Засгийн газар “Жаст”-ын Батхүүгийн өрийг төллөө


УИХ-ын хаврын чуулган албан ёсоор эхэлсэн өнгөрөгч долоо хоногт яригдаад удсан хуулийн байгууллагуудын удирдлагуудын томилгооны мэдээгээр эхэллээ. Энэ долоо хоногт ШШГЕГ-ын дарга өөрчлөгдөн, Засгийн газар энэ албан тушаалыг Д.Дамдинцэрэнд өглөө.
Мөн УИХ Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилж орхив.
Энэ албан тушаалд прокурор А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлсэн ч түүнтэй холбоотой бичлэг олон нийтэд дэлгэгдэн нэрээ татуулсан байгаа. Үүнээс гадна Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоо ээлжээ хүлээж байна.
Хуулийн байгууллагын удирдлагуудыг солих үйл явц энгийн, хэвийн өрнөсөнгүй. Ажлаа хүлээлгэн өгч байгаа болон, энэ албан тушаалд нэр дэвшсэн зарим хүмүүсийн факт баримтууд дэлгэгдэв. Энэ нь шударга бус хэрэг шүүх, прокурорын эргэн тойронд ч гүн гүнзгий шургасныг нотлох архивын баримтуудыг нэмж байна аа гэсэн үг юм.
Халаа сэлгээ хийснээр салбаруудыг нөмөрсөн хууль бус ажиллагаа цэгцэрчихнэ гэж ойлгож болохгүй байх. Энэ томилгоо шинэ удирдлагуудын хувьд дөнгөж эхлэл нь. Өмнөх удирдлагууд нь үндсэндээ “гэмт хэргийг улс төрийн захиалгаар шийддэг” гэсэн тодорхойлолттой буцсан.
Мэдээж хэрэг шинэ удирдлагуудыг УИХ “гэмт хэргийг улс төрийн захиалгаар шийдэхгүй хүмүүс” хэмээн итгэж томилсон байх. Тиймээс томилогдсон шинэ дарга нар хожмын нэг өдөр ийм сэдэв, ийм архивын гол баатар болохгүй байхад анхаарах болов уу гэсэн найдлага олон нийтэд төрж байна.
ЗАСГИЙН ГАЗАР “ЖАСТ”-ЫН БАТХҮҮГИЙН ӨРИЙГ ТӨЛЛӨӨ
Өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Ө.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар мэдээлэл хийж “Стандарт” банкинд төлөх ёстой Эрдэнэт үйлдвэрийн өрийг барагдуулсан гэдгээ мэдэгдлээ.
Эрдэнэт үйлдвэр Стандарт банкны барьцаанд байсан. Үйлдвэрийг “Жаст”-ын компанийн захирал Ш.Батхүү барьцаанд тавьсан. Үйл явдалд МАН-ын томоохон лидер Т.Очирхүү, М.Ганзориг нар холбогдсон хэдий ч эрх баригч нам Стандарт банкны өрийн талаар бараг ямар ч мэдээлэл өгч байгаагүй юм.
Ө.Энхтүвшин, Х.Бадамсүрэн хоёр өнгөрөгч долоо хоногт хэвлэлийнхний өмнө гарч ирж, 2012 оноос хойш Лондоны Арбитрийн шүүх дээр хэлэлцэгдсэн Стандарт банкны 86.95 сая ам.долларын нэхэл. Хүүтэйгээ 160 сая ам.доллараар хэмжигдэж байсан үйлдвэрийн өрийг 40 сая ам.доллараар төлөхөөр болсон гэж мэдэгдэв.
Хөрөнгийг Эрдэнэт үйлдвэрийн нөөц сангаас гаргасан байна. Эрдэнэт үйлдвэрийн Засгийн газрын мэдлийн 51 хувийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг Засгийн газар шүүхэд нэхэмжлэл гаргуулан буруутай этгээдээр төлүүлнэ хэмээн амлав. Гэвч энэ амлалт үнэн эсэхийг хэлэхэд эрт байна.
Бүтэн долоон жил үргэлжилсэн дуулианд эцсийн цэг тавигдаагүй, он жилүүдийн хооронд ямархуу үйл явц болж өнгөрсөн бэ гэдэг мэдээлэл нийтэд ил болоогүй. Ийм байхад 80 сая долларын өрийг ямар боломжоор 40 болтол бууруулсан. Үйлдвэрийг өрөнд тавьсан буруутай этгээдүүд зүгээр хоригдох ял аваад хэргээс мултрах уу, өрөө төлж, улсыг хохиролгүй болгож чадах уу гэдгийг үзэх нь мөн л цаг хугацааны хэрэг болж таарах биз ээ.
АН АМИЛСАН ХАВАР
АН-д сонгуулийн үнэр ханхалж, долоо хоногийг тэд дотооддоо ч донсолгоотой, гадагшаа ч жагсаалтай өнгөрүүлэв.
Хаврын чуулган эхэлсэн өдөр АН “УИХ ТАР” тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд эхлүүллээ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хаврын чуулганы хуралдаан нээсэнтэй холбогдуулан мэдээлэл хийж УИХ-д шаардлага ч хүргүүлэв.
Намын хэвлэл мэдээллийн алба энэ удаагийн жагсаалд 40 орчим мянган хүн оролцлоо хэмээн сүртэйхэн зарлаад авсан. Жагсаалын тухай элдэв мэдээ, тухайлбал, АН хамгийн олон хүн авчирсан намын үүрүүддээ 1 сая төгрөг амласан мэдээ бас түглээ.
Дүүргүүдээс иргэдийг унаагаар зөөсөн мэдээлэл ч байна. Сүүлийн жилүүдэд болж байгаа жагсаал цуглаан төлбөртэй болсон. Иргэдийг мөнгөөр жагсаалын талбайд авчрах нь хэвийн үзэгдэл болсноос жагсаалд ирсэн хүмүүсийн тоонд зохион байгуулагчид нь ихээхэн анхаардаг болжээ.
Хотын төвийн өндөр барилгууд фото сэтгүүлчид, сонирхогчдод жагсагчдын тоо толгойг харуулах боломжийг бүрдүүлээд өгч байна. Сүхбаатарын талбайн багтаамж ямар вэ гэдгээ тооцож мэдээлэхгүй бол олон нийтээс худал мэдээ түгээдэг гэсэн тодорхойлолт авч эхэлсэн гэдгээ жагсаал цуглаан зохион байгуулагчид санаандаа хийчихэд гэмгүй байх.
Жагсаал цуглаанаар долоо хоногийг эхлүүлсэн АН долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Ардчиллын 29 жилийн ойг тэмдэглэв. Гэвч 30 насны босгонд ирсэн энэ намын ой гишүүдийн хөл хөдөлгөөн, олон нийтийн хуудсанд түгээсэн зураг хөрөгнөөс цааш хэтэрч түгсэнгүй.
Ойн арга хэмжээ АН-ынхан ардчиллын үнэт зүйлдээ нэгдэж чадаагүй, лидерүүд нь тус тусын ашиг сонирхлыг хөөгөөд алга болсон. Гучин жилийн цаг хугацааны шүүлтүүрт тэдний хийсэн үйлдэл, үнэн худал хоёр ялгарч, жинхэнэ мөн чанараа харууллаа гэх мэт шүүмжлэл ч дагалдав.
УИХ тар гэсэн муухан нэртэй, мөнгөний жагсаал удирдсан нэр зүүж, Ардчиллын 29 жилийн бүлэг хүний баяр тэмдэглэж байхаар С.Эрдэнэ уг нь УИХ дахь долоон гишүүнээ аваад 49 ЖДҮ-чинтэй парламентыг орхисон бол ялах байв.
ЭХ СУРВАЛЖ:IKON.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан