Их Гүрэн болон цагаан арьстны дээрэлхүү үзлээр хандахгүй байхыг Рио Тинто болон Арнауд Суаратаас хүсье

"Рио Тинто” группийн “Зэс, очир эрдэнийн групп”-ийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат удаа дараа Монгол Улсын Засгийн Газар, УИХ болон ард түмэнд хандан учирлах, айлгах, сүрдүүлэх, анхааруулахыг хослуулсан мэдэгдлүүдийг гаргаж байгаа. Ярьж, хэлж, бичиж байгаа бүхнийг нь шинжээд “Монголын эдийн засаг болон ард түмний гэрэлт ирээдүй биднээс шалтгаална, бидний энэ хичээл зүтгэлийг Монголын “арчаагүй, шуналтай” улс төрчид үгүй хийж байна” гэдэг мессежийг өгөх гээд байна уу даа гэсэн сэтгэгдэл төрч байна. “Оюутолгой Монголын ард түмний амьдралд Засгийн газраас илүү хөрөнгө оруулж байгаа” гэсэн дүгнэлттэй санал нийлэн олон Монголчууд ч бий. Гэхдээ энэ бүхнийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хэлэх хүн нь та биш, танд болон танай компанид ийм ёс зүйн эрх ч байхгүй. “Харамсалтай нь бидэнд "Оюу толгой"-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг хоёр жил гаруй зогсоож байсан түүх бий. Шалтгаан нь уурхайг улс төрийн өрөг дэх шатрын хүү болгож, нэгнийгээ тоглоомоос гаргах, анхаарал татах хэрэгсэл төдийхөнд авч үзсэнээс үүдэлтэй. Уг түүхийг давтагдуулахгүй байх нь чухал” гэж хэлсэн эрхэм Арнауд Сурат Английн Засгийн Газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгч, ийм зоригтойгоор шүүмжилж чадах байсан болов уу. 2017 онд Рио Тинто компани үйл ажиллагааныхаа тухай бодит мэдээллийг нуухын тулд тоон баримтанд өөрчлөлт оруулсан тул АНУ-д шалгагдаж, Англид торгуулж байхдаа ийм ярилцлагыг уг компанийн удирдлагууд өгөөгүй. Гэтэл Монголын УИХ өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд танай асуудлыг ярилцахын өмнөхөн хийж байгаа үйлдлүүд хөгжил буурай оронд үзүүлж байгаа дарамт шахалт мөн үү.
Манай улс төрчид болон албан хаагчид Английнх шиг чадвартай, ёс зүйтэй биш байж болно. УИХ-ын гишүүддээ очоогүй мэдээллийг танайх руу бариад гүйж байгаа гишүүд өрөвдөлтэй, арчаагүй эх орноосоо урвагчид гэдэг нь үнэн. Гэхдээ “Рио Тинто” хөгжил буурай орны арчаагүй улс төрчид, тогтворгүй эдийн засаг, ядуу ард түмэнтэйг нь ашиглан их гүрний дээрэлхүү, дарангуйлагч зангаар хандаж байна гэж хэлэх гээд байна. Баян орнуудын үндэстэн дамнасан компаниуд хөгжил буурай орнуудад очиж өөрсдийн давуу талыг ашиглан эх орондоо хийдэггүй ёс зүйн доголдолтой бизнесийн үйл ажиллагааг явуулдаг. 2015 онд Европын холбоо үүнтэй холбоотой 23 их сургуультай хамтарч Африк, Латин Америк болон Энэтхэгт судалгаа хийхэд хамгийн их “хүний эрх зөрчсөн аль эсвэл байгаль орчинд хортой үйл ажиллагаа” явуулсан гэсэн гомдол, маргаантай холбогдсон компаниудын нэг “Рио Тинто” байсныг сануулъя.
“Оюутолгой”-н гэрээг хийхдээ хахууль өгсөн байж магадгүй гэсэн хардлага “инээдтэй”, “Рио Тинто” буюу Их гүрний энэ компанид тийм ёс зүй байхгүй гэж байгаа хүмүүст Бүгд Найрамдах Гвиней улс дахь “Рио Тинто”-гийн хувь эзэмшдэг ордын тухай сануулъя. Уг улсад байрлах “Симандоу” нь дэлхийн хамгийн сайн чанарын төмрийн хүдрийн нөөцтэй орд газруудын нэг гэж тооцогддог. “Рио Тинто” уг ордын тодорхой хувийг нь олборлох эрхийг авахдаа “хахууль” байж болохуйц, учир битүүлэг 10.5 тэрбум ам.долларыг шилжүүлсэн хэргийг өнөөг хүртэл шалгаж байгаа. “Рио Тинто” нь Английн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани тул Их Британи ноцтой луйвар болон хахуулийн хэргийг шалгаж, шүүх үүрэгтэй “UK’s Serious Fraud Office” хэргийг шалгаж, зарим хүмүүсийн гэр оронд хүртэл нэгжлэг хийсэн. “Рио Тинто” нь Бүгд Найрамдах Гвиней уг орд газрынхаа эзэмшлийн хувиа зарах оролддогийг хийж байгаа ч урагшгүй байгаа юм. Мөн “Рио Тинто”-гийн БНХАУ дахь “Төмрийн хүдрийн групп”-ийн гүйцэтгэх захирал хахуулийн хэргээр Шанхайд есөн жил шоронд хоригдож 2018 онд суллагдсан гэдгийг сануулъя. Тиймээс "Рио Тинто” группийн “Зэс, очир эрдэнийн групп”-ийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат
“Өнөөдөр би Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна. Миний сүүлийн жил орчмын хугацаанд хийсэн 11 дэх удаагийн айлчлал юм. Энэ удаад ч мөн адил миний бие Монгол Улсын эрх баригчид болон бусад эрхэм хүндтэй төлөөлөлтэй уулзаж, аль аль талдаа харилцан ашигтай шийдэлд хүрэхээр санал солилцоно. Тиймээс энэ индрийг ашиглан Засгийн газарт хандаж, хамтын шийдэл олохоор идэвхтэй хамтарч ажиллахыг мөн уриалмаар байна.
Би гүний уурхайн төслийг зогсоохыг хүсэхгүй байна. Гэвч урьд нь хэлэлцээд тохирсон гэрээнүүдийн аливаа заалтыг дахин хэлэлцэхийг даалгах аваас бидэнд өөр сонголт үгүй. Олон давхар шалгалт, аудит хийж, эрчим хүч зэрэг чухал асуудалд туйлбаргүй хандсанаар үүдэн төслийн эрсдэл хэдийнээ өсдөгөө өсч, бүтээн байгуулалтын эрч суларчихаад байна” гэж бичиж байгаа нь ёс зүйтэй юу гэсэн асуулт гарч ирж байна. “Рио Тинто”-гийн нэр хүнд дэлхийн төвшинд унаж, эдийн засгийн сөрөг үр дагавар гарч байгаа бол тэр нь зөвхөн Монголтой холбоотой байх ямар ч үндэслэл байхгүй ээ. Мөн ташрамд дурдахад, Монгол Улсад ирж, хамтран ажиллаж байгаа танд талархахын сацуу зөвхөн төрийн дээд албан тушаалтнууд л улс оронд айлчлал хийдэг учраас та Монгол Улсад 11 удаа АЙЛЧИЛСАН бус ирсэн гэдгийг сануулъя. Түншлэл гэдэг нь хэн нэгнийгээ дээрэлхэх бус харилцан ашигтай шийдлийг олохын тулд нэг төвшинд бие биеэ хүндэлж харьцахыг хэлнэ. Манай засаг төр ямар ч байж болно гэхдээ энэ ардчилсан Монгол Улсын удирдлага, Монголын ард түмний төлөөлөл тул дүгнэлт өгч, Засаг төрөө шүүх эрх нь Монголын ард түмэнд л бий.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан