1989 ОНД ГОРБАЧЁВ ХЯТАДАД ТАЛ ЗАСАХЫН ТУЛД МОНГОЛЫГ ЗОЛИОСОЛСОН

-"Бидэнд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж үгүй, гагцхүү мөнхийн эрх ашиг л гэж бий" гэж У. Черчиль хэлсэн байдаг. Олон улсын харилцаанд жижиг орны эрх ашиг гэхээсээ илүүтэйгээр том гүрний эрх ашиг өндөрт тавигддаг. Өнгөрсөн түүхэн хугацаанд үүн шиг их “холбоотон’’-той болсон цаг Монголд үгүй. Монгол бол “орхигдсон улс” гэж дүгнэгдэж байсан үе нэгэнт ард хоцорчээ.

П.Нэргүй: -Олон арван жилийн турш Монгол улсын нийгэм улс төрийн болон эдийн засаг, соёлын амьдралд ЗХУ аль ч орноос илүү лут лут нөлөөллийг өгч чадаж байсан. Үүгээр ч зогсохгүй Зөвлөлтийн дээд удирдлага Монгол улсын цаашдын хувь заяаны асуудлыг ч том бодлогоор залуурдаж байсан билээ.

1989-2005 оны хугацаанд Оросын дээд удирдлага Монгол улсад үзүүлэх нөлөөгөө эрс багасгаж, манайхны улс төрчдийн хэлдгээр Монгол улсыг “хаясан” гэж үздэг.

Том гүрэн байнга буурай орныг хог дээр хаях үзэгдэл байдгаас гадна том гүрэн том гүрнээ хаях, ганцаардуулах, ад шоо үзэх тийм үзэгдэл 20-р зууны дунд үед гарч байсныг бид мэдэх учиртай. Том гүрэн бага буурай орныг ч байтугай өөр том гүрнийг хаядаг тийм бодит жишээг дурьдах шаардлага гарч байна. Бид манай улсад тохиолдсон эмгэнэлт явдлын тухай дурьдах гэж дээрх баримтыг хэлж байгаа юм. Бид “Хөх толбо” сонины энэ оны №22 дугаарт Афганистаны тухай ярьсан билээ. Зөвлөлтийн дээд удирдлага Афганистаныг хоёрдах Монгол болгоно гэж дайн эхлүүлээд 1980-аад оны эцсээр энэ дайнд ялагдсан юм. Зөвлөлтийн дээд удирдлага Афганистаны дайнд ялагдсаны дараа шууд Монгол улсад 1989 оноос эдийн засгийн нууц дайныг эхлүүлж, энэ дайн 1995 он гэхэд дуусгавар болсон ажээ. Афганистантай хийсэн дайнд ЗХУ ялагдсан явдал Монгол улстай ямар ч холбоогүй зүйл байв.

-Эдийн засгийн нууц дайн гэж чухам юуг хэлээд байна вэ?

П.Нэргүй: -1989 оныг бид бүгдээрээ эргэж саная. Энд хэд хэдэн баримтыг хэлэх нь зөв байх. Юуны түрүүнд Зөвлөлтийн лут удирдагч Горбачёв 1989 оны 5-р сарын эцсээр Хятадад очиж, Хятадын их лидер Дин Сяо Пин-тэй уулзжээ. ЗХУ, Хятад улс хоёрын 1960-1990 он хүртэлх айхавтар их хүйтэрсэн бөгөөд дайсагнасан харилцааг өөрчлөх явдал Зөвлөлтийн удирдлагынхны хувьд чухал зорилго болж байв.

ЗХУ Хятад улстай харилцаагаа хэвийн болгохын тулд хамгийн түрүүнд Монгол улсын гоц удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах шаардлагатай байсан. Үүнийгээ Горбачёв 1984 онд хийж амжуулсан. Дараа нь 1989 онд Бээжинд очихдоо Монгол улсыг Хятадад панзалж, улмаар Монгол улс бол Хятадын салшгүй хэсэг байх ёстой юм шүү гэдгийг ойлгуулж, энэ үйлдлээ Зөвлөлт, Хятадын харилцааг хэвийн болгох гол чиглэлээ болгож чадав.

Горбачёв Дин Шяо Пиний сэтгэлийг зовоож байсан нэг том асуудлыг шууд шийдвэрлэсэн. Энэ нь юу вэ гэвэл ЗХУ Монголын нутгаас өөрийнхөө цэргийг гаргана гэдгийгээ амлажээ. Дараагийн нэг асуудал нь Монголын эдийн засаг руу Хятад улсыг өргөн фронтоор эзэгнэх гарцыг нээж өгсөн. Үүнтэй холбогдуулж Горбачёв өөрийнхөө мэдэлд байсан Монгол улсын гадаад худалдааны онц эрхийг Дин Шяо Пинд 250 сая швейцарь франкаар дамлав.

-1990 он гараад л Оросын гэх бараа эрс багасч, үнэндээ хүн бүр л “урагш” гарч наймаа хийж эхэлсэн нь үүнтэй холбоотой байх нь ээ?

П.Нэргүй:

-Горбачёв Монгол улсыг баавгайн амнаас луугийн аманд өгөхдөө Монголын эдийн засгийг сүйрүүлэх зорилгоор эдийн засгийн нууц дайныг 1989 оноос эхлүүлжээ. Хамгийн түрүүнд 1989 онд Зөвлөлтийн импортыг үлэмж багасгах чиглэлээс бүх асуудлыг эхэлсэн.

1988 онд ЗХУ-аас Монгол улсад нийлүүлдэг импорт 987 сая доллар байсныг 190 саяаар багасгаж, 1989 онд уул импортыг 797 сая болгов. 190 онд Зөвлөлтийн импорт өсөөгүй, хэвийн хэмжээнд ч байгаагүй, дахин 81 сая доллараар багасжээ. Эдийн засгийн нууц дайны хамгийн хүнд ачаа Монгол улсын хувьд 1991 онд тохиожээ. 1991 онд Зөвлөлтийн импорт 478 сая доллараар багасаж, 238 сая дээр буулаа. Үүнээс болж үндэсний үйлдвэрлэл эдийн засгийн их уналтыг бодит зүйл болгож чадсан аж. Ингэж эдийн засгийн нууц дайнд хядуулсан Монголын аж ахуйн тогтолцоо руу Хятад улс чөлөөтэй, өргөн фронтоор орж ирлээ.

-Оросууд Монголын эдийн засгийг ингэж унагах нь ямар ашигтай байсан гэж?

П.Нэргүй: -Монголын эдийн засгийг ингэж их уналтанд оруулах нь ЗХУ-д ч, Хятад улсад ч аль алинд нь хэрэгтэй байжээ. Хоёр том хөрш маань урьд нь ч, одоо ч цаашдаа ч Монгол улсыг эдийн засгийнх нь хувьд хөл дээр нь сүндэрлүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ харуулсаар байгаа.

Хэрэв Монгол улс эдийн засгийн бие даасан байдлыг олоод авбал энэ хоёр том гүрний нууцлаг колоничлолд өртсөн бүх Монгол овогтнууд эргээд Их Монгол улсаа байгуулах боломж гарч ирнэ гэдгийг Хятадын удирдлага ч, Оросын удирдлага ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Горбачёв, Ельцин Монголын эдийн засгийг нураахын тулд Монгол улсаас 4 тонн алтыг монжиж, 3 янзын лут татварыг тогтоож, бүх зээлээ зогсоосон ажээ. Горбачёв, Ельцин нар ийм хорлонт ажиллагаагаар Монгол улсыг Хятад улсын эдийн засгийн эрхшээл рүү түлхэж чадав. Бид дээрх нэн харамсалтай атлаа маш эмгэнэлтэй амилаг баримтаар том гүрэн бага буурай орныг яаж хохироож, доромжилж хаядгийг харуулах гэсэн юм. Гэтэл том гүрэн том гүрнээ гоочилж хаядаг нэгэн эмгэнэлт жишээг энэ дашрамд дурьдах шаардлага гарлаа.

-Үнэндээ хөрш хоёр том гүрний далд тохиролцооноос л Монголын хувь заяа шийдэгдчихсэн юм байна шүү дээ.

П.Нэргүй: -Манай ахмад үеийнхэн 1950-иад оны эцсээр ХКН, ЗХУКН хоёр марксизм-ленинизмээр юуны өмнө пролетарийн диктатураар айхавтар маргааныг дэгдээж байсныг мартаагүй санаж байгаа байх. Энэхүү маргаан өрнөж байх явцад Куба улстай холбогдон 1962 энд Карибын хямрал дэгдсэн ажээ. Уул хямралаас болж “Дэлхийн 3-р их дайн” дэгдэх шахсан шүү. Карибын хямралыг зохицуулах их ажил өрнөсөн. ЗХУ, АНУ хоёр ширээний ард сууж, хэлэлцээр хийж, хямралыг гэтлэх гарцыг хайсан гэлтэй. Гэвч ийм гарыг ЗХУ, АНУ хоёр далд хуйвалдааны аргаар шийдэхээр тохиролцжээ. ЗХУ нь АНУ-тай хамтарч дэлхийг эзэгнэхээр тохиролцов. Энэхүү тохиролцооны гол болзол гэсэн нэгэн асуудал хөндөгдсөн. Энэ юу вэ гэвэл ЗХУ Хятад улстай байгуулсан бүх харилцаагаа тасалж, Хятадыг хаях шаардлага байв. ЗХУ АНУ-ын уул шаардлагыг хүлээж авчээ. Ингэж ЗХУ социалист гүрний хувьд БНХАУ-ыг социалист гүрнийх нь хувьд 1962 онд хорвоогийн их хог руу чулуудаж хаясан гэлтэй. Хятад улс хор шарандаа ЗХУ-ын тусламжтайгаар байгуулсан үйлдвэрүүдийг байгуулахад авсан бүх зээлийг төлөөд зогсоогүй 1964 оны 8-р сард атомын бөмбөгийнхөө анхны туршилтыг хийлээ. Харин Зөвлөлтийн том лидер Хурущёв 1964 оны намар бүх албан тушаалаасаа огцорсон аж. Үүнээс нэг жилийн өмнө 1963 оны 11-р сард АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди алуулжээ. Ийнхүү ЗХУ гэдэг том социалист гүрэн БНХАУ гэдэг лут социалист гүрнийг хог дээр хаясан түүх ингэж өндөрлөсөн юм.

Түүхэн үйл явцуудын солбилцол гэж хэний ч үл тааварлах айхавтар том үйлс байдгийг 27 жилийн дараа 1989 оны зун огт өөр гольдрилоор давтагдлаа. Хэрэв Хурущёв 1962 онд Хятадыг хог дээр хаясан бол 1989 онд Горбачёв Хятадад очиж ЗХУ-ын үйлдсэн их том гэм буруугаа цайруулахын тулд Монгол улсыг Хятад улсад лут өгөөш болгож өгчээ.

-Энд тусгаар тогтносон Монгол улсын эрх ашиг гэж байхгүй юм гэж үү? Үнэхээр л олон улсын харилцаа хэн нь хүчтэй вэ гэдэг хуулинд л захирагдаж явах юм даа.

П.Нэргүй: -Ингэж Монгол улс хоёр хөршийнхөө тохуурхал, доромжлол болж үлдлээ. Дараагийн түүхэн үйл явцуудын солбилцолд өөр нэг гольдролоор өрнөж, ЗХУ-аас Монгол улсыг 1989 онд хог дээр яаж хаяснаа мартсан юм шиг 2007 онд Оросын шовинистууд царай алдаж. шуналаа дарж ядан Монгол улсад дахин эргэж ирэв. Монголын өнөөгийн дээд удирдлагад МАХН-ыг амьдаар нь үлдээсэн явдал Оросын өнөөгийн удирдлагад Горбачёвийн хийсэн том гавъяа болж үнэлэгдэх байлгүй. МАН-ын өнөөгийн удирдлага, ялангуяа, Ерөнхий сайд асан С.Баяр Оросын шовинист лидерүүдийг Монгол улсыг цаашид шинэ маягаар, лут лут чиглэлүүдээр колончлуулах гарцыг нээж өгөөд байна. Ер нь Оросын шовинистууд холбоотноо элдвээр гоочилж хаядаг бас хожим нь эргэж нөгөө голж хаясан холбоотноо царайчилж гуйдаг, сэм мөлжихийг зорьдог нэн хачин араншин байдгийг Монголчууд бид мэдэж байх ёстой. Дээрх хачирхалтай баримтуудыг ийм л зорилгоор бид ярих гэсэн юм.

-Хятадыг хүч султай байхад нь хайхрахгүй хаяж, хөгжиж эхэлмэгц найр тавин тал засч байсан түүх эргээд Монголд тусгалаа олж байх шиг. Одоо Монголд Орос шиг сайн холбоотон гэж “үгүй". Энэ бүхний зангилааг манай дээд удирдлагууд мэддэггүй байсан гэж үү?

П.Нэргүй: -20-р зуунд Монголын лидерүүдэд байнга тохиолддог нэгэн сүрхий "өвчин” тусч байжээ. Ийм "өвчин” нь манай олонхи удирдагчид, дарга тушаалтнууд лут лут бодлогуудын солбилцлын цэгүүдийг олж чаддаггүй. Бас онолын нэгэнт туршигдсан загваруудын нууцыг тайлж чадаагүй, Бас төрийн албуудын ажлын нарийн уялдааг харж чадаагүй зэргээс улс орныхоо амьдралыг бүхэлд нь тандах, засаж сайжруулах, оюуны мэлмий дутсанаас байнга үүсдэг өвчин болж хувирсан. Тиймээс ч харийнхны онол номлолд амархан автах, гаднынхны элдэв загварыг дуурайх, бусад орны туршлагаас хуулбарлах зэрэг харш үзэгдлүүд дэлгэрдэг болжээ. Бид үүнийг ийнхүү дурьдаж ярихдаа 1991 оны 1-р сараас эхлүүлсэн зах зээлийн шилжилтийг ярих гэсэн юм. Шинэ шинэ намууд бүгд л марксизм- ленинизмийг харгис онол үзэл хэмээн харааж, либерализмыг гайхамшигт номлол мэтээр шүтэж, марксизм-ленинизмээс бушуухан салж, социализм-коммунизмын онолыг түүхийн хог руу чулуудах хүсэл эрмэлзлэл айхавтар оргилж байсан тийм цаг мөчид Д.Бямбасүрэнгийн засгийн газар гайхамшигт “Хорьдугаар тогтоол”-оо баталж, түүндээ Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шинэ шатыг эхэлснийг зарлан тунхаглав. Ингэж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэдэг нэр томъёо хараал зүхлийн бай болж, зах зээлийн эдийн засаг гэсэн мундаг ухагдахуун, сайшаал магтаалын оргилд өргөмжпөгдлөө. Бид ардчилсан хувьсгалын онол, үзэл бодлогыг боловсруулахдаа либерализмыг, монетаризмыг хэзээ ч баримталж байгаагүй. Ардчилсан хувьсгалыг яаж хийх, ямар нөхцөлд хийх, юунд хүргэх асуудлыг судлахдаа маркизм- ленинизмыг зөвхөн онолын зиндаанд төдийгүй хамгийн гол нь энэ онолыг том бодлогын төвшинд Монгол улсыг зовиурлаг бөгөөд эмгэнэлт амьдралд нийцүүлж, эл амьдралыг өөрчлөх гольдролоор лут луг асуудлуудыг зангидаж үзсэн билээ. Марксизм- ленинизмын нууцыг тайлж мэдсэн нэг ч хүн, нэг ч удирдагч МАХН-ын дотроос төрж гараагүй. Энэ бол нэн харамсалтай бодит баримт шүү. Монгол улсын ээдрээт замналыг сэтгэн бодож, бэрхшээл зөрчил, хачирхалтай үйлдлүүдийг цэгнэн дүгнэх оролдлогууд хийгдэж байсныг би хэзээ ч үгүйсгээгүй. Ийм сэтгэн бодох чадвартай, мэдрэмж өндөртэй сэхээтнүүд гарч ирэх бүрт тэднийг МАХН-ын дээд удирдлага хавчин хяхаж шийтгэн хохироож байсан жишээ олон бий.

-Ийм сэхээтнүүд байсан гэж үү?

П.Нэргүй:-Ийм зоригтой, ухаалаг сэхээтнүүдээс би хамгийн түрүүнд Д.Төмөр-Очир, Л.Цэнд хоёрыг онцолж үздэг байсан. Бас Сурмаажав, Баасанжав, Ойдовжамц, Тогтох, Лоохууз нарыг дурьдаж хэлэх хэрэггэй. Эдгээрээс гадна 1991 оноос хойш 1999 оныг хүртэл надтай хамт судалгаа хийж байсан МАХН-ын ахмад гурван гишүүнийг би Монгол улсын дээгүүр орох эрдэмтэд гэж үздэг. Нэг нь, Д.Төмөр-Очиртой хамт хэлмэгдсэн доктор Ш.Бат-Очир, хоёрдох нь бас хэлмэгдэлд өртдөн доктор Ц.Отхон. гуравдах нь хожим Намын төв хороонд үзэл суртлын эрхлэгчээр ажилласан, мөн хэлмэгдэлд өртөж явсан, философийн шинжлэх ухааны доктор Ж.Чунагсүрэн гэсэн гурван эрдэмтнийг дурсах ёстой. Судалгааны явцад философийг тун сайн мэддэг эрдэмтэн бол доктор Чунагсүрэн байсан гэдэг нь надад байнга мэдрэгдэж байв. Доктор Ш.Бат-Очир 1960-аад оны үед үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааны зөрчлийн асуудлаар профессор У.Камбартай эрдмийн маргаан өрнүүлж, дээрх асуудалд өвөрмөц байр сууринаас хандаж байсан нь одоо ч мартагдаагүй явна. Профессор У.Камбар, доктор Ш.Бат-Очир хоёр улс төр эдийн засгийн ухаанаар үнэхээр лут эрдэмтэд болж чадсаныг би мэднэ. Хожим доктор Ш.Бат-Очир гуай зах зээлийн эдийн засгийн загварыг улс төр эдийн засгийн ухааны байр сууринаас айхавтар шүүмжилж байсан хэд хэдэн өгүүллүүдийг нийтлүүлж байсан билээ. Манай тэргүүлэх эрдэмтэд тэр бүр зах зээлийн эдийн засгийг үг дуугүй хүлээж авч байгаагүй юм шүү. Доктор Ш.Бат-Очир ямар ч байсан зах зээлийн эдийн засгийн нэгэн чухал шинжийг, тухайлбал, луйварсаг шинжийг харж чадсан гэдгийг хэлэхэд таатай байна. Доктор Ж.Чунагсүрэн марксист- ленинист философийг гутаадаг оролдлогуудад эрдмийн байр сууринаас эсэргүүцэн тэмцэж байсан билээ. Доктор Ш.Бат-Очир улс төр эдийн засгийн ухааны байр сууринаас шарын шашны мөлжимтгий шинжийг илчилсэн судалгааг хийж чадсан нь үнэхээр цаг үеэ олсон судалгаа болж чадсаныг хэлэх хэрэгтэй. Энэ бүгдийг миний бие “Хөх толбо” сонинд хөнддөгийн учир нь Монголчуудын дотроос Монголын сэхээтний дундаас үнэнхүү авъяаслаг, чадварлаг, бас сэтгэлийн тэнхээтэй эрдэмтэд төрж гарч байсныг зориуд хэлэх гэсэн юм. Бид ийм лут хөвгүүдээрээ, эрдэмтдээрээ бахархах ёстой.

Түүхэн цаг үе өөрчлөгдөх тийм агшинд хэн нь жинхэнэ эрдэмтэд, хэн нь дульхан эрдэмтэд гэдэг нь зайлбаргүй тогтоогддог юм. Энэ удаагийн ярилцлагадаа миний бие төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн асуудалд нэн шүүүмжлэлтэй ханддагаа толилуулах гэсэн юм. Монгол улсад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг төлөвшиж чадаагүй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь аль нэг том гүрний бодлого заавраар төлөвшдөг юм биш, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг эдийн засгийн хараат бодлогоор сүндэрлүүлдэггүй юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг зөвхөн эдийн засгийн бие даасан бодлогын үндсэн дээр чухамдаа том шилжилтийн үед цогцлуулдгийг бид мартах ёсгүй. Манай улсад хамгийн харамсалтай нь, хараат эдийн засгийн тогтолцоо төлөвшсөн байжээ.

-Бидний гол ялгаж зааглаж чадахгүй байгаа асуудал энд л оршиж байгаа байх нь ээ? 1990 оноос өмнөх Монголын эдийн засаг төвлөрсөн төлөвлөгөөт бус хараат эдийн засаг байсан юм байна.

П.Нэргүй:-Хараат эдийн засгийн тогтолцоо бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг биш. Бид Ардчилсан хувьсгалаар далд хараат эдийн засгаас хараат биш эдийн засагт шилжих асуудлыг дэвшүүлж тавьсан. Тэгэхдээ бид далд хараат эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих асуудлыг хэзээ ч хөндөж тавиагүй. Хамгийн гайхалтай нь МАХН-ын дээд удирдлага төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих зорилтыг Монгол улсад Ардчилсан хувьсгал 1990 оны 5-р сарын 6-нд зогссоноос хойш 8 сарын дараа буюу 1991 оны 1-р сард албан ёсоор зарласан нь үнэхээр бидний гайхшралыг төрүүлсэн. Харин бусад шинэ нялх намууд ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн өргөмжилсөн тэр лут зорилтыг, өөрөөр хэлбэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих зорилтыг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн ажээ. Ингэж дээрх том зорилт монголчууд биднийгээ хорин жил төөрөгдүүлж молигдсоор 2009 онд манай улсыг ямар өрөвдөлтэй байдалд оруулсныг цөмөөрөө эргэн цэгнэж харах ёстой болчихлоо. Монгол улсад ардчилсан хувьсгалыг амилуулахад марксизм-ленинизм хамгийн чухал болчихоод байхад МАХН-ын дээд удирдлага зөвлөлтийн лидерүүдийн заавраар марксизм-ленинизмээс татгалзсанаа зарлаж, бараг бүгдээрээ төв үзэл гэгч рүү хуйларч орцгоосон юм. Зөвлөлтийн дээд удирдлага 1923 оноос маркизм- ленинизмийг сэм орхиж, тэгэхдээ маркизм-ленинзмийн далбаан дор их Оросын шовинист-колониалист бодлогыг сэм хэрэгжүүлж эхэлсэн ажээ. Үүнийг Зөвлөлт засгийн оршин тогтносон бүхий л жилүүдэд нэг ч лидер, судалгааны төвүүд илчилж чадаагүй. Агуу их марксист В.И.Ленин 1922 оны 10-р сарын 6-ны өдөр нэгэн жаахан зурвас бичгийг Каменэвт илгээж: “Би Их Оросын шовинизмтэй эцсийнхээ дусал цусыг дуустал тэмцэх болно” гэж бичсэний цаад утга санааг хэн ч тайлж чадаагүй өнгөрсөн ажээ. Их Оросын шовинизм нь Октябрийн их социалист хувьсгалд, пролетарийн диктатурт, социализмын их үйлсэд аймшигт аюул учруулах нь гэдгийг Ленин дээрх зурвас бичгэндээ анхааруулжээ. 1922 оны эцсээр ялангуяа 1922 оны 12-р сарын 30-д СССР-ийг зарлан тунхагласан тэр өдөр В.И.Ленин өөрийнхөө гэрээслэлдээ их Оросын шовинист гэдгийн мөн чанарыг илчилж, бичсэн байдаг. СССР-ийн бүрэлдэхүүнээс гарах нь чөлөөтэй ч гэсэн иймэрхүү тунхаглал хэзээ ч Орос биш үндэстнүүдийг Их Оросын шовинистуудаас өөрөөр хэлбэл, адгийн шааруудаас, алуурчдаас хамгаалж чадахгүй гэсэн агуу тодорхойлолтыг бичсэн ажээ. В.И.Ленин бас нэг чухал улс төрийн томъёоллыг бичиж үлдээв. Энэ нь юу вэ гэвэл мөлжигч том гүрний үндэсний үзлийг юуны өмнө мөлжүүлэгч бага буурай үндэстний үндэсний үзлээс ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй гэсэн томъёоллыг бид хэлж байгаа юм.

-Оросууд одоо ч бага буурай үндэстэнтэй дээрэнгүй харьцдаг хэвээр шүү дээ.

П.Нэргүй: -1923 оноос эхлээд Зөвлөлтийн дээд удирдлага марксизм-ленинизмээр яваагүй, харин марксизм-ленинзмээр халхавчилсан Сталинизмээр энэ том гүрнийг залуурдсан ажээ. Сталинизм бол Их Оросын шовинизм-колониализмын дээд оргил нь болсон аж. Ялангуяа сталинизм дэлхийн хоёрдогч социалист орон гэж өргөмжпөгдөж байсан Монгол улсын хувьд хамгийн аймшигтай бодлого болж хувирсныг монголчууд бид бие сэтгэлээрээ туулсныг хэзээ ч мартаж болохгүй. Бид өнөөдөр ч гэсэн марксизм- ленинизмд олон иргэд, сэхээтэн лидерүүд муу муухайгаар харааж доромжилдгийг мэднэ. Олон хүн социализм коммунизм гэдэг үгийг сонсоод уур нь хүрдэг болсон. Гэтэл сталинизм Их Оросын шовинизм, далд колониализм гэж ярихад олон хүн нэн хайхрамжгүй хүлээж авдаг болов.
Намын үзэл суртал улс оронд марксизм- ленинзмыг шовинизмын колоничлолоос зааглаж үзэхгүй, маркизм- ленинизмийг хэт догмачилсны гай өнөөдөр монголчуудын дунд хүчтэй илэрсээр байгаа. Тийм ч учраас, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжинэ гэсэн улс төрийн энэ томъёоллыг жирийн сэхээтнүүд байтугай том том намууд, лут лут лидерүүд дуртайяа зөвшөөрч, монгиносоор адаг сүүлд нь бүхэл бүтэн улс орноо сүйрэл сүйтгэлийн шатанд оруулж, адаг сүүлд нь Монголын ард түмний урааны онц эрхийг Оросын шовинистуудад өгчихөөд юу ч болоогүй юм шиг суудаг болчихжээ.

Нөгөө зах зээл гээд гайхуулаад байсан юм нь мөн чанартаа неоколониализмын өнгөлөн далдлалт, бас монжооч зах зээлийн жинхэнэ мөн чанар байсныг өнөөдөр ч гэсэн мэдээгүй гэлдэрч яваа лут лут даргууд хэт олширсон байна. Онолыг үзэл рүү оруулж, үзлийг том бодлого руу амилуулж, ард түмний язгуур эрх ашгаар зангидаагүй цагт, том намууд, том төр, том лийдрүүд аймшигтай алдаа завхрал гаргадгийг өнөөгийн монголчууд бидний бодит амьдрал харуулсаар байна.

Архиваас...

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан