С.Эрдэнэ “Шонхорын базалт”-аа тавьж, фракцууд зуултаа сулруулах уу

Ердөө хоёр жилийн өмнө засгийн эрхэнд байгаагүй юм шиг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Алтанхуяг тэргүүтэй лидерүүд нь улс орны хамаг асуудлыг шийддэг, бодлого боловсруулж, удирдан чиглүүлдэг гол хүн гэж яваагүй мэт, З.Энхболд парламент даргалж, ганц зандралтаар гишүүдийн үгийг таслан, алхны тогшилтоор бүхнийг “чичрүүлж” суугаагүй юм шиг, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дараалан ялагдсаныхаа дараа шинэчлэгдэж, улам бэхжин, шинэ цагийн өнгийг тодорхойлох нам болох их итгэл найдлага гишүүддээ төрүүлээгүй мэт, мартагдах шахам нам гүм байсан АН хөдөлгөөнд орлоо.
Тэгэхдээ дарга нь гишүүнээ хөөнө, гишүүд нь удирдлагаа огцруулна, намаасаа гарч, УИХ-д бүлэггүй болгоно гэсэн бэлгэгүй үгс шидэлцсээр улс төрийн тайзнаа гарч ирж, олон нийтийн анхааралд өртөв.
Хэсэг хэсгээрээ талцаад, хэрэлдэж уралцах нь АН-д шинэ үзэгдэл биш. Гэвч 2016 оны ялагдлынхаа буруутныг АН-ынхан удирдлагаасаа хайж, эрх баригч хүчнээс гудамжинд гартлаа “өшиглүүлсэн” шалтгаанаа “Эв нэгдэлгүй, фракцын зөрчлөө шийдэж чаддаггүй, бүлэглэлд хуваагдсан нөхдийн хувийн тоглолт, улс орны бус, бүлэглэлийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг эрээ цээргүй байдал, өнгөрсөн дөрвөн жилд бодлогын нам биш, фракцын нэгдэл төдий бүтэц гэдгээ хангалттай нотолсон явдал” хэмээн тодорхойлж, намаа шинэчилж, алдаагаа засах гэж бүтэн жилжин ноцолдсоны дараа бол энэ анхаарал татах зүйл мөн. 
Учир нь намын дарга С.Эрдэнэ ам нээх бүртээ “АН-ын явуулж буй үйл ажиллагаа, гадаад, дотоод бодлогын асуудалд ямар нэг санал зөрөлдөөн байхгүй. Хуучных шиг бүлэг, фракцаар талцаж, хуваагддаг, хоорондоо маргалдаж, хэрэлддэг явдал эцэс болсон” гэдэг бөгөөд намын гишүүдийн зүгээс ямар нэг илүү хөдөлгөөн хийж, сул үг унагалгүй жил гаруйн хугацааг үдэж байгаа билээ. 
Эрх мэдэл, албан тушаалгүй, өөрөөр хэлбэл булаацалдах “яс”-гүй, УИХ-д арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудалтай, сөрөг хүчин гэх нэрээс цаашгүй, сүр хүчгүй болсон намаас лидерүүд нь зайгаа барьж, удирдлагынхаа үг, үйлдлийг алсаас ажиглан, ажин түжин суугаа болохоор ч тэр үү, тэдний шуудайд хийсэн эвэр шиг тачигнаж байсныг олон нийт бараг мартах шахаж.
Гэвч энэ дүнсгэр, чимээгүй байдал нь эв эеэ ололцсоных бус, хориглолт, хамгаалалт хийж, нуувчиндаа орчихоод байсных гэдгийг ойрын хэд хоногийн үйл явдал илчилж орхив уу даа. АН бүлэглэлүүдийн нэгдэл төдий бүтэц, тэднийг албан тушаалд хүргэдэг шат, гишгүүр бус, нам шиг нам болоосой, лидерүүд нь хагарал, тэмцлээсээ ангижирч, нэг талдаа гараасай гэсэн гишүүд, дэмжигчдийн хүлээлт, бодит байдал хоёр хол зөрүүтэй, нэг цул болж чадаагүй хэвээр байгааг, тэдний дүр эсгэсэн эвлэрлийн хугацаа дуусаж буйг Ж.Батзандан, Л.Болд нарын “бослого” зарлав бус уу. 
Намынхаа удирдлагын шийдвэрийг үг дуугүй дагахгүй гэдгээ ил тод зарласан тэд Засгийн газрыг огцруулахгүй гэсэн товчлуур дарж, үүнийхээ төлөө Ж.Батзандан намаас хөөгдөж, Л.Болд өөрөө намаас гарах өргөдлөө өгснөөр АН УИХ-д бүлэггүй болов.
БҮЛГЭЭ ТАРААХАД МАН-ЫН ХЭРҮҮЛ ШАЛТАГ БАЙВ УУ
Жилийн өмнө АН шат шатны дарга нараа гишүүдийнхээ саналаар тодруулж, шинэчлэл хийлээ хэмээн мэдэгдэж байхад олон гишүүн нь “АН-ын шинэчлэл хэлбэрийн төдий байлаа. Үзэл санааны хувьд өмнөхөөсөө ч ухарсан. С.Эрдэнэ бол З.Энхболдын томруулсан хувилбар. Энэ хоёрт ямар ч ялгаа байхгүй. Тэд нэг эрх ашиг, нэг зорилготой, “Шонхор” хэмээх нэг дээвэртэй. 
Тийм ч учраас З.Энхболд өөрийгөө залгамжлуулан С.Эрдэнийг намын дарга болгохоор бүх талаар дэмжсэн. Намын даргын нэр солигдож буйгаас өөр юу ч өөрчлөгдөхгүй” гэцгээж байсан юм. Урт удаан хугацааны шинэчлэлийн үйл явц, дүрмийн өөрчлөлтийн дараа аман дээрээ фракцгүй болсон гэх хэрнээ ачир дээрээ тал тал тийшээ хараад суучихсан тухай ч дуулдаж байв. 
Дотоод сонгуулиар Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Да.Ганболд, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор тэргүүтэй 116 хүнийг Үндэсний бодлогын хорооноос хаYсаж, тэдний оронд “Шонхор”-ын голдуу хүмүүсийг оруулсан гэсэн хэл ам гарсан нь өнгөрсөн хавар. Мөн С.Баярцогт, Д.Пүрэвдаваа нарын зургаан ч гишүүнээ намын гишүүнчлэлээс хассан.
Тус тусын томоохон амбицтай лидерүүд болон намдаа өөрийн дүрэм журмыг тогтоохыг хүссэн дарга нь хоёр талд гарчихаад, нэг нь нөгөөгөө буулт хийхийг хүлээж, гөжүүдэлсээр ирснийг дээрх явдлууд батална. Эцэст нь АН УИХ-д бүлэггүй болсноор яах гэж байгаа нь мэдэгдэхгүй бүрхэг байдал төгсөв бололтой.
Намаас хөөгдсөн Ж.Батзандан “С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр АН-ыг булшилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. АН шинэчлэгдсэн гэж С.Эрдэнэ худлаа ярьж байна. АН шинэчлэгдээгүй гэдгийг би өнөөдөр харлаа. АН-ын бодит шинэчлэлийн төлөө, ардчиллыг бодит болгохын төлөөх тэмцлээ өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа зарлая. 
АН-ын энгийн гишүүдтэй хамтарч, намын шинэчлэлийн төлөө зүтгэнэ” гэсэн бол намаас гарах өргөдлөө өөрөө өгсөн Л.Болд “АН ардчилсан биш, коммунист нам болжээ. 1990 оноос хойш явж буй гишүүний хувьд АН-ыг шинэчлэх хөдөлгөөнд нэгдэж байна. Энэ шинэчлэлд би ухамсарт амьдралаа зориулах болно” хэмээсэн. Хатуу гар гэдгээ харуулж, бүхнийг өөрийнхөө дүрмээр тоглуулах гэсэн С.Эрдэнийн оролдлого намаа дахин хагалан бутаргах зам руу нь түлхсэнийг дээрх мэдэгдлүүд илтгэж байна бус уу.
Улс төрийн намд багийн тоглолт хэрэгтэй ч УИХ-ын гишүүнд итгэл үнэмшлээрээ саналаа өгөх бүрэн эрх нь бий. Үүнд нөлөөлөх гэж хэт улайрсан түүний үйлдэл гишүүдийг нь “АН коммунист нам болж” хэмээн мэдэгдээд гишүүнчлэлээсээ татгалзах өргөдлөө өгөхөд хүргэлээ. 
Хоёр гишүүний эрс шийдэмгий мэдэгдэл, дараа дараагийн алхам АН-ыг УИХ-д бүлэггүй болгоод зогсох болов уу, эсвэл... гэдэг том асуултын тэмдэг үлдэж байна. Учир нь тэднийг дэмжиж, нэгдээд явахад бэлэн, “сэтгэл нь хөрсөн” гишүүн АН-д олон бий. Зарим нь АН-аас гараад хаачих, ирэх сонгуульд хэрхэн оролцохоо аль эртнээс төлөвлөөд, очих газраа бэлдэж, шинэ нам байгуулахаар хөөцөлдөж эхэлсэн сураг дуулдсаар удаж буй.
ЗУУЛТ ХИЙГЭЭД БУУЛТ
АН-ын хагарал дахин сэргэж, задрал руугаа дөтөлж мэдэхээр болсныг хоёр гишүүний үйлдэл харуулсан болохоор ч тэр үү, намын удирдлага бага боловч буулт хийж эхлэв. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намын шийтгэл хүлээсэн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг “Манай гурван гишүүн” хэмээн өөриймсөж, ая тал засаад, “АН-ын нэрээр УИХ-д олон удаа суусан туршлагатай парламентч байж ард түмнийг төлөөлж буй сөрөг хүчний бүлгийг тараах алхмыг санаатайгаар хийж болохгүй шүү” хэмээн аргадангуй сануулж дуулдсан. 
Мөн өнгөрсөн хавар ҮБХ-ны гишүүнээс хассан Р.Амаржаргалыг өчигдөр ҮБХ-ны гишүүнээр батламжлаад зогсохгүй АН-ын дэд даргаар томилов. Түүнээс гадна таван дэд даргын орон тоо гаргаж, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарыг томилсон. 
Үүнийг салан тусгаарлахад бэлэн болсон бүлэглэлүүдийнхээ эвийг олох гэсэн оролдлого, С.Эрдэнэ даргын буулт гэж харж болох юм. Эцсийн эцэст АН фракцтайгаа, хагаралтайгаа л үлдлээ. Харин одоо зодоон нь үргэлжлэх үү, С.Эрдэнэ дарга “Шонхор”-ын базалт”-аа тавьж, фракцууд нь АН-ын туган дор явахын тулд зуултаа сулруулан, харилцан тохиролцох уу гэдэг сонголтод тулж ирэв бололтой.

Unuudur.mn  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан