Элчин сайдын яамд эрүүгийн хэрэгтнүүдийн орогнох газар биш биз


Аливаа хэрэгт нэр холбогдсон нөхөд холбогдсон хэргийн нь сэжүүр, таамаг дөнгөж цухуйнгуут гадны аль нэг улсад Элчин сайд, консулаар явчихдаг жишиг тогтсоор удлаа. Тухайлбал, Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Монгол Улс зохион байгуулах үеэр тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнууд, ялангуяа арга хэмжээний Бэлтгэл ажлын албаны дарга, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Ганхуягийг хариуцаж зохион байгуулсан ажлынхаа тайлан тооцоо, үр дүнг ч хүлээлгэж өгөөгүй байхад нь БНХАУ-д суух Элчин сайдаар томилоод явуулчихсан.
Өндөр дээд арга хэмжээг зохион байгуулах чадваргүй, зохион байгуулалтгүй, боловсрол мэдлэг, туршлага гээч нь ёстой тэгийг заасан нөхөр гэдгийг түүний ахлан ажилласан АСЕМ-ын тайлан тооцооноос харж болно. Новширч хөглөрсөн зохион байгуулалттай, хяналтгүй байснаас өдгөө улсыг ямар их хэмжээний хохиролд унагасан байгааг Үндэсний аудитын газраас хийсэн шалгалт, тайлбар нотолж байгаа. Эрхэм Д.Ганхуяг ч өөрөө 784 саяыг шамшигдуулсан байж болзошгүй хэрэгт унаж АТГ-т шалгуулахаар болсныг хэвлэлүүд мэдээлж байлаа. Тэрчлэн БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сар хүрэхгүй хугацааны өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар сахилгын шийтгэл хүлээсэн гэдэг.
Хятад, Монголын харилцааны асуудлыг хурцатгаж мэдэхээр баталгаагүй мэдээллийг Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн, танхимд ярилцах асуудлыг урьтаж олон нийтэд мэдээлсэн гэж Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нарт гурван сарын хугацаагаар цалингийн хувь хасуулах сахилгын шийтгэл оногдуулж байсан гэх атлаа сар гаруйхны дараа БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон нь дэндүү но-той, ноцтой асуудал юм. Уншигчид санаж буй бол тэр үед “Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нь нийгэмлэгийнхээ хувьцааг Хятадын талд зарахаар хөөцөлдөж байна гэх утга бүхий баталгаагүй мэдээллийг цацсанаараа стратегийн түнш Хятадыг бараг л гэмт хэрэгт холбох дөхсөн билээ.
Ийнхүү Монгол Улсын мөнхийн хөрш Хятадын харилцаанд таагүй асуудал үүсгэж мэдэхээр хэрэгт хариуцлагын шийтгэл хүлээсэн Д.Ганхуяг эцэстээ стратегийн чухал түншийнхээ нутагт Монголын төлөөллөөр сууна гэдэг тайлбарлаж боломжгүй түвэгтэй шийдвэр болсон юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ойр шадар, нутаг ус нэгтэй гэдгээрээ олон жил татаасанд нь явсан тэрбээр ийнхүү шийтгэл, томилгоо хоёрыг хослуулан дэвшсэн халаасны нөхөр. Харамсалтай нь, муу хүнд хутга, мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэгчлэн түүнд Элчин сайдын суудал хэтэрхий хээнцэрдэж, томдсоор байна.
Бээжин-Эрээний чиглэлийн автобус хоёр ч удаа бүтэн шатаж, жижиглэн худалдааны бизнес эрхлэгч монголчууд нь хэдэн арваараа хохирч, ядарч зүдэн явахад ганц удаа гар сунгаагүй хүйтэн сэтгэлтэн тэрбээр энэ удаад ч Төрийнхөө тусламж, дэмжлэгийг хүртэхээр ирсэн оюутнууддаа шилэн хүзүүгээ харуулан цэвдэг загнасан байх юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн амралтын өдрүүдээр Бээжин дэх Элчин сайдын яамны хурлын заалыг 2 цаг түрээсийг нь төлөөд “Хэл хэрхэн сурах вэ” арга хэмжээ, хэлэлцүүлэг хийх гэсэн Хятад дахь монгол оюутнуудын холбоог “элчингийнхний аюулгүй байдлыг алдагдуулна” гээд зөвшөөрөөгүй байна.
Д.Ганхуяг та ямар айхтар аюулгүй байдалтай, эрх ямбатай хүн бэ? Аль ч улсын нутаг дэвсгэр дэх Монголын Элчин сайдын яамд, Консулын газрын байр нь Монголын ард түмний өмч гэдгийг та мэдэхгүй юү. Татвар төлөгч бидний татварын мөнгөөр цалинжиж, бидний төлөө үйлчлэх ёстойгоо мэдээгүй явна уу. Тэртусмаа тухайн улс оронд сурч боловсорч буй Монголын ирээдүй хойч үе болсон оюутан залуус Элчин сайдын яамны хурлын заал, талбайг бүр ганц төгрөг ч төлөхгүйгээр эзэмших ёстой юм шүү. Та өгөх, туслах үүрэгтэй. Хатуу хэлбэл, та биш Монгол улс нь, Монгол төр нь иргэддээ тусламж, дэмжлэгээ харамгүй зориулах ёстой юм. Таны амьдарч буй орон сууц, ажлын байр нь таны биш Монгол Улсын өмч гэдгийг сануулъя.
Ямар том эрх дархтай гэхээрээ Элчингийн байр савыг хувийн өмч шигээ санаж авирладаг билээ. Оюутнууд Элчингийнхний аюулгүй байдалд ямар аюул учруулна гэж…. Оюутнуудаас гадна монголынх нь нэг мэдээллийн агентлаг Элчингийн олон сул өрөөний нэгэнд яагаад байж болохгүй гэж. МИАТ-ийн ажилтнууд байж болдог өрөөнд оюутнууд, хэвлэл мэдээллийнхэнд хаалттай, бүр аюулгүй байдлыг алдагдуулах болчихдог нь юу билээ.
Түүнчлэн Д.Ганхуяг та Элчин сайдын яамны байр сууцыг хувийн гэж ийнхүү эндүүрэхээсээ гадна МИАТ-ийг үнэгүй гэж боддогоо больвол яасан юм бэ. Та ажил үүргийнхээ шаардлагаар үнэгүй нисдэг байж болох юм. Гэхдээ ажлын шугамаар яваа бол бизнесклассаар үйлчлүүлэх ёсгүй гэдгийг мэддэггүй хэрэг үү. Мөн дагалдан эрхлэх эхнэр тань тийзний мөнгөө яагаад төлдөггүй хэрэг вэ. Та болоод таны эхнэр үнэгүй нисдэг нислэгт чинь Монгол Улсын Ерөнхийлөгч, олон улс, тив дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн мордож буй тамирчид мөнгөө төлөөд үйлчлүүлдэг юм шүү.
Ийм хөгийн, увайгүй, өөрсдийгөө хаан, заан мэт эндүүрсэн нөхдөдөө анхаарал хандуулж, сахил санваарыг нь сахиулбал яасан юм бэ, Д.Цогтбаатар сайд аа. Д.Ганхуяг гээч энэ Элчин сайдын тань эхнэр нөхрөөсөө ч илүү дархан эрхтэй гэж байгаа. Ямартаа далайн эрэгт, согтуу байхдаа элчингийн нэг ажилтныг зодсон гэх мэдээлэл чих дэлсэхэв. Эцэстээ бүр даам гарчихсан нөхөд өөрсдийн нас биед хүрсэн том охиныхоо эрүүл мэндийн даатгалыг Элчин сайдын яамны зардлаас төлүүлж, эмнэлгийн оношлогоо үйлчилгээг үнэгүй авдаг гэж байгаа. Бүү давар, Элчин сайд аа. Монгол Улсыг бүү хохироо, бүү элэг барь…
Нөгөөтэйгүүр өвчтэй ээжийнхээ эмчилгээ, асаргаанд зориулсан оюутан охины тээш нь 3кг илүүдэхэд мөнгийг нь уйлуулаад авч байсан МИАТ-ийнхэн иргэдээ ийнхүү алагчилдгаа хэзээ болих вэ. Иргэний агаарын тээвэр нь, Элчин сайдын яам нь ингэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж суугаа үйлдлийг зогсоон, шалгаж, болохгүй бүтэхгүй дипломат нэртнүүдийг эргүүлэн татаач, Ерөнхийлөгч өө.
Хүний нутаг дахь Монгол Улсын төлөөлөгчийн газар, Элчин сайд, консулууд нь уйлаад, дуулаад ирсэн иргэддээ Эх орныг нь, ижий аавыг нь орлох ёстой гэдгийг ухааруулж өгнө үү, Д.Цогтбаатар сайд аа!!! Эс бөгөөс эрүүгийн хэрэгтэн ч байж мэдэх нөхөд Элчин сайд хэмээн өргөмжлөгдчихөөд эх орноо, ядарсан иргэдээ даапаалан алиатах хөгийн зуршил тогтоод, засч залруулж дийлхээргүй боллоо.
Нийгмийн толь
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан