Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд болон аймгуудын Засаг дарга нарт үүрэг өглөө.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтоно. Газар хөлдөнө. Экологи урьдчилж таахын аргагүйгээр өөрчлөгдөж байна. Тиймээс ялангуяа гурил, махан дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой. Энэ талаар би Ч.Улаан сайдад албан ёсоор үүрэг даалгавар өгөөд байна. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд өөрөө толгойгоороо хариуцна гэдгийг би эртхэн хэлье. Эртхэн шиг энэ тал дээр зохицуулалтаа хийж, арга хэмжээ аваарай. Мөн бүтээн байгуулалтын асуудал дээр шаардлага тавих хэрэгтэй байна. Орон нутгийн болон улсын бүтээн байгуулалтийн асуудлууд байна гэсэн. Мөн тэрээр үргэлжлүүлэн “Нийгэмд шударга ёсыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд бид хууль хяналт прокурор гэх мэт олон асуудлыг шийдэж явна. Шударга ёс гэдэг чинь нэг өдрийн дотор тогтохгүй нь ойлгомжтой ч түүнийг тогтоох ёстой хүмүүс нь дарга нар. Газрын баялгаас авахуулаад төрийн баялгийг уландаа гишгэж ард түмнийг доромжилдог, эрх мэдлээ ашиглаж байгалийн баялгийг хууль бусаар олборлож байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Үүнийг би хүний өөрийн нам засаг ч гэж ялгалгүй маш олон удаа хэлж байна. Тиймээс аймаг орон нутгийнхаа олигархуудтай тэмц. Хэдэн халтар цаасан амаа үдүүлж болохгүй.” гэсэн юм.
Уул уурхайн лицензтэй холбоотой Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан дөрвөн сайдтай ажлын хэсэг гарсан. Монгол Улсад олгогдсон бүх лицензийг эргэн шалгана. Аль нь хууль ёсны, аль хууль ёсны биш гэдгийг шалгах юм юм.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бидэнд алт хэрэгтэй юм уу экосистем хэрэгтэй юм уу. Байгалийн тогтвортой байдал, экосистемийн өмнө ямар ч дарга, хууль бөхийх ёстой. Байгалийн эсрэг хууль дүрэм, албан тушаалтан гэж байхгүй. Нийгмийн хууль байгалийн хуулийн доор байдаг. Хамгийн агуу хууль бол байгалийн хууль. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Шударга ёсыг тогтооход хатуу, чанга ажил дарга нар аа. Та бүхнийг дарамтлаад, амь насанд чинь занахийлээд байвал энд нэр устай нь хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүнээ хамгаалах үүрэгтэй. Тэр олигарх, хулгайч нараас битгий ай. Битгий худалдагд. Цаашдаа Монгол төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон. Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Т.Сайхан