УЛСТӨРЧДӨД ТАВИХ АСУУЛТ: Уул уурхайгаас олсон орлого хаачив?

Уул уурхай идэвхжиж эхэлсэн 2008-2009 оноос хойш Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлого огцом өсч, Монгол Улс ядуу буурай орны ангиллаас хөгжиж буй орны ангилалд багтах болсон.
Уул уурхайн салбар 2008-2018 оны хооронд ойролцоогоор 18 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар, хураамжийн шууд орлого хэлбэрээр оруулсан байна. Дундажлавал, сүүлийн 10 жилд уул уурхайн компаниуд жил бүр 1.6 их наяд орчим төгрөгийг улсад төлжээ. Энэ бол Монгол Улсын жилийн төсвийн орлогын 3-ны нэгтэй тэнцэх их хэмжээний орлого юм. 
Мөн улсын төсвийн орлого 2000 онд 340 орчим тэрбум төгрөг байсан бол 2008 онд 2.2 их наяд, 2018 онд 10 их наяд тус тус болж даруй 29 дахин нугарч өссөн байна. Ийнхүү уул уурхайн салбар эдийн засагт гол “зүтгүүр”-ийн үүрэг гүйцэтгэж байгаа ч татвараар төсөвт хуримтлагдсан энэ их орлого хаашаа “орж”, юунд зарцуулагдсан нь өнөөдөр тун тодорхойгүй байгаа юм. Мөнгийг захиран зарцуулж ирсэн улс төрчдөөс бид энэ асуултын хариултыг нэхэх ёстой болж байна. 
 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:
“Уул уурхайн орлого гэдэг бол зүгээр нэг гудамжинд хэвтэж байгаа, гэнэт санамсаргүй олдсон бөөн алт биш. Жишээ нь: Хэдэн мянган уурхайчид 2 км-ын доороос 1 тонн чулууг гаргаж ирээд, гурил болтол нь тээрэмдэж байж 2 гр алт, 5 гр зэс л гаргаж авдаг. Ингэж асар их зовлон, хүч хөдөлмөрөөр бий болсон юмыг үрдэг учраас улс төрчдөд энэ мөнгө ямар ч үнэ цэнэгүй. Улстөрчдөд хоёр их наяд төгрөг ч үнэ цэнэгүй, хоёр төгрөг ч үнэ цэнэгүй. Яагаад гэвэл өөрсдөө хөдөлмөр гаргаагүй учраас. Хүний мөнгийг хүнд тараах шиг сайхан ажил байхгүй. Цаана байгаа жаргал зовлонг ойлгохгүй, зөвхөн өөрийнхөө нэг удаагийн улс төрийн нэр хүндийн төлөө л  байдаг”. 
 
Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч асан Н.Алгаа: 
“Төр баялгийн зохистой хуваарилалтыг хийж чадахгүй байна. Уул уурхайгаас төлсөн татварыг хүмүүст хүртээмжтэй, үр ашигтай хуваарилалтыг төр хийх ёстой. Тэр хуваарилалт байхгүй болчихоод байна”. 
 
Эдийн засагч Б.Мөнхсоёл: 
“Баялагтай орон хараал хүртдэг юм биш. Харин тэр байгалийн баялгаас олсон орлогыг буруу зарцуулж байгаа шийдвэр гаргагчдын нөлөөгөөр ХАРААЛ болдог. Баялгаас орж ирсэн орлогын зарцуулалтыг төр засаг л хийж байгаа. Өөрөөр хэлбэл, засгийн газар дээр ба УИХ-ын гишүүд. Трансперенси Интернайшнл байгууллага Авлигын индекст дурдахдаа “Популист амлалт хийдэг улс төрчидтэй улсад авлигын түвшин өндөр байна” гэж дүгнэсэн байгаа”. 
 
СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: 
“Монгол Улсын экспорт 2018 онд дээд түвшиндээ хүрч, анх удаагаа 7 тэрбум ам.доллар давлаа. Үүний 90 орчим хувь нь УУЛ УУРХАЙН салбарт ногдож байгаа. Уул уурхай бол гадаад эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг, дотоод талдаа итгэлцэл, тогтвортой бодлогоос хамаардаг. Ийм чухал салбаруудаараа улс төр хийж байгаа нь хамгийн харамсалтай. Суурь салбараараа оролдоно гэдэг бол хоолоороо оролдож байгаатай яг адилхан. Үүнээс үүдэх сөрөг үр дагаварыг нийт ард иргэд амьжиргаагаараа, орлогоороо төлөх болдог нь хамгийн харамсалтай.”
 
Эдийн засагч Ч.Отгочулуу: 
“Монголд валют оруулж ирдэг хоёр л том салбар бий. 1-рт экспорт, 2-рт гадаадын шууд хөрөнгө оруулалт. Энэ хоёр хоёулаа УУЛ УУРХАЙ дээр тогтож байна. Экспортын орлогын 90-ээс дээш хувь, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-аас дээш хувийг бүрдүүлж байна. Валют орж ирснээр төгрөгийн ханш тогтвортой байна. 2-рт уул уурхай төсвийн орлогын 30 орчим хувийг, уул уурхай тойрч үйлчилгээ үзүүлж байгаа салбаруудтай нийлбэл 40 хувь руу дөхөх хэмжээний орлогыг бүрдүүлж байна. Багш, эмч нарын цалин, тэтгэврийнхний тэтгэмж, хангамж, сургууль, эмнэлэг, төсвийн газрууд бүгд л уул уурхайн орлогоор явж байгаа юм шүү дээ”. 
М.Болд
IKON.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан