-КАПИТАЛЫН “ЗАЛГИСАН” УЛСЫН МӨНГИЙГ АРД ТҮМНИЙ ХАЛААСНААС НӨХНӨ-
1200-аад иргэнийг 260 тэрбум төгрөгийн хадгаламжаар нь, татвар төлөгчдийг эрүүл мэнд, нийгмийн даатгал тэргүүтэй төрийн 340 тэрбум төгрөгөөр нь хохироосон Капитал банкны дампуурлын шалтгаан юу вэ. Эл асуулт НДШ-ийн 5 хувийн нэмэгдэлтэй холбоотойгоор сүүлийн үед дахин сэргэж, хөндөгдөж байна.
Тодруулбал, төрөөс Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө шавхагдсантай холбогдуулан эл санг зузаатгах шийдвэрийн хүрээнд сүүлийн гурван жил НДШ-ийг 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ “ОУВС-гаас тавьж буй шаардлага ийм юм” хэмээх үгээр халхавчилж буй. Улмаар Б.Ундармаа гишүүний “Капитал” банканд алдагдсан Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгийг ард түмний халааснаас нөхөхөөр зэхэв үү гэх шууд хардлага газар авсан.
Дампуурсан Капиталд, Үндсэндээ 31 байгууллагын, 375 тэрбум төгрөг алдагдсан нь төрийн мөнгө уйлдаггүйн хамгийн эмгэнэлтэй жишээ.
Тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар “тийм сангуудад улсын тэдэн төгрөг байршиж байсан” хэмээн ард түмний өмнөөс уйлан дуугарах аядаж, “Капитал банканд харамсаж, мэдээлэл хийгээд л намжиж байв.
Харин олон жил “Капитал”-аар овоглож ирсэн Б.Ундармаа гишүүн “Би ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Нийгмийн даатгалын сангийн 80 хувь нь энэ банк дээр байдаг гэдэг нь худлаа. Татан буулгасан Төв банк өөрөө хариулт өгөх байх. Үүнд улс төр орсон” гэж гүрийж гүлдийгээд, ширэн нүүрлэж зогссон билээ.
Татвар төлөгчдийн мөнгийг банкандаа хав дарж дампууруулчхаад, эцэст нь ард түмний дундаас сонгогдсон тэр, ард түмнийг яаж доромжилж болдгийг харуулав.
-КАПИТАЛЫН ДАМПУУРАЛ Б.УНДАРМААД ЮУ Ч БИШ, НЭГ ӨДРИЙН ХООЛНЫ МӨНГӨӨ АЛДАХТАЙ АДИЛ-
“Дампууруулчхаад” гэдэг үг ихээхэн учиртай. 2014, 2015 онуудаас банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн хэдий ч Монголбанк болон Б.Ундармаа иргэдийн хадгаламжийг зогсолтгүй татсаар байсан нь өдгөө зориуд дампууруулсан гэх хардлагыг бататгадаг юм. Үндсэндээ 30 гаруй жилийн түүхтэй эл компанийн дампуурлыг нэг л өдөр гэв гэнэт, маш тайвнаар зарласан нь хачин.
Ингэж зарлахын өмнө Капитал банкны томоохон хадгаламж эзэмшигч Г.Алтан банк дампуурахыг мэдээд хадгаламжаа иргэдийн нэрээр 20 сая төгрөгөөр хуваан байршуулж, Хадгаламжийн даатгалын корпарациас мөнгө авахыг завдаж жаал бужигнуулсан. Эцэст нь “Алдсан биш завшив” гэгчээр, Капитал банкны дамуурал Б.Ундармаад харин ч ашигтай туссан. 25 гаруй компанитай түүнд нэг банк дампуурах нь юу ч биш, нэг өдрийн хоолны мөнгөө л алдахтай адил зүйл.
Түүний ХОМ-ээс “Бишрэлт” групп, “Монгол эм импекс” ХХК, “Велл март”, “Капитал” банкнаас эхлээд банк бус санхүүгийн байгууллага, эм ханган нийлүүлэх газар, үнэт эдлэл, газар тариалан, мах махан бүтээгдэхүүн, даатгал гээд гараа дүрээгүй, сонирхоогүй салбар гэж үгүйг харж болно. Нэг компани нь дампуурахад, түүнд хоолоо олж идэх 24 компани үлдэж байна.
-НАС БАРСАН ИРГЭНИЙ ӨРИЙГ ҮР ХҮҮХЭД НЬ ҮҮРДЭГ, ДАМПУУРСАН БАНКНЫ ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТӨЛДӨГ-
Монголд улс төр, банк, санхүүгийн бүлэглэл нийлээд төрийн өмч хөрөнгийг хэрхэн луйвардаж болдгийн тод жишээ Капиталын дампуурал. Тус банкны томоохон зээлдэгчдийн нэрс тодорхой болоход дампуурлын шалтгаан хийгээд эзэд тодорхой болно гэж ярьдаг ч учир битүүлэг хэвээр өнөөдрийг хүрэв. Мөн нөгөө талаар иргэдийн эрүүл, мэнд нийгмийн даатгалын мөнгийг хариуцлагатай албан тушаалтнууд Капитал банканд бөөн бөөнөөр нь аваачиж хийгээд “банк дампуурсан тохиолдолд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжид даатгал хамаагүй” гэсэн утгатай заалт оруулж, УИХ-аар хууль батлуулсан эрх баригчдын хуйвалдаан бий.
Эцэстээ капиталын залгисан татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг “Хадгаламжийн даатгалын корпораци”-аас төлүүлж буй. Энэ нь бас л төрийн мөнгө. Төрд түмнийг төлөөлж суусан хүн зориудаар дампууруулсан банкныхаа хэдэн тэрбумаар хэмжигдэх өрөө төрөөр төлүүлж болдог. Гэтэл тав, арван саяын цалин, тэтгэврийн зээлтэй иргэн нас барахад зээл нь үр хүүхдэд нь өвлөгдөж үлддэг гажиг, тэнцвэргүй тогтолцоо Монголд бугшсаар байна.
-“КАПИТАЛ” БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛД Б.УНДАРМААГИЙН НӨХӨР А.АРИУНБОЛДЫН НЭР БҮРТГЭЛТЭЙ-
“Капиталбанк”-ны Гүйцэтгэх захирал нь Агваанжамба овогтой Ариунболд. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь “Бишрэлт холдинг”, “Чоно финанс” ББСБ. А.Ариунболд нь Б.Ундармаа гишүүний нөхөр. Банк нь дампуурлаа зарлаад удаагүй байхад буюу дөрөвдүгээр сарын сүүлээр А.Ариунболд баривчлагдан ШШГЕГ-ын Цагдан хорих 461-дүгээр ангид хоригдон, суллагдсан.
2014 онд тус банкны эзэн болоод гүйцэтгэх захирал А.Ариунболд баталгаат дэнчин буюу “маржин худалдаа”-нд увуулж, цувуулсаар харилцагчдынхаа хоёр тэрбум төгрөгийг тавьж тоглоод алдсан байдаг. Үүндээ банкныхаа Санхүү удирдлагын газрын дарга болон нэр бүхий теллер нарыг оролцуулсан ч эцсийн бүлэгт хариуцлага хүлээх болоход банкны нэг ажилтан арван жилийн хорих ял авсан. Харин А.Ариунболд мөн сугарч үлдэж байсан нэгэн юм.
П.Урнаа
Эх сурвалж: eguur.mn