Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөөд байгаа билээ. Цаашид ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг парламентаар ярьж эхлээд байна. СЕХ-ноос урьдчилсан байдлаар 29 тэрбум төгрөгийг санал асуулгад зарцуулна гэсэн төсөв гаргаад амжсан. Гэхдээ УИХ-аар уг асуудлыг эцэслэн шийдэрлэх болно. Магадгүй дээрх тоо хасагдах эсвэл нэмэгдэх боломж бий.
Хэлэлцүүлгийн шатанд парламентын засаглалыг бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг УИХ-ын барьцаанаас гаргах зорилгоор хэд хэдэн заалт оруулсан байдаг. Гэвч хоёрдугаар хэлэлцүүлэгт дэмжигдээгүйгээс улс төрийн шинэ нөхцөл байдал үүслээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга засаглалын хэлбэр ямар байхыг ард түмнээсээ асууя гэсэн санал тавьсан. Үүгээр ч зогсохгүй УИХ-д тогтоолын төсөл хүргүүлж байгааг Тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээд амжлаа.
Ардчилсан төрт ёс, парламентын засаглалтай болсноос хойшхи хугацаанд Ерөнхийлөгчийн засаглалын талаар төрийн дээд түвшинд огт яригдаж байгаагүй бөгөөд анх удаа ийнхүү албан ёсоор хөндөж байгаа юм. Иргэд ч энэ талаар байр сууриа илэрхийлж, нүүр номын хуудаснаа уурлаж цухалдсан, эсэргүүцсэн зүйлийг бичсээр байна. Бүр Үндсэн хуулиа зөрчсөн Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг ч хөндөв. Энэ талаар УИХ-ын Тамгын газраас өгсөн мэдээлэлд "Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолын төсөл бус "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулах саналыг тусгасан Е/43 тоот албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан" гэж албан ёсоор хэлсэн. Гэхдээ уг санал нь иргэдэд тийм ч их таалагдахгүй нь сошиал ертөнцөд бичигдсэн зүйлсээс тод ажиглагдахаар байна.
Учир нь, УИХ-д өргөн барьсан санал зөвхөн засаглалын хэлбэрээр хязгаарлагдаж байгаа асуудал биш юм. Хэлбэр, дүрс нь өөрчлөгдөх буюу засаглал солигдож Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээ тэлж, нэг хүний хаант засаглал тогтоох хууль эрх зүйн харилцааг бий болгоход чиглэсэн гэж хардахад хүргэлээ.
Ер нь, өмнөх парламентын дөрвөн жилд унтаа байсан МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулснаар сэргэн мандалт нь эхэлсэн гэхэд болно. Тэдэнд гар дүрэхгүй, оролдож, ноцолдохгүй ч зүйл гэж огт алга. Эцэг хуулиа өөрчлөх асуудлыг үе үеийн парламент хөндөж байсан ч гар дүрсэн удаагүй. Гэтэл засаглалын эрх мэдлийг гартаа атгаад гурван жилийн ойтойгоо золгох торгон мөчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулчихсан, 62-уулаа ярайтал гарын үсэг зураад өргөн барьчихаж байгаа юм. Мөн ч ажилсаг хичээнгүй МАН. Гэтэл өмнөх засаглалын үед Үндсэн хуулиа өөрчлөх гэж таван ч удаа оролдож, зүтгүүлээд газар аваагүй. Долоон заалтад гар хүрсэн нь "дордохын долоо" нэр зүүсэн. Харин энэ удаад У.Хүрэлсүхийн толгойлсон ардын нам, ардын засаглал хүч мэдэн эцэг хуулийн өөрчлөлт рүү ханцуй шамлан орлоо. Дээр нь, Ерөнхийлөгч хүртэл төсөл өргөн мэдүүллээ.
Ард түмэн 62 гишүүний төслийг ойлгож амжаагүй, учрыг нь олоогүй явахад Ерөнхийлөгчийнх нэмэгдсэнээр бүр таг болгож орхисон. Иргэд ч эсэргүүцэхийн дээдийг ярьж байна.
Албан бичиг бүрэн эхээрээ:
УИХ нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа, оршин тогтнохын их үндэс болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх, ач холбогдол муутай өөрчлөлтийг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ. Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн хямрал бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.
Гүйцэтгэх эрх мэдлийн тодорхой эрх мэдлийг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажил давхар эрхлэхийг хориглох, сонгуулийг тогтолцоог тодорхой болгох, тойргийн асуудалд автдаг 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн улс орны хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий улс орны цаашдын амьдрал, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж болох өөрчлөлтүүд бүгд хасагдлаа.
Иймд миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. УИХ АН-ын шахалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна.
Гэхдээ ач холбогдол муутай төсөл тулгах бус Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлэх ёстой. Тодруулбал, Монгол Улсад цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна. Миний бие ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улстөрчдийн барьцаа хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Тиймээс Үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын төлийг нэн даруй УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье.
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ТУХАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨЛД
-Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох,
-Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг УИХ томилдог бус ард түмэн томилдог байх,
-Гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх,
-УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах,
-Ард нийтийн санал асуулгыг 2019 оны аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд улс орон даяар явуулах гэдэг заалтууд багтжээ.
Иргэдийн сэтгэлд нийцээгүй дээрх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр эргүүлэн татаж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдсэн байна. Магадгүй уг төсөл хэлэлцэгдэж эхэлбэл багагүй хэл ам дагуулах байсан нь гарцаагүй. Тиймээс эргүүлэн татсан гэх бор шувуу төрийн ордны хонгилд жиргэлээ.
http://newsmall.mn/5318/9e18da6ae4