“Persona non grata”-гийн томилсон “Persona non grata”

Хөх хот дахь Монголын консул дипломат эрхээ ашиглан автомашин дамласан хэрэгт холбогдон эгүүлэн татагдах гэж байна
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санал болгон хийсэн сүүлийн томилгоонуудын нэг нь Монгол Улсаас Швейцарь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын томилгоо байлаа. Нэгэн үе Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад АСЕМ-ыг зохион байгуулсан Л.Пүрэвсүрэн Швейцарьт Монгол Улсыг төлөөлөх итгэл хүлээж байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх байсан юм. Ерөнхийлөгч санал оруулж, УИХ-ын босгыг амжилттай давсан түүнийг Итгэмжлэх жуух бичгээ гардах үед нь дидломат албанд өмнө нь гаргаж байсан алдаанууд нь ил гарч багагүй шүүмжлэл дагуулсан. Мэргэжлийн дипломатч гэгддэг байсан Л.Пүрэвсүрэн өмнө нь Герман Улсад улсаа төлөөлөн суухдаа тамхины наймаанд холбогдон “persona non grata” болж байсан таагүй түүхтэй нэгэн. Гэсэн ч Швейцарт суух Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгээ гардахад нь энэ нь нөлөөлөөгүй юм. Уг нь “Persona non grata” гэдэг бол дипломат албаныхны авч болох хамгийн адгийн цол гуншин байдаг.
Дипломат түүхэндээ “Persona non grata” болсон тэрбээр ийн Элчин сайдаар дахин томилогдохоосоо өмнө Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж гадаадад эх орноо төлөөлөн суух консулууд хэн байхыг шийддэг, гарын үсэг зурдаг байлаа. Энд зориуд дурдахад Элчин сайдыг Ерөнхийлөгч санал болгож УИХ хэлэлцдэг бол консулуудыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг. Л.Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайд байхад томилогдсон консулын нэг нь БНХАУ-ын Хөх хотод суух ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ. “Жийп сервис”-ийн гэсэн тодотголтой, УИХ-ын сонгууль бүрээр Баянхонгорт нэр дэвшинэ гэж АН-ын ҮЗХ-ны хуралдааныг бужигнуулж явдаг түүнийг 2016 оны нэгдүгээр сард Хөх хотын ерөнхий консулаар томилж байсан юм. Томилогдоод гурван жил шахам болж байгаа Хөх хотын ерөнхий консул гэтэл хугацаанаасаа өмнө эгүүлэн татагдахаар болж байгаа ажээ. Учир нь, тэрбээр дипломат эрхээ ашиглан автомашин дамлан худалдсан хэрэгт холбогдоод Хятадын хуулийн байгууллагад хоёр ч удаа дуудагдаад байгаа юм байна.
Д.Мөнх-Эрдэнэ томилогдсоноосоо хойш таван автомашин хилээр оруулан дөрвийг нь БНХАУ-ын иргэдэд худалджээ. Ингэхдээ эдгээр автомашинд дипломат дугаар авсан байсан аж. Дипломат шугамаар оруулж ирж байгаа автомашин татвар хураамжаас чөлөөлөгддөг хийгээд дипломат дугаар авсан тохиолдолд онцгой олон эрх эдэлдэг. Гэтэл Монгол Улсын ерөнхий консулын оруулж ирсэн эдгээр автомашин Эрээн-Замын-Үүдийн боомтоор хууль бусаар хүн, эд зүйл тээвэрлэдэг гэсэн гомдол байнга гарах болсон байна. Үүнээс шалтгаалаад манай улсын Элчин сайдын яам, Эрээн, Хөх хотын дипломат төлөөлөгчийн газрын автомашинуудыг БНХАУ-ын хилээр орж гарах үед урьдчилан заавал ноот бичиг өгч, хилээр хэдэн хүн, ямар эд зүйлтэй гарах эсэхийг мэдээлэхийг шаарддаг болсон байна.
Түүний балгаар Монгол Улсын Элчин сайд, бусад консул бүрэн эрхээ эдлэхэд хүндрэл гарч эхэлсэн гэсэн үг. Түүнээс гадна Хөх хотын ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг Хөх хотын бизнес эрхлэгчидтэй түншүүд болж мөнгө зээлдэг, түүнийгээ виз олгож төлдөг гэсэн мэдээлэл ч байдаг. Ингэснээр Д.Мөнх-Эрдэнэ Монголын дипломат түүхэн дэх бас нэгэн “Persona non grata” болж байна. “Persona non grata” Л.Пүрэвсүрэнгийн томилсон “Жийп сервис”-ийн захирал бизнесмэн залуу “Persona non grata” болж Монголын дипломат түүхэнд бас нэгэн хар толбо үлдээх нь.
Бас нэгэн ноцтой мэдээлэл байгаа нь БНХАУ-ын хуулийн байгууллагын хараанд өртсөн ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ дуудсан газарт нь очиж хоёр ч удаа мэдүүлэг өгсөн тухай юм. Уг нь Венийн конвенцийн дагуу дипломат төлөөлөгч хүлээн авсан улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлдэг. Харин дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхтэй ч томилогч улсын шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөхгүй гэж энэ конвенцоор заасан байдаг.
Өөрөөр хэлбэл автомашин дамлаж, виз хууль бусаар олгосон байлаа ч Д.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын ерөнхий консулын хувьд Монгол Улс зөвшөөрөөгүй л бол БНХАУ-ын хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгөх ёсгүй юм. Харин дипломат эрхээ хэтрүүлсэн, эрүүгийн хэрэгт холбогдсон бол Монгол Улсын хуулийн байгууллагад шалгагдаж, шүүгдэх ёстой юм. Ийм дархан эрхтэй консул дамын наймаа эрхэлж, виз хууль бусаар олгоснхоо дээр давхар бүдэрч бусад улсын хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн аж. Угтаа бол Монгол Улсын Засгийн газар түүнийг эгүүлэн татаж, Монголын шүүх түүнийг шүүх ёстой юм. Хөх хотын ерөнхий консулаар томилогдохоосоо өмнө Д.Мөнх-Эрдэнэ УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахсан хэрэгт нэр холбогдож байсан билээ.

24tsag.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан