Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Улаанбаатар хотын барилга бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан барилга угсралтын инженер мэргэжилтэй Н.Жав төрөлх нутаг Өмнөдэлгэр сумандаа ирээд эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болжээ.

Тэрбээр сумандаа ирээд барилга барихын оронд талх нарийн боовны цехийн үйл ажиллагаа эрхэлж хоёр жилийн нүүр үзэж байна. Эднийх загасан талх, бөөрөнхий талх, хэрчсэн гурил, бууз, банш үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг. Баяр ёслолоор бялуу, хэвийн боов нэмж үйлдвэрлэх нь ч бий.

Н.Жав энэ цехийнхээ үйл ажиллагааг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс таван сая төгрөгийн санхүүжилт авсны үр дүнд эхлүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлж чаджээ.

Төслийн санхүүжилтээр тэрбээр түүхий эд материал-гурил, будаа, хэрчсэн гурилын тоног төхөөрөмж, бууз хөлдөөгч зэргийг худалдан авч дөрвөн хүнийг ажлын байраар ханган ажлаа эхэлсэн аж. Тэд сумынхаа ахуйн үйлчилгээний төвийн байранд хоёр өрөө түрээслэн, өдөрт 150 уут хэрчсэн гурил, 36 ширхэг талх, 10-15 кг бууз, банш үйлдвэрлэн гаргаж, сардаа 3-4 сая төгрөгийн орлоготой ажилладаг байна.

Ажилчдаа 800 мянган төгрөгөөр цалинжуулдаг ажээ. Цаашдаа Жав өөрийн гэсэн ажлын байртай болж, цехийнхээ үйл ажиллагааг өргөтгөн, ажиллагсдын тоог нэмэгдүүлж зэргэлдээх сумдад бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилготой аж.  


Д.Одонтунгалаг

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан