Тусгаар тогтнолынхоо төлөө халуун амиа өгснийг “Баатар” гэж өргөмжлөхгүй юм бол цолны утга учир үнэгүйдэх бус уу!


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танаа
Эрхэм та бүхний амар амгаланг айлтгая. Эх орны газар шорооны төлөө амь өрссөн тулаанд бусдаас онцгойрон тодорсон үе, үеийн эрэлхэг зоригтнуудыг хүн ард нь “Эх оронч” гэж алдаршуулан түүхэнд мөнхөлж ирсэн нь түмэн олны шударга шүүлт биз ээ.
Тийнхүү алдаршиж үүрд мөнхөрсөн хүний нэг нь 1939 оны Халх голын дайнд МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийг командлан орж эрэлхэг гавьяа байгуулж дайсны суманд амь үрэгдсэн Хэнтий аймгийн Галшар сумын харьяат хошууч Чимэдийн Шаарийбуу билээ.
Тэгээд ч энэ хүний эрэлхэг гавьяаг шударга ёсоор үнэлүүлж Монгол Улсын баатар цолыг нэхэн олгуулах талаар түүнтэй мөр зэрэгцэн тэмцэгчид, нутаг нэгтний санал хүсэлтийг Ялалтын удаа дараагийн ойгоор дээш нь уламжилж ирсэн ч тухайн цагийн ор үндэсгүй гүтгэлэг, үнэнийг харах төрийн хараа мэдрэмж дутсаны улмаас олны тэр хүсэлт ор сураггүй дарагдан талаар өнгөрч ирснийг шударга ёсонд үл нийцнэ хэмээн үзэж бид бүхэн энэхүү саналыг толилуулж байгааг болгоон соёрхоно уу. Баримт өгүүлбээс:
Баримт 1. БНМАУ-ын баатар Л.Дандар Халх голын ялалтын 50 жилийн ойд зориулсан дурсамждаа: ...Японы самурай нар тавдугаар сарын 27-30- ны өдрүүдэд Халхын голоор 2500 гаруй цэрэг, олон арван их буу, пулемёт, хуягт машин, 40 гаруй нисэх онгоцоор зэвсэглэн довтолж орж ирээд 6 дугаар морьт дивизийн ангиудыг харанхуйгаар бүслэн авч устгахыг оролдсон боловч манайхан баатарлагаар няцааж японы 23 дугаар дивизийн тагнуулын отрядын дарга дэд хурандаа Азумыг устгаж байлдааны нууц баримт бичиг, буу зэвсэг, 2000 гаруй цэрэг, 20 гаруй машиныг олзолсон. Энэ хүч тэнцвэргүй тулалдаанд дивизийн дарга хошууч Ч.Шаарийбуу, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар, Жамбалжамц, хуягтын жолооч Самбуу зэрэг олон эрэлхэг дайчдаа алдсан юм... гэжээ. (16: 10: 11)
Баримт 2. Эх оронч Ч.Шаарийбуутай хамт нэг дивиз, нэг хороонд тулалдаж явсан 6 дугаар морьт дивизийн штабын орлогч, Монгол Улсын баатар, эдүгээ 103 насны сүүдэр зооглож байгаа хурандаа Пунцагийн Шагдарсүрэн дурсамждаа:
...Би 1939 оны гуравдугаар сараас эхлэн Ч.Шаарийбуугийн удирдлага дор ажилласан. Манай дарга бол үнэхээрийн эх оронч шилдэг дарга байсан. Намайг үүрэг гүйцэтгэхээр явсан хойгуур манайхан дайсанд эзлэгдэж 50 гаруй цэрэг дайчин амиа алдсан байсан. Тэр аюулт мөчид би хорооныхонтойгоо хамт байсан бол мөн л амь үрэгдэх байсан.
 
Би Ц.Олзвой болон бусад хүмүүсийн хамт нэргүй өндөрлөгт очиж Шаарийбуу дарга болон тэнд амь үрэгдсэн байлдагчдын цогцсыг олж тогтоов. Байдлыг газар дээр нь ажиглахад дайсны давуу хүчний дайралтад өртөж баатарлагаар тэмцэлдсээр хүчин мөхөсдөж амь үрэгдсэн байж билээ. Цэл залуугаараа амь үрэгдсэн дивизийн даргын маань алдар гавьяа манай ардын армийн түүхэнд хэзээ ч мартагдах ёсгүй!.. (П.Шагдарсүрэн “Амьдралын хувь төөрөг” 2008 он. “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлгийн 2015 оны 8-рт. “Эрэлхэг хүүгээ эх орон нь мартахгүй” баримтат уран сайхны кинонд өгсөн ярилцлага, бусад сонин хэвлэлд өгсөн ярилцлага материалуудад тодорхой дурдсан бий.)
Баримт 3. Толилуулан буй энэхүү хүсэлт бичгийг хамтран үйлдэгч Монголын Радиогийн ахмад сэтгүүлч Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Л.Гүнсэн нь Хэнтий аймгийн Галшар сумын уугуул бөгөөд эх оронч Ч.Шаарийбуутай нэгэн үед цэргийн алба хашиж явсан анд нь болох хөдөөгийн нэрт соён гэгээрүүлэгч, дайны дараа уугуул нутгаа үлгэрлэн зохион байгуулж ажил үйлсээрээ улсад шалгаран маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал гардан авч байсан Донойн Даваажанцан агсны захиж үлдээсэн арвин материалд түшиглэж багшийнхаа захиас ёсоор хагас зууны тэртээгээс дээрх эрэлхэг дайчны алдрыг тодруулах, төр түмнээс хүртэх ёстой алдрыг нь нэхэн олгуулах талаар эрэл хайгуул хийсээр ирсэн хүн юм. Сэтгүүлчийн олон жилийн хөдөлмөрийнхөө дүнд Халх голын 50, 60, 70 жилийн ойг тохиолдуудан дор бүр нь шинэчлэн баяжуулж радио долгионоор цацсан нэвтрүүлгүүд, тэдгээрт хавсрагдсан ховор нандин дурсамж, баримтат бичлэгүүд нь өнөөдөр үнэтэй чухал өв болж Монголын Радиогийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна. Тэгээд ч бид эдгээр материалуудаас сэдэвлэж эрэн сурвалжлах замаар “Эрэлхэг хүүгээ эх орон мартахгүй” баримтат уран сайхны кино бүтээсэн юм. Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид өөрсдийн дуу хоолойгоор чин үнэнийг өгүүлсэн дээрх нэвтрүүлгүүдэд эх оронч Ч.Шаарийбуугийн байлдааны эр зориг, цэрэг дайчдаа халамжлах дарга хүний халуун сэтгэл илхэн байгаа. Нэвтрүүлэгт оролцогчид: Л.Дандар-БНМАУ-ын баатар, 6-р дивизийн 17-р морьт хорооны дарга, Д.Пэлжээ 6-р дивизийн комиссар, Н.Лэгжид-6 дугаар дивизийн сургуулийн сумангийн байлдагч, Ж.Осор-6-р морьт дивизийн штабын дарга, Д.Даваажанцан-Ахмад дайчин, дайны дараагаас орон нутагтаа багшилж, сум орны удирдлагад он удаан жил ажиллаж байсан, Ш.Сүхбаатар-Галшар сумын уугуул, Шаарийбуугийн зээ дүү (Шаарийбуугийн садан төрлөөс амьд сэрүүн үлдээд байсан бараг цор ганц төлөөлөгч энэ хүн хоёр жилийн өмнө өвчний улмаас таалал төгссөн), Л .Чулуунбаатар-Цэргийн түүхч, судпаач, доктор, хурандаа, Б.Шагдар-Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал, Б.Энхтайван- Галшар сумын Засагдарга зэрэг олон арван хүмүүсийн ярилцлага хадгалагдан үлджээ.(МҮОНР-ын алтанфонд №41143 Хальс 14 текст 15)
Нэгэн зүйл: Ийнхүү өнөөдөр бидэнд олдсон дээрх ховор баримтуудаас гадна Орос, Япон болон Америкийн эрдэмтэн судлаачдын тэмдэглэл, ном зохиолд Халх голын дайны тэртээх өдрүүдийн тухай мөн тодорхой бичсэнийг бид олж авсан. 
 
Японы цэргийн академийн төв архивт хадгалагдаж буй  Японы 23 дугаар явган дивизийн командпагч генерал Комацубара Мичитарогийн байлдааны өдрийн тэмдэглэлд: ... тавдугаар сарын 31. Монголын 6-р дивизийн дарга Чаараабуу (Шаарийбуу) амь үрэгдсэн болохыг тэмдэглэжээ.
 
Мөн Японы эрдэмтэн доктор, Халх голын дайны судлаач Боржигон Хүсэлийн олж тодорхойлсноор Америкийн нэрт эрдэмтэн Эруин Кукс болон АНУ-ын парламентын тусгай судлагч Стюарт Голдманы 2008 онд бичсэн “Номун Хан 1939, дэлхийн 2-р дайны эхэлсэн цэг байсныг мэдэгдээгүй “ гэдэг номондоо ч Монголд болсон дайны судалгааг сайн ашиглаж энэ үндсэн дээрээ тулгуурлан 1939 оны 5 дугаар сарын дайны тухай маш тодорхой дурьдаж Халхын голын дайнд монгол цэргийн гүйцэтгэсэн үүргийг тод томруун бичсэн байсан. Тэрээр бичихдээ: ...морин цэргийн 2 хороо, их бууны хороо, нөөц ангийг удирдан тэднийг тараан байрлуулж дивизийн удирдлагыг хамгаалах цэргээ Японы цэргийн штабыг эзлүүлэхээр давшсан... дивизийн дарга Шаарийбуу штабын даргын хамт амь үрэгдэхэд хүрчээ... гэж дурьдсан байна.
Нэгэн зүйл: Халх голын байлдааны талбарт болсон зориг баатарлагийн талаар МАХЦ-ийн дээд удирдлагуудад шуурхай мэдээлсний ачаар Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсан 9 оны (1939) 6-р сарын 11-ний өдрийн 76 тоот нууцтушаал гаргаж: ...Дорнодын байлдааны тухай дивизийн дарга Ч.Шаарийбуугийн бие Эх орны төлөө баатарлагаар тэмцэж агаад дайсны дор эрсдэж нас барсан явдал дор Дорнод ангийн бүх цэргүүдээс гүн их гашуудалтайгаар гавьяат нөхөр Шаарийбуугийн хүүр биеийг хүндэтгэн ёсолж Тамсагийн төв дээр оршуулгын ажлыг гүйцэтгэсэн болой гэжээ.12 435 (БХЯ-ны архив)Үнэн бодит байдал ил тодорхой, эх оронч хүүгийн байгуулсан гавьяа нь янз бүрийн сэжмээр давхар давхар нотлогдсоор атал Шаарийбуугийн шарилыг олж аваагүй ахархан хугацаанд До яамны төлөөлөгчид болон зарим нэг цэрэг дарга нарын санаатай, санамсаргүй дэгдээсэн цуурхлаас үүдэн дивизийн дарга Ч.Шаарийбууг дайсны талд урвасан, оргон зугадсан мэт ор үндэсгүй цуу яриа олон жилийн турш газар авч, тэр бүхэн нь үнэн худлын дэнсэнд ажил хэрэг болгон шүүгдэлгүйгээр олон он жилийг элээсэн нь туйлын харамсалтай. Хожим харин энэ бүх цуурхал ярианы үндэслэлтэй эсэхийг тогтоож өгөхийг хүссэний дагуу 1989 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Б.Шагдараар ахлуулсан цэргийн мэргэжилтэн, хуульч, түүхч, мэргэжпийн шинжээчдээс бүрдсэн комисс асуудлыг нягтлан судлаад дээрх яриа ор үндэсгүй цуурхал байж гэсэн албан ёсны дүгнэлтэд хүрчээ. Энэ тухай Халх голын 70 жилийн ойгоор МҮОНРТВ-ээс явуулсан “Даравч дарагдахгүй гавьяа” нэвтрүүлэгт тодорхой өгүүлсэн байгаа.
Нэгэнт иймийн учир эх оронч Ч.Шаарийбуутай хамт тулалдаж явсан ахмадуудын амнаас гарсан гэгээн хүсэл, эгэл жирийн хүмүүсийн санал бодол, ялангуяа нутгийн зон олон, садан төрлүүд нь эх оронч хүүгийнхээ аль эртнээс зүй ёсоор хүртэх байсан МУ-ын Баатар цолыг чухам өнөөдөр олгохгүй бол хэзээ болтол дуншиж хүлгэлзэх билээ гэсэн хүлээлттэй өнөөдөртэй золголоо. Бид олон жил хөөцөлдөж зохих газруудад удаа дараа санал хүсэлт тавьж эрх мэдэлтнүүдтэй уулзаж учирч байсан ч өнөөг хүртэл нааштай хариу огт сонссонгүй.
2009 онд эх орончийн маань 100 насны ой тохиох үеэр нутгийн Зөвлөлийнхөн болон хэсэг сэтгүүлчдийг Батлан хамгаалахын сайд Лу.Болд яамныхаа холбогдох албаны хүмүүсийг байлцуулан хүлээн авч уулзаж Та бүхний тавьж байгаа санал хүсэлт зүй ёсных, бид дээш нь уламжлахыг энэ албаны хүмүүстээ үүрэгдэж байна гэсэн нааштай хариу өгсөнд бид баярлаж, тухайн ойн жил юм дуулгаж магадгүй гэсэн мессежийг орон нутагт хүртэл хүргэж байсан удаатай.
 
Гэтэл тэр бүх хүлээлт бас л талаар болж өнгөрсөн. Яасан, юу болсон тухай яамнаас хожим тодруулахад “Баатар цол нэхэн олгохгүй” гэсэн зарлиг гарсан юм гэнэ гэсэн.
Юу гэсэн үг вэ, яаж байгаа нь энэ вэ, гавьяа бол гавьяа, галав юүлсэн ч үүрд мөнх бус уу. Мөнхийн гавьяатан гээд цоллоод байдаг маань яасан бэ. Нэгийг устгавал солио, хоёрыг бол хожоо гэж дайнаас эсэн мэнд эргэж ирсэн ахмад дайчдын ярихыг сонсч л байсан. Тэгвэл Шаарийбуу дарга дайсныг сум тоолон устгаж байсан, лав л хорь гаруй гучаадыг цааш харуулсан гээд хамт мөр зэрэгцэн тулалдаж байсан нөхөд нь гэрчилж байна. ...Нөхөр Шаарийбуу бол шударга цэргийн даргын ариун тангарагтаа үнэнч байж баатрын ёсоор амь эрсэдсэн гэж үздэг гээд дайчин нөхрөөрөө бахархаж Дандар баатар өөрийн дуу хоолойгоор ярихыг бас сонслоо. ...Нэг хүний биелүүлэх ёстойг хэд дахин давуулсан байвал сая тэр гавьяа мөн гэж ялалтын их дууч, алдарт зохиолч Константин Симонов гавьяа гэж юуг хэлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан байдаг юм билээ. Эрэлхэг дайчин Шаарийбуугийн бүх үйлдэл энэ бүх болзлыг хэд дахин хангачихсан байгаа шүү дээ.
 
Итгэмээргүй дээрх хачин “зарлиг” гарсан эсэхийг янз бүрийн шугамаар эрж хайлгасны эцэст тийм шийдвэр байхгүй гэсэн хариуг бид Ерөнхийлөгчийн Тамгын газраас аваад байгаа. Ер нь тийм шийдвэр байсан ч гэсэн энэ бол шударга ёсонд үл нийцэх зүйл гэдгийг өнөөгийн ардчиллын үед төр засаг маань эргэж харах цаг нь болсон доо.
 
Байдлаас үзвэл тухайн цагт олны амыг хаах гэж хэн нэгэн дээд суудалтны амнаас гарсан хариуцлагагүй ам шийдвэр л амь бөхтэй яваад байна уу гэсэн таамаглал төрөхөөр байна. Өргөдөл хүсэлт олон байлаа ч хамгийн эмзэг нарийн асар хариуцлагатай ийм асуудлыг тухайн өргөдөл хүсэлт бүрийн дагуу хүн бүр дээр тал бүрээс нь нухацтай судалж бодит үнэнийг нягтлан тодруулахаас төвөгшөөж амьдын зол үхсэний хохь гэсэн байдлаар ийнхүү хүйтэн сэтгэлээр хавтгайруулан хандах нь яавч шударга ёсонд үл нийцнэ гэдэгтэй хэн бүхэн •санал нэгдэх байх. Улс орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө халуун амь бүлээн цусаа урсгасныг “Баатар” гэж өргөмжлөхгүй юм бол Монгол улсын Баатар цолны утга учир үнэгүйдэх бус уу!
Оросын ерөнхийлөгч В.Путин Эх орныхоо төлөө ганц үг хэлээд дайсны гарт амиа өргөсөн дайчинд Орос Улсын баатар цолыг нэхэн хүртээж байсныг бодсон ч улс орны бахархал олон улсын цар хүрээнд ямар их үнэ цэнэд хүрдгийг дурьдахын учир улс орон даяар удахгүй тэмдэглэх Халх голын Ялалтын 80 жилийн ойгоор эрэлхэг эх оронч Чимидийн Шаарийбууд Монгол Улсын Баатар цол хүртээгээсэй гэж туйлаас эрхэмлэн хүсч байгаагаа төр засагтаа уламжилъя.
 
Та бүхнийг гүнээ хүндэтгэн ёсолсон:
 
Монголын Радиогийн ахмад сэтгүүлч, “Эрэлхэг хүүгээ эх орон мартахгүй” баримтат уран сайхны киноны зохиолч хөтлөгч, Шаарийбуу судлаач Соёлын гавьяат зүтгэлтэн Лувсандоогийн Гүнсэн,
Галшар сумын нутгийн Зөвлөлийн дарга, Шаарийбуу агсны алдрыг тодруулах ажлын хэсгийн ахлагч, сурталчилгааны ерөнхий продюсер, Монгол Улсын аж үйлдвэрйин гавьяат ажилтан Жамьянсүрэнгийн Түмэн-Аюуш,
кино найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Бадамсүрэнгийн Нагнайдорж, 
Галшар сумын хөдөлмөрчдийн төлөөлөл: Сумын ИТХ-ын дарга Пүрэвийн Энхбаатар,
Засаг дарга Балжиннямын Энхтайван,
1992 оны Үндсэн хуулийг батлалцсан депутат, Монгол Улсын гавьяат эдийн засагч Наваанмөнхийн Дэрийлаа,
өндөр настан Лхамсүрэнгийн Өлзийбаяр,
Улсын сайн малчин Цэндийн Батболд,
Ч.Шаарийбуугийн зээ дүү Ш.Сүхбаатар агсны бэлэвсэн гэргий Дэндэвийн Хишигжаргал
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан