БИЗНЕС ЭРХЛЭГЧ ГИШҮҮД МОНГОЛБАНКИЙГ ОРОЛДОЖ ЭХЛЭВ


Ойрын өдрүүдэд хүчтэй шороон шуурга болох тухай Онцгой байдлын газраас анхааруулах болов. Нүүр нүдгүй шуурч, зам харгуй харанхуйлах тул болгоомжтой байхыг ард иргэдэд анхааруулсаар байгаа.
Гэтэл байгалийн эл үзэгдлээс урьтаж, улс төрийн хүрээнд шуурга дэгдэв. Байнгын ажиллагаатай парламент гацаж, төрийн түшээд нь гудамжинд жагсаж байсан үе ард хоцорч, албан тушаалын наймаа цэгцэрч, төрийн ажил урагшлах нь гэтэл ийнхүү явган шуурга дэгдэх нь.
Энэ удаад төвбанкийг онилж, эзнийг нь өөрчлөх санаа агуулав. Гэхдээ энэ санаа эртнээс улбаатай. Хэдийгээр Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаал “хөрөнгөтнүүд”-ийн аазгайг хөдөлгөдөг ч хэр баргийн аавын хүү хийж чадахааргүй ажил. Тэр дундаа Засгийн газар, арилжааны банкуудтайгаа нэг хөнжилд хэвтчихвэл бүр ч өнгөрнө гэсэн үг. Үүний тодхон жишээ нь Монголбанкны өмнөх ерөнхийлөгч. Өдгөө хэцүү нэртийнд саатуулагдан шалгагдаж байгаа.
Н.Баяртсайханыг гэнэт солихоор шуурсны шалтгаан ч энэ. Аль нэг албан тушаалтны нөмөр нөөлөгт багтаж, амны алчуур нь болдоггүй. Тиймдээ ч өнөөг хэр улстөрчдийн хүссэнээр ажиллаагүй. Мөнгө хэвлээгүй, янз бүрийн төсөл хөтөлбөрийг дэмжээгүй. Харин ч эсрэгээрээ Төвбанкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулж, Засгийн газарт өгөх санхүүжилтийг хязгаарласнаар дайсан олонтай болсон. Товчхондоо зэвүүцэл, бухимдлын галыг өөр рүүгээ чиглүүлсэн нь тэр.
Тиймдээ ч албан тушаалын хорхойтнууд үе үе үсчиж, төвбанкны удирдлагыг чичлэх оролдлого хийдэг ч, ажлынх нь үр дүнгээс улбаатай огцруулах үндэслэл олдолгүйгээр өнөө хүрсэн гэхэд хэтийдэхгүй. 
Үнэндээ Монголбанк ямар үүрэг, зорилготой, чиглэлтэй байгууллага вэ гэдгийг Н.Баяртсайханы ачаар чамгүй олон хүн мэддэг болов. Хатуухан хэлэхэд, энэ хүний ачаар төвбанктайгаа танилцсан гэхэд хилсдэхгүй биз. Түүнээс өмнө эл банкийг арилжааны банкуудтай эндүүрч, валют солиулах гэж зорих явдал түгээмэл байв. Учир мэддэг хүмүүсийн хувьд хаалттай ертөнц мэтээр ойлгож байсан нь ч саяхны явдал.
Эдийн засаг элгээрээ хэвтэж, сэхээнд байхад нь энэ хүн төвбанкны ерөнхийлөгчөөр томилогдож байлаа. Данс улайчихсан, хүүхдийн мөнгийг хүртэл хүн амын хэдхэн хувьд өгч, талх таллаж байгаа тухай амтай бүхэн шуугиж байсан өнөөх гашуун өдрүүдэд эдийн засагчийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон нь нүдээ олсон үйлдэл болж, хонгилын үзүүрт гэрэл гарах нь хэмээн итгэж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлдэж. УИХ-ын гишүүн, мөн Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагыг нь хүртэл товойлгон, эдийн засагчид магтаж байв. Үнэхээр томилгоо нүдээ олсныг тэр бататгасаан. Гадаад валютын нөөц “улайчихсан” үеийг бодвол өдгөө 3 тэрбум гаруй ам.доллартай болж, айх аюул ард үлдэв.
Инфляци дунд хугацаанд зорилтот түвшний орчимд эргэн тогтворжиж, энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.7 хувь, Улаанбаатарт 7.5 хувьтай байна. Мөнгөний бодлогын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх зорилт амжилттай хэрэгжиж зээлийн өсөлт 24.7 хувь, эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрлээ. Мөн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байх зорилгоор Монголбанк 2018 онд нийт 1.2 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бөгөөд 2019 он гарснаас хойш нийт 600 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ.
Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр гадаад валютын нөөцийг сүүлийн 2 жилд 3.5 дахин өсгөн 3.6 тэрбум ам.долларт хүргээд байгаа. Монголбанкны хувьд улс орныг гадаад валютын өрөнд оруулсан, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхүйц өнгөрсөн он жилүүдийн бодлогын алдааг давтахгүй байх зарчмыг баримтлан ажилласан талаар салбарынхан нь дуу нэгтэй дүгнэцгээдэг. Наанадаж л Монголбанкны гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй ажилласны үр дүнд Монголбанкны хуримтлагдаад байсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг сүүлийн хоёр жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулсан гээд ажлын үр дүнг тоочвол уртхан жагсаалт гарна. Үгүй дээ л, банк, санхүүгийн байгууллагын харилцааг орчин цагт нийцүүлж, эрх зүйн зохицуулалтыг нь боловсронгуй болгосон гавьяа түүнийх.
Энэ гавьяа нь ард иргэдэд хэрэгтэй ч, албан тушаалтнуудад түвэг болж байгаа юм. Энгийн жишээ хэлэхэд, валютын ханш өндөр байх улстөрчдөд ашиггүй. Тухайлбал, “Бишрэлт” Б.Ундармаа, “Мишээл”-ийн Б.Энх-Амгалан, “Оргил”-ын Д.Ганбаатар гэхчлэн Төрийн ордноор дүүрсэн бизнесмэнүүдэд бүр ашиггүй. Ямартаа эрх ашиг нь хөндөгдмөгц бал, цаас нийлүүлэн улайрч эхлэхэв. Замдаа тээглэсэн бул хар чулууг зайлуулах гэсэн тэдний огцруулах үндэслэл нь дэндүү ядмаг. Тухайлбал, ханш өссөн нь Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлээс улбаатай гэнэ. Тэр бүү хэл, “Капитал” банкийг татан буулгасан шалтгааныг ул болгож, санхүүгийн салбарын тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг нэр цохож.
УИХ-ын гишүүн хувийн бизнесээ хөсөр хаяж, өөрт хамааралгүй хэмээн мэлзэж, дампууруулсан бурууг Монголбанкинд тохох оролдлого. Монголбанкинд падлийгүйг мэдэх тул ерөнхийлөгчид нь бурууг нялзаах гэж хичээх нь эмгэнэлт драм шиг. Эл банкны дампуурал санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан хэмээн эрхэм гишүүд айлдсан байна билээ.
Бизнес эрхэлдэг, тоо гадарладаг, төр түшиж яваа түшээд гэхэд ийм юм сараачиж суудаг ичмээр шүү. Уг нь эсрэгээрээ банк, санхүүгийн сектор цэвэршиж, эрүүлжиж байгааг тэд анзаарсангүй. Активын чанарын үнэлгээгээр банкуудын үйл ажиллагааг олон улсын түвшинд үнэлсэн. Банкууд олон улсын түвшинд үнэлэгдэж, шалгуурыг давсан.
Хамгийн гол нь асуудал хүндээ биш, тогтолцоондоо бийг хууль тогтоох дээд байгууллагын эрхмүүд авч үзсэнгүй. Жишээ нь, ханшийг тогтвортой байлгая гэвэл зүгээр л хөрөнгө оруулалтаа тат, ам.доллар олж ир. Том төслүүдээ битгий зогсоо, гадны хөрөнгө оруулагчдыг бүү айлга. Ядаж л төсвөө алдагдалгүй баталчих. Ингэх төдийд ханш тогтворжино.
Түүнээс төв банкны ерөнхийлөгчөөр мөнгөн бөгстэй, алтан титэмтэй, мөнгөн дэвсгэрт “үйлдвэрлэгч” ч суугаад ханш тогтворжихгүй. Эдийн засаг өсөхгүй. Хөрөнгө оруулалт наашлахгүй.
Үүнийг мэдэх АН-ын бурхиуд ч шүгэл үлээж, Н.Баяртсайханыг онилох болсон нь анхаарал татна. Мэдээж МАН-д хагарал үүсч, нэгийгээ дэгээдэхийг хөндлөнгөөс балиашиглах нь тэдэнд ашигтай. Гэхдээ үүнээс илүүтэй АН-ынхан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг гэнэт сонгуулийн өмнөх жил солихоор улайрах нь Л.Золжаргалын үе шиг улсын мөнгөөр туйлах бэлтгэлээ одооноос хангах гэснийх юм биш биз гэх хардлага цухалзана. Мэдээж өмнөх ерөнхийлөгчийн энэ үйлдлийг давтах санаа МАН-ын зарим нэгэн эрхэмд ч бий.
Гэхдээ Монголбанкны өмнөх ерөнхийлөгч нар толгой мэдэж, ганцаараа шийдвэр гаргадаг байсныг хойд зүгийн хар овоохойгоороо дуудуулж буй Н.Баяртсайхан хамтын зарчмаар аливаа шийдвэрийг гаргадаг байхаар хуулиа өөрчилчихсөн. Тиймээс ганц түүнийг биш өөр олон хүнийг солих шаардлага үүсч мэдэх л юм.
Ер нь  төв банкны Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүсээс ганц нь л бүрэн эрхээ гүйцэд эдэлсэн байдаг. Бусад нь улс төрийн золиос болж хугацаанаасаа өмнө огцорч байсан туйлбаргүй түүхтэй. Энэ удаагийнх ч мөн өмнөх түүхүүдийн үе шатыг давтах шинжинд орлоо. Эмгэнэлтэй нь Б.Энххуяг гэх мөнгөн дэвсгэрт “үйлдвэрлэгч”-ийг тавихаар хоёр намынхан санаа нэгдсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй яригдах болсонд байгаа юм. Арилжааны банкуудын дампуурсан хэрэгт яллагдагч болох шахаад Монголбанкнаас явж байсан энэ залуу ахиад нэг банк дампуурах чимээтэй зэрэгцэн Монголбанкны ерөнхийлөгч болохоор эргэн ирж буй нь үнэн бол үнэхээр асуудал шүү. 
Нийгмийн толь
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан