Баримт-1. 1990-ээд оны эхээр монголчууд өмнөд хөрш рүү баавгайн доньд, бугын цусан эвэр, хүдрийн заар, бөхөнгийн эвэр гээд амьтан ургамлын гаралтай ховор түүхий эдээ бишгүй л зөөсөн. Уламжлалт анагаах ухааны үнэт түүхий эд болсон эд эрхтнээсээ болж улаан номд орсон ховор сайхан амьтад устаж мөхөхийн ирмэг дээр ирэв. Түүнчлэн сайран тавхайг урд хөршийнхөндөө ахиу хэдэн юанаар арилжих гэж улайрснаас говийн заан гэгддэг хоёр бөхт тэмээ эрс цөөрсөн гашуун сургамж бий.
Баримт-2. Дорнод Монголын тал нутагт дэрэвгэр жиргэрүү гэж өвөрмөц ховор өвс ургадаг. Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон энэ өвсийг өнгөрсөн жил БОАЖ-ын сайдын тушаалаар түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглосон. Учир нь энэхүү ургамлыг хятадууд өндөр үнээр худалдан авдаг тул нутгийн иргэд хайр найргүй түүсээр дуусгах шахжээ. Хүн орхоодойтой дүйцэхүйц ач холбогдолтой, олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхт бодис агуулдаг энэ ургамлыг хууль бусаар түүн хилээр гаргах гэсэн оролдого тасардаггүй. Энэ ургамлыг манай эмийн үйлдвэрүүдэд үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашигладаг юм билээ.
Баримт-3. Өнгөрсөн зун хөдөөний айлд сайхан элгэн тараг уух санаатай дөрөө мулталлаа. Хамаатан садны айл л даа. Гэтэл аягалж өгсөн тараг нь жигтэйхэн сайхан элгэн тараг харагдавч хутгаад амсаж үзтэл жонхуурч зунгааралдаад, амт нь ч гэсэн нэг биш. Сайхан исгэлэн, гашуун амт алга. Тэгсэн тарагны эхгүй болчихоод дэлгүүрийн таргаар эх хийчихсэн чинь ийм болоод байгаа гэнэ. Тараг бүрэхдээ жаахан халуудуулчихад шар ус тогтдог. “Дэлгүүрийн” тараг огт тэгдэггүй. Бүрэлдэхийн хувьд сайхан бүрэлддэг гэнэ. Амт нь бол яг л йогурт. Хутгаад байхаар нэг тийм өтгөн зунгаг маягийн болох юм.
Баримт-4. Айраг гэхээр ямар ч монгол хүний арааны шүлс асгарна. Вокзалын хойно том цэнхэр савтай айраг тавиад зарж байгаа нөхдөөс ганц хоёр литр айраг авч хорхойгоо дарж үзсэн хүн уусан хойноо харамсах нь олон. Айрагтай газрын хүн бол тийм худалдааны айргийг тоож шиншилдэггүй нь учиртай. Элдэв бодис хольдог, дэлгүүрийн сүү хийж бүлдэг, сахар хийдэг, тэр бүү хэл өнөөх элдэв шинэ бүтэцтэй “айргаа” бүлэхээс залхуурч угаалгын машинд хийж эргүүлдэг гэх мэт хачин яриа сонсогддог.
Баримт-5. Хунчир гэж Монголд төдийгүй дэлхийд ховордсон үндсэрхэг эмийн ургамал бий. Түүхэн сурвалжуудад хүртэл тэмдэглэн үлдээсэн энэ ургамлыг монголчууд лавтай мянгаад жилийн өмнөөс элдэв өвчин, шархыг анагаах эмчлэх, биеийнхээ тамир тэнхээг нэмэхийн тулд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг байжээ. Сүүлийн 200 жил зэрлэг байгалиас нь үлэмж ихээр сүйдлэн түүснээр хунчир нэн ховордож Улаан номд бичигдсэн аж. Олон улсын эрдэмтэд хунчирын ач тусыг судлан тогтоож хортой, хоргүй хавдар, зүрх судас, чихрийн шижин зэрэг хүнд өвчний үед уух, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх, олон төрлийн эм, эмийн бүтээгдэхүүний гол түүхий эд болгон ашигласаар байгаа юм.
Баримт-6. Буурын бохь ийм тийм өвчин эмгэгт сайн хэмээн эрэл сурал болох нь бий. Буурын бохь эмэгтэйчүүдийн зарим өвчинд сайн, мөн цөсний чулуу хайлуулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй хэмээн үзэж монголчууд эртнээс хэрэглэсээр ирсэн .Ардын уламжлалт хар бор арга гээд тоохгүй орхиж болох. Гэтэл тийм биш. Орчин цагийн шинжлэх ухаан үүнийг судлан ер бусын ид шидтэйг нь тогтоосон байна. Тухайлбал, ШУА-ийн Сорилын биологийн хүрээлэн болон МУИС-ийн судлаачид хамтран хоёр бөхт тэмээний буурын бохины уургийн хавдрын болон хавдрын бус эсэд үзүүлэх нөлөөллийг судалсан бөгөөд уг судалгаагаар буурын бохь нь хавдрын эсийг дарангуйлдаг бөгөөд хавдрын биш эсийн ургалтыг нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ.Мөн МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгээс буурын бохины талаар судалгаа хийсэн байдаг. Судалгааны ажлыг тэмээ голлон үржүүлдэг Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Гурвантэс сумдын нутгийг хамруулан нас, бие гүйцсэн 25 буурнаас бохийг авч лабораторид шинжилсэн аж. Ингээд буурын бохины найрлагад хүн, мал амьтны бие махбодод өндөр ач холбогдолтой олон төрлийн үлэмж ба бичил язгуур махбод болон эр бэлгийн дааварт тестостерон, метилтестостерон гэх мэт биологийн өндөр идэвхит бодисууд агуулагддагийг тогтоожээ. Мөн бохины найрлагад хүн болон мал, амьтны бие махбодод чухал ач холбогдолтой төмөр, кали маш өндөр агуулгатай байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна.
Олон улсын хэмжээнд хүн, мал эмнэлэгт метилтестостероныг эмэгтэйчүүдийн өндгөвч, хөхний болон сав, давсагны үрэвсэл зэрэг олон төрлийн өвчин эмгэгийг эмчлэх, анагаах бэлдмэл болгон өргөн ашигладаг аж. Харин тестостероныг түрүү булчирхайн үрэвсэл, үргүйдэл, хөгшрөлтийн эсрэг хэрэглэхээс гадна олон янзын хүчний бэлдмэл болгон хэрэглэсээр ирсэн байна. Судалгаагаар буурны бохины найрлагад тестостерон, метилтестостерон даавар өндөр агуулгатай илэрсэн нь түүнийг уламжлалт эмчилгээнд хэрэглэж ирсэн түүхийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахад илүү дөхөм болжээ. Буурын бохь нь буур ороо орсон үед дагзны булчирхайнаас ялгарах өвөрмөц үнэр бүхий хар хүрэн өнгийн шүүрэл буюу нэгэн төрлийн өвөрмөц заар юм. Бохь буурны орооны ид үед ялгаран гардаг бөгөөд тухайн үедээ шингэн төлөвтэй байх боловч богино хугацаанд өтгөрөн хатдаг байна. Манай орны хувьд хүйтний ид оргил үед буурны ороо орж, түүнчлэн бохь ялгарч буурны шилний ноосонд наалдаж хөөсөрсөн байдалтай харагдах ба ороо нь гарах үед бохь ялгарахгүй болж тэр хэсгийн ноосондоо бохь барьцалдан хатдаг ажээ. Мөн энэ үзэгдэл нь зөвхөн хоёр бөхт бууранд байдаг гэнэ. Хоёр бөхт буурны бохины талаар үүнээс өмнө дорвитой судалгаа хийгээгүй бөгөөд энэ нь анхны судалгаа ажээ Цаашид хоёр бөхт буурны бохины химийн найрлагыг улам нарийвчлан судалж, түүнд агуулагдах биологийн идэвхит бодисуудыг ашиглан төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг эрдэмтэд судлах юм байна. Энэ бол үеэс үед өвлөгдөн ирсэн уламжлалт мэдлэг генетик нөөцтэй салшгүй холбоотой болохыг харуулсан ганц л жишээ.
Уламжлалт мэдлэг, соёлын өв
Генетик нөөцийг агуулдаг ургамал, амьтан, мөөг, бичил биетнийг хүн төрөлхтөн хэдэн зууны туршид хэрэглэж, ашиглаж, хамгаалсаар иржээ. Тиймээс генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг Монгол Улсын биет бус соёлын өв бөгөөд эрдэс баялагтай адил эдийн засгийн үнэ цэнэ бүхий материаллаг баялаг бүтээх чадвартай нөөц гэж үзэх болжээ. Олон мянган жилийн туршид хүн төрөлхтөний хэрэглээнээс бий болсон энэхүү уламжлалт мэдлэг нь орчин үед шинэ бүтээгдэхүүн, шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг гаргах үндэс суурь болсоор буй. Амьтан, ургамал, бичил биетний ген болон биохимийн найрлагыг лабораторийн нөхцөлд судлах замаар генетик нөөцийг илрүүлж болохоос гадна генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэх замаар генетик нөөцийг илрүүлдэг байна. Генетик нөөцийг бодит бүтээгдэхүүн болгон хувиргахад асар их цаг хугацаа, хөдөлмөр, өртөг шаардах нь тодорхой. Үүнийг хөдөө аж ахуй, биотехнологи, эмийн үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр ашигладаг. Бидний өдөр тутам хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, эм, био бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг генетик материалаас эсхүл түүнээс санаа авч синтетик материал гарган авах замаар үйлдвэрлэдэг байна.
Тэгвэл генетик нөөц гэж юу вэ? Шинжлэх ухааны тодорхойлолтоор бол ургамал, амьтан, бичил биетний болон бусад гаралтай удамшлын функционал нэгж агуулсан аливаа материалыг генетик материал гэнэ. Нүдэнд үл үзэгдэгч эсийн бүтэцгүй вирус, бактери, эгэл биетэн, замаг, мөөгөнцөр, бүх төрлийн дээд, доод ургамал, сээр нуруугүй болон сээр нуруутан амьтад, өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр оршин тогтнож буй бүхий л амьд биес генетик материалыг өөртөө агуулж байдаг ажээ. Амьтан, ургамал, бичил биетний генетик материал дундаас бодит болон боломжит үнэ цэнэ бүхий хэсгийг нь генетик нөөц гэнэ. Генетик нөөцөд генетик материалаас гадна генээс үүсэлтэй биохимийн нэгдлүүдийг ч мөн хамааруулан авч үздэг юм байна.
Монгол орны генетик нөөцийн талаар эрдэмтдийн судалгаанд түшиглэн товч танилцуулъя. Монгол орны амьтан, ургамал, мөөг, бичил биетэн зэрэг нь байгалийн өвөрмөц, эрс тэс нөхцөлийг даван туулах өөрийн онцлог шинж чанартай болж, өөртөө үнэ цэнэтэй генетик нөөцийг агуулдаг байна. Тухайлбал, эрс тэс, хатуу ширүүн нөхцөлийг олон сая жилийн турш түүхэн хувьсан хөгжлийнхөө явцад даван туулж өөрийгөө хамгаалж амьд үлдэхийн тулд өөрийнхөө эсэд олон төрлийн биологийн идэвхт бодисыг нийлэгжүүлдэг болсон байдаг ажээ.
Монгол орон өвөрмөц баялаг экосистемтэй. Далайн түвшнөөс өндөрлөгт оршдог онцлогтой. Өндөрт байгаа олон төрлийн нуур, гол горхи, рашаан зэрэгт амьдарч байгаа микро организм, усны амьтан, ургамал зэргийг судалж үзвэл үнэ цэнэ бүхий генетик нөөцийг агуулж байгаа аж. Алтайн нурууг л гэхэд Дэлхийн эмийн ургамлын өлгий нутаг юм гэж Их Британийн судлаачид тодорхойлж, зарласан байдаг. Хэнтий, Хангай нуруунд, говь цөлд ч асар үнэ цэнэтэй эмийн ургамал бий. Эдгээрийг бүгдийг судалж үзсэний үндсэн дээр манай улсад ямар хэмжээний генетик нөөцийн баялагтай байна вэ гэдэг асуултын бүрэн хариулт гарна.
Зүйлийн баялгийн хувьд 2,300 зүйлийн замаг, 1,031 зүйлийн хаг, 581 зүйлийн хөвд, 3,127 зүйлийн гуурст дээд ургамал Монгол Улсад бүртгэгджээ. Эдгээрт агуулагдаж байгаа нөөц бол нь бидний хувьд боломжит генетик нөөц юм. Эдгээрээс ямар биологийн идэвхт бодис илэрч, юунд ашиглаж болохыг судлах шаардлагатай. Одоогоор нийт 3,127 зүйлийн гуурст дээд ургамал манай оронд бүртгэгдсэнээс гуравны нэг нь буюу 800 орчмыг нь Монгол орны уламжлалт анагаах ухаанд эмийн жор болгон хэрэглэсээр ирсэн байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл энэ 800 зүйл ургамал хүний биеийг анагаах, илаарьшуулах ашигтай бодис агуулж байгаа учраас 5000 жилийн түүхтэй Монгол уламжлалт анагаах ухаан эмийн жордоо оруулж ашигласаар иржээ. Үүний зэрэгцээ Монгол оронд 141 зүйлийн хөхтөн амьтан, 476 зүйлийн шувуу, 79 зүйлийн загас, 8 зүйлийн хоёр нутагтан, 22 зүйлийн мөлхөгч, 1300 зүйлийн сээр нуруугүй амьтан бүртгэгдсэн байдаг аж.
Эдгээрээс 102 зүйлийн амьтны гаралтай бүтээгдэхүүнийг уламжлалт анагаахын эмийн жорд хэрэглэсээр иржээ. Эдгээр нь бидэнд бодитоор мэдэгдэж байгаа үнэ цэнэ бүхий генетик нөөц юм. Орчин үеийн шинжлэх ухааны судалгаагаар гаргаж авсан эм бэлдмэлд манай орны 140 зүйлийн ургамлыг ашиглаж байна. Цаашид энэ талаархи судалгааг нарийвчлан хийвэл уул уурхай, эрдэс баялгийн нөөцөөс хэд дахин их бөгөөд нөхөн сэргээгдэх баялаг, генетик нөөц Монголд байгаа.
Түүнчлэн бичил биетэн хаа сайгүй байна. Хөрсөнд, усанд агаарт гэх мэтчилэн. Монголчууд эртнээс ахуй амьдралынхаа явцад асар нарийн технологийг гарган авч үеэс үед уламжлуулсаар ирсэн. Тухайлбал, олон төрлийн микро организмын тусламжтайгаар малын сүүг исгэж айраг, тараг, хоормог хийдэг технологийг бий болгосон. Айраг тараг, хоормог нь хүнд ашигтай бактериудыг агуулж байдаг. Товчхондоо Монголын ард түмний эртнээс хэрэглэж ирсэн хоол хүнс нь ашигтай бактериа тэжээх зориулалттай байсан гэж үздэг байна.
Зундаа гэдсээ цайлгах ёстой гэж цагаан идээ голлосон хоол хүнс хэрэглэж, ашигтай бактериа нэмэгдүүлж намартаа байгалийн жимс, жимсгэнэ хэрэглэж тэр бактериа тэжээдэг байх жишээтэй. Гэтэл хүн ашигтай бактериа тэжээж байж л эрүүл амьдрах ёстой юм байна гэдгийг саяхнаас л орчин үеийн шинжлэх ухаан нээн илрүүлж, ашигтай бактериуд үйлдвэрлэхэд анхаарч эхэлж байна.
Генетик нөөцийн хуультай болно
Монгол Улс генетик нөөц ашиглалтаас үүдэх үр шимийг шудрага, эрх тэгш хүртээх, хүртэх тухай Нагояагийн протоколыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн 97 орны нэг бөгөөд уг 2012 онд нэгдэн орсон энэ протоколоор генетик нөөцийг эзэмшигч болон хэрэглэгчдэд ил тод, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бий болгохыг улс орнуудад уриалсан байдаг. Манай улс 1993 онд нэгдэн орсон Биологийн Олон янз байдлын тухай конвенци болон дээр дурдсан Нагояагийн протокол нь анх удаагаа “Ашиглах, үр шим хүртээх, хүртэх” гэсэн ойлголтыг танилцуулж, эрх зүйн нэр томъёонд оруулж ирсэн бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг зохицуулдаг үндсэн тулгуур баримт бичиг ажээ. Тус протокол мөн генетик нөөцийн хангагч болон ашиглагч нарын үүрэг хариуцлагыг тодорхойлсон байдаг аж. Түүнчлэн биологийн олон янз байдлын хамгаалал болон тогтвортой ашиглалттай холбоотой судлагаа шинжилгээний ажлын ач холбогдлыг онцгойлон чухалчилж үздэг төдийгүй, орон нутгийн ард иргэдийн генетик нөөцтэй холбоотой уламжлал мэдлэгийн хамгаалал, уламжлал мэдлэгийн ашиглалтаас үүдэх үр шимийг тэгш шударга хүртээх, хүртэх асуудлыг анхаарч авч үздэг байна. Монгол Улс дээр дурдсан конвенц, протоколуудад тулгуурлан Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг 2015 онд баталжээ. Дээрх олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсноор генетикийн нөөцийг ашиглах, хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн орчныг тодорхой болгох үүрэг хүлээдэг. Тиймээс энэ сарын 17-нд Генетикийн нөөцийн тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад байгаа нь энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил гарах алхам юм. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх амьтан, ургамал, бичил биетний гаралтай үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах ажээ. Хуультай болсноор генетик нөөцийг судлах, бүртгэх, биотехнологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж илүү нээлттэй болно гэсэн хүлээлт бий.
Хадгалах, хамгаалах, ашиглах хэрэгцээ, шаардлага
2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгожээ. Энэ бол эхэнд дурдсан баримтуудыг батлах статистик юм. Манай улс ийнхүү генетикийн нөөцөө технологийн хэлбэрээр нь ч, түүхий эд, удамшлын мэдээлэл агуулсан генетик нөөцөөр нь ч алдсаар байгаа ажээ. Энэ бол генетик нөөц, уламжлалт мэдлэг, технологи гэдгээ жирийн иргэд мэдэхгүй байгаатай холбоотой. Тиймээс айраг, тараг исгэх технологио 300-хан мянган төгрөгөөр урд хөршийнхөнд зааж өгсөөр байгаа юм.Гэтэл энгийн логикоор л бодоход л бидний генетик нөөцөөр үйлдвэрлэл явуулж байгаа хүн олсон ашгаасаа бидэнд өгөх ёстой. Монгол Улсын нэгдэн орсон Ногаяагийн тунхаглалд зааснаар, уламжлалт мэдлэг, генетикийн нөөцийн үндсэн эзэмшигч нь бид байлаа гэхэд, түүнийг нь авч ашиглаж байгаа гадаадын иргэд хэрэглэгчид нь байна. Тэд олсон ашгийнхаа хувийг, технологийг нь авсан хүнтэйгээ хуваах ёстой гэсэн зарчим туссан байдаг ажээ.
Дэлхий нийтээр ийм хатуу тогтсон хууль, журам, норм, хэмжээ тогтчихоод байхад монголчууд бид уламжлалт мэдлэгээ үнэгүй алдаж байгаа нь харамсалтай. Газрын хөрсөн доорхи баялаг өнөөдөртөө Монголын эдийн засгийн гол тулгуур, багана болж буй. Гэвч энэ бол шавхагддаг нөөц. Нэг цагт дуусна. Харин уламжлалт технологи, уламжлалт мэдлэг, генетикийн нөөц бол монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх том эх сурвалж, боломж юм.Ингэхийн тулд генетикийн нөөцөө судалж, бүртгэлжүүлж, энэ талаархи уламжлалт мэдлэгээ патентжуулахаас эхлээд хийх ажил шийдлээ хүлээж байна. Тухайлбал, шинжлэх ухаан, технологийн дэвшил ашиглаж генетикийн нөөцийг байгалийн бус нөхцөлд хамгаалж авч үлдэх арга бий. Манай улсад таримал ургамлын үрийн сан Дархан хотод байгаа. Ингэж үрийн сан байгуулах, генийн сан байгуулж хамгаалдаг туршлага дэлхийн улс орнуудад түгээмэл. Их Британи байгалийнхаа бүх унаган ургамлын үрийг үрийн сандаа хадгалж чадсан байх жишээтэй. Уг санд тухайн ургамал байгальдаа ямар амьдрах орчинд тэсвэртэй байдаг юм тэр хэлбэрээр нь хадгалж, байнга ургуулж, судалгаа туршилт хийж байдаг аж. Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, бохирдол зэрэг ямар нэг шалтгаанаар байгалийн ургамлын бүлгэмдэл устах эсхүл доройтох эрсдэл бий болбол хэрхэн нөхөн сэргээх технологийг тэнд боловсруулдаг ажээ.
Эх сурвалж: eagle.mn