Д.Мөнх-Эрдэнэ: Ц.Нямдорж гуайгаас юуг нь сурах юм бэ, Эрдэнэтэд хүүгээрээ дамжуулж бараа шахсаныг нь, хоригдлуудаар хоёр том хаус бариулсныг нь сурах юм уу

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад сая өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй уулзаж, дэлгэрэнгүй яриа өрнүүлснээ хүргэе.
Монгол Улсын Гавьяат хуульч, УИХ-ын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Дашдоржийн Дэмбэрэлцэрэн гэж монгол төрийн тулхтай түшээ, Монголын хуулийн салбарын үнэ хүндтэй эрхэм байлаа. Монголын төрд үгүйлэгддэг төрийн зүтгэлтнүүдийн нэг. Хүү нь удам залган хуульчаар ажиллаж байна. Шударга ёсны төлөө түүний отгон хүү Д.Мөнх-Эрдэнэ сайн эцгийн нэрийг хугалахааргүй зүтгэж явааг мэдэх хүмүүс нь мэднэ. Хэдхэн сарын өмнө дөө, нийслэлд зам чөлөөлөх “аян дайн” шахуу ажлыг хотоос эхлүүлэхэд учир мэдэх хүмүүс “Дэмбэрэлцэрэнгийн хүү удирдан зохион байгуулж байгаа юм билээ, ард нь гарах байх” гэж байсан. Олны амнаас гарсан “Дэмбэрэлцэрэнгийн хүү” гэсэн энэ хоёр үг магадгүй түүний үнэт зүйл байх. Эцгийн өгсөн нэр дээр эцгийнхээ бий болгосон улстөрчийн, хуульчийн үнэт капиталыг авч явна гэдэг амаргүй. Яагаад гэвэл түүний алдаа, оноо бүхэнтэй хамт сайн эцгийнх нь нэр өндөлзөнө. Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад сая өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй уулзаж, дэлгэрэнгүй яриа өрнүүлснээ хүргэе.
-Та бол Монголын тодорхой, том хуульч Д.Дэмбэрэлцэрэн агсны хүү. Удам дамжсан хуульч. Та саяхан дуулиан шуугиантайгаар ажлаа өгсөн Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын ахлах зөвлөхөөр ажилласан. Ямар ажил нь буруу байгаад танай дарга ажлаа өгөхөөр болов. Та хуульч хүнийхээ хувьд яаж харж, дүгнэж байгаа вэ?
-Өнөөдрийн Монголын нийгэмд хуулийн дагуу ажлаа явуулахад хүнд болчихож. Улстөржилт, талцал хуваагдал нь төрийн бүх шатанд даамжирлаа. 
Уг нь нийслэлд сайхан хамт олон, баг бүрдсэн. Засгийн газартайгаа хамтраад дүүрэг, хороо, төрийн албан хаагчдаа удирдаад нийслэлд ажил хийж болно. Саяны үйл явцыг харахад цэвэр нам доторх талцал хуваагдал нийслэл дээр буусны илрэл. 
-МАН-ын доторх талцал хуваагдал уу?
-Тийм ээ. Нийслэлийн ир­гэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, мөн Засгийн газрын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2016, 2017, 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт сайн байна гэж дүгнэсэн. Гэтэл гэнэт л Засгийн газрын тэргүүний зүгээс “Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас огцруулах нь зүйтэй” гэсэн санал ирсэн. Тэгээд л С.Батболд дарга улс төрийн нөхцөл байдлыг үнэлээд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байх.
-Шинэ Ерөнхий сайд тодор­хой үндэслэлүүдээр л С.Батболд даргатай хамтарч ажиллахаас татгалзсан байлгүй дээ?
-Энд нэг зүйлийг хэлье. Миний тантай ярилцаж байгаа нь ажлаа өгсөн даргаа өмөөрөхөд зориулагдсан юм биш шүү. Та бид хоёрын ярих сэдэв ч биш. Зүгээр таны зүгээс миний хамгийн сүүлд эрхэлж байсан ажлаас маань яриагаа эхлүүлж байна гэж ойлгоод хариулж байна. Ер нь бол Засгийн газрын тэргүүний ярьсан огцруулах үндэслэлийн гол нь “утаатай тэмцээгүй байна” л гэсэн байсан.
-Үнэндээ ч хотын утаа гамшгийн хэмжээнд үргэлжилсээр л байна шүү дээ?
-Үнэн. Гэхдээ санхүүжилтийг нь шийдэхгүйгээр ямар ч мундаг дарга байгаад утааны эсрэг дорвитой ажил хийж чадахгүй. Хоёрхон жилийн дотор илбийн юм шиг шийдчих ч ажил биш. Гэхдээ нийслэл өөрийн дотоод нөөц боломжоо ашиглан олон улсын байгууллагуудтай хамтарч, хоёр жил хагасын хугацаанд утааны эсрэг үе шаттай ажил хийгээд явсан. Тухайлбал, Сүхбаатар, Чингэл­тэй дүүргүүдэд сервис центр төсөл хэрэгжээд явж байна. Энэ төслийг цааш нь нийслэлийн гэр хорооллын бүсэд байгаа 80 гаруй хороонд хэрэгжүүлж, 200 мянган айл өрхийг дэд бүтцэд холбох ёстой. Зөвхөн гэр хорооллын бүсэд 200-300 өрхийг дэд бүтэцтэй холбоход 5-10 тэрбум төгрөг шаардлагатай. Нийтэд нь тооцохоор эхний ээлжинд 2-3 их наядын хөрөнгө хэрэгтэй байгаа юм. За тэгээд бид гэр хороололд газрыг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувьд тооцож санхүүжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд гэхэд 100 гаруй өрх айл орон сууцтай болсон. Цаашид энэ арга хэмжээг өргөжүүлэх ёстой. Дахиад л санхүүжилт хэрэгтэй. Би хувьдаа айл өрх бүрийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, цэвэр, бохир, халуун, хүйтэн ус, дэд бүтцэд холбох нь төрийн бодлого гэж харж байгаа. Тэгэхээр утаатай тэмцэх нь зөвхөн нийслэл бус, Засгийн газраас, Улсын Их Хурлаас хамаарах ажил болох нь тодорхой байгаа биз.
-Тийм хөрөнгө мөнгөний боломж С.Батболдын үед байсан уу?
-Байхгүй. Та бид мэднэ. Монгол Улс 2016-2018 оны хооронд энэ тэндээс зээлсэн өмнөх өрүүдийг дарсаар байгаад таарсан. Томоохон төсөл, хөтөлбөрүүдэд зориулж сүүлийн 2 жилд улс, нийслэлийн төсөвт мөнгө тавиагүй. Бид аймаг орон нутгаа хөгжүүлэх, төвлөрлийг сааруулахын тулд тэнд хөрөнгө оруулалт хийж, дагуул хотуудыг бий болгох ёстой. Гэтэл хө­рөн­гө санхүүгийн боломж хязгаарлагдмал байна. Хотын удирдлагын хувьд арга ядаад 1994 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газ­раар дамжуулан 2017 оны зургадугаар сард УИХ-д өр­гөн мэдүүлсэн. Дэлхийн то­моохон хотууд тулгамдаж буй асуудлуудаа Засгийн газар, гадаадын зээл, тусламжаас хамааралгүйгээр шийдэхийн тулд өөрөө бие даан олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргадаг жишиг бий. Бид энэ жишгээр нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх бонд гаргах эрх авахаар уг хуулийн төсөлд тусгасан. Гэтэл одоо хүртэл тэр хууль батлагдаагүй. Нийслэлийн санхүүгийн боломж, нөхцөл байдлыг харахаар 20-30 жилийн хугацаатай нэг хүртэл тэрбум ам.долларын бонд гаргаад гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох томоохон төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. 
-Улаанбаатар хотод бонд босгоод төлөх эдийн засгийн чадамж бий юу?
-Бий. Нийслэл 2016-2018 онд 100 гаруй тэрбум төгрөгийн концессын өрийг төлсөн. Хо­тын эдийн засгийн боломж, нөхцөлийг харж хөрөнгө босгох хэрэг шүү дээ. Хотод боломж байгаа учраас ашиглая, шийдье гэхээр өнөөдрийг хүртэл хуулийг нь баталж өгөхгүй байна. Тэгээд төсвөөсөө мөнгө өгөхгүй. Ин­гээд утаатай тэмц гээд байдаг. Гэхдээ бид өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд байгаа боломждоо тулгуурлаад болол­цоотой бүх бодлогын арга хэмжээнүүдийг авсан. Нийслэлд байнга оршин суухаар шилжин ирж байгаа хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. 2001 оноос хойш жилд 20-30 мянга орчим хүн хотод шилжин ирж байсан бол одоо энэ тоо эрс багассан. Байнга оршин суухаар орон нутаг руу шилжин явагсдын тоо ирж байгаа иргэдийн тооноос давсан. Бас суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон. Дуртай нэг нь хаанаас ч хамаагүй ирээд гэр бариад суухыг зогсоосон. Захиргааны арга хэмжээнүүд л дээ. Мөн нийслэлийн найман дэд төвөөс эхний ээлжинд Сэлбэ, Баянхошууны дэд төвийн ажлыг эхлүүлсэн. Энэ хавар Дэнжийн мянга, Дамба дэд төвийн ажил эхлэх гэж байна. Эдгээр төслүүдийн хүрээнд энэ хавийн айл өрхүүдийг дулаан, цэвэр, бохир ус гээд дэд бүтцэд бүрэн холбож, явган хүний зам, автомашины зам, гэрэлтүүлгийг хамтад нь шийдвэрлэнэ. Энэ бүх ажлын цар хүрээг өр­гөжүүлэх гэхээр мөнгөн дээр гацчихдаг. Дээр нь энэ их улстөржсөн талцал хуваагдал хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд саад болж байна. Уг нь улс төрчид улс орон, нийслэлийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхэд цаг заваа зориулах ёстой л доо. 
-Одоо нийслэлийн удирд­лага солигдож байна. Тэд ер нь юу хийж чадах вэ, нэн түрүүнд ямар ажлыг барьж аваасай гэж бодож байна?
-Ямар ажил хийх ёстой нь тодорхой. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Монгол ардын нам ард түмэнд амлалт өгсөн. Ард түмэн дэмжээд сонгосон. Өнөөдөр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 суудлын 34-ийг нь авсан. Засаг даргаа томилох бүрэн эрх нь байна. Одоо ард түмэнд амласан амлалтаа л биелүүлэх л үлдсэн. Баталсан, батлуулсан үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүл. Хийх ажил нь цагаан цаасан дээр хараар дурайж байна. Гудамжаар алх, иргэдтэй уулз, айл өрхийн амьдралтай танилц. Тэд юу хийх ёстойг хэлээд өгнө.
-Өнөөдөр төр хүчгүй, төрийн албан хаагчид аймхай хулчгар байгаа юм шиг харагд­даг. Гэхдээ нийслэл дээр энэ байдал арай өөр байгаа нь анзаарагдсан. Жишээ нь тэр зам чөлөөлж байгаагаас харахад?
-Хот гэдэг бол хамтын амьд­рал, дэг журам. Та ямар ч их мөнгө хөрөнгөтэй том компанийн захирал байлаа гээд нэг хотод амьдарч байгаа хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарлаж, халдаж болохгүй. Энэ буруу хандлага, үйлдлээс болж нэг гудамжинд, нэг хороонд хамт амьдарч буй иргэд нь өдөр бүр амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан автомашины замаар алхаж байна. Төрийн өмчийн газрыг гэрээ байгуулаад, тодорхой зориулалтаар ашиглана гэж авчихаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Энэ бүгдийг л засахаар бид ажилласан, хуулийг хэрэг­жүүлсэн. Газраа тойруулаад нэг хашаа хатгачихсан, тэр нь хогонд дарагдчихсан олон жил болсон байсныг бид хуулийн хүрээнд чөлөөлсөн. Тэр газраа зарах санаатай юм уу, яах гээд байгаа юм мэдэхгүй, нэг л их том хүмүүс байсан. Зориулалтын дагуу ашиглаж чадахгүй бол болих хэрэгтэй. Улаанбаатар хотод ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам шаардлагатай байна. Иргэдэд үр хүүхдээ салхилуулах талбай хэрэгтэй байна. Төр хүчтэй, хүчгүй, төрийн албан хаагчид аймхай хулчгар гэхээсээ илүүтэй Монголын төр баталсан хуулиа хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг асуудал л байгаа.
Цагаан цаасан дээр хараар бэлээхэн дурайж байгаа хуулийг амь оруулах л хэрэгтэй. Бид ийм л концепцоор нийслэлд зам, газар чөлөөлөх ажлыг хэрэгжүүлсэн. Бараг 80 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж чадсан шүү. Мөн 2019 оны төсөвт анх удаа зөвхөн явган хүний зам барихад зориулж дөрвөн тэрбум төгрөг батлуулсан. Ажил маань нэлээн урагштай явсан. Одоо үлдсэн хүмүүс энэ эрчээ алдахгүй ажиллах байх гэж найдаж байна. Долоон буудалд буй иргэн Доржийн газрыг төр хуулийн хүрээнд асуудалгүй чөлөөлдөг байж, хотын төв дэх нэг компанийн захирлын мэдлийн хууль зөрчсөн байшинг албадан буулгаж, газрыг чөлөө­лөхөд өөрөөр хандаж, давхар стандарт тогтоож болохгүй шүү дээ. Ер нь бол намайг хотын даргын ахлах зөвлөхөөр ажиллах хугацаанд нийслэлд хуулийг хэрэгжүүлэхэд асуудал байгаагүй ээ. Энэ нь манай төрийн албаныханд “Болдог юм байна” гэсэн итгэлийг өгөх шиг болсон. Төрийн албанд дээрээсээ доошоо нэг бодлоготой, зорилготой байхын давуу тал нь энэ юм. Тэр үед газрын албаны ажилтнууддаа миний зүгээс гурван зүйл л хэлсэн “Та нарын ард Монгол төрийн хууль байна. Та нарын ард эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа ард түмэн байна. Та нарын ард Та бүхнийг хамгаалах бид байна. Зүгээр л хуулийг хэрэгжүүл” гэж.
-Ингээд хотод хамгийн их хэл ам дагуулдаг газар чөлөөлөх, зам чөлөөлөх, явган хүний зам барих аж­лыг хийлээ. Бас бус адар­маатай цөөнгүй ажлыг нийслэлд хуулийн хүрээнд хийж, эхлүүлж байгаа нь мэд­рэгдсэн. Харин энэ бүгдийн хариу нь Засаг дарга чинь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадалгүй огцорсноор илэрч байна уу?
-(инээв). Арай ч тэгж бодохгүй байна. 
-Би бол тэгж бодож байна. Энэ хэдийг зайлуулахгүй бол цаашдаа баллах юм байна гэж намын чинь томчууд бодсон байх?
-Үгүй байлгүй дээ. Төрийн аль ч шатанд, нийслэл, аймаг, орон нутагт Монголын хууль алагчлалгүй үйлчилдэг байх учиртай. Гэхдээ манайхан дотор чинь хуулийг зарчимгүй хэрэглэж, хэрэгжүүлж сурчихсан нөхдүүд бий, бий. Үүнийг халах, засах цаг болсон. 
-Таны сүүлийн хоёр жил ажилласан нийслэлийн хувьд ийм байдаг байж. Энэ сэдвийг ингээд орхиё. Та энэ албанаасаа өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан. Засгийн газрын халуун гал тогоонд хуулийг жинхэнэ эх барьж байсан хүмүүсийн нэг. Өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааг яаж харж байна. Үнэндээ төр засаг бол самуунтай байна. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаг­лал хоёр нь холилдоод бүр нэг бантан болчихсон?
-Төрийн дээр нам гараад зогсчихож. Үүнийг л буулгах ёстой. Яг үнэндээ нам гэдэг чинь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын нэг нь шүү дээ. Улс төрийн үзэл бодлоороо иргэд эвлэлдэн нэгдсэн нэг л ТББ байхгүй юу. Нам бол төр, нийгмийг чиглүүлэгч хүч гэсэн хуулийн заалтыг 1990 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүчингүй болгоод 29 жил болж байна. Манай шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд ч иргэд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заагаад нам, олон нийтийн байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ гэж хуульчилсан. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд төрийн дээр гараад заларчихсан, үүрэг, чиглэл өгөөд сууж байна шүү дээ. Намын дотоод амьдрал, асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй болохоос төрийн хуулиар зохицуулсан асуудалд хөндлөнгөөс оролцож, эрхээ хэтрүүлж болохгүй юм. Нам, намын гишүүдийн эрх ашгаас хол илүү улс орны, нийт ард иргэдийн эрх ашиг гэж байгааг бид мартаж болохгүй. Ер нь тэгээд төрийн хуулиас давсан намын шийдвэр гэж хаана ч байх ёсгүй.
-Ийм үзэл бодолтой хүн, улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг улстөрч байдаг юм уу?
-Бид улсаа бодох юм бол нам төрийн дээр сандайлаад суучихсан энэ байдлыг халж, байр байранд нь тавих л ёстой. 
-“Тэгэхийн тулд одоо яах ёстой вэ” гэдгийг л нийгмийн эрүүл хэсгийнхэн бүгд ярьж байна шүү дээ?
-Хамгийн эхэнд авах ёстой арга хэмжээ бол хэсэг эрх мэ­дэлтэн, албан тушаалтан 2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд халдаж, хууль зөрчин, дур зоргоороо нэмэлт, өөрчлөлт оруулсныг засч залруулах цаг болсон. 2000 оны дордохын долоон өөрчлөлт гэдгийг хүчин­гүй болгох ёстой. Энэ балмад явдал анх 1999 онд болсон. Тэр үеийн эрх баригчид Үндсэн хуульд 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ нэг өдрийн өмнө хуулийн төсөл өргөн бариад маргааш нь баталчихсан байдаг юм. Тоталитар, авторитар, фашист дарангуйлагч дэглэмтэй биш л бол ямар ч ардчилсан, эрх зүйт төртэй улс орон Үндсэн хуульдаа ийм гэрлийн хурдаар өөрчлөлт хийсэн тохиолдол байхгүй. Энэ үйл явдал манай дарга нар эрх мэдэл, албан тушаалдаа эрдэж, ард түмний хүсэл зоригийг үл тоодгийн тод илэрхийлэл болсон шүү. 
-Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөхөд хүндэтгэх шалт­гаан хэрэгтэй. Зайлшгүй өөрчлөх л шаардлага гарсан болоод тэр байх?
-Тийм амин чухал шалтгаан байгаагүй л дээ. Энэ процесс цааш ингэж үргэлжилсэн байдаг юм. Иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, 2000 оны гуравдугаар сарын 15-ны өдөр дунд суудлын хуралдаанаасаа Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Цэцийн дунд суудлын хуралдаанаас хэрэв тухайн хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарах л юм бол тэр хуулийн үйлчлэл зогсох учиртай. Тэгээд Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан тэр оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болж өмнөх шийдвэрээ баталгаажуулан, Үндсэн хууль зөрчсөн нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгоод 1992 оны Үндсэн хуулийн бүх зүйл заалт хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө гэж шийдвэртээ заасан. Гэтэл ердөө маргааш нь нөгөө төслөө дахиад санаа­чилж, тэр өдөр нь Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж хуралдуулаад Засгийн газрын санал, дүгнэлтийг авсан. Ингээд хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон нэмэлт, өөрчлөлтийг ижил аргаар, яг нэг жилийн дараа буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр дахин баталчихсан байдаг. 
-Үндсэн хуульдаа 14 хоно­гийн дотор өөрчлөлт хийсэн гэдэг бил үү?
-Тэгсэн. Тэр үед өнөө л Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энх­түвшин нар Засгийн газрын гишүүн, сайд байсан. Уул нь 14-хөн хоногийн өмнө Үндсэн хуулийн Цэц “Энэ нэмэлт, өөрчлөлт чинь Үндсэн хууль зөрчсөн шүү” гээд дүгнэлт гаргаад хүчингүй гээд шийд­вэрлэчихсэн байсан юм шүү дээ. Энэ нөхөд хууль мөрддөг, мэддэг байсан бол эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрч­лөлтийг ард түмнээрээ хэлэлцүүлж, саналыг нь сонсох ёстой байсан. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн Цэцээс санал, дүгнэлт авах ёстой байсан. Бүгдийг нь зөрчсөн. Бүүр давраад, хадуураад тэр үед УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хууль бол хууль биш тул Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй гэсэн дүгнэлт хүртэл гаргуулж байсан байдаг. Их сургуулийн хуулийн ангийн нэгдүгээр курсийн оюутан хүртэл Үндсэн хууль бол улс орны хамгийн чухал хууль гэдгийг мэднэ дээ.
Дэлхийн олон орны хуульчдын гарын авлага болсон, тайлбар, тодорхойлолтыг нь АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрүүдэд эшилдэг, нэр хүндтэй Блэк хууль зүйн нэр томьёоны толь бичиг (Black`s law dictionary)-т “Үндсэн хууль”-ийг улс орны бүрэн эрхт байдал, төрийн байгууламжийн хэлбэр, үйл ажиллагааны үндсэн зарчмууд, институцийг тогтоож, иргэдийнх нь эрх, эрх чөлөөг баталгаажуулж байгаа хамгийн гол хууль гэж тодорхойлсон байдаг. Миний аав тэр үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийг хууль биш гээд улмаар Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй гэж үзсэнд харамсаж байна. Хууль зүйн байнгын хорооны энэхүү дүгнэлт, эрх зүйн хөгжлийг, эрдэмтэд, судлаачид, ялангуяа оюутнуудыг буруу замаар хөтлөх аюултай” гэж хэлж байсан байдаг юм. Нэг хөгтэй зүйл нь хуульч биш зарим УИХ-ын гишүүд бүр гайхаж хоцроод “Үндсэн хууль, хууль биш юм бол бид сая юунд нэмэлт, өөрчлөлт оруулчихсан юм бэ? УИХ-ын шийдвэр чинь хууль, тогтоол гэсэн хэлбэртэй байдаг биз дээ” гэж асууж байсан байдаг л даа. Ер нь тэгээд зарчимгүй, мэргэжлийн ёс зүйгүй, эрх мэдэлд шунасан, цагийн аясаар хувирч, албан тушаалтнуудад үйлчилдэг нөхдүүд ийм аюултай юм шүү.
-Ард түмнээс заавал санал авах ёстой юу?
-Тэгэлгүй яахав. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт ч тэгж заасан. Аливаа төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй. Тийм ч учраас Үндсэн хуулийн Удиртгал хэсэгт “Монголын ард түмэн бид Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэсэн байгаа. Ардын Их Хурал 1992 онд Үндсэн хууль батлахын өмнө 1991 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 01-ний өдрийн хооронд гурван сарын хугацаанд ард нийтээр хэлэлцүүлсэн. Тэр үед нийт долоон мянга гаруй байгууллага, хамт олон, 900 мянга гаруй хүнийг хамруулан хэлэлцэж, давхардсан тоогоор 200 мянга гаруй санал гаргасан байдаг. 
-Тэгвэл 1999, 2000 онд эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлт оруулахдаа ард түмнээр хэлэлцүүлээгүйн "гай" одоо гарч байгаа юм байна гэж нэг мөр ойлгоё?
-Ийм эх захгүй, хуулийг уландаа гишгэдэг, дураараа нулимдаг, зарчимгүй, өөртөө тохируулж хэрэглэдэг байдал нь явсаар, ужигарсаар өнөөдрийн энэ эх захгүй байдлын суурь үндэс, нам төрийн дээр гиш­гэчсэн увайгүй үйлдэлд хүргэлээ. Нам гэдгийн цаана би ард түмний нэр барьсан хэдхэн улстөрчдийг ярьж байгаа юм. Намын жирийн гишүүд үүнд огт хамаагүй. Та бүхэн 1992 оноос хойших хоёр том намын удирдлагуудыг хараарай. Хэдхэн л хүн байгаа биз дээ. Төрийн эрх мэдлээс огт буудаггүй хэдхэн хүний асуудал. Намын олон мянган жирийн гишүүдийн итгэл үнэмшил рүү ус цацаж буй энэ хэдэн хүн дарга, сайдын албыг насаараа хашлаа. Дарга нарын амьдрал сайжирсан байна. Ард түмний амьдрал сайжраагүй байна. Тийм учраас энэ нөхөд одоо бүгдээрээ болих хэрэгтэй. Монгол төрийн сайдыг зургаан удаа хашиж байгаа хүн одоо болих хэрэгтэй. Таван удаа Хууль зүйн сайдын албыг хийж байгаа хүн одоо болих хэрэгтэй. Ц.Нямдорж Хууль зүйн сайдыг насаараа хийлээ гээд Монголд шударга ёс тогтсонгүй, хууль ёс бэхэжсэнгүй. Тийм учраас энэ хүмүүс ёс зүйн хариуцлага хүлээгээд болих хэрэгтэй. Үе үе нэг их том улс төрийн шоу хийж, мэдэгдэл хийдэг. Би яагаад энэ 2000 оны Үндсэн хуулийн дордохын долоон өөрчлөлтийг хүчингүй болгохыг дэмжиж байна гэхээр засаглал хоорондын тэнцвэрийг алдагдуулчихсан. Намаас нэр дэвшүүлсэн байж болно. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн сонгогдсоноосоо хойш нийт иргэд, улсынхаа эрх ашгийг дагаж мөрдөнө гэж заасан болохоос биш, намын эрх ашгийг дагаж мөрдөнө гэж заагаагүй. Дордохын до­лоон өөрчлөлтөөс болж наад зах нь гишүүд саналаа ил хураадаг болсон. Ингэж УИХ-ын гишүүдийг намын бүрэн хяналтад оруулсан. Өнөө­дөр намын бодлогоос өөр са­нал гаргасан, байр суурь илэрхийлсэн гээд намаас хөө­­нө гээд л сууж байна. Тэ­гээд намын бодлогыг нь хэн тодорхойлж байна гэхээр Удирдах зөвлөлийн 20 гаруй хүн л байна. 
-Иймэрхүү завхарсан жишээ олон байгаа байх аа?
-Улсын Их Хурал хууль тогтоох байгууллага. Хууль тогтоох үйл ажиллагааны ча­нар, үр нөлөө буурсан. Хуучин бол чуулганы ирц 2/3 гэсэн харьцаагаар бүрддэг, тэндээс олонхын саналаар асуудлыг шийддэг байсан бол одоо ердийн олонхоор хууль баталдаг болсон. 39 гишүүн чуулганд сууснаар ирц бүрдэж байна. Үүнээс олонх гэхээр 20 хүн. Гэтэл өнөөдөр харахад энэхүү 20 хүний чинь 16 нь Засгийн газрын гишүүн байна. Дөрвөн гишүүн нэмэхэд л ямар ч хуулийг батална. Гэтэл УИХ гэдэг чинь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, тайланг нь сонсох, шаардлагатай бол хариуцлага тооцох бүрэн эрхтэй байгууллага. Наад захын жишээ гэхэд УИХ-аас жирийн иргэд, олон мянган жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж төсөвт олон тэрбум төгрөг батлаад өгсөн. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан чинь Засгийн газрын тусгай сан, харилцаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг. Гэтэл энэ сангийн үйл ажиллагааг ямар байдалд оруулж, эрх мэдэлтнүүд яаж хувааж авсныг монголчууд бүгдээрээ харлаа. Өнөөдөр хуулийн байгууллага УИХ-ын дөрвөн гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах гэхээр Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг үндэслэн аваад л үлдэж байна. Энэ дэд хорооны таван гишүүний дөрөв нь Засгийн газрын гишүүн, дарга нь бүр Хууль зүй, дотоод хэргийн сайд байна. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн хууль бус зарцуулалттай холбогдсон асуудлыг Засгийн газрын гишүүд үнэмлэхүй олонхыг нь бүрдүүлдэг дэд хороо хэлэлцээд сууж байдаг завхарсан юм байж болохгүй биз дээ. Сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж үүнийг л хэлнэ. 
-ЖДҮ-ийн хууль бус зарцуулалтад холбогдсон албан тушаалтнуудад иргэд үнэхээр итгэл алдарч, дур­гүйцэж байгаа. Та УИХ баталсан төсвөө зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж чадахгүй байна гэж үзэж байна уу?
-Тийм. Ер нь энэ ЖДҮ-ийн асуудал бол Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт хамаарах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, гэмт хэргийг үйлдэхэд бүлэг этгээд хамтран оролцсон байж болзошгүй, найм хүртэл жилийн ялтай тун ноцтой хэрэг шүү. Ийм ноцтой асуудал үүсчихээд байхад УИХ баталсан төсвийнхөө зарцуулалтад хяналт тавих Түр хороо байгуулж шалгах гээд чадахгүй байна. Учир нь УИХ-ын гишүүд нь давхар дээл өмсөөд Засгийн газар дотроо ороод суучихаар нөгөө төрийн эрх мэдэл харилцан хяналттай байх тэнцвэр нь алдагдчихсан. Цаашдаа 16 биш бүр УИХ-ын 20 гишүүн давхар дээл өмссөн Засгийн газар байгуулагдвал яах юм? Аюул нь эндээ байгаа юм. Засгийн газар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулдаг. Үндсэн хууль зөрчиж олон улсын гэрээ байгуулах тохиолдолд хүчингүй болгох эрх нь УИХ-д байгаа. Гэтэл дээр дурдсан жишээнээс өнөөдөр хүчингүй болгох боломж хязгаарлагдсан байна. Гэх мэтчилэн ноцтой олон асуудал, аюул байгаа учраас бид үүнийг өөрчлөх ёстой. Хүмүүсийн зүгээс тэгээд дордохын долоон өөрчлөлтийг хүчингүй болгосны дараа яах юм бэ гэдэг. Эрх мэдэлтнүүд өмнөх шигээ бас өөрсдөдөө зориулаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчих вий дээ гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна.
Хашраад байна шүү дээ. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа төрийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулах, засаглалын зөв хуваарилалт, хоорондын тэнцвэрийг хангах чиглэлээр ард түмэнд хэрэгтэй өөрчлөлтийг хийх ёстой. Сайн жишээ олон байна. Өнөөдөр бид төсвийн сахилга, хариуцлагыг ярьж байна. Үндсэндээ, ирээдүй хойчийнхоо идэх ёстой мөнгийг одоо зээлээд л төсөв батлаад явж байгаа. Төсвийн алдагдлын байж болох дээд хэмжээг Үндсэн хуульд хатуу зааж өгөх ёстой. Өнөөдөр УИХ төсвийн алдагдлыг ес, 10 хувьтай баталж байна. Үүнийг дандаа гадны зээлээр нөхөж байгаа. Ирээдүй хойч маань төлөхөөр өр тавьж байгаа. Уг нь бол төсөв алдагдалтай батлагдвал төсвийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн болдог, Засгийн газар нь хариуцлага хүлээдэг ийм тогтолцоо руу орох ёстой л доо. Ингэж чадвал Засгийн газар бүсээ чангална, тансаглалаа зогсооно, үр ашиггүй зарцуулалтаа хянана, чамбай төсөв орж ирнэ. Нөгөө талаасаа хууль тогтоох үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулж, илүү судалгаатай, үр дүнтэй ажиллах болно. Эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчин, дур зоргоороо аашлаад байгаа албан тушаалтнуудыг огцруулдаг, хариуцлага тооцдог зохицуулалтуудаа тодорхой болгох хэрэгтэй.
Засаглалын ойлгомжгүй байдлыг засах, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, шүүх, хууль хяналтын байгууллагыг улс төрөөс хараат бус болгох чиглэлээр Үндсэн хуульдаа тодорхой зохицуулалтуудыг шинээр хийх шаардлагатай байна. Жишээ нь, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой Шүүхийн ерөнхий зөвлөл гэж Үндсэн хуулийн байгууллагыг Ерөнхийлөгчийн нөлөөнөөс гаргах ёстой. Гэтэл манайд уг зөвлөлийн дарга, гишүүдийг, дээр нь бүх шатны шүүгчдийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлж байна. Мэргэжлийн хуульчид, хараат бус шинжээчдийн зүгээс хуульчдын дундаас шилж сонгож, нэр дэвшүүлсэн хүнийг улс төрийн албан тушаалтан болох Ерөнхийлөгч шүүгчээр томилохгүй, хөндлөнгөөс нөлөө­лөх боломж олгосон хуулийн зохицуулалтуудыг өөрчлөх нь зөв. Аль нэг Ерөнхийлөгчийн үед тэрний шүүх, энэний шүүх гэж байж болохгүй биз дээ. Монголын ард түмний шүүх л байх ёстой. Энэ мэт тодорхой болгох маш олон тулгамдсан асуудал байна. 
-Үе үеийн Ерөнхийлөгч Монголын шүүх, хууль хя­нал­тын байгууллагад “гай” болж байна гэж судлаачид бичих боллоо. Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сай­дын зүгээс УИХ-ын дар­гатайгаа илэрхий дайсагналцаж байгаа байдал, Шүүх, Прокурортойгоо үзэж тарж байгаа байдал нь өмнөх Ерөнхийлөгчийнхөө хүмүүсийг авч хаяж, өөрсдийн хүмүүсээ оронд нь байршуулах гэсэн, нөлөөгөө улам тэлэх гэсэн зөрчилдөөн гэж харагдах болов. Таны яриад байгаа дордохын долоон өөрчлөлтийг хийх болсон үндсэн шалтгаан нь тэр үеийн Ерөнхийлөгч Багабандийн зүгээс тухайн үед Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг олон удаа буцааж байснаас эхтэй гэж ярьдаг. Энэ бүгдийг та хэрхэн дүгнэж байна?
-Шүүх бол төрийн эрх мэдлийн гурван салаа мөчрийн нэг. Хэнээс ч, тэр дундаа улстөрчдөөс хараат бусаар, бие дааж ажиллах учиртай. Ерөнхийлөгч бол гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хамаарч байгаа. Үндсэн хуулийн үзэл санаа, төрийн эрх мэдлийн хуваарилалт гэдэг нь хүн төрөлхтний олсон ололт амжилт юм шүү дээ. Тийм болохоор Үндсэн хуулийн хүрээнд ном ёсоор байранд нь тавих ёстой. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар хүлээсэн үндэсний эв нэгдлийг хангах төрийн тэргүүнийхээ үүргийг л гүйцэтгэх хэрэгтэй. Үе, үеийн Ерөнхийлөгч нарыг харахаар Засгийн газрын ажил руу хутгалдаад, Хууль тогтоох засаглалд нөлөөлөх гээд л, Шүүх, Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд оролцсон маш идэвхтэй улстөрчид байж ирсэн. Үүнийг буруу гэж харж байгаа. Дээр нь үе, үеийн УИХ хууль батлахдаа Ерөнхийлөгчид төрийн албан тушаалтнуудын томилгоотой холбоотой маш их эрх мэдэл өгчихсөн.
Тийм болохоор энэ олон эрх мэдлийг нь хүчингүй болгох ёстой. Үүнтэй холбоотой арваад хууль байна. Тэр бүх хуульд өөрчлөлт оруулъя. Засгийн газар нь хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, УИХ-д ажлаа тайлагнаж ажиллах хэрэгтэй. Хууль тогтоогч нь хууль тогтоогч шиг бай. Шүүх, прокурор нь бие даан, хараат бусаар ажил, юун Ерөнхийлөгчөөс үүрэг, даалгавар авах. Прокурор бол Шүүх эрх мэдлийн хүрээний байгууллага. Улстөрчдөөс үүрэг, даалгавар авдаг албан тушаалтан биш. Шүүх, хуулийн байгууллагуудаа улс төрөөс л хараат бус, бие даан ажиллах боломжийг бүрдүүлье. Тэгэх юм бол наад хүмүүс чинь хараат бусаар хуулийг шударгаар биелүүлнэ. Тэдэнд улстөрчдөд таалагдах биш, шударга ёсыг тогтоох нэг л шаардлага тавих хэрэгтэй. 
-УИХ-ын даргыг суудлаас нь буулгах нь л дээ. Энэ процесс таны хувьд хууль эрх зүйн талаасаа яаж харагдаж байна. Мэргэжлийн хуульчийн тань хувьд асууж байна л даа?
-Энэ үйл явц өрнөөд эхлэхээр миний хувьд анхнаасаа нэг л зүйлийг бодсон. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим үйлчлэх ёстой гэж заасан тул парламент тулгарсан асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж.
-Тэгээд УИХ-ын даргыг огцруулах нь хуульд нийцэж байгаа юм уу?
-УИХ-ын зүгээс даргаа огцруулах, чөлөөлөх таван үндэслэл дээр зургаа дахь үндэслэлийг нэмж байна. Эхлээд бол манай хууль санаачлах эрхтэй гурван субьектийн нэг болох УИХ-ын 40 гишүүн нийлчихээд даргаа огцруулах асуудлыг хүчээр шийдэх гэж оролдсон. Эрх зүйт төрд тийм зүйл байж болохгүй л дээ. Харин сүүлд хууль санаачлах эрхтэй субьект нь хуулиа санаачилсан, батлах эрхтэй субьект нь баталсан. Хуулийн дагуу процесс явж байна. Ингээд л явах ёстой. Тэрнээс юун УИХ-ын даргыг өрөөнөөс нь чирж гаргах, юун жагсаал цуглаан. Яасан ч их бяртай, завтай, мөнгөтэй юм. 
-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг сөхсөнийх “60 тэрбум”-ын хэргийн талаар Та ямар байр суурьтай байдаг вэ. Таныг төрийн захиргааны албан тушаалын хамгийн дээд зэрэг дэв болох Тэргүүн түшмэлийн зэрэг дэвтэй гэж бичсэн байсан.
-Монгол төрийн албыг мөнгө босгох арга хэрэгсэл болгох тухай яриад, хэлэлцээд сууж байна гэдэг байж болохгүй асуудал л даа. 60 тэрбумын асуудал анх 2016 оны сонгуулийн үеэр яригдсан. Тэр үед би 2002 оны Төрийн албаны тухай хуулийг яаралтай шинэчлэх ёстой л гэж бодож байлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байхдаа миний бие нөхөдтэйгөө хамтраад уг хуулийн төсөл дээр нэлээн хэдэн жил суучихсан, бараг бэлэн болчихсон байсан. Ингээд Улсын Их Хурлаас 2016 оны намар Ажлын хэсэг байгуулж, миний бие дэд ажлын хэсэгт орж ажилласан. Ингээд хуулийн төслөө батлуулж чадсан. Энэ хуулиар мерит зарчим буюу чадахуйн зарчмыг, карьерын шатлан дэвших тогтолцоог хуульчилж чадсан шүү. Мэргэжлийн бус хүмүүс сонгуулийн үр дүнгээр төрийн жинхэнэ албанд олноор томилогдож, Төрийн нарийн бичгийн дарга, яам, агентлагийн даргаар ажилладаг зохисгүй явдал үүгээр эцэс болж байгаа.
-Өнөөдрийн Монголын төрд насаараа хууль тог­тоогоод суучихсан хэсэг хүн байна. Эдгээр хүмүүсийн туршлага, алсын хараа өнөөдрийн төрд, залуу улстөрч­дөд ер нь нэмэр болж байна уу, эсвэл бүр нэрмээс болж байна уу?
-Би төрийн ажлын гараагаа Хууль зүй, дотоод хэргийн яам, ЗГХЭГ-аас эхэлсэн. Ажлаа мэддэг, ёс зүйтэй, зарчимтай, залууст нөмөр нөөлөг болж, зааж сургаад явдаг олон сайхан ахмадуудтай хамтарч ажиллаж байсан. Зөв үлгэр дуурайл болж, алдааг маань засч, зөвлөдөг төрийн ахмад зүтгэлтнүүд олон бий. Харин манай энэ УИХ-д насаараа шахуу сууж буй гишүүдийн хувьд дэндүү ёс зүйгүй, зарчимгүй байна. Өнөөдөр тэднээс юуг нь сурах юм бэ. Жишээ нь, бидний үеийнхэн Ц.Нямдорж гуайгаас юу сурах юм? Ямар үлгэр дуурайл түүнээс авах юм бэ? Эрдэнэт үйлдвэрт хүүгээрээ дамжуулж бараа шахдагийг нь сурах юм уу? Монголын хамгийн хөрөнгөтэй хүмүүс амьдардаг хороололд нэг баян нөхрийн байранд үнэгүй шахуу түрээсээр амьдардгийг нь сурах юм уу? Эрх мэдлээ ашиглаж хоригдлуудаар зус­ландаа уул хяр шиг том хаус байшин бариулаад, түүн рүүгээ “Нямдоржийн гүүр” нэртэй гүүр бариулсныг нь сурах юм уу? Улс төрийн сүртэй мэдэгдэл хийж нийгмийн сэтгэл зүйг үймүүлэн, өөрийгөө тодруулдгийг нь сурах юм уу?
ЖДҮС-гаас жирийн иргэдэд очих ёстой мөнгийг эрх мэдлээ ашиглан авчихсан УИХ-ын гишүүдийг Ц.Нямдорж нар улайм цайм хамгаалаад гарахыг сая ард түмэн харлаа. Ийм Хууль зүйн сайдтай байж болох уу. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал нийгэмд шуугиан тариад л байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг тэргүүн ээлжинд худалдаж авах давуу эрхээсээ Засгийн газар татгалзах, хувийн хэвшилд зарахыг зөвшөөрөхтэй холбоотой асуудал анх 2016 онд яригдахад би тэр Засгийн газрын хуралдаанд оролцож, хуульд нийцэхгүй ажил боллоо шүү гэж хэлж л байсан. Тэр үед М.Энхсайхан сайд бас яг тийм байр суурь илэрхийлж байсан. Ард түмнийг төлөөлж төрийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэгч, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компанитай холбогдох олон улсын гэрээнүүдийг 2004, 2009 онд баталсан байгууллага болох Улсын Их Хурлаар оруулахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх нь буруу гэж хэлж байлаа.
Гэтэл Ц.Нямдорж сайд энэ маргаантай асуудлыг шийдвэрлэх арга замуудаас хамгийн буруу арга замыг нь сонгосон. Уул нь УИХ-ын тогтоол биш, хууль гаргаад шийдвэрлээд явсан бол дараа, дараагийн асуудлыг шийдвэрлэхэд илүү хялбар байлаа. Хуулийн дагуу асуудал өрнөөд дуусна гэсэн үг. Харин одоо энэ ганц асуудлаас болоод захиргааны байгууллага, албан тушаалтнуудын шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл өргөн барьчихаад хэлэлцүүлэх гээд явж байна шүү дээ. Бүлэг нөхөд Стандарт банкнаас авсан 100 гаруй сая ам.долларын зээлийн барьцаандаа Эрдэнэт үйлдвэрийг тавьсан асуудлаар бол дуугарах ч үгүй байна. 
-Гэхдээ сайхан ах­мадууд танай намд байна аа, Ш.Гунгаадорж гуай, Шийлэгийн Батбаяр... гээд нэрлэвэл их цуваа үргэл­жилнэ. Таны аав Д.Дэмбэрэлцэрэн агсантай мөр зэрэгцэн Монголын төрд зүтгэж явсан ахмадуудыг та арай үгүйсгэхгүй байлгүй дээ?
-Тийм шүү. Үлгэр авах олон сайхан ахмадууд байна. Жишээ нь, миний аавтай хамтарч ажиллаж байсан Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд гэж ямар гайхамшигтай шударга, үнэ цэнэтэй хүн байв. Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, гавьяат хуульч Г.Совд гэж зарчимтай, шударга, мундаг хуульч байсан. Гадаад харил­цааны сайд байсан, дипломатч Ц.Гомбосүрэн байна. Академич С.Нарангэрэл багш гэж мундаг зарчимтай хүн байна. Бас Ж.Амарсанаа академич, гавьяат хуульч Ш.Солонго гээд залуус бидэнд гишгэсэн зам мөрөөс нь суралцах хүмүүс олон байна. Харин залуучууд маань хэнд ойр байж, хэнээс суралцаж явах вэ гэдгээ одоо бодох цаг болсон. Үнэн ийм л байгаа. Зарчимгүй, ёс зүйгүй, шударга бус, дарга дагаж далдайсан нөхдөөс суралцаад байх зүйл байхгүй дээ. 
-Бас л хуульчийн чинь хувьд асууж байгаа юм. Ойрын шуугиан гэвэл Монголын прокуроруудын нэгдсэн цуг­ларалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч очиж өмнөх Ерөнхийлөгчийгөө Таван толгойг гадныханд 100 жи­лээр өгөх гэж байсан гээд баримт гэх материал өглөө. Үүгээр ч зогсохгүй “Энэ бол гэмт хэргийн шинжтэй” гэж тодотгоод, захиалагч нь өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гүйцэтгэгч нь М.Энхсайхан шүү гэсэн. Энэ нь ард түмний хувьд их ойлгомжгүй шуугиан боллоо. Энэ талаар мэргэжлийн үүднээс дуугарч буй хуульч ч алга?
-Монгол Улсын иргэн хэн ч байсан гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлж болно. Хуулиараа энэ нь нээлттэй. Гэхдээ манай дарга нар төрийн өндөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон цагаасаа эхлээд хувь хүн биш, Монгол төрийг төлөөлж байгаа, тэр утгаараа бүх үйл ажиллагаа нь дур зоргын биш төрийн хуулиар, ёс зүйгээр зохицуулагдаж явна гэдгийг ухамсарлах хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт гэвэл ер нь энэ төрийн өндөр албан тушаалтнууд хууль хяналтын байгууллагад нөлөөлөх гэж оролдохоо болих хэрэгтэй. Тэдний энэ үйлдлийг хуулиар хязгаарлах цаг болсон. Нэг улс төрч ирээд хэрэг захиалдаг, шүүх, прокурорын байгууллагыг нөлөөндөө байлгах гэж оролддог, тодорхой асуудлаар гэмт хэрэг гэж урьдчилан дүгнэж, тулгадаг байж болохгүй. Гэм буруутай эсэхийг зөвхөн Шүүх л тогтооно. Тэрнээс “улс төрийн өрсөлдөгч, сөргөлдөгчийнхөө талаар энэ бол гэмт хэрэг шүү, заавал шалгаарай ...” гэсэн тулгалт шахалт, захиалга байж болохгүй. Миний хувьд цаашид хууль, шүүхийн байдлын хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр дорвитой ажиллана гэж бодож байгаа. Шүүх, прокуророос гаргасан шийдвэрт хэн ч эргэлздэггүй тийм цаг үеийг бид авчрах ёстой. 
-Тийм гэрэл гэгээ улам бүдгэрч байна. Саяхан Мон­гол Улсын Ерөнхий проку­ророор ажиллаж байсан хүн хоригдчихлоо. Энэ нь ард түмний хуулийн байгууллагад итгэх итгэлийг улам алдруулж байх шиг?
-Би Д.Дорлигжав гэж хү­нийг гэм буруутай эсэхийг мэдэхгүй. Гэхдээ зарчмын хувьд анхнаасаа улстөрч хүнийг Улсын ерөнхий прокуророор томилсон нь буруу гэж бодож явдаг. 2009 онд тэр үеийн Улсын ерөнхий прокурорыг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө чөлөөлөөд сөрөг хүчний намын дарга байсан хүнийг Улсын Их Хурлын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгч томилсон шүү дээ. Уулнь прокурор улс төрөөс ангид, цэвэр хуулийн ажлаар дагнаж ирсэн, мэргэжлийн хүн байх учиртай. Прокурорын байгууллагад төрийн албаны мерит зарчим үйлчлэх нь зүйтэй. Цаашид бид аль нэг намын гишүүн, удирдах алба хашиж байсан хүнийг прокурор, хуулийн байгууллагад ажиллахыг хуулиар хориглох хэрэгтэй юм. Хүмүүст хуулиар сонголт өгье. Та нэг бол зөвхөн төрийн албанд насаараа шударга зүтгэ, төрийн зүгээс бүх баталгааг чинь хангана. Та хэрвээ улс төр хийх гэж байгаа бол намдаа элсээд улс төрөө хөө. Та бизнес хийж байгаа бол зөвхөн түүнийгээ л хий. 
-Та МАН-ын Бага хурлын гишүүн учраас танай нам гэж хэлье. Танай нам өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй олонх болсон. Одоо байж байгаа царайг нь хар. Олдохоороо өлдөнө гэдэг болж байна. Төрийн эрх барьж байгаа намдаа та ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Эрх мэдэл дутсангүй, ард түмний итгэл дутсангүй, ер нь бүгд байна. Сэтгэл, чадвар л дутаж байна даа. Чадахгүй л байсан юм бол чаддаг хүмүүст нь байр сууриа тавьж өгөх хэрэгтэй. Улс төрийн намын хагарал, бүлэглэл хоорондын тэмцэл нь бодитой байна. Одоо юу ч гэмээр юм дээ, намын жирийн гишүүдээсээ эхлээд бүгдээрээ яг над шиг “Юу ч гэмээр юм дээ” гэсэн цөхрөлтэй болцгоосон. Сонгуульд ялалт байгуулаад ажлаа эхлэхдээ эхнээсээ л буруу явчихсан. Ялсан намын дарга гүйцэтгэх эрх мэдлээ авч Ерөнхий сайд болдог. Гэтэл тэгээгүй. Улс төрийн өнцгөөс л дүгнэж байна шүү дээ, анхнаасаа ийнхүү мордохын хазгай болсон. 
-Энэ байдлаараа 2020 оны сонгуулиар МАН найдвар их бага боллоо доо?
-Ард түмний итгэлийг алдсан хүмүүс дүнгээ тавиулна даа. Гэхдээ хугацаа бол бас байна. Амлалтынхаа тодорхой хувийг биелүүлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж, ард нийтээрээ хэлэлцүүлээд нэг сонгуульд бус, ирээдүй рүү харсан, зоригтой шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. 
-Өнөөдрийн УИХ-ын 76 гишүүн Үндсэн хуульд сайн нэмэлт, өөрчлөлт оруулж чадах уу?
-Өнөөдрийн нөхцөлд хэцүү. Тийм болохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж бодож байна. Үүнийг хийж чадвал л энэ УИХ-ын ард түмний өмнө гавьяа байгуулсан үйл хэрэг болно. 
-У.Хүрэлсүхийн Засгийн газар ам.долларын ханшийг 1000 төгрөг рүү оруулаад, нефтийн үйлдвэрээ ашиглалт оруулж, бензиний үнийг огцом буулгаад, айл өрх бүрийн хаалгаар орсон өөрчлөлтүүдийг хийж чадвал юу юм. Тэрнээс ядарсан ард түмэн ҮХ-ийн өөрчлөлтийн ашиг тусыг мэдрэхгүй сонгуульд орох байх аа?
-Долларын ханш, бензин, махны үнийн өсөлт энэ тэр ч бүр явж өгсөн. Оюутнуудын уудаг 200 граммын кола ундаа 300 төгрөгөөр саяхан зарагдаж байсан. Одоо 400 төгрөг болчихсон байх жишээтэй л амьдрал дээр бууж байна. Энэ мэт нийгмийн амьдралыг дарга нар мэдэрч байна уу, үгүй юу. Хувийн хэвшлээ дарамталдаг, хөрөнгийг чинь хураана, нийгэмчилнэ гэдэг, ер нь татвар төлөгч, ажлын байр бий бологчдынхоо сэтгэл рүү ус цацсан үгс улс орон толгойлж буй хүмүүсийн амнаас гарах ёсгүй л дээ. Харин ч хувийн хэвшлээ дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах ёстой. Өнөөдрийн тэрийг булаана, энийг хураана гэдэг байдал нь өрсөлдөгчөө дарж байгаа, дайснаа дарж дархан цолоо мандуулна гэдэгтэй агаар нэг харагдах юм. Энэ нь шударга ёсыг тогтоож байна гэж надад лав харагдахгүй байгаа. Тэрний оронд эхлээд наад тендер будлиулж байгаа, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг цөлмөж байгаа, албан тушаалаа урвуулан ашиглаж, хүнд суртал гаргаж байгаа төрийн албан тушаалтнуудтайгаа хариуцлага ярих ёстой. 
-Танд ажлын амжилт хүсье, ний нуугүй ярилцсанд баярлалаа.

П.Хашчулуун
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан