Замын дундаас нийлүүлсэн 108-аас зайлсхийх шалтгаан

Зугуухан боловч урагшилж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг замын дундаас оруулсан зарим заалтаас болж гацав. Үндсэндээ УИХ-ыг 108 гишүүнтэй болгож, тэднийг 54:54 харьцаатай, сонгуулийн холимог тогтолцоогоор гаргаж ирэхээр тусгасан Ерөнхийлөгчийн саналаас болж хэлэлцүүлэг зогсчихлоо.
Хүн амын өсөлт, улс орны байршил, баялгийн нөөц, хөгжлийн түвшин, хууль тогтоогчдын ажлын ачаалал зэргийг харгалзан парламентын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж буйгаа Төрийн тэргүүн илэрхийлсэн.
1992 онд одоогийн Үндсэн хуулийг баталж байхад УИХ-ын нэг гишүүн 28.3 мянган хүнийг төлөөлж байсан бол одоо энэ тоо 42.6 мянга болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, хүн амын тоо ийн өссөн байхад парламентын гишүүдийн тоо өөрчлөгдөөгүй нь төрийн эрх барих дээд байгууллага зүй бус нөлөөлөлд автах эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн тайлбарласан. Аливаа улсын парламент хууль тогтоож, ард түмнийг төлөөлөхийн зэрэгцээ гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавихын тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцдог олон улсын аргачлалын дагуу бодвол УИХ 144 гишүүнтэй байх ёстой юм билээ. Гэхдээ Ерөнхийлөгч маань “Хоёр сая хүрэхгүй шахам хүнтэй байхад УИХ 76 гишүүнтэй байсан юм чинь 3.2 сая иргэнтэй өнөөгийн Монголд хэдэн түшээ хэрэгтэй вэ” гэх энгийн аргаар тооцоход дээрх тоо 114 гарсан аж. Эндээс бэлгэдэл юүгээ тооцон 108 гишүүнтэй болгох саналд нэгдсэн байна. Улмаар эрх барьж буй улс төрийн хүчин ээлжит сонгууль бүрийн өмнө хуулийг нь өөрчилж, өөрт ашигтай тогтолцоог ард иргэд болон өрсөлдөгчдөдөө тулгадаг одоогийн жишгээс огт өөр хувилбараар тэднийг сонгох ёстойг хэлж буй. Тодруулбал, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд нэг мөр заах нь зүйтэй гэсэн саналдаа Ерөнхийлөгч бат зогсож байгаа.
Өнөөгийн нөхцөлд УИХ-ын нийт гишүүний олонх буюу 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, ердөө 20-ийнх нь саналаар хууль батлах боломжтой. Энэ нь нийт гишүүний гуравны нэгээс нь ч бага байгааг анзаарч буй болов уу. Төрийн хуулийг ингэж хялбархан баталчих боломж байгаа нөхцөлд гишүүдийн тоог нэмэгдүүлье гэсэн нь буруу биш. Гэхдээ гишүүдийн санаачилсан төсөлд нийт гишүүний олонхын саналаар хууль батлах заалт бий. Өөрөөр хэлбэл, 39 гишүүн дэмжсэн тохиолдолд тухайн хуулийг батална гэсэн үг. Ингэснээр 20 гишүүн дэмжсэнээр баталчих боломжтой одоогийн хийдэл арилж, босго нь хоёр дахин өндөрсөхөөр байгаа юм. Магадгүй 20 гишүүнийг лоббидоод л зорилтот хуулиа батлуулчихдаг бол дор хаяж 39-д нь нөлөөлж байж хүслээ гүйцээх нь. Эл саналыг зөвшилцлийн ажлын хэсгийн түвшинд үндсэндээ дэмжсэн юм билээ. Тиймээс юутай ч хууль батлах одоогийн босго даруй хоёр дахин өндөрсөж байгааг харгалзан гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг түр хойш тавихад гэмгүй.
Үүнээс гадна хууль тогтоогчдын мөнгө, хөрөнгөтэй зууралдах эрхийг нь хязгаарлахаар гишүүдийн төсөлд тусгасан. Тодруулбал, төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, эдийн засаг, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах бүрэн эрх нь УИХ-д хадгалагдсан хэвээр. Гэхдээ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа тэдэнд гүйцэтгэх засаглалынхны зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхийг хориглохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын боловсруулсан төслийг танигдахгүй болтол нь өөрчилж, тал тал тийш нь, тойрог руугаа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг татаж, танил талаа тендерт ялуулж, ажилтай байлгахын тулд үр ашиггүй зардал төлөвлөдгийг хязгаарлахыг зорьж буй. Үндсэндээ гишүүдийн үнэнч, шударга, эх орноо гэх сэтгэл, ноён нурууг хамгийн түрүүнд нугалдаг хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд аль болох бага хутгалдах боломжийг эрэлхийлж байгаа хэрэг. Үүнийг зөвшилцлийн ажлын хэсгийн түвшинд аль аль тал нь дэмжиж байгаа юм билээ. Тиймээс гишүүдийг элдэв нөлөөлөлд автахаас сэргийлсэн энэ мэт нэмэлт, өөрчлөлтийг эхний ээлжид баталчихвал юу юугүй тоог нь нэмнэ гэж зүтгэх хэрэггүй мэт.
Тэгээд ч эрх мэдэл хоорондын зааг, ялгааг тодорхой болгох цөөнгүй заалт гишүүдийн боловсруулсан төсөлд бий. Тэр дундаа хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглал олон талаараа холилдчихоод байгааг байр байранд нь аваачиж, Засгийн газарт байх ёстой эрх мэдлийг нь олгохоор байгаа юм. Үр дүнд нь “цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө” очвол Засгийн газар, УИХ-ын чиг үүрэг ялгарч, хууль тогтоогчид гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийг хянасан шиг хянаж чадна.
Үнэндээ тогтолцоог доголдуулаад буй, энэ улсыг буруу тийш нь хөтлөөд байгаа энэ мэт гажиг, дутагдлыг засчихвал асуудлууд аяндаа шийдэгдэнэ хэмээн найдах хүн олон аж. Эдгээр нэмэлт, өөрчлөлтөө баталчихаад үр дүн гарахгүй бол, гишүүдийн тоог гарцаагүй өсгөхөөс өөр нөхцөлгүй гэж үзсэн үедээ л 108, эсвэл бүр 144 гишүүнтэй болох талаар яагаад ярьж болохгүй гэж. Өнөөдөр хууль тогтоогчдын ачаалал ихэдчихээд ажлаа хийж чадахгүй гэх шүүмжлэл олон нийтээс сонсоод байгаа нь юу л бол. Хуралдаа суудаггүй, хэнэггүй, хэл, үгээ боддоггүй, хариуцлагагүй гишүүдийг дэглэх гэж энэ парламентын үед гэхэд л хэд хэдэн хууль баталлаа. Тэглээ гээд гишүүдийн ирц сайжирсан үзүүлэлт алга, хуулийн чанар дээрдсэн гэж барим тавим хэлэх зүйл үгүй л байна. 
Өөрөөр хэлбэл, өнөөгийн парламентын нэр хүнд цөөхөн гишүүнтэйдээ бус, тэдний зүтгэлгүй, сэтгэлгүйгээс л шалтгаалан унаж байгаа. Нийгмийн сэтгэл зүй, тэднийг гэх хөрс суурь бүрдээгүй байхад өнөөх 76-гаа 108 болгоно гэвэл иргэд хэрхэн дургүйлхэх нь ойлгомжтой. Дэмжлэггүйгээр төрд гарсан хүмүүс хэдийгээр “УИХ-ын гишүүн” гэх эрхэм алдар зүүвч нүд үзүүрлэгдэх нь тодорхой. Тиймээс ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэнд “Иргэд дэмжихгүй байх” гэсэн болгоомжлол төрсөн нь лавтай. Тэрийг нь Төрийн тэргүүн гэнэт оруулж ирсэн нь ч учиртай. Нөхцөл байдал, уур амьсгал ийм хэмжээнд хүрэхийг мэдэж байсан учраас зориуд оруулж ирсэн байхыг ч үгүйсгэх аргагүй.
Харин УИХ-ын сонгуулийн тогтолцооны тухайд 1992 оноос хойших долоон удаагийн сонгуулиас 2012 оныхыг л холимог хувилбараар явуулсан. Ингэснээр УИХ-д олон намын төлөөлөл сонгогдож, аливааг зөвшилцлийн замаар буюу шийдвэр гаргахад нэг намын хэт давамгайллыг бууруулснаас гадна сонгогчдын саналыг гээгээгүй гэж судлаачид үздэг. Түүнчлэн Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дийлэнх нь хувь тэнцүүлсэн буюу пропорциональ, эсвэл холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгайлан зааж өгөхийг шаардаж ирсэн. Өдгөө дэлхийн 34 улс Үндсэн хуулиараа сонгуулийн тогтолцооны талаарх зарим зохицуулалтыг тогтоосноос Гүрж, БНСУ, Мексик, Балба, Сейшелийн арлууд, Словени, Ванауту гэсэн долоон орон л холимог хувилбарыг хуульчилсан байна. Дэлхийн 200 гаруй орноос ердөө долоо нь хэрэгжүүлж буй эл хувилбарыг Ерөнхийлөгч дэвшүүлсэн нь арга ядсан хэрэг, үнэндээ. 
УИХ-д 64 гишүүнтэй эрх баригч намынхан хэдэн өдөр хуралдаж, эл асуудлаар түс тас шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь Ерөнхийлөгчийн саналыг цөөнгүй нь дэмжиж байгаагийн илрэл биз. Ялангуяа гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжиж буйгаа нэлээд гишүүн илэрхийлсэн. Гэвч улс орны цаашдын хөгжил, дэлхийн чиг хандлага гэхээс илүү сонгууль ойртсон энэ үед нэр дэвших тойроггүй хоцорчих вий гэсэн тулга тойрсон бодолд хөтлөгдсөндөө Төрийн тэргүүний саналыг олзуурхаж байгаа нь ч бий. УИХ-ын гишүүн хэд ч бай, тэднийг сонгон гаргаж ирэх арга, сонгуулийн тогтолцоо нь чухал. “76 мал”-ыг гаргаж ирсэн аргаа өөрчлөхгүй бол “108 мал” гэх нэршил иргэд, сонгогчдын амны уншлага болох өдөр тун удахгүй биз. Нөгөө талаас дараагийн сонгуулиар 76-гаа арай “эрүүл”-ээр сонгочихвол парламентын нэр хүнд тэгтлээ унаад байхгүй л болов уу.

Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан