Адал явдлаар дүүрэн ард нийтийн санал асуулга

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар баталгаажуулах шийдвэрийг УИХ гаргав. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэн, дэмжсэнээр бол хилийн чинадад оршин суугаа иргэдээс аравдугаар сарын 19, 20-нд, эх орондоо амьдарч буй иргэдийн саналыг ирэх сарын 30, 31-нд авах нь. Ингэснээр монголчууд түүхэндээ хоёр дахь удаагаа санал асуулгад оролцох юм. Эхнийх нь 1945 оны аравдугаар сарын 20-нд болсон бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх ард түмний санал асуулга бахархалт үйл явдал болон түүхэнд мөнхөрсөн. Харин энэ удаагийнх ямар ач холбогдолтой болох, хожим хэрхэн дурсагдахыг одоогоор тэнгэр л мэдэж буй байх.
ГЭНЭ АЛДУУЛАХ ШАХСАН ГЭНЭТИЙН БЭЛГҮҮД
Удтал ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар баталгаажуулах болсон нь гэнэтийн шийдвэр биш. АН тэргүүтэй улс төрийн хүчнүүд нэлээд эртнээс үүнийг шаардсан. “Үндсэн хууль бол бүх ард түмний зөвшилцлийн баримт бичиг” гэсэн зарчмыг тугаа болгож буй эрх баригчид тэдний хүссэнээр ард нийтээс санал асуух шийдвэр гаргаад удаагүй байна. Гэтэл шаардлага тавиад байсан зарим улс төрийн хүчин “Гэнэт ард нийтийн санал асуулга явуулмааргүй санагдчихлаа. Ер нь энэ төслийг ард нийтийн санал асуулгад оруулмааргүй байна” гэсэн утгатай зүйл яриад эхлэв. Энэ бол сөрөг хүчнээс барьж буй бэлэг.
Төрийн тэргүүн бас гэнэтийн бэлэг барьсан нь “Ард түмний санал асуулга явуулсан дээрээ парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгээ шийдчихье” гэсэн санал байв. Парламентын засаглалыг сонгож, сонгодог хэлбэр лүү нь дөхүүлэх зорилготой ардчилсан Монгол Улсын хувьд энэ цочир мэдээ байлгүй яах вэ. МАН, АН-гүй сандралдаж, Төрийн тэргүүний саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн мэдэгдлүүд хөвөрч байна.
Мэргэжилтнүүд Төрийн тэргүүний саналд саад болох заалт хайж, хуулиудыг шүүрдсэн нь үр дүнтэй байгаа бололтой. “УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, үүний хүрээнд ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөндөгдөөгүй асуудал хамт явуулж болохгүй” гэж нэг нь хэлсэн бол нөгөө нь “Дэгийн тухай хуулийн 4.3-т “Ард нийтийн санал асуулгыг нэг удаа 3-аас илүүгүй асуулт асуух бөгөөд асуулгын тоо, асуулгыг УИХ шийдвэрлэнэ” гэж заасан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 17.6-д “Төслийг зөвшөөрөх, эсвэл татгалзах тухай ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулж явуулна” гэж заасан байдаг. 
...ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа төсөвт зардал нэмэгдүүлэх тодотгол хийхгүй байх үүрэг хүлээсэн. Ингээд “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах нүсэр ажлын сүүлийг ард нийтийн санал асуулгаар мушгих шийдвэр гарсан ч санхүүжилтээ хэрхэн шийдэхээ эцэслэн шийдэж чадаагүй сууж байна...
Мөн уг хуулийн 17.8-д “Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт иргэдийн олонх нь оролцож, тэдгээрийн олонх нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно” гэж илүү нарийвчлан зааж өгсөн. Тиймээс Ард нийтийн санал асуулгын тухай болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримталж, “Баталсан эхийг дэмжинэ, дэмжихгүй” гэдэг асуултаар л санал асуулга явуулна, өөр асуулт байж болохгүй” гэв. Түүнчлэн “Ерөнхийлөгчийн гаргасан санал бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бус, шинэ Үндсэн хуулийн хэмжээнд яригдах асуудал тул санал асуулгын тогтоолд оруулах боломжгүй” гэсэн хариу өгөөд буй.
Сар гаруйн хугацаанд бэлтгэлийг нь хангах энэ удаагийн санал асуулга эхнээсээ л ийнхүү адал явдал дүүрэн эхэллээ. Цаашид ч улам “сонирхолтой” адал явдлууд үргэлжилж, намрын өдрүүдийг “халаана” гэх.
ЗАРДЛЫГ НЬ ЯАЖ БОСГОХ ВЭ
Ард нийтийн санал асуулгатай холбоотойгоор нийтийн анхаарлын төвд байгаа асуудал нь санхүүжилт. Зохион байгуулалт, гарах зардлын хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай дүйцүүлж буй уг ажилд 30 шахам тэрбум төгрөг зарцуулна гэсэн урьдчилсан тооцоо бий. Харин үүнийг хаанаас гаргахаа одоогоор хэн ч мэдэхгүй байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгасан ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын нөөцөөс ийм дүнтэй мөнгө гарах ямар ч боломжгүй.
Энд байгаа тоо нөөц хөрөнгийн нийт дүнгээс ч их байна. Нэгдүгээрт, жилийн эцэс болж буй тул Засгийн газрын нөөц сангийн мөнгө бараг дуусчихсан. Хоёрдугаарт, ҮХЦ-ийн энэ оны тавдугаар сарын 27-ны дүгнэлтээр “Сонгууль болон сонгуультай төстэй бусад үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгах нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж байна” гэж үзсэн. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Засгийн газрын нөөцийн хөрөнгийг байгалийн гамшиг, аюулт үзэгдэл зэрэг урьдчилан тооцох боломжгүй зүйлд зарцуулна гэж тусгасан. Тиймээс санхүүжилтийг яаж шийдэхээ ярилцах хэрэгтэй” гэсэн. Ингээд ард нийтийн санал асуулга явуулахад шаардлагатай мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах найдлага тасрав.
“Санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн хуулийн заалт бий, улсын хэтэвчинд мөнгө байгаа ч төсвийн тодотгол хийхээс нааш үүнийг зарцуулах боломжгүй. Гэтэл ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа төсөвт зардал нэмэгдүүлэх тодотгол хийхгүй байх үүрэг хүлээсэн. Ингээд “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах нүсэр ажлын сүүлийг ард нийтийн санал асуулгаар мушгих шийдвэр гарсан ч санхүүжилтээ хэрхэн шийдэхээ эцэслэн шийдэж чадаагүй сууж байна.

А.Амина
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан