Венесуэлд хоёр Засаг тогтоод байна. Цаашид аль нь оршин тогтнох вэ


Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа латин  Америкийн  Венесуэл улсад үндсэндээ хоёр засаг тогтоод байна.
Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарлаж тангараг өргөөд байна. Шинэ Ерөнхийлөгчийг бүс нутгийн нөлөө бүхий орнууд албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байна. Тухайлбал, АНУ, Канад, Бразил, Парагвай, Перу, Колумб, Гватемал болон  Аргентина улс хүлээн зөвшөөрчихлөө.  Харин Мексик болон Болив улс  хууль бус гэжээ.  
Хэрэг явдлыг Боливарийн  Венесуэл улсын Дээд Шүүх  засгийн эрхийг хууль бусаар булаан авах гэлээ хэмээн буруутгаж, Николас Мадурог албан ёсны Ерөнхийлөгч хэмээн нотоллоо.
Тус улсын  эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан нь ийнхүү Засгийн эрхийг авах тэмцэл болон үргэлжилсэн юм. Хэрэг явдлыг эргэн сануулбал энэ сарын 10-нд Николас Мадуро Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож тангараг өргөснийг эсэргүүцсэн хүмүүс шууд гудамжны жагсаал цуглаан эхлүүлсэн.  Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хяналтаас гарсан,  хүнсний зүйлийн дутагдал, ажилгүйдэл, газаар аваад буй авлигыг эсэргүүцэж  хүмүүс  жагсаж байв.
Нийслэл   Каракас хотын Сан-Хосе-де-Котисе дүүрэгт  хууль сахиулагчид хүч хэрэглэхийг завдсан ч харин жагсагчдыг Үндэсний  гвардийнхан дэмжиж хамгаалжээ. Гвардын нэг толгойлогч Вальдрен Фигероа  засгийн газар иргэдийнхээ шаардлагыг сонсохгүй бол  цэргүүд аливаа тушаалыг  биелүүлэхгүй хэмээн мэдэгдсэн нь эсэргүүцлийн  гал дээр тос нэмэхтэй адил явдал болов.
Олон мянган хүний жагсаал дээр тус улсын парламентын дарга Хуан Гуаидо өөртөө Ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг авч байгаагаа мэдэгдэж, энэ нь Үндсэн хуулийн 233 дугаар зүйлийн заалттай нийцэж байгаа гэжээ.
Энэ үеэрээ тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөж  шилжилтийн Засгийн газар байгуулахаа  мэдэгдэж сарын дотор шударга сонгууль явуулна хэмээн амалжээ.
Арми Мадурогийн талд байгаа
Үйл явдал эрчимтэй өрнөж байна.  Венесуэлийн Дээд Шүүх  сөрөг хүчнийхнийг хууль бус гэж, Үндэсний  ассамблеин даргыг шийтгэл хүлээлгэхийг  прокурараас шаардаад байна. Үүний араас ч бас цэрэг армийнхан ч байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, тус улсын Батлан хамгаалахын сайд  Владимир Падрино Лопес “Арми  Мадурогийн талд байгаа” хэмээн мэдэгдэв.
Харин Ерөнхийлөгч Мадуро Ерөнхийөгчийн ордны тагтан дээрээс дэмжигчиддээ хандаж  төрийн эргэлтэнд АНУ-ыг буруутгав. Түүнчлэн АНУ-тай дипломат харилцаагаа цуцалж байгаагаа мэдэгдэж ажилтнуудыг нь 72 цагийн дотор гарч явахыг шаардаад байна.  Үүний хариуд АНУ-ын Төрийн нариййн бичгийн дарга “Тэр хууль ёсны Ерөнхийлөгч байхаа хэдийнэ больсон” учраас түүний шийдвэр хууль бус гэжээ.
Каракас хотод болсон хоёр өдрийн эсэргүүцлийн жагсаалын үеэр хууль сахиулагчид 16 хүний амийг галт зэвсэг хэрэглэн егүүтгэсэн гэж байна. Одоо  хотод нийтийн тээвэр үйлчлэхгүй,  сургууль хаагдаж, худалдаа үйлчилгээний газар ажиллахгүй байна.
Хуан Гуаидо  гэж хэн бэ
Өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлаад буй Хуан Гуаидо  35 настай, түүний  улс төрийн карьер  10 жилийн өмнө оюутан ахуй цагтаа Уго Чавесын дэглэмийг эсрэг  оюутны  хөдөлгөөнийг удирдсанаар эхэлжээ.  Тэр АНУ-д боловсрол эзэмшсэн, зүүний төвийн “Ардын  зориг” намд элсэж байжээ.  Эх орондоо ирснээс хойш  таван жилийн  дараа Үндэсний  ассамблеин гишүүн болж, эрх баригчдын эсрэг авлигын хэд хэдэн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байв.  
Тэр  төрийн тэргүүний гаргасан аливаа шийдвэрийг идэвхтэй шүүмжлэгч,  Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө  тэмцэгч юм. Харин өнгөрсөн онд тэр парламентын  даргаар томилогдож, “Ардчиллын эв нэгдлийн дугуй ширээ” хэмээх сөрөг хүчний удирдагчаар ажиллаж иржээ.
Мадурогийн засаглалын үед тус улсын эдийн засаг ихээхэн доройтсон бөгөөд  2014 онд  Венесуэлийн  экспортын 95 хувийг эзэлдэг нефтийн үнэ унасан нь байдлыг бүр ч дордуулсан юм.  Эдийн засгийн энэ доройтлынулмаас  мөнгөний ханшийн гиперинфляц болон ажилгүйдэл ядуурал нүүрлэж олон  сая иргэн нь эх орноо орхин яваад байгаа юм.
Хар зах дээр нэг ам доллар  Венесуэлийн мөнгөн тэмдэгт болох  325 000 боливартай тэнцэж байна.
Үйл явдал цаашид хэрхэн өрнөх вэ
Тус улсад үүсээд байгаа нөхцөл байдал, хоёр засаглал Латин Америкийн орнуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.  Үйл явц цаашид хэрхэн өрнөх нь одоогоор оньсого байна.  Гэхдээ арми хэний талд байхаас их зүйл хамаарна.
Энэ талаар зарим шинжээчид юу гэж өгүүлснийг тодруулбал “Өчигдрийн болсон үйл явдлыг хүртэл арми Мадурогийн талд байсан. Учир нь Ерөнхийлөгч төрийн чухал байгууллагууддаа армийн хяналт тогтоох боломжтой байсан болохоор тэр байх” гэжээ.
Гэвч өнөөгийн нөхцөл байдалд арми дотроо эв нэгдэлгүй болчихоод байгаа нь байдлыг илүү төвөгтэй болгож байна.   Мадурогийн дэглэмд дургүй, давуу эрхээл алдсан бага тушаалын офицерууд армид хангалттай олон бий.
Байдал тодорхойгүй ч шинжээчид тус улсын цаашдын төлөв байдлын тухайд хоёр үндсэн таамаглал хэлж байна.  Нэгдүгээрт, хэрэв арми Ерөнхилөгч Мадурог тууштай дэмжсэн хэвээр байвал  бүх зүйл хуучин хэвээр үлдэнэ.  Хоёрдугаарт, цэргийнхэн сөрөг хүчний талд орох хувилбар байж болно. Гэхдээ тэдэнд ямар ч баталгаа авчрахгүй, харин ч мөрдөн шалгах явц эхэлж болох юм. Шинээр цогцлоох Венесуэлд армийнхан өөрсдийнхаа байр суурь, орон зайг  олно гэдэг угаас амаргүй гэдгийг цэргийнхэн ойлгж байгаа.  
Энэ нь тэдний хэний талд үлдэхэв гэсэн сонголтонд нөлөөлөх магадлалтай.
РИА-гийн эх сурвалжаас товчлон бэлдэв.
М.Нэргүй
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан