Жамаараа салж буй эрх ашиг

Гуравдугаар сарын 1-нээс өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, хуулийн байгууллагын томилгоог хэлэлцэхийг “үүрэгдсэн” Ерөнхийлөгчийн албан хүсэлтийг хүлээж аваагүй ч, УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар  энэ сарын 18-нд эхэлсэн ээлжит бус чуулган гурван хуультай л завсарлаж байна. Энэ удаагийн ээлжит бусаар хэлэлцэх гол асуудал нь  АТГ болон прокурорын байгууллагын удирдлагыг өөрчлөх Ерөнхийлөгчийн “захиалга” байсан юм.
Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш хуулийн байгууллагыг өөрчлөх акц удаа, дараа өрнүүлж байгаагийн нэг нь ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, АТГ болон прокурорын байгууллагын удирдлагуудыг солих тухай.  Гэвч, МАН-ын бүлгийн хуралдаанаас хуулийн байгууллагын томилгоог хойшлуулсанд хамгийн их гонсойж хоцорсон нь Ерөнхийлөгч бөгөөд тэрбээр Г.Занданшатарт чадуулсан мэдрэмж түүнд төрж байхыг үгүйсгэхгүй. Гэвч, улс төрд мөнхийн найзууд байдаггүй гэдгийг мөнхийн ашиг сонирхол дээр улс төр хийж ирсэн Ерөнхийлөгч сайн мэдэхтэйгээ биз.
АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, Үндсэн хуулийн Цэцэд энэ асуудлаар маргаан үүссэн учраас томилгоог хойшлуулах нь хуулийн шалтгаантай байж болох ч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг яаралтай хэлэлцэнэ гэдэг Ерөнхийлөгчийн хүсэлтэд тойруугаар “үгүй” гэж хэлж буй шалтаг.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс А.Цэрэнсодномыг УЕП-ын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Г.Занданшатарт бичиг хүргүүлэхтэй зэрэгцээд МАН-ын бүлгийн гаргасан шийдвэр нь санамсаргүй давхцал гэж хэлэхэд хэцүү. Улс төрд санамсаргүй, тохиолдлын гэх зүйл угаасаа ч ховорхон гардаг хойно.
МАН-ын бүлгийн гаргасан шийдвэр бол МАН-ын даргын шийдвэрээс ялгаагүй.  Үндсэндээ ээлжит бусаар хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчлөх Ерөнхийлөгчийн хүсэлтийг хойшлуулснаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр хоёрын зам нэгэнтээ жамаараа салж буйн илрэл юм. Товчхондоо, УИХ-ыг засагтай нь  атгаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй эрх мэдлээ хуваалцахыг хүсэхгүй байна гэсэн үг.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дөрөө харшуулж ирсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зам салах нь тодорхой, харин цаг хугацааны хувьд хэзээ гэсэн ганц асуулттай байсан. Учир нь, У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгатай харьцуулахад рейтинг ч илүү, эрх мэдлийн хувьд  бүр ч илүү.
МАН-ын 64 суудлын дийлэнх нь түүний хүмүүс, дээр нь унаган багын найзаа УИХ-ын дарга болгосон У.Хүрэлсүх тэнэг биш бол яалаа гэж хуулийн байгууллагын эрх мэдлийг Х.Баттулгад өгөх билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн “захиалгыг” хэлэлцэхгүйгээр ээлжит бус чуулганыг завсарлуулж байгаа нь хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчлөх томилгоо дээр  Монголын нэг, гуравдугаар хүн хоорондоо  тохиролцож чадаагүй гэсэн үг.  Тиймээс  Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд “их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч болж байна.
Үнэндээ, УИХ, засгийн газраа хамтад нь атгаж байгаа том  намын даргын хувьд У.Хүрэлсүх АТГ болон прокурорын байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгчид өгвөл өөрөө өөртөө унах нүхээ ухсантай ялгаагүй болно.   Улс төрд унаж, босож явсан хүний хувьд У.Хүрэлсүх үүнийг тооцсон байж таараа. Тэр тусмаа сонгуулийн чимээ хаяанд ирчхээд байхад шүү дээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр У.Хүрэлсүх супер Ерөнхий сайд “төрүүлж” чаддаггүй юм аа гэхнээ 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсч яваа нь мэдээж. Энэ хүртэл явж ирсэн хүний хувьд шүү дээ. Тэгээд ч эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэсэн үгтэй. Үргэлж Ерөнхийлөгчийн сүүдэр дор, үргэлж хоёрдугаар хүн байх нь У.Хүрэлсүхэд зохихгүй. Угаасаа ч өөрөө үүнийг хүсэхгүй нь мэдээж. Тэгэхээр хоёр жилийн дараа У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр хонь, чоно болсон ч байх магадлалтай.  З.Энхболд, С.Эрдэнэ хоёрын "нөхөрлөл", Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын үзэн ядалт ба, "хайр дурлал"-аас харвал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын "шохоорхол" удаан үргэлжлэхгүй гэсэн үг. Угаасаа ч  хувь хүмүүсийнх нь араншин, амбиц  болоод тогтолцоогоо бодсон  ч  тэдний үерхэл “үүрд мөнх” байх огтхон ч боломжгүй билээ.

Ж. Нямсүрэнскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан