ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд айлчлах нь цаг хугацааны асуудал болов. ОХУ-ыг гадаад төвшинд бүрэн төлөөлөх болсоор удсан сайд С.Лавровын орлогч И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид Монголд албан томилолт хийж, ирэх наймдугаар сард тохиох Халх голын байлдааны ялалтын 80 жил болон бусад түүхэн ойг хамтран тэмдэглэх, өндөр, дээд төвшний айлчлалыг тогтмолжуулахаар санал солилцсон нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдал. Ямар ч байсан ОХУ-ын Төрийн тэргүүн энэ онд айлчлах нь тодорхой болж байх шиг.
2000, 2009, 2014 онд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хувиар Монголд үдлээд буцсан В.В.Путины энэ удаад хийх албан ёсны айлчлал өмнөхөөсөө илүү ач холбогдолтой, жин дарах нь мэдээж. Гагцхүү таван жилийн дараах тэр дундаа Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хийх ОХУ-ын Төрийн тэргүүний айлчлалаас бидэнд юу үлдэх вэ. Үүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын төвшинд зураглах гээд үзье.
Жүдогоор холбогдсон “андууд”
Улс төрийн хүрээнд өрнөдөг шүүмжлэл, зарим нэгнийх нь хардлагаар Монгол, ОХУ-ын Төрийн тэргүүнүүд өөр хоорондоо дотно, эчнээ танилууд. Х.Баттулга Төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараа уламжлал болсон НҮБ-ын хурлыг алгасч Унгарын Будапештийг зорин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хамт жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг үзсэн нь дээрх шүүмжлэл, хардлагыг илүү тодотгосон байж болох.
Удсан ч үгүй ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулган өндөрлөсний дараа Жигоро Каногийн нэрэмжит 21 хүртэлх насны залуу жүдочдын олон улсын тэмцээний медалийн төлөөх барилдааныг дахин хамт үзсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу.
Эндээс харахад ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит айлчлал Монголын Төрийн тэргүүний хувьд чухал. Тэдний уулзалтын үр дүнгээр Монгол, ОХУ-ын хооронд ямар хэлэлцээ үзэглэх, хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх нь сонирхолтой.
Дэлхийн хэмжээний лидерийн төрийн албан ёсны айлчлал гэдэг жүдо үзэхээс өөр учраас тэр шүү дээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч таван жилийн өмнө Монголд хийсэн айлчлалынхаа төгсгөлд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай үдийн зоог барьж, дараа нь Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн байдаг. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэд хэдэн хэлэлцээ хийж гарын үсэг зурцгаасан юм. Тэдгээр онцлохыг нь дурдвал:
-Иргэдийн харилцан зорчих нөхцөл
-Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх
-Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх
-Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах
-Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын "Оросын төмөр зам" НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэл
-Монгол Улсын иргэдийг газрын тосны "Роснефть" НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих
-"МИАТ" ХК болон "Аэрофлот" компани хооронд хамтран ажиллах зэрэг байв.
Эдгээрээс хоёр орны иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчдог болсноос эхлээд зарим хэлэлцээр нь бодит ажил хэргийн шугаманд яваа.
Тэгэхээр өмнөх Ерөнхийлөгчийн төвшинд ярьж үзэглэсэн гэрээ, хэлэлцээг ахиулах, хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ шат нээх эсэх нь жүдогоор холбогдсон “андууд” аман болон ажил хэргийн ямар тохиролцоо хийж, гэрээ үзэглэхээс хамаарах нь. Цаашлаад төмөр зам, Тавантолгой түүнээс хамаарах асуудал айлчлалын хүрээнд ямар нэгэн шийдэлд хүрч мэдэх.
Монгол, ОХУ, Хятад гурван улсын Төрийн тэргүүний хооронд байгуулсан Эдийн засгийн коридор байгуулах саналд дурдагдсан төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудал ч үүнд хамаарна.
Ташрамд сонирхуулахад, Халх голын байлдааны 80 жилийн ойн хүрээнд Халх голыг жишиг сум болгохоор Ерөнхийлөгч, Засгийн газрын төвшинд дэмжлэг үзүүлж буй учраас ирэх наймдугаар сараас урьтаж бодит ажил хэрэг болно. Тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч Халх гол суманд очих магадлал нь өндөр.
Айчлалаас илүү ажилтай дарга
Ерөнхий сайд асан С.Баярын урилгаар Владимир Путин ОХУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар 2009 онд Монголд айлчлал хийхэд тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Сүүлд Сү.Батболдын танхимд Гадаад харилцааны сайдаар ажиллах хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж байсан эсэхийг хэлж мэдэхүй ч энэ удаад парламентын спикерийн хувиар уулзах нь.
Гүйцэтгэх бус хууль тогтоох засаглалын дарга учраас төдийлөн гэрээ, хэлэлцээ хийхгүй болов уу.
Тэгээд ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаас илүүтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт түүнийг тойрсон хэлэлцүүлгийг зохион байгуулах, шүүмжлэл, маргааныг зохицуулах, шалан дээр унасан парламентын нэр хүндийг сэргээх замаар сонгуультай золгуулах нь УИХ-ын даргад чухал. “Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна. Улс төрийн тогтворгүй байдал, талцал хуваагдлыг эцэс болгох хэрэгтэй байна” хэмээсэн түүний үг одоо ч хуучраагүй байна. Үндсэндээ энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө ганцхан жил, гурван чуулганы хугацаа үлдээд байна. Үүнээс энэ сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулган бол амалснаа хийх хамгийн боломжит хугацаа, эцсийнх нь.
Чуулган хэрхэн нээлтээ хийхээс шалтгаалж, энэ хавар парламент юу хийж, ямар ажил амжуулж чадах эсэхийг тодорхойлно, хөрсийг нь тавих учиртай. Юу үнэн гэвэл энэ л үнэн.
Ерөнхий сайдад олдох алтан боломж
Магадгүй Монголын улстөрчдөөс ОХУ-ын Ерөнхийлөгчөөс хамгийн “хамаарал”-тай байж болох хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх.
Хамааралтай гэдгийг зориуд хашилтад хийсэн нь У.Хүрэлсүхийн хэлж буй үг, хийж байгаа үйлдэл бүр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ямар нэгэн байдлаар холбогддог учраас.
Гэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгч Владимир Путины айлчлал Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд олдож буй алтан боломж. Ирэх жил болох парламентын сонгуулиа бодсон ч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тодорхой төвшинд гэрээ хэлэлцээ хийх нь чухал. Ядаж л сонгуулийн сурталчилгаандаа ашиглах хэдэн агшин татуулахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрхбиш мэднэ.
Гэхдээ Монголд айлчлах ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайдын зүгээс утаа, агаар, хөрсний бохирдлын тухай ярихгүй нь мэдээж. Ярих ч шаардлага үгүй. Харин бүрэн хараат явж ирсэн шатахууны хилийн үнийг буулгах эсэх асуудлыг Төрийн тэргүүнээр нь дамжуулж “Роснефть”-ийнхэнтэй яриа хэлэлцээ хийх нь чухал. Нефтиэ өөрсдөө нэрэх өөдрөг төсөөлөлтэй яваа ч “Роснефть”-ийнхэн нуруугаа харуулахад, ОХУ крантаа хаахад Монголын амьдрал “таг” зогсоно. Адаглаад Дорноговь аймагт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нефть боловсруулах үйлдвэрийн ажлаа эрчимжүүлэхэд ОХУ-аас, “Роснефть”-ээс туршлага, технологийг нэвтрүүлэх эсэх талаар ярилцах нь Ерөнхий сайд, түүний танхимд хэрэгтэй. Энд Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын асуудал ч хөндөгдөх талтай.
Түүнээс биш өнөөх л ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дамжуулах тухай ярих нь шийдэл биш. Бид өөрсдөө хийн хоолойг Монголоор дайруулах ёстой хэмээн хөөрцөглөж, таамаг дэвшүүлж буйгаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс тоймтой хариу өгөхгүй. “Судалж үзье” гэсэн хариу өгнө.
Үүний хажуугаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлдэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нь санаа нэгдэж, “Монгол ялсан” нь үнэн л юм бол ШХАБ-д элсэх эсэх тухай яриа энэ удаагийн айлчлалын хүрээнд хөндөгдөх салшгүй нэг асуудал байх болов уу. Эцэст нь хэлэхэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд хойд хөршийн улс төр, бизнесийн салбарын томоохон төлөөллүүдээс хэн гэдэг эрхмүүд багтах мэдээж сонирхолтой.
Г.Сонор