Хэнтийд цөцгийгөөр чихэр хийдэг С.Дуламсүрэн: Нутагтаа бол алдартай брэнд болчихсон


Хэнтий аймгийн Батноров сумын хувиараа бизнес эрхлэгч С.Дуламсүрэн долоон жилийн өмнөөс өрхийн үйлдвэрлэл эхлүүлсэн. Улмаар ажлаа хөгжүүлж хөдөлмөрлөсөөр өдгөө "Нутгийн брэнд" багцыг гэр үйлдвэрээсээ гаргаж байна. Шимийн архи, ааруул, нунтаг аарц, ургамлын цай, цөцгийтэй чихэр, борцтой шөл. Энэ бол түүний багцад багтах бүтээгдэхүүн бөгөөд бүгдийг өөрөө хийдгээрээ онцлогтой.
Хэнтийнхний худ ураг, холын зочид, тэмдэглэлт ойн баяр наадмын хүндэтгэлийн гарын бэлэгт С.Дуламсүрэнгийн "Нутгийн брэнд" эхэнд нэрлэгдэх болсоор уджээ. Үүнийхээ ч үр ашгаар бүсгүй 50 м.кв ажлын байраа нурааж, өнөөдөр 380 м.кв өрхийн үйлдвэрийг барьж, ашиглалтад ороход бэлэн болжээ.
"Нутгийн брэнд" багцаас онцолбол,
Энх-Уул цай: Хэнтийн Батширээт, Хурх зэрэг газруудад ургадаг "Аварга сорж" ургамлыг, чацарганы хатаамалтай хольж хийдэг цайны идээ нь нутгийнхны хэрэглэх дуртай, холынхны захиж авдаг бүтээгдэхүүн болжээ. Эднийх ургамлаа өөрсдөө түүж, хатааж бэлтгээд савладаг.
Нунтагласан аарц: Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг үндэсний үйлдвэрлэгчдийн тоосруулсан аарцыг эднийх гэртээ хийдэг. Зориулалтын тоног төхөөрөмжид аарцаа хатааж, тээрэмдэнэ. Органик, шим тэжээлтэй, амттай аманд ууссан нунтагласан энэ аарц С.Дуламсүрэнгийн гарын брэнд.
Цөцгийтэй чихэр: Хэнтий бол цөцгийгөөрөө алдартай нутаг. Тэгвэл Хэнтийн цөцгийгөөр чихэр үйлдвэрлэж эхэлсэн нь энэ. Зөөлөн, амттай энэ чихрийн орц найрлага нь цөцгий бас сахар. Тослог, чихэрлэг "Цөцгийтэй чихэр"-ийг нутагтаа алдартай брэнд болчхоод байгаа гэж үйлдвэрлэгч эмэгтэй тодотгов.
Энэ бүхнээс гадна Шимийн архи, төрөл бүрийн ааруул, борц эдний багцад нэмэгддэг.
Бид С.Дуламсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Цөцгийтэй чихрээ хэдийнээс, хэрхэн үйлдвэрлэж эхлэв?
-Цөцгийтэй чихрээ хийгээд 7 жил болчихжээ. Хүүхэд байхдаа чихэр ховор үед хүмүүс гэрээрээ чихэр хийхийг харж, тэр нь сэтгэлд хоногшсон байсан. Ингэж явсаар монгол хүмүүс үндэсний онцлог шинжтэй бараа бүтээгдэхүүнээ сонирхдог, олзуурхаж хардаг болсон үеэс цөцгийгөөр чихэр хийе гэсэн санаа төрөөд ажлаа эхлүүлсэн. Хүмүүс шар сүүгээр нийтлэг хийж байгаа. Миний хувьд нутгийн брэнд болсон цөцгийгөөрөө чихэр хийхийг илүүд үзсэн. Маш гоё тослог хайлж ууссан амттай. Чихрийн бүх процесс гар аргаар явагдаж, хэвлээд савладаг. Одоо 100 граммын савлагаатай гарч байгаа. Ойрын хугацаанд ширхэг ширхгээрээ цаастай болгоно.
-Харин ааруул, нунтаг аарцаа хийхдээ тоног төхөөрөмж ашигладаг бололтой?
-Тийм ээ. Өрхийн үйлдвэрлэлд жижиг оврын тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд бүрэн боломжтой болсон шүү дээ. Жишээ нь, манайх нэг шуудай аарцыг тоног төхөөрөмжөөр хатаагаад, тээрэмдээд савлахад ердөө хоёр хоног л зарцуулдаг. Ямар ч хольцгүй, үйлдвэрийн нэмэлт байхгүй жинхэнэ "ориг" түүхий эдийг гэрийн нөхцөлд жижиг оврын төхөөрөмжөөр боловсруулж жижиг хэмжээний үйлдвэрлэл явуулж байна гэсэн үг. Манай нунтаг аарцад хүмүүс бас их ам сайтай байдаг.
-Хүчин чадлын хувьд боломжийн уу?
-Аарцаа хэрхэн гаргадаг талаар сая хэллээ. Чихрийн хувьд өдөрт 100 уутыг гаргачихдаг. Цайны хувьд түүхий эд нь улирлын чанартай учраас тухайн үед нь түүгээд бэлтгэчихдэг учраас захиалгаараа л савлаад явчихна. Шимийн архиа бол нутгийн сайхан шим гаргадаг айлуудаасаа авдаг. Одоо 2-3-уулаа ажиллаж байна. Энэ жил ажлын байраа томсголоо. Цаашид борлуулалтаа нэмэгдүүлээд ажлын байр нэмж гаргаад явах санаа бий. Одоогийн байдлаар манай "Нутгийн брэнд" багц болон бүтээгдэхүүнүүд зөвхөн Хэнтийдээ л зарагдаж байгаа. Чихрийг маань аймаг руу тогтмол авдаг 2, 3 газар бий.
Хэнтий нутгийн ажилсаг эзэгтэй ийн ярилаа. Түүнд нутгийн бахархал, онцлогийг тээсэн бүхнээ энэ мэтээр түмэнд түгээх хүсэл бий. Ойрын үед таван цулыг хатааж боловсруулан бүтээгдэхүүн болгох, ааруулаа үрлэн, товчин гэх мэтээр төрөлжүүлэх, багцдаа бэлэг дурсгалын зүйл нэмж оруулах гээд олон төлөвлөгөө бий. Үүндээ ч хүрэхээр завсаргүй хөдөлмөрлөж явна. С.Дуламсүрэнгийн "Нутгийн брэнд" багцыг авахыг хүсвэл 90189685, 98989685 дугаарт холбогдоорой.
Б.ХАШ-ИЛД
https://eguur.mn/523401/
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #05

“Талархал”