ХЭНТИЙ: Хан Хэнтий чуулгаар овоглогдсон эрхмүүд

Үндэсний дархлаа болсон монгол ардын уламжлалт өв соёл, зан заншил, ахуй амьдралыг дуу, хөгжим, бүжгийн тансаг дүрслэлээр дамжуулан өсвөр үе, залуучууд, ирээдүй хойчдоо уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, урлагийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсийн өргөө болсон АДБ-ийн “Хан Хэнтий” чуулга 40 нас хүрлээ. Тус чуулгаар овоглосон ахмадууд, үе үеийн уран бүтээлчидтэй ойн баярынх нь үеэр уулзаж дурсамж сэтгэгдлийг нь хуваалцлаа. 
 
Ц.Оюунбаатар: Урлагийн хүмүүс бид цаг үеэсээ түрүүлж алхах ёстой
 
“Урлагийн хүмүүс бид цаг үеэсээ түрүүлж алхах ёстой” хэмээн өгүүлэх энэ эрхэм анхны Соёлын ордноос өнөөгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга хүртэл хагас зуун жил энэ л байгууллагаар овоглож яваа Хан Хэнтий чуулгын энэ цаг үеийн амьд архив болсон нэгэн. Тэр ч бүү хэл Хан Хэнтийн урлагийн их өргөөтэй ажил амьдралаа салшгүй холбосон 50 жилийнхээ түүхэнд Хан Хэнтий чуулгын алтан тайзан дээрээс төрсөн хос гавьяатын нэг билээ. Ингээд та бүхэнд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Цэндийн Оюунбаатартай түүхэн ойн баярын үеэр хэсэг зуур хөөрөлдсөнөө хүргэе.

-Юуны өмнө Танд Хэнтий аймагт Соёлын ордон байгуулсны 65 жилийн ой, мэргэжлийн урлагийн байгууллага Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга үүсэж хөгжсөний 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
-Маш их баяртай байна. Хан Хэнтий чуулгынхаа үе үеийн уран бүтээлчид, эрхэм үзэгч олон Хан Хэнтийхэндээ Соёлын ордон байгуулсны 65 жилийн ой, мэргэжлийн урлагийн байгууллага Хан Хэнтий чуулга үүсэж хөгжсөний түүхт 40 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
 
-Хэнтий урлаг соёлын өргөөнд тасралтгүй тавин жил ажилласан хүн танаас өөр ховор байх. Та ер нь анх Хан Хэнтий чуулгатай хэрхэн хувь заяагаа холбосон бэ?
-Би хүүхэд ахуй насандаа 1974 онд тухайн үеийн Өндөрхааны Соёлын ордонд ухаант мэргэн, авьяаст багш нартаа шалгуулж, анх манаачаар ажилд орж, удалгүй дагалдан буюу Соёлын ордны жүжигчнээр ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй. Тэр үеэс өнөөг хүртэл 49 жил ажиллаж байна.
 
-Маш урт хугацаа шүү. Тэгэхээр хамтран ажиллаж байсан, ажиллаж байгаа үе үеийн дарга нар, алдартан гавьяатуудынхаа талаар дурсвал?
-Яривал мөн ч их юм байна. Соёлын ордон байх үед “Урагшаа” сонины эрхлэгчээр ажиллаж байсан зохиолч, сэтгүүлч Д.Хишигжаргал гэж даргатай байлаа. Түүний дараа Хан Хэнтий чуулга байгуулагдсанаар анхны дарга Л.Нарангэрэл, Д.Алтанхуяг, Б.Өлзий-Орших, Б.Авирмэд, Б.Мөнхжаргал, Ц.Төвшинтөгс, Д.Цогт-Эрдэнэ нарын дарга нартай хамтран ажиллаж байна. Хожим гарсан томоохон шинэ уран бүтээлүүдийг нэг нь ч бий болоогүй байх үеэс л МУУГЗ Л.Дашням, Д.Санжаасүрэн, Д.Гомбо, найруулагч Г.Энхболд гэж агуу дөрвөн багшийнхаа гар дээр Соёлын ордноос эхлээд Хан Хэнтий чуулгадаа, Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Д.Даариймаа Драмын сүүлийн дуу ангийн дуучин Х.Даваасамбуу, С.Дашдондог, С.Хүрэлбаатар гээд сайхан сайхан ахмад уран бүтээлчидтэй ид залуу байх үеэс нь мөр зэрэгцэн ажиллаж, маш их зүйлийг сурч мэдэн, Зүүн Монголын өв соёлыг шингээсэн ардын урлагийг түмэн олондоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэсэн байна.
 
-Та Д.Санжаасүрэн багшийнхаа талаар дурсан яривал. Багштайгаа хэрхэн хамтарч ажиллаж байв?
-Д.Санжаасүрэн багш маань анх Дорнод аймгаас бүжгийн багшаар ирж, би бүжигчин нь болж 20 гаруй жил ажилласан. Миний багш Д.Санжаасүрэн зүүн Монголын ард түмний амьдрал ахуй ёс заншлаас судлан сурвалжилж барга, дарьганга, үзэмчин, буриад, халх бүжгүүдийг өөрийн гэсэн өвөрмөц дэг, намба төрх, донж маягийг шингээсэн оюунлаг уран бүтээлүүдийг бий болгосон юм. Хожим багшийнхаа албыг авахад тэр агуу хүний хийж байсан бүжиг ангийн багшаар ажиллаж чадах болов уу гэсэн эргэлзээ хэсэгхэн төрж билээ. Гэвч цаг хугацааны явцад нэг мэдэхэд түүнийгээ даван туулж, Хан Хэнтий чуулгын бүжиг ангийн дарга, бүжгийн багш, бүжиг дэглээч, найруулагч, уран сайхны удирдагч албан тушаалуудыг гүйцэтгэж өнөөг хүрсэн байна.
 
-Хэнтийн урлагийн их өргөөний аж амьдралыг үечилбэл?
-Анхны Соёлын ордон бол бага уран бүтээлийн байгууллага байсан. Хан Хэнтий чуулга болсноор 80-аад хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, цар хүрээ нь томорч, уран бүтээлийн чадал чансаа нь дээшилж ирсэн байдаг. Одоо Хан Хэнтий чуулга 58 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ирэх оноос 130 орон тоотой болж өргөжинө. Манай дунд үеийн багш нар маш чадварлаг ажиллаж ирсэн. Тиймдээ ч мэргэжлийн чуулгуудын улсын уралдаанд дөрвөн багшийнхаа үед түрүүлж тэргүүн, дэд байруудад шалгарч явсан. Түүнээс хойш төв, хөдөөгийн мэргэжлийн чуулгуудын уралдаанд ч шилдэг тэргүүн байруудыг алдалгүй өнөөг хүрлээ. Тэгэхээр нийгэм, цаг үе өөрчлөгдөж байгаа хэдий ч аль ч үед манай хамт олон улсын хэмжээнд үргэлж чадал чансаа, уран бүтээлийн чанараараа тэргүүлсээр явна.
-40 жилийн онцлог юу вэ? Ямар ахиц дэвшил гарав?
-Маш их хөгжил дэвшил авчирлаа. Бид аймгийнхаа 100 жилийн ойгоор шинэ чуулгын байрандаа нүүж орлоо. Энэ үйл явдал уран бүтээлчдийн дотоод ертөнцийг тэлж өгч, нөгөө талаараа уран бүтээлийн чадал чансааг илүү нэмэх эхлэл боллоо гэж харж байгаа.
 
-Сүүлийн жилүүдэд танай хамт олон ямар амжилт ололттой ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед хүүхдийн уран бүтээлүүд дээр нэлээд анхаарч ажиллаж ирсэн байна. “Муурын байшин”, “Ишиг гэдэг хөөрхөн нэр”, “Ярьдаг мод”, Хортой ус гэсэн жүжиг дээр ажиллаж байна. 2022 оны төв, хөдөөгийн мэргэжлийн чуулгуудын уулзалтаар “Түүхэн тоонот” гурван ангит концерт тоглож, манай хамт олон дэд байрын шагнал авч, шилдэг жүжигчин, дуучин, хамтлаг гээд долоон номинацид шагналт байр эзэлсэн.
 
-Үе үеийн ахмад уран бүтээлчдээсээ ямар үг сургаалыг нь өөртөө авч өсөж хөгжиж ирэв. Та ахмад уран бүтээлчийн хувьд залуучууддаа юуг чухалчлан сургаж байна?
-Урлагийн ажил маш их тэсвэр тэвчээр, хатуужил, нөр их хөдөлмөр шаардсан ажил болохыг бага залуугаасаа сайн багш нар, ахмад уран бүтээлчдээсээ мэдэрч хүмүүжсэн. Урлагийн хүмүүс бид цаг үеэсээ түрүүлж алхах ёстой. Одоогийн залуу уран бүтээлчид маань сошиал ертөнцөд хөл нийлүүлэн алхаж байна. Тэд тэгэхээр энэ нийгмээсээ ч түрүүлж алхаж байж, энэ цаг үеийн хүүхэд залуучууд юу хүсч байна. Түүнийг мэдэрч байж, уран бүтээлээ бодитоор туурвих, түүгээрээ түмэн олныхоо гоо зүй, нийгмийн амьдралд сайн сайхан нөлөө үзүүлэх өндөр хариуцлагыг үүрч явна. Шинэ үеийн залуус маань маш оюунлаг бүтээлч, байгууллагынхаа төлөө маш ихийг санаж сэдэж бүтээж явдаг байгаасай гэж хүсдэг. Тиймдээ ч үзэж туулсан туршлагаасаа харамгүй хуваалцаж, сайхан хамтарч ажиллаж байна.
 
-Хан Хэнтий чуулгынхаа үе үеийн уран бүтээлчдэд хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Хэнтий аймгийнхаа нийт үзэгч, Хан Хэнтийхэндээ, үе үеийн хамт олондоо Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, уран бүтээлийн олз омог арвин байж, энх тунх, ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
 Жаргалтай нэгэн жарныг дуулж туулсан хүмүүн
 
“Хэнтийн Шархүүхэн” хэмээх тодотголтой Монгол Улсын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин Чулуунбаатарын Шархүүхэн гуай өдгөө 84 насыг зооглож байна. Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгаар овоглосон нэрт уртын дууч маань уншигч Та бүхэнтэй чуулгынхаа 40 жилийн ойгоор дурсамжаасаа хуваалцлаа.
 
Тэрбээр “Би Жанжин Сүхбаатарын нутагт төрж өсөөд Маршал Чойбалсангийн төрсөн нутгаас нэртэй дуучин болох ажлын гараагаа эхэлсэн. Мөн их эзэн Богд Чингис хааны төрсөн нутагт 60 жил ажиллаж амьдарч, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 40 жилээс 100 жил хүртэл ая дуугаа өргөж байгаагаараа бахархан бэлгэшээнэ” хэмээн яриагаа эхэллээ.
 
Ардын жүжигчин Ш.Шархүүхэн гуай 19 настайдаа мэргэжлийн урлагийн байгууллагад орж, Дорнод аймгийн театрын тайзнаа анх дуулж, улмаар Хан Хэнтий чуулгатай хувь заяагаа холбосон нэгэн. Жаргалтай нэгэн жарныг дуулж туулсан түүнд Хан Хэнтий чуулгынх нь 40 жилийн ойн босгон дээр түүний нэрэмжит урт, богино дууны тэмцээнийг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав дэмжин зохион байгуулж, аймгийн Соёл урлагийн газрын дарга Т.Зулбаатар дэмжиж туслан МУГЖ С.Нансалмаа шавьтайгаа хамтран Чингис хааны төрийн таван дууг залууст хүргэх зорилгоор гурван бүс сургалт явуулснаа талархалтайгаар ярьж байлаа.
 
Тэрбээр Хан Хэнтий чуулгад 30 гаруй жил ажиллахдаа 60 гаруй уртын болон ардын дуу дуулж, 40 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тоглож, олон орны ардын урлагийн наадамд олон удаа оролцож, Өрнөдийн орнуудын ардын урлагийн наадам, МЗО-ны II, III наадмаас алтан медаль хүртэж байжээ. 1968 онд Болгарын Софи хотноо болсон ДЗО-ны IX их наадамд нэгээс гуравдугаар шатны шалгаруулалтаар монгол ардын есөн дуу дуулж, 150 оноогоор алтан медаль хүртсэн байна. Энэ үеэс “Хэнтийн Шархүүхэн” хэмээн олонд алдаршжээ.
Дуулах эрдэмд суралцсан талаараа өгүүлэхдээ “Онолын талаар Дорнодын театрт анхлан сонссон. Сургууль соёлд явсангүй, харин ард түмнийхээ, настан буурлуудынхаа үлдээсэн буянаас суралцсан минь их. Нэг хөгшнөөс дууны үг авчихна. Бас нэг өвөөгөөр аялуулаад сурчихна. Ахмадуудын дуулж байгааг сонордож, ямар нэгэн хэмжээгээр суралцаж явлаа. Ажил хөдөлмөрийн талбарт гарснаас хойш Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, нэрт дуучин С.Дамчаа багшаас сонсч сурсан юм бий. Яах аргагүй миний багш юм даа” гэв. Харин түүний өөрийн шавь нар дуурийн дуучин Ардын жүжигчин А.Энхтайван, МУГЖ С.Нансалмаа, шавь МУГЖ С.Нансалмаагийнх шавь уртын дуучин МУГЖ Хонгорзул гээд л гавьяатууд хөврөх аж.
 
"Би Монгол орныхоо ижилгүй өнө холын түүхтэй аман болон биет бус шилдэг бүтээлийн онцлогоороо ЮНЕСКО-д бүртгэгдсэн уртын дуугаараа гадаад, дотоодын түмэн олонд ая дуугаа өргөж явсан. Чуулгынхаа бүтээлч хамт олныхоо өмөг түшиг, хүндэтгэлд ивээгдэн халуун залуу нас, уран бүтээлийн оргилуун ололт амжилтаар цалгиун явснаа марташгүй" хэмээнэ. Бүтэн жарныг монгол түмнээ уртын сайхан дуугаараа цэнгүүлж, урлагийн Янжинлхам бурхан мэт шүтэгдсэн түүний хойчийг залгах авьяас билигтнүүд улам бүр цэцэглэн дэлгэрэх буй за.

МУГЖ, уртын дууч Г.Хонгорзул: Миний дуулсан дуу бүхэн
сэтгэл зүрхнээс минь оргилдог 
Одоогоос 28 жилийн тэртээ 1995 оны зургаадугаар сарын 23-ны тэр өдөр өчигдөр мэт тод санагдана. Миний талийгаач ах "зөөлөн" хэмээх хочтой Батсайхан /би Даага авгайлдагсан/ намайг "Хан Хэнтий" чуулгын дарга Б.Авирмэд багш дээр дагуулан очиж "Энэ миний дүү байгаа юм. Та нэг шалгаад өгөөч" гэж хэлчихээд орхиод явчихав. Дарга намайг харснаа: - Чи ямар дуу дуулдаг вэ? Сургуульд байхдаа дуулж байсан уу хэмээн асуухад айж сандарсан би "Үгүй" гээд л толгой сэгсрээд зогсож байлаа. Тэгснээ төгөлдөр хууран дээр өнгөнүүд өгөөд дагаад дуугараарай гэлээ. Би ч сонссоноо дуурайгаад үзүүлж байтал гаднаас нэг эгч орж ирээд чагнаад суучихав. Тэр нь миний анхны уртын дууны багш МУГЖ С.Нансалмаа байж. Тэр үед би нэлээн цэмцгэр хувцасласан моодны охин очиж байлаа л даа. Тэдний хоорондоо овоо материалтай охин байна гэж ярилцахыг нь сонсоод урлагийнхны мэргэжлийн хэллэгийг мэдэхгүй болохоор миний хувцсыг л яриад байгаа юм болов уу гэж бодож зогссоныг яана. Сүүлдээ нэмэгдсээр 4-5 хүн болж зэрэг зэрэг шинжээд эхлэхээр хөдөөний надад хэцүү санагдсаныг хэлэх үү, гүйгээд гармаар байсан шүү. Тэгж тэгж сая нэг "өнөөдрөөс эхлээд чамайг чуулгадаа дагалдан уртын дуучнаар авлаа, чи уртын дуунд дуртай биз дээ" гэхэд би дургүй гэж хэлж чадахгүй, дотроо "өвөө эмээгийн дуулдаг дуу" гэж бодоод дурамжхан байсныг нуух юун. Ингэж л уртын дуутай хувь заяагаа холбосон доо. Ажил амьдралын анхны гараагаа эхэлж, амьдралын ханьтайгаа учирсан болохоор "Хан Хэнтий" чуулгынхаа хамт олонд баярлаж, энэ сайхан чуулгаараа, хамт олноороо бахархаж явдаг даа. Он жилүүдийн нугачаанд олон сайхан баяр хөөртэй дурсамжууд сэтгэлд минь үлдэж. Ахмад үеийн уран бүтээлчдийн нөмөр нөөлөг, түшиг тулгуур сайн дуучин болоход их нөлөөлсөн төдийгүй бригадаар явах, аялан тоглолт хийх нь ажил амьдралын туршлага суулгах сайн талтай байж гэж бодогддог. 
 
 
МУГЖ, докторант, хүндэт профессор Ц.Төвшинтөгс
 
Хан Хэнтий уулын аймаг маань Монгол улсын ууган дөрвөн аймгийн нэг. Анх 1925 онд энэхүү дөрвөн аймагт анхны “Улаан булан” байгуулах шийдвэр гарсанаар Хан Хэнтий уулын аймагт урлаг соёлын өргөө анх үүдээ нээсэн гэдэг. Хожим 1968 онд Соёлын ордон байгуулагдаж, улмаар 1983 онд анх Хан Хэнтий чуулга байгуулагдсан түүхтэй. Миний хувьд Хан Хэнтий нутгийн урлаг соёлын хоймор болсон ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгатай салшгүй холбоотой. "Хан Хэнтий" чуулгын даргын 1986 оны 07-р сарын 03-ны өдрийн 37 дугаар тушаал миний амьдралын цаашдын тавиланг зурагласан өөрчлөлт хийсэн юм. Энэ нь намайг олноо алдартай "Хан Хэнтий" чуулгад ажилд авсан явдал байлаа. Энэ гайхамшигтай Чуулгад бид бүхний хайртай багш нар МУУГЗ Д.Санжаасүрэн, МУУГЗ Г.Дашням, МУУГЗ Д.Гомбо, ахмад уран бүтээлч МУАЖ Ч.Шархүүхэн, Ч.Даариймаа, Даваасамбуу, МУГЖ Ц.Ичинхорлоо, МУСТА Мэндээ, хөгжимчин Сүхээ ах минь гээд олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж, тэднээсээ их зүйл сурч явлаа. Ер нь Санжаасүрэн багш маань намайг бүжигчин болгох гэж ихэд хичээсэн дээ. Ц.Оюунбаатар ахад хүртэл даалгаж бэлтгэл сургууль хийдэг байлаа. Харин би хаана ч явсан амандаа гунганаж явдаг байсан нь Л.Дашням багшид "За, чи энэ хүүг нэг үзээдхээ" гэж хэлэхэд хүргэсэн болов уу. Ингээд би анх удаа Дашням багшид шалгуулж дуучнаар орсон юм. Бидний амьдралд олон сайхан дурсамж, хөгтэй явдлууд болж байсан. Түүнээс дурдахад: 1986 онд баруун аймгийн бригадаар Говь-Алтай аймгийн Бигэр суманд тоглолт хийлээ. Энэ бригадыг ОХУ-ын гавьяат, МУУГЗ Г.Энхболд найруулагч авч явсан юм. Найруулагч надад нэг цайны данх өгөөд явууллаа. Түүнд нь нэг их гоё чихэртэй компот шиг юм дүүргээд өгөх юм. Замдаа түүнийг нь балгаад үзсэн чинь их гоё амттай юмаа, 3 билүү 4 удаа тэгж явсан юм. Тэгсэн орой тоглолтонд "Чандмань эрдэнэ" дууг дуулах ёстой. Эхний хоёр бадгийг дуулаад дотор муухай оргиод байхаар нь дахилтын хэсэгт нэлээд хойшоо зогсоод 3-р бадагт нь урагшаа явтал микрофоныхоо хажуугаар гараад шууд хөгжимчид дээр буучихлаа. За ингээд бөөн асуудал үүсэх байх гэсэн гайгүй шүү. Би тэр чихэртэй зүйлийг дарс гэж мэдэхгүй их ууснаас ийм зүйл тохиолдож. Маш их шоолуулж билээ. Энэ нь надад маш том сургамж болсон юм. Тэр бригад бараг 45 хоног үргэлжлээд Багануурт болсон тоглолтонд манай Буриад дуу сайхан дуулдаг Болд ах маань тайзан дээр мандуулж гарлаа, хүмүүс ч алга ташаад янзтай, тэгтэл хөгжимчид нэг нэгээрээ таг болоод байх юм. Эвэр бүрээний Цэеэ ах маань хөгжмөө хачин дуугаргаад л таг боллоо, ганцхан Дарханбаатар л ёочингоо дон дон хийлгээд үлдэв. Тэгсэн манай Болд ах маань гутлаа зөрүүлж өмсөөд гарчихсан байж билээ. Ингэж л дуу хуур, инээд наргиан болж явдагсан. Хожим би Хан Хэнтий чуулгын даргаар ажиллах байх үед манай хамт олон Ц.Сэвжидийн нэрэмжит улсын уралдаанд түрүүлж байлаа. МУУГЗ Ц.Оюунбаатар, МУУГЗ Б.Авирмэд нарыг гавъяатад тодорхойлж, мөр зэрэгцэн ажиллаж явсан энэ сайхан хүмүүс маань төрийн хайр хишгийг хүртэж, түмэн олныхоо хүндэтгэлийг хүлээсэн байна. Олон олон сайхан хүмүүсийг бүгдийг нь дурьдсангүй, тэглээ гээд надад гомдохгүй биз ээ.
Та бүхэндээ дуу хуур, хийж буй ажил хөдөлмөрөөрөө байнга мэндчилж байдаг шүү. Нутгийн минь уул ус, халуун дулаанаар өлгийдөн авсан та бүхнийхээ дэмэнд урлагийн их алдар хүндийн дор хичээж зүтгэж явна аа, хүү нь... Хэнтий аймагт Соёлын ордон байгуулагдсаны 65 жил, мэргэжлийн урлагийн байгууллага "Хан Хэнтий" чуулгынхаа түүхт 40 жилийн ойг тохиолдуулан жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, тайз арын алба, үйлчилгээ анги, удирдах ангиудад ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх хүмүүстээ сайн сайхныг хүсэн ерөөе.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан