“Нөхөр минь хөдөө яваад холбоогүй нэлээн хэд хоночихлоо. Аймгийн онцгойгийнхонтой хайхаар явдаг юм билүү” хэмээн сандарч, тэвдсэн эмэгтэй утасдав. Нутгийн хүмүүсээс утсаар сураглатал нутгийн нэгэн айлын эзэн “Та нарын сураглаад байгаа машин энд байна. Дотор нь хүн алга” гэдэг юм байна. Энэ сарын 1-нд Хэнтий аймагт цасан шуурга шуурсны улмаас тус аймгийн Баянхутаг сумын 26 малчин сураггүй алга болсон. Энэ мэт сэтгэл түгшээсэн асуудал баярын өдрүүдээр Хэнтий аймагт гарсан юм. Мөн тус аймгийн Галшар сумд цагаан зуд нүүрлэн, өдөр шөнөгүй цасаар шуурч, нутгийн ард “Өвөлжилт хүнд байна. Малд идэх юм юу ч алга” хэмээн санаагаа чилээсээр өдөр хоногийг ардаа үдэж байна. Иймд малчин өрх энэ өвлийг хэрхэн давж буйг сурвалжлахаар Ж.Батмөнх ахынхыг зорилоо.
Баянхутаг сумын алга болсон 26 малчныг Хэнтий аймгийн Онцгой байдлын аврах ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай явуулж эсэн мэнд олсон байна. Эхнэрийнхээ санааг чилээсэн нутгийн ахын машин нь эвдэрсэн тул шуурганаар алхаж явсаар ойролцоох айлд хоносон тухай харин сүүлд мэдсэн юм.
Хэнтий аймгийн төвөөс 70 гаруй километр зайд орших Галшар сумын нутагт хүрэх зам амар байсангүй. Учир нь тус сумын нутагт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-30 хүртэл гурван шөнө, дөрвөн өдөр үзэгдэх орчин харагдахгүй болтлоо цасаар шуурсан. Яг энэ үеэр буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд замд гарч таарсан юм. Барагцаагаар 10 гаруй сантиметр зузаан, хунгарласан цастайн дээр явган шуурга машины зам, мөрийг таван минут ч хүрэхгүй хугацаанд дарж, баллаж байлаа. Угтаа хоёрхон цаг явж очих газрыг цасанд сууж, ухаж, түрж явсаар бүтэн нэг өдрийг барав. Маргааш нь (2019.12.30) мөн л явган шуурга шуурч, цас ухаж, машинаа түрж явсаар тус сумын нутаг Таван-Уул, Бор-Өндөрийн энгэрт нутаглах Ж.Батмөнхийнд очлоо. Тэднийд хүрэх зам амаргүй байсан ч нутгийн ах идээ, ундаагаар цайлж, найрсагхан угтав.
Ж.БАТНАСАН: ЦАС ХУНГАРЛАЖ ГЭРИЙН ДУНД БҮСЛҮҮР ДАВСАН
“Сангийн далай” багийн нутгийн айлуудаас өдий цагт үнээгээ сааж, шинэхэн сүүгээр цай сүлдэг нь тун ховор аж. Харин энэ айлын гэргий Ч.Оюунтуяа 06.30 цагт босож, галаа өрдөн, үнээгээ саана. Шинэхэн сүүгээр цайгаа сүлчихээд хэр баргийн эмэгтэй хүн даахааргүй араг дүүрэн хөлдүүсийг нуруундаа үүрэн, хэд хэдэн удаа зөөж, хонины хотоо цэвэрлэнэ. Эгэл малчны жирийн л нэг амьдрал ийн эхлэв. 12.00 цагийн үед өвөлжөөн дээрээс бууц авахаар явлаа. Бидэнтэй цуг гэрийн эзний дүү болох тус сумын Хөтлийн бор хэмээх газар нутагладаг Ж.Батнасан цуг явсан юм. Өвөлжөө нь арав орчим километрийн зайд байрлах бөгөөд хүйтэн салхитай, шуургатай үед бууц ачна гэдэг тун амаргүй байв. Гэрийн эзэн Ж.Батмөнх “Цастай бууц авлаа” хэмээн дурамжхан байх аж. Учир нь сүүлийн дөрвөн өдөр орсон цасан шуурга хонины хотыг нь цасаар дүүргэж, дэрийтэл нь хөлдөөжээ. Өвлийн цагт мал маллахад “Дунд идэш, дулаан хэвтэр нэмэр” хэмээх сургаал бий. Мөн хонь, ямаа, үхэр зэрэг малын голд хүйт орсон л бол тэр өвөлдөө тэнхэл авалгүй, ядруухан явсаар үрэгдэж, хорогддог аж. Тийм учир малынхаа хэвтрийг дулаан байлгахын тулд ийн бууц авч буй гэнэ. Буцах замдаа түүнээс өвөлжилт хэр байгаа талаар асуухад “Манайх 600 гаруй малтай. Энэ жил зуны цагт өвс, ургамал оройтож ургасан. Тиймдээ ч мал сүрэг тарга тэвээргээ гүйцэд авч чадаагүй. Одоо бол малд шарилжны хатсан голоос өөр идэх өвс алга. Мал идэшгүй болоод, ядраад эхлэхээрээ хатсан шарилж ч байсан хамаагүй иднэ. Өнгөрсөн өвөл цас бага, тачирхан өвстэй, энэ өвлийг бодвол харьцангуй гайгүй байсан. Ес эхлээд удаагүй байхад өвөлжилт хүнд байна гэдэг цаашдаа улам л хатуу болохын шинж. Гурав, дөрвөн есөд мал улам л зутарч, ядардаг. Одоо тарга алдаж, гэдэс нь татарч эхэлж байна. Ялангуяа үхэр дээд шүдгүй, дээрээс нь хэлээрээ өвс ороож иддэг учир өндөр өвсгүй л бол идэх хоолгүй гэсэн үг. Тийм болохоор малын тэжээл өгөхөөс өөр аргагүй. Саяхан манайх хонь, ямаа идэх хоолгүй болж, газар ухаж эхлэхээр нь нүүдэл хийсэн. Одоо нүүе гээд ч нутаг сэлгэх газар алга. Хаа хаанаа л адил, хүнд байна” гэв. Харин Ж.Батнасан “Аравдугаар сарын 29-ний шөнө шуурсан цасан шуурга гэрийн хаалга дарж, дунд бүслүүр давсан. Нэг үгээр нэг метр гаруй болтлоо цас хунгарласан гэсэн үг. Ер нь цаг агаар хатуу, ширүүн байна. Дөрвөн шөнө, гурван өдөр шуурлаа. Тал газар 10-20, уулын энгэр, хонхор газар 50-60 сантиметр зузаан цастай байна. Дөрөв хоног хонины хотныхоо хөлдүүсийг ухлаа” хэмээн ярив. Эл өдөр арванхоёрдугаар сарын 31 байсан ч малчдад баярлаж, цэнгэх зав огт гардаггүй аж. Ийн ярилцаж явсаар гэртээ ирж малын тэжээлээ бэлдэж, тэжээвэр малдаа ус, өвс өгөв. Өвлийн улиралд мал дулаан хэвтрээсээ холдох дургүй. Тиймдээ ч орой болмогц үхэр, хонь муухан хүнээс дээр гэмээр өөрсдөө хотондоо ирдэг байна. 19.00 цагийн үед он солигдох мөч ойртсоныг гэрийн эзэд сая л мэдэв үү гэлтэй зурагтаар шинэ жилийн нэвтрүүлэг, контент үзэж биеэ хэсэг амраалаа.
З.БАТБАЯР: МЯНГАН МАЛААС АВАХ АШГИЙГ 500 МАЛААС АВДАГ БАЙСАН БОЛ ХЭН Ч МАЛАА НЭМЖ ӨСГӨХГҮЙ
Галшар сумын нутагт бэлчээрийн даац хэтэрч, өвс ургамал ургахаа больжээ. Өвс багатай үед цас их орох нь цагаан зуд болохын шинж. Энэ талаар тус сумын “Сангийн далай” багийн Засаг дарга З.Батбаяр “Сангийн далай багийн хэмжээнд 135 малчин өрх, 72500 тоо толгой мал бий. Мал идэх өвсгүй, бэлчээрийн даац хэтэрсэн. Бэлчээрийн даац хэтрээд 10 орчим жил болж байна. Энэ нь төрийн бодлоготой холбоотой. Мал үнэтэй байвал ямар ч хүн мянган малтай болохыг илүүд үзэхгүй. Мянган малаас авах ашгийг 500 малаас авдаг байсан бол хэн ч малаа нэмж өсгөе гэхгүй шүү дээ. Мөн 2014 оноос хойш бороо, хур орох нь багасч, сүүлийн зургаан жил өвс ургамлын гарц эрс муудаж эхэлсэн. Өмнө нь манайх хадлангийн бүс нутагтай байлаа. Сумын бүү хэл аймгийн Онцгой байдлын газарт хураасан өвсөө нийлүүлдэг байв. Гэтэл бэлчээрийн усан хангамжийг сайжруулах нэрийдлээр хадлангийн бүс нутагт гүний худаг олноор нь гаргаж эхэлсэн. Мөн бэлчээрийн даац хэтэрснээс болж хадлангийн талбайгүй болсон” хэмээн ярилаа. Цагаан зудтай, хүндхэн энэ үед малын тэжээл хамгийн чухал бөгөөд Ж.Батмөнх ахынх өнгөрсөн зун таана, хөмөл ургамал хурааж хадгалсан гэнэ. Тэднийх бэлчээрт явах тэнхэлгүй, ядарч зутарсан гурван өнчин тугал, таван борлон, төлөг болон тугалтай үнээндээ малын тэжээл болох хивгийг адууны өөх, хатаасан таана, хөмөл, овъёостой зуурч өгдөг гэнэ. Адууны өөх хийдэг учир нь малын дотор халуу оргиж, голд нь хүйт орохоос сэргийлдэг аж. Аймгийн төвд 25 килограммын нэг шуудай хивэг, тариа 15 мянга, овъёос 35 мянга, нэг боодол өвсийг 8-10 мянган төгрөгөөр худалддаг гэнэ. Ж.Батмөнхийнх энэ жил эхний удаад 1.5 сая төгрөгөөр өвс аваад буй аж. Малчин айл, өрх тэр бүр малын тэжээл аваад байж чадахгүй бөгөөд хүндхэн энэ үед одоо ч тэжээл, өвс авч чадаагүй айл тус сумын нутагт байгаа гэнэ. Хүмүүнлэгийн байгууллагууд хандив цуглуулан айл өрхөд өвс, тэжээл өгөх нь бий. Харин тус аймгийн Онцгой байдлын газраас Галшар сумын малчин өрх тус бүрт 40 боодол өвс өгч буй гэнэ. Гэвч нэг жил өнжсөн хуучин өвсөө малчдад үнэгүй өгчихсөнгүй. Нэг боодол тус бүрийн үнэ 5000 төгрөг. Мянган малтай айл жилд барагцаагаар 500 гаруй боодол өвс хэрэглэдэг байна.
Дөрвөн өдөр дараалан шуурсан цас, тачирхан байсан өвсийг улам дарж мал сүрэг идэх хоолгүй болж, цагаан зуд нүүрлэсэн нь төвийн хүмүүст байдаг л зүйл мэт боловч малчдад тулгардаг бас нэгэн том асуудал. Өглөөний зургаан цагаас эхлэх тэдний нэг өдрийн амьдрал амарч, ажрах завгүй ажилласаар нэг л мэдэхэд харуй бүрий хүргэдэг. Төвийн хүмүүсийн хувьд байдаг л зүйл мэт боловч хөдөөний амьдрал хүнд хэцүү, нөгөөтэйгүүр стрессгүй тайван сайхан. Халуунд нь халж, хүйтэнд хөрж жилийн дөрвөн улиралд хэр баргийн аюулыг ажрахгүй даван байж малаа өсгөдөг тэдний хөдөлмөрийг өөрсдөөс нь өөр мэдэх хүн тун ховор. Малын тэжээл, өвс авах, халдвартай малаа эмчлэхийн хажуугаар өр зээлээ төлөх гээд тэдэнд багагүй асуудал бий. Малын ашиг шимийг багаар үнэлдэг энэ үед тэжээл авна гэдэг малчдад чамгүй дарамт болдог байна. Хэдий тийм ч өвлийг өнтэй давах хүсэл, зүтгэл нь хэр баргийн саад бэрхшээлийг даван туулах чадалтай аж.
Үндэсний шуудан