Төрийн эрх мэдлийг 60 тэрбумаар авсан гэгддэг нам одоо төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэж даналзах боллоо

УИХ дахь МАН-ын бүлэг Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн ихэнх нь дэмжсэн. Тус бүлгийнхэн “Өнөөгийн нийгэмд ажилгүйдэл ядуурал их байгаа учир өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлагатай гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачиллаа. Нийгмийн боломжтой хэсэг нь банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авч байгаа ч орлого багатай зорилтот бүлэг энэ төрлийн зээл авч чадахгүй байгаа нь барьцаа хөрөнгөгүйтэй холбоотой” гэж үзэж буйгаа илэрхийлж төр, иргэний итгэлцлийг зээлээр бий болгоно гэж яриад буй. Итгэлийн зээлийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байх бөгөөд төсвөөс эхний ээлжинд 300 тэрбумыг гаргаж уг зээлийн асуудлыг шийдвэрлэх юм байна.
300 тэрбумыг төсвөөс гаргуулна гэж яриад байгаа энэ намынхан төрийн эрхийг 60 тэрбумаар авсан гэх хэл амтай орооцолдож дөрвөн жил болж байна. Өөрсдөө үүнийгээ эсэргүүцэж няцаадаг ч хийсэн бүхнээ хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Үүний баталгаа бол УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдыгоо 60 тэрбумыг санаачилж, боловсруулж, гардан хийсэн гол этгээд, гол буруутан хэмээн үзэж суудлаас нь унагахын тулд МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг хоёр сар шахам хугацаанд гацааж шуугиан дэгдээсэн. Эцэст нь М.Энхболдыг чирч буулгацгаасан. 60 тэрбумын асуудлыг тойрсон дуулиан ар араасаа дэгдэж, МАН-ынхан хоорондоо хөлөө жийлцсэнийг иргэд харж л байсан. Юу болж өнгөрснийг бүгд мэдэж байгаа, мартаагүй. 60 тэрбумын асуудлаас болж гурван жил тасралтгүй “дайтацгаасан”. Энэ асуудал нь намжаагүй байхад Итгэлийн зээл гэж юм гаргаж ирж төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэх боллоо.
Эрх баригчид судалгаа явуулахад иргэдийн 90 хувь нь банкнаас 20 сая төгрөг хүртэлх зээл хүссэн байжээ. Тиймээс Итгэлийн зээлийн дээд хэмжээг хуулийн төсөлд тусгахдаа, 20 сая төгрөг байхаар тооцоолж, зээл олгохдоо иргэдэд хэд хэдэн шаардлага тавина гэв. Хугацаа хэтэрсэн зээлтэй, бусдын зээлийг батлан даасан хүнд зээл олгохгүй. Мөн сүүлийн нэг жилд бизнес эрхэлж байсан, өрхийн тогтвортой орлоготой иргэн зээл авах гэж буй хүнийг батлан дааж, зээл гаргаж өгөх боломжтой юм байна. Дээрх болзлыг хангасан 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авах боломжтой аж. Төрөөс зээлийг хариуцан, нэг жилийн гурван хувийн хүүтэйгээр олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Судалгаагаар Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байгааг мэдэж, МАН-ын бүлэг иргэдийн хөдөлмөр эрхлэх, тогтмол орлоготой байх боломжийг бүрдүүлэхэд дээрх хуулийн төсөл шаардлагатай гэж үзжээ.
Ийм л юм яриад энэ хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганаар оруулж яаралтай горимоор батлуулах тухай ярьж эхлэв бололтой. Эд нар одооноос иргэдэд зээл олгох гэж улайрч байгаа нь ирэх онд болох сонгуультай шууд хамааралтай. Наадуул чинь ямар үйл ажиллагаа төлөвлөж, юу гэж хэлэх нь ойлгомжтой байна. “Манай намыг ялуулбал бид Итгэлийн зээлийг буцааж авахгүй шүү. 20 саяыг тэр чигээр нь бэлэглэе” гэнэ. Ингэж л үгээ бэлдэж, ард түмэндээ гэнэт итгэсэн дүр үзүүлж эхлээд байна. Ийм амлалт өгөхөөр ялахаас яах вэ. Хэрвээ төрийн нэр барьж иргэдэд итгэл үзүүллээ гэдэг нэрийн дор 20 саяар нь хэдэн мянган хүнд зээл хэлбэрээр төгрөг олгоод эргүүлээд авахгүй орхивол Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, энэ улс сүйрнэ. Эрх мэдлийн төлөө явж байгаа хүмүүст эх орон, иргэдийн ирээдүй огтхон ч хамаагүй байдаг. Төрийн эрх мэдлийг авч байвал ард түмэн, улс орон нь мөхөж байна уу, ядарч байна уу өчүүхэн ч хамаагүй. Эрх мэдэлд хүрсний дараа юу ч хийхээс буцдаггүйг та бид сүүлийн дөрвөн жилд харлаа шүү дээ.
Одоо энэ Итгэлийн зээл гээчийг нь эсэргүүцэж, эдийн засгийн үндэслэлгүй зээлийг их хэмжээгээр олговол эргэн төлөлтөөсөө эхлүүлээд асар их бэрхшээл тулгарна гэдгийг эрүүлээр харж байгаа хэсэг бий. Ард түмэн ч үүнийг нэг их ойшоолгүй “Тэр их мөнгийг цацсанаас нийлүүлээд томоохон үйлдвэрүүд бариад ажилгүйчүүдийг ажилтай болго”, “Банкны шалгуурыг хангаж чадахгүй байгаа ард түмэн улсын мөнгийг буцааж төлж чадахгүй”, “Банк тоож зээл өгөөгүй байхад 20, 20 саяар нь мөнгө өгье гэж гэнэт сайхан зан гаргаж байгаа нь сэжигтэй” гэх мэтээр туйлын болгоомжтой хандаж, болвол томоохон бүтээн байгуулалтад тэр 300 тэрбумыг зарцуул гэсэн байр суурь илэрхийлж байна. Итгэлийн зээлд эхний жилд 200-300 тэрбумыг олгоно гэж байгааг эсэргүүцэж байгаа хүмүүс “Судалгаагүй ийм зүйл ярьж байгаа нь эргээд эдийн засагт маш том тушаа, дарамт болно” гэж байгаа юм. Үндэслэл, тооцоотой зүйлүүдийг ярьж байгаа хүмүүсийг “Ард түмэнд мөнгө өгөхийг эсэргүүцэж байна” гэж яллана. Тэр мэдээж. Итгэлийн зээл бол сонгуульд зориулагдсан төлөвлөгөө. Тиймээс Ардчилсан нам үүн дээр “Бид ялбал Итгэлийн зээлийг эргүүлэн авахгүй” гэж адилхан л үзэлцэхээс өөр аргагүй болно. Тийм болохоор эхний ээлжинд Итгэлийн зээлд олгогдох 300 тэрбум төгрөг бол 2020 оны сонгуулийн зардал юм.
Гэнэт л ард түмэн нь ядуу амьдарч, банкинд очоод 1-20 хүртэлх сая төгрөгийн зээл авахын тулд дараалал үүсгэж, ихэнх нь хоосон буцдагийг мэдэж байгаа нь харамсалтай. Хэрвээ сонгууль дөхөөгүй байсан бол ард түмнийхээ ахуй амьдралыг судлахгүй л байж. Өөрсдөө тэрбум тэрбумаар нь ямар ч шалгуургүйгээр ард түмний мөнгө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг нэгэндээ өгдөг атлаа нэг л өглөө “Бид ард түмэн та бүхэнд итгээд 20 саяын зээл өглөө шүү. 300 тэрбумыг бол төсвөөс өлхөөн гаргачихна” гэх нь ёс зүйтэй үйлдэл биш ээ. Төрийн эрх мэдлийг 60 тэрбумаар авсан гэгддэг нам одоо төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэж даналзаж буйг ард түмэн харж байгаа.
Өрмийг нь идэж, сүүг нь ууж гэдсээ цатгачихаад хусмыг нь ард түмэндээ өгөхдөө цаагуураа сонгуулиар дахин гарч ирэх далд санаа, төлөвлөгөөгөө шингээсэн нь тоогүй еэ.

Д.Гансаруул
Эх сурвалж: Өдрийнсонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан