99 гишүүнтэй болвол төсвийн шууд зардал 20 гаруй тэрбумаар НЭМЭГДЭНЭ


Улсын Их Хурлын гишүүдийн тоог 108 болгох санал маш их шүүмжлэл дагуулж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлснээр “Энэ саналыг гаргахдаа зүгээр юу ч бодолгүй, дээшээ харж байгаад гаргачихаагүй. Энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой болж байгаа. Түүнчлэн 1992 онд Үндсэн хуулийг батлах үеэр Монгол Улсын хүн амын тоо  хоёр сая байсан бол одоо 3.2 сая болж өссөн. Нэг гишүүний эрх мэдэл хүн амын тоо өсөх хэрээр нэмэгдэж байгаа” гэж тайлбарласан.
Дээрх 108 гэсэн тоог Ерөнхийлөгч болон МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн зөвшилцлийн үр дүнд 99 болж багасгаж чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Гэсэн хэдий ч “Хариуцлагагүй 76 гишүүний тоог нэмэгдүүлж байгаа нь төрийн зардлыг ихэсгэх маш буруу шийдвэр" гэх санал, шүүмжлэл ард иргэдээс гарч буй.
Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүдийн тоог 108 болгох санал оруулж ирэхдээ төсөвт дарамт учруулахгүй байх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлж байв. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлж, тодорхой зардал шинээр үүсгэж байгаагийнхаа хирээр хэт данхайсан төрийн бүтцээ цэгцлэх, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгох, төрийн үйлчилгээг хялбар, цахим болгох зэрэг хэрэгжүүлж болох энгийн бодлого, арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн бодол ажил хэрэг болох эсэхийг хэлж мэдэхгүй юм.
-УИХ-ЫН НЭГ ГИШҮҮН ЖИЛДЭЭ 200 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАДАГ-
УИХ-ын ганцхан гишүүний зөвхөн сарын унаа, утасны зардал нь багшийн нэг сарын цалинтай тэнцдэг. УИХ-ын нэг гишүүн жилдээ 200 орчим сая төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоо байна. Үүнээс:
-Тойрогт ажиллах зардал 90 сая /жилд/
- УИХ-ын гишүүний өөрийн цалин 1,800,000 /сард/
- Туслах, Зөвлөх, хоёр бие төлөөлөгчийн орон тоонд дөрвөн хүн ажиллуулна /Сарын цалинд нийлээд 3,5 сая орчим/
-Хот доторх унаа, утасны зардал сард 800,000 /сард/
-Хэвлэл захиалах зардал 450,000 /жилдээ/..... гэх мэт.
Тэгвэл 76 гишүүн тус бүрийг нэг жилийн хугацаанд 200 сая төгрөгийн зардал гаргадаг гэж тооцвол жилдээ нийт 15 тэрбум 200 сая төгрөг болж байна. Үүнийг одоо мөрдөгдөж байгаа дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаар тооцвол нийтдээ 60 тэрбум 800 сая төгрөгийг УИХ-ын гишүүдэд төсөвлөдөг болж таарч байна.
Харин гишүүдийн тоог 99 болговол одоо байгаа 76 гишүүн дээр 23 гишүүн нэмэгдэх нь. 23 гишүүн тус бүрийг жилийн 200 сая төгрөгөөр тооцоолвол жилдээ 5,6 тэрбум төгрөг, дөрвөн жилийн хугацаанд 22,4 тэрбум төгрөг улсын төсөвт нэмэгдэж суух болох нь. Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа таван жил болж сунавал энэ зардал улам бүр л нэмэгдэнэ гэсэн үг болж байна.
Эдгээрээс гадна сонгогдсон тойрог руугаа ядаж ганц нэг "жорлон", дутуу баригдах байшингийн шав татахын тулд дахиад 23 гишүүн төсөв батлагдах "улаан хэрүүл"-д нэмэгдэнэ. Мэдээж энэ хэрээр улсын төсөв данхайж таараа. За яах вэ, улсын төсөв уйлах биш гэдэг хүний сэтгэлээр улстөрчид хандлаа гэхэд хэрэв ямар нэг тааруу өөрчлөлт болвол үүнийг засах гэж дахиад бараг 20 жилийг үдэх болов уу.
Угтаа бол гишүүдийн тоог нэмнэ гэдэг төдийлөн мэргэн санаа биш гэдгийг хаа хаанаа уг нь сайн ойлгочихвол.
Б.БУРМАА
ЭХ СУРВАЛЖ: ZALUU.COM
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан