ХЭНТИЙ: Д.Цогт-Эрдэнэ: Хан Хэнтий чуулгынхаа дэргэд морин театрыг байгуулна


Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга бол Зүүн монголын үндэстэн ястны аж амьдрал, өв соёлыг бүжиг, дуу, жүжиг, тоглолт бүрээс нь харж болох, уран бүтээлчдээс нь мэдэрч болох урлагийн алтан тайз, урлагийн их өргөө билээ. Энэ өргөөнөөс улсдаа нэртэй алдартан гавъяатууд, түмэндээ данстай уран бүтээлчид төрөн гарсаар 40 жилийг үджээ. Энэ удаад бид түүхт ойн үеэр нь Хан Хэнтий чуулгын дарга, МУСТА Д.Цогт-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр 26 жил Хан Хэнтий чуулгад авьяас билэг, ажил хөдөлмөрөө зориулж яваа уран бүтээлч, сүүлийн жилүүдэд энэ их айлыг удирдаж яваа залуу удирдлага юм.

-Танд болон танай хамт олонд Хан Хэнтий чуулга байгуулагдсаны 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 
-Баярлалаа. Юуны өмнө Хан Хэнтийнхэн, үе үеийн уран бүтээлчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хан Хэнтий чуулга 1958 онд анх Соёлын ордон нэртэйгээр үүсгэн байгуулж, 1983 онд Хан Хэнтий чуулга болон өргөжиж, Зүүн Монголын үндэстэн, ястны түүх, өв соёл, зан заншил, аж байдлыг судалж таньж, урлаг уран бүтээлдээ шингээн хадгалах, түгээн дэлгэрүүлэх талаар бүтээн туурвиж ирсэн байна.

Энэ хугацаанд урлагийн энэ их өргөөнөөс улс эх орондоо төдийгүй дэлхийн хэмжээнд нэр алдраа цуурайтуулсан олон алдартан гавъяатан төрөн гарч, урлагийн нөлөө бүхий эрхэм сайчууд багш нарынхаа ур чадвар, уран бүтээлээр чуулгын үе үеийн хамт олны амжилт бүтээл арвин байж, 40 жилийн түүхийг бүтээжээ. Энэ жил Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн түүхэн тэгш ойтой хамт Хан Хэнтий чуулга 40 нас хүрлээ. Тэгш ойн босгон дээрээ бид шинэ байрандаа нүүн орж, Хан Хэнтий чуулгын шинэ урлагийн музейг дэглэн ойн баярын өдрүүдэд нээж, ойн баярын тоглолтоо тавилаа. Цаашид Хан Хэнтий чуулгынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өргөжүүлж, мэргэжлийн уран бүтээлчдээр хүрээгээ тэлэх, уран бүтээлийнхээ цар хүрээг илүү өргөжүүлэх бодлого боловсруулан ажиллаж байна. 


-Хан Хэнтий чуулгын шинэ байрны барилга олон жил гацаж, царцсаны эцэст энэ жил ашиглалтад орлоо. Шинэ байрандаа хэр тохижиж байна вэ?
-Хан Хэнтий чуулгын шинэ барилга зөвхөн манай байгууллагын бус нийт монголчууд, Хан Хэнтийхний өмч юм. Төр засгаас урлагийн салбараа дэмжиж, шинэ байр, техник тоног төхөөрөмжөөр тоноглож, бидний үйл ажиллагааг шинэ шатанд гаргалаа. Хан Хэнтий чуулгын шинэ байр маань 600 хүний суудалтай, есөн танхимтай, 78 өрөө тасалгаатай, Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай бүс нутгийн жишиг театр болсон. Техникийн шийдэл, үзэгчийн тохь тух бүрэн хангагдсан.

-2024 онд Хан Хэнтий чуулга бүтэц бүрэлдэхүүнээ нэмнэ. Үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэж дуулсан. Шинэ байранд орлоо, өргөжлөө гээд Хан Хэнтий чуулга гэсэн нэрд өөрчлөлт орох уу?
-Манай байгууллага “Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга” нэрээ өөрчлөхгүй. Нэр, статусыг Соёлын яам, төр засгийн бодлого шийдвэрээр л өөрчлөх боломжтой. Анх Хан Хэнтий чуулга байгуулагдахдаа 83 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байсан. Одоо 58 орон тоотой ажиллаж байна. Цаашид бүтэц орон тоогоо нэмж 130 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар төлөвлөж байгаа. Чуулгынхаа дэргэд хүүхдийн “Андгай” нэртэй чуулгыг байгуулахаар зорьж байна.

Цаашдаа драмын жүжиг ч тавих зорилт бий. Ер нь боломж бололцоо хаана байна, тэр бүрийг л алдахгүй олж авахын төлөө ажиллаж, уран бүтээлчдээ илүү чанаржуулах, бүтээлийнх нь чанар чансааг өсгөхийн тулд байгаа нөөц боломждоо тулгуурлан шилдэг сайн багш нарынхаа гар дор уран бүтээлээ туурвих, мэдээж бидэнд байхгүй зүйл байвал гаднаас багш нарыг урьж залж зааж зааварлуулах үе ч бий. Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж, бүтээн байгуулалтууд өрнөж байна. Гадаад, дотоодын олон жуулчныг хүлээж авах болно. Энэ бүхэнд бид бэлтгэлтэй, чадамжтай байх ёстой. Жуулчдыг хүлээж авахдаа заавал том тайзан дээр биш мини VIP тоглолтуудыг зохион байгуулах, морин театр үзүүлэх, технологийн дэвшил шийдлүүдийг ашиглана. Одоо Хан Хэнтий чуулга шинэ зууны хөгжлийн гараанаасаа гарч байна.

-Та морин театр бий болгоно гэж ярилаа. Энэ талаараа тодруулна уу?
-Бид 2024 оноос эхэлж, Хан Хэнтий чуулгынхаа дэргэд морин театр байгуулахаар төлөвлөж, үүнд ашиглагдах тоног төхөөрөмжүүдээ бэлтгэсэн. Энэ ажлыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав дэмжин ажиллаж байна. Мөн “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбоо бидний ажлыг дэмжиж адуу бэлэглэсэн. Ирэх оноос эхлээд энэхүү морин театраар дамжуулан түүхэн аялал жуулчлалын хүрээнд морины өв соёлыг харуулсан үзүүлбэрүүдийг үзүүлэх, морьтой концертыг хийхээр зорьж байгаа.

-Хан Хэнтий чуулга Монголын томоохон дууриудыг нутагшуулж байна. Урын сангаа хэр баяжуулж байна вэ. Яг одоо  танай хамт олон ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Бид жилдээ нэг л том уран бүтээлийг маш сайн чанартай хийх зорилготой байдаг. 2022 онд “Учиртай гурван толгой” дуурийг тайзан дээр амилуулсан. Энэ жил “Чингис хаан” дуурийг амилуулахаар бэлтгэл ажлаа хийгээд ажиллаж байна. “Ярьдаг мод” хүүхдийн дуулалт жүжиг тайзны уран бүтээлээр урын сангаа баяжуулан ажиллаж байна.

-Уран бүтээлчдээ гадаад дотоодод хэр гаргаж, уран бүтээлээ сурталчилж байна вэ?
-Төрөөс орон нутгийн урлагийн байгууллагын тоглолт, уран бүтээлчдийн бүтээлийг гадаад улс оронд авч явж тоглуулах, урлагийн ажилтны солилцоо хийх тохиолдол маш ховор. Бид уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, уран бүтээлээ илүү том зах зээлд гаргах зорилгоор хувийн байдлаар гадаад улс оронд солилцоо хийх, туршлага судлах, уран бүтээлээ арилжих үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд зохион байгуулсан туршлага бий.

-Саяхан Соёлын яам байгуулагдаж, аймагт Соёл урлагийн газар үүд хаалгаа нээсэн. Тэгэхээр Соёлын газартайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? Аймаг орон нутгаас та бүхний үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байна?
-Соёлын яам бий болж, Соёл урлагийн газар байгууллаа. Мэдээж соёл бол маш өргөн хүрээг хамарсан салбар. Бид энэ том яамны урлаг хэмээх хариуцлагатай бөгөөд хүндхэн ачааг үүрэх үүрэг хүлээсэн салбарын хамт олон. Тэгэхээр бидэнд хамтран ажиллах зүйл их байна. Манай аймгийн Соёл урлагийн газар бидэнтэй сайхан хамтран ажиллаж эхэллээ. Аймаг орон нутгаас ч нэлээд дорвитой дэмжих боллоо. Зүүн Монголын өв соёлыг судлан таньж түгээн дэлгэрүүлэх, Хан Хэнтий чуулгын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх тал дээр бидний хамтын ажиллагаа цаашид илүү нягт байх болно.


-Тус чуулгаас төрөн гарсан алдартан гавьяатнууд олон. Тэр хэрээрээ мэргэжлийн урлагийн байгууллагуудын улсын уралдаанд Хан Хэнтий чуулга үргэлж манлайлж ирсэн. Энэ амжилтын нууц нь юу байна вэ?
-Тэгэлгүй яахав. Хан Хэнтий чуулгаас Монголын нэр алдартай олон гавьяат жүжигчид төрөн гарсан. Анхны соёлын ордноос эхлээд төрөлхийн авьяас чадлаараа гайхуулсан сайчууд ч олон байлаа. Манай хамт олны дундаас ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн уран бүтээлчдээс Ардын жүжигчин нэг, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн зургаа, Монгол Улсын гавьяат жүжигчин найм төрсөн байдаг. Тэр бүх эрхэм хүмүүсийн минь, эрхэм багш нарын маань нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Хан Хэнтий чуулга үеийн үед манлайлан ажиллаж ирсэн. Хамгийн гол нь Зүүн Монголын үндэстэн, ястнуудын аж байдал, өв соёлыг нарийн судалж таньж, түүнийгээ урлаг уран бүтээлдээ нэвт шингээн харуулж, 21 аймгийнхаа мэргэжлийн урлагийн байгууллагуудаас ялгаран гарч ирж чадсан нь гол үнэт зүйл нь байгаа юм. Түрүү үеийнхээ алдартай дөрвөн багш, гавьяатнуудынхаа бидэнд бий болгож, хүлээлгэж өгсөн өндөр босгыг намсгахгүйн тулд үе үеийн хамт олон хичээн зүтгэсээр ирсний үр шим юм.

-Хан Хэнтийхэндээ, үе үеийн хамт олондоо хандаж юу хэлэх вэ?
-Хан Хэнтий чуулгаар овоглосон үе үеийн хамт олон, одоо ажиллаж байгаа залуус, тэдний ар гэрт Хэнтий аймагт мэргэжлийн урлагийн байгууллага буюу Соёлын ордон үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ой, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга байгуулагдсаны 40 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхнийг минь урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлжид ивээж явах болтугай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан