Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон нь сүүлийн үеийн мэдээллүүдээс нэгэнт тодорхой болж байна. Манай улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш олон улсын тавь гаруй гэрээ, конвенцид нэгдэж орсон юм. Тэдгээрээс Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц зэргийг манай улс мөрдөх үүрэг хүлээж байгаа билээ. Жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг дэлхий нийтээр эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байна. Харамсалтай нь манай улсад энэ өдрийг бараг мартаад өнгөрөөдөг. Хүний эрхийн үндэсний комиссоос сүүлийн жилүүдэд 17 удаа тайлан илтгэлээ УИХ-д танилцуулсан боловч төрийн түшээд нь нэг чихээрээ оруулаад нөгөөхөөрөө гаргачихдаг байсан болохоор Монголд эрүүдэн шүүлт амь бөхтэй оршсоор өдий хүрчээ. Тэр бүү хэл 2014 онд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах албыг татан буулгаснаас хойш эррдэн шүүлт улам гаарчээ. Тэгээд саяхнаас С.Зоригийн хэргийг мөрдөж, шүүн таслах үеийн эрүү шүүлтийн баримтууд ил болоод ирэхээр амтай болгон нь өндөр дуугаар орилж, зарим нэр нөлөө бүхий улс төрчид энэхүү аймшигт явдлыг анх илчилсэн “баатар” болохын төлөө уралдаж байгаа нь инээдтэй төдийгүй ихээхэн эмгэнэлтэй юм.
Өнгөрсөн 21 жилд С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч болон мөрдөгчдийг маш олон удаа сольж өөрчилсөн нь бас энэ хэрэгт эрүү шүүлтийг эрээ цээргүйгээр хэрэглэх боломжийг бүрдүүлж өгсөн болов уу. Нөгөөтэйгүүр хамгийн сүүлд ажлын хэсгийг ахалсан Улсын Ерөнхий Прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Эрдэнэбат нь энэ хэрэгт хяналт тавих, мөрдөн шалгах ажлын аль алийг давхар хийж байсан тул эрүү шүүлтийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөж, улмаар хуулийнхны хуйвалдааныг гардан зохион байгуулахад хүрсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Г.Эрдэнэбат нь саяхан нууцын зэрэглэлээс гаргаж УИХ-ын гишүүдэд танилцуулсан эрүү шүүлтийн маш ноцтой баримт бүхий бичлэгүүдийг огт хайхарч үзээгүй нь С.Зоригийн хэргийг зориуд зохиомлоор үүсгэж, шүүгч нарыг төөрөгдүүлэх, шүүгч нартай үгсэн хуйвалдах замаар ямарч гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Мөн энэ нь шүүх хуралдааны дараа Цензүүргүй яриа нэвтрүүлэгт оролцох үедээ болон хэвлэлд өгсөн ярилцлагадаа С.Зоригийн хэргийн талаар түүний хэлсэн зарим иш үндэсгүй, худал хуурмаг зүйлүүдээс одоо бэлхнээ харагдаж байна.
Г.Эрдэнэбатын ярьснаар бол хэргийн цор ганц гэрч гэгддэг Б.Булган анхныхаа мэдүүлгээр “Алуурчид, энэ бол Эрдэнэтийн эхлэл. Дараагийнх нь Э.Бат-Үүл хэмээн заналтайгаар хэлээд гарч явцгаасан” гэдэг боловч энэ нь бусад баримтаар нотлогдоогүй байна. Тэгэхээр Б.Булган худлаа хэлсэн болж таарлаа. Мөн Б.Булган хэрэг гарахын өмнөх өдөр Ц.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг гэртээ оруулан мах чанаж өгөөд нэлээд удаан ярилцаж суусан гэдэг нь сүүлдээ бас нотолгоо муутай болсон байлаа. Яагаад гэхээр гурван удаа зурсан алуурчдын ам зургийг нь Б.Булган хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд саяхан Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдолдоо “Энэ хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт хамааралгүй хүмүүс” гэжээ. Ингээд гэртээ оруулж, чанасан махаар дайлсан хүмүүс нь тэд биш болоод явчихаж байна.
Ер нь анхнаасаа энэ хэрэгт Дамирангийн Энхбат гэдэг хүнийг Францаас хулгайлж авчраад нууц байранд хорьж, АК бууны бөгсөөр балбаж, өндөр сандал дээр өдөр шөнөгүй олон цагаар суулгах, цаазална гээд хээр тууж аваачин чихнийх нь хажуугаар буудаж сүрдүүлэх, хурц гэрлээр шарах, элий балай болтол зодох зэрэг зүсэн бүрээр тарчилган зовоож, эрүү шүүлт тулгаж байлаа. Тийнхүү С.Зоригийг алсан онц ноцтой гэмт хэрэгтэн болгох гэж хүчээр оролдож бүтэлгүйтээд эцэст нь харамсалтайгаар үхүүлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хүмүүсийн зохиосон ерөнхий схем, төлөвлөгөөгөөр дараагийн хэлмэгдүүлэлтийг хийсэн дүр зураг өдгөө хэн хүний толгойд хар аяндаа буух болжээ.
Б.Хурцыг Лондонд очиход нь хүн хулгайлсан хэргээр тэндэхийн тусгай хүчнийхэн баривчилж, Германы шүүхээр яллах гэж байтал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уйгагүй хөөцөлдөн ялаас чөлөөлөөд, Өмнөд Солонгост тосож аван эх орондоо авчраад төдий л удалгүй Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилсоныг зарим нь тодхон санаж байгаа байх. Тэгээд Б.Хурцыг хоёр жил гаруйн дараа тэндээс нь ТЕГ-ын дарга болгож дэвшүүлэн, хошууч генерал цол олгосон юм. Мөн С.Зоригийн хэргийг мөрдөх ажлын хэсгийн ахлагчаар тэр үед Ц.Элбэгдоржийн өөрийнх нь гарын хүн гэгддэг Г.Эрдэнэбат томилогдсон зэргээс анзаарахад тэрхүү алуурчдыг зохиомлоор олж бүрдүүлээд яллах ерөнхий схем, төлөвлөгөөний эзэн буюу ийм аймшигтай бүлэглэлийн жинхэнэ толгойлогч хэн байв гэдэг нь ч аяндаа тодорч байх шиг байна.
Анх хүний амь хороосон хэргээр ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар нь ТЕГ-т “Би С.Зоригийг хөнөөхөд оролцсон” гэх мэдээлэл өгсөн гэдэг. Тэгээд үүнийх нь дагуу шалгаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч сүүлийн үед олон нийтэд ил болоод байгаа баримтуудаас үзэхэд Ц.Амгаланбаатарыг тагнуулын мөрдөгчид нь өөрсдийн санаачлагаар С.Зоригийн амийг бүрэлгэсэн алуурчдыг зохиомлоор гаргаж ирэхэд ашигласан байж болзошгүй аж. Ц.Амгаланбаатар нь “Надад мөрдөгчид 500 сая төгрөг урамшуулал болгож өгнө гэсэн” гэх зэрэг ярианаас нь ингэж л ойлгохоор байна. Мань эр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр одоо шалгагдаж байгаа тагнуулын мөрдөгч Бархасбадь болон Болд, Бямбадорж нартай байнгын харилцаатай, тэд нарынхаа даалгавраар нөгөө хоёроо шоронгоос гар утсаар “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэх зэргээр мессеж бичихээс өгсүүлээд зүсэн бүрээр дарамталж байжээ. Өөрөөр хэлбэл, хүний амь хороосон хүнд гэмт хэргээр ял эдэлж суусан Ц.Амгаланбаатарын үгээр түүний нутаг усных нь багийн найз нөхөд, холын садангийн Б.Содномдаржаа, Т,Чимгээ нарын хамт С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчид хэмээн зохиомлоор хавтаст хэрэг бүрдүүлээд яллуулж орхисон бололтой. Бүр гурван шатны шүүх нь энэ гурван хүн гарцаагүй С.Зоригийг алсан гэж үзсэн нь бас ихээхэн хачирхалтай байгаа юм. Үнэхээр тийм үнэмшилтэйгээр зохиосон хэрэг үү. Бас тэднийг ялласан шүүх хурлын алинд нь ч цорын ганц амьд гэрч Б.Булганыг оролцуулахгүйгээр, шүүхийн мэтгэлцээнд бие биеэ танихаас өгсүүлээд олон асуултанд үнэн зөв хариулт сонсохгүйгээр хэргийг шийдсэн нь бүр гайхалтай.
Прокурорын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Улсын Ерөнхий Прокурорын албан тушаалаас огцорсон М.Энх-Амгалан болон түүний орлогч Г.Эрдэнэбат нар одоо С.Зоригийн хэргийг зориудаар будлиантуулж, эрүүдэн шүүлтээр бусдыг хэлмэгдүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх болж байна. Албан тушаалаас огцрох бол тэдний хувьд шийтгэл биш юм. Магадгүй тэд генерал Б.Хурц тэргүүтэй хүмүүсийн зохиомлоор гаргаж ирсэн алуурчид гэх хүмүүсийг шүүх дээр арай үнэмшилтэй болгож харагдуулах бүх юмыг хуулийн мэргэжлийн үүднээс хянан зохицуулж байсан болов уу. Мөн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан, Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг Ц.Зориг нь ч тэдний өрөөсөн дугуй болоод зүтгэж байсан байх.
Бас өөр нэг сонирхол татсан зүйл гэвэл С.Зориг агсны эхнэр Б.Булган нь хэргийн захиалагчийн хэрэгт яллагдагчаар шалгагдаж байгаа бөгөөд сүүлийн үед ер нь шүүхээс гаргасан захиалагчийг олж илрүүлэх шийдвэрийн хэрэгжилт ямархуу шатандаа явааг ярьдаг, сонирхож асуудаг ч хүн алга болжээ. Гэхдээ ямартай ч эрүүдэн шүүлтийн дуулианаар С.Зоригийн хэргийг буруу замаар оруулж, алуурчдыг зохиомлоор гаргаж ирээд ялласан аймшигт бүлэглэлийн схем дээр голлон тоглогчдыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц гардан удирдаж байв уу гэсэн хардлага төрөөд байна.
О.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн