагүй, хэний ч даралт өсөөгүй хэрэг вэ. Юуг хүлээн дарж байгаад өчигдөр гаргаж ирсэн нь ноцтой бичлэгийн гол агуулга, зорилго байсан мэт.
Улс төрд ямар нэг зорилгоор бичлэг үйлддэг, зохион байгуулалттайгаар, тодохой бүлэгт үйлчлэхийн тулд түүнийгээ тарааж “алт” болгодог үзэгдэл бий болжээ. Хүсвэл, ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд л бичлэгт анхаардаг, бусад үед хэрэгсдэггүй жишиг тогтож. Бичлэг хийж, тарааж хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөхийг оролддог байсан бол одоо бичлэгээр төр эргүүлдэг цаг нэгэнт бодитоор иржээ.
Жич: Баярлаж олзуурхах зүйл бичлэгт бий. “60 тэрбумын” бичлэг олон нийтэд хүрээгүй бол улстөрчдийг, улс төрийн намыг харах өнцөг одоогийнх шиг тэлэхгүй байв. “С.Зоригийн...” гэх бичлэг тараагүй бол Т.Чимгээ нарын үнэн мөнийн тухайд эргэж харахгүйгээр 25 жил өнгөрөх байсан.
Б.Энхцэцэг