Энэ сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдаж таван асуудал хэлэлцлээ. Тухайлбал Улсын аварга малчин өрх, Хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга ногоочин, тариаланч хамт олны материалыг хэлэлцэж, шаардлага хангасан иргэдийн материалыг ХХААХҮЯ руу хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 11 сумын 40 жуулчны бааз, амралт сувиллын газар, дэн буудалд хяналт үнэлгээ хийсэн талаар танилцууллаа.
Шалгалтаар дийлэнх газрууд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгээгүй, шаардлага хангасан бие засах газар, бохирын цооноггүй, хогийг ангилан ялгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, үзлэг шалгалтыг тогтмолжуулахаас гадна аялал жуулчлалын бүс нутагт байрлах жуулчны баазуудыг хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах замаар стандартыг хангуулах тал дээр анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ.
Д.Одонтунгалаг