МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчид ба улс төр


МҮХАҮТ-ын их хурал өнөөдөр болж байна.  Хурлаар шинэ ерөнхийлөгчөө тодруулах юм байна.  Энэ удаагийн  сунгаанд МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубын ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөх юм.  Мөн “Өгөөж чихэр боов” компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл нэр дэвшинэ гэжээ.  Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
  1. Баатаржавын Лхагважав:– Түүнийг олон нийт ааваар нь овоглохоос илүүтэй “Урбанек”-ын Б.Лхагважав гэдэг.  Тэр  1991 онд бизнест хөл тавьсан.  Польш дахь Венера цууны үйлдвэртэй гэрээ хийж, хоол амтлагч  Монгол руу оруулж эхэлсэн байна. Урбанек компани  ингэж л байгуулагдсан түүхтэй. Тэрээр чөлөөт цагаараа уран зураг зурах сонирхолтой бөгөөд уртын дуу судлах дуртай гэнэ. Б.Лхагважав 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр МАН-ын гишүүнээр элссэн. 2012 оны УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшихдээ Л.Болд, Ц.Оюунгэрэл, Ц.Батбаяр нартай өрсөлдсөн юм.
  2. Чулууны Ганхуяг:Тэрээр 1993 онд Унгарын Эдийн засаг, төрийн захиргааны их сургуульд суралцахаар Будапештыг зорьсон юм. 1997 онд сургуулиа дүүргээд эх орондоо ирж Монгол Банкинд хянан шалгагчаар ажиллаж байгаад 1998 онд НҮБ-ын МикроСтарт жижиг зээлийн төслийн удирдагчаар ажиллахаар болсон байна. Энэ нь ХАС банкыг байгуулах гол суурийг тавьж 1999 онд Монголын анхны банк бус санхүүгийн байгууллагыг байгуулсан юм.  Өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Хас банк”, “Тэнгэр” санхүүгийн нэгдэл, “Ард” санхүүгийн нэгдэл зэрэг банк санхүүгийн томоохон байгууллагын удирдаж байна.  Мөн Монголын эдийн засгийн форум, “CEO” клуб, “Дуулиан 2020” ТББ санаачилсан. 2010 онд МАХН-д элссэн тухайгаа  Ч.Ганхуяг “Хэн нэгнийг унах гэж байхад нь эсвэл унах гэж байгаа бизнесээ аврах гэж би намд элсээгүй. Би 1997 оноос намтай ойр харилцаатай байсан. Банк өөрөө үйлчилгээний байгууллага тиймдээ ч банкны захирал намын төлөөлөлгүй байх ёстой. Иймээс банкаа удирдахаа больсны дараа намд элссэн” гэж тайлбарлаж байв. 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байсан.3.  Отгондаваагийн Амартүвшин:  Тэрээр  25 настайдаа хувийн бизнесээ эхлүүлж, “UFC” группийг байгуулснаар залуу бизнесменийн жагсаалтад өөрийн байр суурь эзлэх болсон юм.  Улмаар 2016 онд Булган аймгийн Ардчилсан намд бүртгүүлж, гишүүнийхээ үнэмлэхийг авч  2016 оны ээлжит сонгуульд Булган аймгийн 10 дугаарт тойрогт АН-аас өрсөлдсөн байдаг. Түүнийг өрсөлдөх үед З.Энхболд О.Амартүвшинийг Булган аймагтайгаа маш ойрхон байж, Булган хангайн хүчтэнүүд дэвжээний тэргүүний ажлыг хийдэг, Ардчилсан нам 1996 оноос хойш Булган аймагт өөрийн төлөөлөлгүй байсан учир түүнийг сонгохыг уриалж баахан рекламдсан ч тусыг эс олсон билээ.  Мөн 2014 онд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Б.Лхагважавт ганц саналаар ялагдсан юм.4.Базарсадын Жаргалсайхан: Түүний улс төрийн амьдрал тун ойлгомжгүй.  БНН-ыг байгуулсан, АН-д элссэн, гарсан.   МАН-нд сэтгэлтэй явсан үе байдаг. Тэрээр өөрийнхөө нэрний өмнөх “овог” нь болсон “Буян” компанийхаа үндэс суурийг 1987 онд тавьж байжээ. Анх 20-иод мянган төгрөгийн дүрмийн сантай, ах дүү хамаатан саднаараа нийлж босгосон тус компани өдгөө ноос ноолуурын зах зээлд хэдийнэ байр сууриа эзэлсэн томоохон “вант улс” болж чадсан. Мөн тэрээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин 13,83 хувийн саналтайгаар өвдөг шороодсон аж. Б.Жаргалсайхан нь 2002-2006 оны туршид Монголын Топ-10 улстөрчийн нэгт зүй ёсоор нэрлэгддэг байсан бөгөөд одоо ч түүнийг дэмждэг хүмүүс бий.5. Cумъяагийн Түмэнгэрэл“Өгөөж”-ийн гэдгээрээ олноо алдаршсан С.Түмэнгэрэл, “Шарк танк” нэвтрүүлгийн гол баатруудын нэг юм.  60-70 жилийн түүхтэй хүнсний үйлдвэрийг хувьчилж авснаар бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, үйл ажиллагааг нь улам сайжруулан амжилттай ажиллаж яваа. Олон салбарт орохгүй, зөвхөн хүнсний үйлдвэрээ удирдан яваа.  Гэхдээ тэрээр 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан. Гэвч түүнийг улстөрийн хүн гэхээс илүү хүнс үйлдвэрлэгч гэдгээр нь л хүлээж авч байлаа.
Т.САЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ/скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан